ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : МӨНХ ТЭНГЭРИЙН ГЭСГЭЭЛ 1

МӨНХ ТЭНГЭРИЙН ГЭСГЭЭЛ 1

Бөө мөргөлийн дахин сэргэлтийн гэх энэхүү үед “борооны дараахи мөөг” адил хаа сайгүй л “бөө” нэртүүд тодрох болсон нь нийгмийн сэтгэл зүйд айдас, эгдүүцэл, бухимдлыг төрүүлэх болжээ. Шинжлэх ухаан л гагцхүү үнэнийг илрүүлэгч, батлагч хэмээн ойлгож ирсэн хүмүүсийн хувьд “балар эртний мухар сүсэг” хэмээн бөө мөргөлийг тааламжтай хүлээн аваагүй үнэн. Хэдий тийм ч энэ цагийн хүмүүсийг буруутгах аргагүй юм.

Учир нь тэдэнд мэдээ орох цагаас нь л

· “шашин бол хүмүүсийн оюун сэтгэлгээг бохирдуулагч хар тамхи”,

· “бөө мөргөл нь эртний бүдүүлэг нийгмийн хүмүүсийн байгалийн хүчний өмнө өвдөг сөхрөх үедээ хэн нэгэн далд хүчнээс аврал эрснээр бий болсон гэнэн тэнэг хүмүүсийн сүсэг бишрэлийн хэлбэр”,

· “хүн төрөлхтөн бичнээс үүссэн бөгөөд хорвоо ертөнц дээр хүнээс илүү дээд оюун хийгээд ухамсар бүхий амьтан үгүй”,

· “эртний нийгмийн хүмүүс оюун санааны хөгжилөөр дорой, соёл боловсрол үгүй байсан бөгөөд гагцхүү хүн төрөлхтөний хамгийн өндөр түвшний хөгжил нь зөвхөн энэ цаг үед байсан”,

· “нүдэнд харагдаж, гарт баригдаж, хэмжигдэж болохгүй бүхэн буруу, худал”

· “өндөр боловсролтой, соёлтой хүн шашин шүтдэггүй”

гэхчилэн сургаж ирсэн тул тэд ч бас энэ бүхнийг л туйлын үнэн гэж итгэж, дагаж ирсэн бөгөөд басхүү үнээс гажихыг ч хүсдэггүй аж. Нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн ойлголт, төсөөлөл, хэм хэмжээнээс өөрөөр сэтгэдэг, амьдардаг хүмүүс “гаж” үзэгдэл болж гадуурхагддаг энэ нийгэмд гадаад дүр, дотоод мөн чанар нь хоорондоо зөрчилдсөн эрхмүүд ч цөөнгүй байсан биз.

Ардчилал хэмээгчийн буянаар нийгмийн оюун санааны амьдралд гарсан өөрчлөлтүүдийн нэг нь “чөлөөт сэтгэлгээ” байсан бөгөөд энэ нь цаанаа тогтсон хэм хэмжээнээс өөрөөр сэтгэхийг хүлээн зөвшөөрсөн явдал байлаа. Энэ цагаас хүмүүсийн дунд шашин шүтлэг харьцангуй чөлөөтэй болсон ч мөн чанар, агуулгын хувьд гэхээсээ илүү хэлбэрийг чухалчлан дуурайх байдал их байв.

Хөгжилтэй гэх орнуудын соёлыг түгээх нэрийн дор харийн шашинууд ч ихээр орж ирэв. Шинэ нийгэмд хэрхэн амьдрах арга эвээ ч олохгүй, алдаж, унаж яваа хүмүүс хийгээд харь хэл сурч, харь улсад очиж үзэхийн туйлын хүслэн болсон хүүхэд залуус, үнэгүй тараачихдаг хоол, ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүнд дурласан гэнэн ядуусын дунд тэд багахан ч гэсэн өөрийн гэсэн байр суурь олж чаджээ. Нийслэл хотын маань хамгийн аятайхан гэмээр байрлалтай газруудыг мөнгөөр зодон авч бөмбөгөр орой, өндөр загалмай бүхий харш барих болсон төдийгүй хөдөөгийн бараг сум бүр авралын зар хүргэгчид очоод амжиж. Христийн уламжлал үгүй Монголчуудын хувьд төдийлөн өргөн тархаж чадахгүй байгаа ч эсэргүүцэх тусам гүн автаж “хэт итгэгчид” бий болж өөрийн үг, үйл, алхам бүрээ гагцхүү ертөнцийн эзэнтэй холбон сэтгэж, их эзний адилаар бусдыг аврахын тулд яахаас ч буцахгүй байгаагаа ойлгуулахыг хичээнэ. Ямартаа ч тэдэнтэй эхэн үеийнх шиг нь болгоомжлон харьцах нь харьцангуй гайгүй болж нийгэм “байдаг” л зүйл хэмээн хүлээн авах болж.

Уламжлалаа сэргээх давалгаа өрнөж “хэлмэгдэн” дарагдчихаад байсан “буддизм” дахин амилж, музейн үзмэрийн байдлаар хадгалагдан ирсэн сүм хийдүүд нь хөл хөдөлгөөнөөр дүүрэх болжээ. Энгийн ардад “хүндэдсэн” хэлбэрээр монголд хөгжиж ирсэн тул дахин сэргэх үйл явц нь мөн л жинхэнэ мөн чанараасаа хол байв. Бурхан тахил, эрхи хийгээд маань мэгзим тогтоох төдийгөөр хязгаарлагдан байгаа нь “харийн шашиныханд” байр сууриа алдах байдалд хүргэж болзошгүй байсан тул өвөө эмээ, эцэг эхийнх нь сүсэг бишрэлд тулгуурлан шинэ залуу лам нарыг олноор бэлтгэх, бурхан багшийн сургааль, номлолыг монгол хэлнээ орчуулах, нийтэд түгээх, нэр хүндтэй хүмүүс, төрийн өндөр дээд албан тушаалтан, урлагийн одуудыг сурталчилгаандаа ашиглах болов. Өрнөдийн соёл мухардалд орж, дорнын уламжлал соёл, шашин шүтлэгээс гарц хайх болсон нь буддизмын нэр хүндийг дэлхий дахинд өргөж, энэ хэрээр мэргэжилтний түвшинд буюу лам нарын хүрээнд өндөр хөгжин хүлээн зөвшөөрөгдсөн Монголд анхаарлаа хандуулах нь ихэсчээ.

Мэдлэг боловсрол, чадварыг хэмжих “шинжлэх ухаанч” шалгууртай болчихсон Монголчуудын хувьд энэхүү шашины зүтгэлтнүүдийг бодь мөрийн замыг дагагч бодисатва, чойрын номыг судлан ертөнцийг танисан байдлаар нь бус бусдын өмнө “ид шид үзүүлэх чадвар” буюу зурхай зурлага, мэргэ төлөг тавих, аливаа үйлийг хүчлэн бүтээхэд нөлөөлөх байдлаар нь үнэлэх болжээ. Шашины зам мөрийг дагагсдын хувьд ч “эх болсон зургаан зүйлийн амьтны тусын тулд энэ амьдрал хийгээд бие сэтгэлээ инагт зориулан оюун санааны төөрөгдөл, сэтгэлийн мунхаглал, хүсэл шуналаас ангижран ариусан гэгээрэх”-ийн оронд өөрийн сурсан мэдсэн, чадвар тэргүүтнийг бүтээгдэхүүн болгон зах зээлд зохицон амьдрах, шилдэг чадвартай гэдгээ харуулахын тулд “карьер” хөөхийг эрмэлзэх нь их болсон байна. Өөрийгөө бурханы шашинтан гэдэг хүмүүс ч бурхан багшийн сургаалийн дагуу өөрийн мөн чанарыг танин, ертөнцийн мөн чанарыг ухааран, зовлонгийн шалтгаан болсон нисванисын хорийн үндсийг таслахын оронд эрдэмтэй гэх лам хуврагийн чадлыг шүтэн амьдрах нь бий.

Нүгэл зовлонг арын хаалгаар гэтэлгэж, жаргал хийгээд буянг мөнгөөр худалдан авч болдог мэт сэтгэлгээ олны дунд газар авчээ. Энэ хэрээрээ монголчуудын дунд шашин шүтлэгийг жинхэнэ мөн чанарыг үл ойшоох хандлага их болж бүгдийг өөрсдийн хэрэгцээнд нийлүүлэхийг хичээх болсон байна. Мэдээж уулын модон урттай богинотой, ухаант хүмүүн сайнтай муутай гэдгийг адилаар бодь сэтгэлийг үүсгэн дагах нэгэн байхад бүхий л амьдрал, үг үйл бүрээ бурханы авралд даатган хойд насны карьерт хичээнгүйлэн улайрах нэгэн төрлийн туйлшрагчид буюу мухар сүсэгтнүүд ч цөөнгүй.

Нийгмийн оюун санааны амьдралд шашин өөрийн үүргээ гүйцэтгэж чадахгүй, хүмүүсийн дунд зөрчилтэй үзэл хандлагууд ноёлж байх энэхүү цаг үед бөө мөргөлийн дахин сэргэлтийн түүхэн мөч тохиожээ. Уламжлал нь мартагдаж, ойлголт, төсөөлөлд бүдэг бадаг үлдсэн бөө мөргөлийн хувьд олон талын эсэргүүцлийг даван туулж өөрийн гэсэн байр сууриа эзлэн хүлээн зөвшөөрөгдөхөд амаргүй байх нь мэдээж. Дахин сэргэх энэхүү үе шатандаа алдаа оноо ч их байгаа. Алиныг нь өршөөж, алиныг нь үл өршөөхөө мөнх тэнгэр мэдэх буй заа. Үргэлжлэл бий.

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Би хэн бэ (зочин)

Шинэ бичлэг уншихад сайхан байна. Маш гайхалтай гоё бичсэн байна. Миний өөрийгөө хайж явахдаа мэдэрсэн зүйл бол би хүмүүсийн шүтдэг бүх шашныг хүлээн зөвшөөрч тэд үүнийг шүтэж байгаа бол энэ тэдний сонголт гэж ойлгоод хүндэтгэн ханддаг болсон шүү. Би христийн цуглаанд очиж, тэр үед миний толгой өвдөж байсан, гандангийн хуралд сууж үзэж, засал ном хийлгэсний дараа хэдэн өдөр хөл хөнгөн, сэтгэл тайван болоод тэгээд л бүх зүйл буцаад хэвэндээ ордог. тэр нь өвдөлт бас бүтэлгүйтэл. сүүлдээ би хаашаа ч явахаа болиод, юу ч хийхээ болиод, хэдэн онч үг уншиж бясалган бодож суудаг л боллоо. Одоо би тэр шашнууд хийгээд сүсэглэгч нарыг хараад энэ бол тэдэнд л зориулсан, тэд ч үүнийг хүлээж авсан гэж ханддаг болсон.

zolboo (зочин)

minii bodloor ene olon shashin oor ulsiin yos zanshiliig uguisgej blohgui ch yag goliig n olj oilgon tanih ym bol tuiliin unen gants l zuil baigaag anzaardag bid uchiriig oloogui baij ulairan shuteh n hereggui zuil shig sanagddag chuham gangtshuu surgaal heleh gj bui sanaag n oilgoh ym bol ter olon deyeg jayag durem juramiin ard hunii toloo gesen gants l zuil orshdog minii bodloor deed tengerees ulaachiin biyd buuj irsen ih owogdiin mine ugs ih gegeereltei uneheer ergelzeegui itgehed hurgedeg tiim bolhoor ooriigoo sain tanij medej oilgon setgelee zassan tsagt ergen toirond bagaa busad zuiliig ch bas unen zowoor n tanij medej chadah bhaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)