ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : БӨӨ МӨРГӨЛИЙН СЭРГЭЛТ 1

БӨӨ МӨРГӨЛИЙН СЭРГЭЛТ 1

Нэгэн цагт дэлхийг донсолгож байсан Монголчуудыг суу билгээрээ хөтлөн сүр хүчээрээ ивээн тэтгэж байсан Мөнх тэнгэрийн шүтлэг болох бөө мөргөл түүхийн нугачаанд үгүйсгэгдэн, хүчлэн дарагдсан бөгөөд зуунаас зуунд шилжих он цагийн урсгалд баларч бүдгэрсээр мартагдсан байлаа. Хорвоо ертөнцийн жас ёс нь ч юмуу, эрин шилжих түүхэн нөхцөл нь бүрдсэндээ тэрүү, эртний уламжлал нь алдагдсан Монгол түмэн оюун санаа, үнэт зүйлсийн түвшинд уламжлалаа эрэлхийлэх болсон нь завшаан байсан ч хэрэг үү ямартаа ч ардчилал, эрх чөлөө хэмээгчийн үүд хаалга нээгдэхийн хамтаар эрт баларын хэмээгдэх бөө мөргөл ч сэргэж эхэлжээ. Мөнх тэнгэрийн сүрийг үзүүлэн эрт үеийн өвөг дээдсийн маань оюунлаг эрчмүүд удмын үрс, улаач заяатныхаа мөн чанарыг уулгалан довтлох болов. Хувь заяаны эргүүлэгт алдаж, онож, унаж босч явах нь хүн бидний хувьд байдаг зүйл тул голч шугмаа алдан доголдож эхэлсэн амьдрал, ажил үйлс, эрүүл мэндээ хэзээ ч дээд тэнгэрийн бодлого, зарлигтай холбон ойлгож байсангүй. Гэвч тэнгэрүүд тэмдэгт үрээ өөрсдийн хүссэн тэрхүү замаар замнахаас нааш тайван байлгадаггүй ажээ. Хүний нийгмийн ёсоор бий болсон “би” хэмээгчийн зорин тэмүүлэх зорилго, хүсэл, хүрсэн амжилт, хураасан хөрөнгийг ч үгүй хийхээс үл буцах бөгөөд гагцхүү энэ бүхний хариуд жинхэнэ мөн чанарыг хүлээн зөвшөөрч, мөнх тэнгэрийн дуулгавартай албат, өвөг дээдсийнхээ улаач болгохыг зорино.

Хүн төрлөөс төрөлд шилжин амьдрахдаа өмнөх төрлийн амьдралаа мартчихдаг гэмтэй. Харин хүний дараахи төрөлд шилжсэн түмэн үеийн тэнгэр төрөлтөн, буман үеийн буурал дээдсүүд маань бидний аль төрөлдөө хэн байсан, юу хийснийг огт мартдаггүй аж. Тиймээс ч улаач болгох удмын үрийг санамсаргүйгээр сонгоод авчихдаггүй бөгөөд төрлөөс төрөлд нь тодорхой хэмжээнд бэлдсээр ирдэг гэнэ. Угийн тэнгэрүүдээ өргөж, удмын заяаг тэгшлэх цаг нь ирэхэд үүрэг даалгавраа мартчихсан үрийгээ явах ёстой замаар явуулахын тулд дээд тэнгэрийн сүр хүчийг үзүүлэх хэрэгтэй болдог. Үгүйсгэх тусам тэнгэрт тэрсэгч тэнэг улаачаа чангалаад өгөх нь мэдээж.

Хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг гэх энэхүү хүний нийгмийн ёсонд хазгай дэндүү түрэмгий аашлах тэнгэр дээдсийн хүсэл, зарлигийн мөн чанарыг ухааран ойлгож, чин сэтгэлээсээ эрхэмлэн дээдэлж, итгэн бишрэх болтлоо ихийг ч үзэж, мэдэж, мэдэрч, өөрийн хийгээд бусдын алдаа, амжилтаас суралцан суралцах болдог. Тиймээс ч улаач хүний туулдаг хүндрэл бэрхшээл бүхэн бол гэсгээл шийтгэл биш бөгөөд үүнийг тэнгэрлэг мөн чанарын танин мэдэхүйн аялал, дадлага, туршилтын сургалт, анги дэвшин суралцах шалгалт гэж ойлгож болно.

Тэнгэрийн зарлигийг даган үүргээ биелүүлэх цаг нь ирж буй улаачийн оюун санаа, сэтгэл зүрх, бие махбодийн хувьд хатуужуулан бэлтгэх үүргийг тухайн улаачийн ойр үеийн өвөг дээдсүүд хүлээдэг. Удмын заяа улаач заяатнаас хамаарах бөгөөд түүнийг сайн бэлтгэж чадаагүй тохиолдолд “сургагч багшийн” үүрэгтэй өвгөд нь ч зэмлэл хүртэнэ. Хэрэвзээ улаач нь үнэхээр мөнх тэнгэрийн суртахууныг мөн чанартаа эрхэмлэн, тэнгэрийн үйлийг газарт алдаа, эндэлгүй хэрэгжүүлэх чадвартай, оюун санааны дээд хөгжилд тэмүүлэгч нэгэн болж чадваас илүү дээд тэнгэр төрөлтөний ивээлийг хүртэх болно. Хэдийгээр буруу худал үйл хийдэггүй ч оюун санааны дэвшилд үл тэмүүлэн сэтгэлийн хорт үндсээс ангижирч чадахгүй аваас өндөрлөгт хүрсэн оюун санааны эрчмүүд ивээх нь үгүй. Улаач илүү дэвших аваас дээд оюун санаанууд буюу тэнгэр дээдэс нь ч үе үедээ өргөгдөн эрэмбэ суудал нь ахих болно. Харин улаач тааруу байх аваас мөнх тэнгэрийн зарлигийг эс дагасан ялыг улаач төдийгүй өндөрт суудалтай дээдсүүд нь ч эдэлнэ. Онгод хэдий өндөр ч ёроолоосоо нурдаг гэдэг энэ ажгуу. Өндөр тэнгэрт ивээгдсэн удмын үрс эрин цаг үедээ сайн сайхан амьдарч, ухаан билэг, авъяас чадвар, буян заяатай ихтэй үр хүүхдүүдтэй болдог. Мөнх тэнгэрийн гэсгээлийг хүртсэн удам хэр тааруу явах бөгөөд дараа үеийн улаач алдаа юуг засахаас нааш ахин дэвших нь үгүй. Харин тэнгэрийн дээд ял зэмийг хүртсэн удам үр удамгүй болж, хэзээ ч дахин сэргэхгүйгээр устаж үгүй болно.

Түүхийн ээдрээт цаг үед мөнх тэнгэрийн суу ухаан, оюун санааны гэгээрэл, ариун дээд эрчмийн хөгжлийн асуудал бүдгэрэн энэ цагийн Монголчуудад уламжлан ирсэнгүй. Дээд оюун санааны хөгжил бүхий тэр цагийн Монголчууд өөрсдийн дахин сэргэх цагийг хүртэл дэлгэхийг яарсангүй. Тиймдээ ч бөө мөргөлийн ёс уламжлалыг зохих хэмжээнд авч үлдсэн гэх цөөн тооны удмынханд гагцхүү дахин сэргэх тэрхүү цаг мөчид зайлшгүй хэрэг болох хэмжээний мэдлэгийг л өвлүүлэн үлдээжээ. Нууц байх ёстой бүхэн нууц л байх ёстой. Хичнээн ухаантай зөв нэгэн байсан ч тэнгэрийн таалал үгүй л бол нууцыг задлах учиргүй. Эс дагаваас дээд тэнгэрийн гэсгээл хүртэнэ.

Мөнх тэнгэрийн сүр хүчийг дээдлэн ирсэн түмэнд шинэ цагийн дахин сэргэлтийн шатанд илүү их гавъяа байгуулан ахин дэвших боломжийг олгожээ. Энэхүү давуу боломж буюу их зарлигийг биелүүлэх удмууд энэ цагийн дархад хийгээд буриадууд байлаа. Тэд мөнх тэнгэрт үнэнчээ харуулан өндөр тэнгэрүүдийн үүрэг даалгаврыг ёсчлон биелүүлэх учиртай байв. Нүүдэлчин овог, аймгууд эрт дээр үеэсээ өөр хоорондоо цус холилдон шинээр яс угсаа бий болж, басхүү хувиран өөрчлөгдсөөр ирсэн түүхтэй. Дархад нь ч харьцангуй сүүлд бүрэлдэн тогтсон шинэ залуу ястан. Дархадын бөө мөргөлийн онцлогт ч толгой удам хэмээх удмын дээд онгодууд нь шинэхэн “дархад” хэмээх ястаны хувьд эхлэл болдог бөгөөд мөн л 350-400 орчим настай байдаг. Гэтэл дархад хэмээх бүлд багтсан тэрхүү удмууд нь өөр өөр гарал угсаатай тул дээрээ л мөн өөр өөрийн дээд тэнгэрүүдтэй байх ёстой. Бөө дмөргөлийг нугачин дарж байсан хүнд хэцүү цагт өөрсдийн итгэл бишрэл, шүтлэгийг хадгалан авч үлдэх гэж хичээж, тэмцэж ирсэн энэхүү удмуудын өндөр дээд гарвалууд нь мөнх тэнгэрийн нууцыг хадгалан дээрээс мэлмийдэж байгаа нь гарцаагүй. Буриад түмний хувьд мөн ялгаагүй. Түүхэндээ хамгийн ихээр хэлмэгдэн, үй олноороо устгагдаж ирсэн ч үндэс тасрах учиргүй тэднийг мөнх тэнгэр ивээж явдаг. Тиймээс ч тэрхүү ивээлийг эхлэн хүртэж, удам угсаагаа засан тохинуулах, мөн мөнх тэнгэрийн даалгавраар бөө мөргөлийг зөв замаар өргөжүүлэн хөгжүүлэх нь тэдний үүрэг.

Мөнх тэнгэр зөвхөн эдгээр удмуудыг л ивээгээд бусдыг нь орхигдуулсан хэрэг биш бөгөөд түүхийн он цагуудад гавьяа байгуулж байсныг нь ч төдийгүй ял шийтгэл эдэлж явсан удмуудад ч энэ цагт сэргэн босож, ахин дэвших шинэ боломжийг олгосон ажээ. Гагцхүү үнэхээр дэвшин өөдлөх эсэх нь сэргэн боссон онгод сахиусууд, тэдний удмын улаач нараас хамаарах ёстой. Хэрэв тэд мөнх тэнгэрийн ёсыг эрхэмлэн зөв замаар явж чадаагүй бол тэнгэрийн гэсгээл хүртэнэ. Мэдээж хийсэн үйлийнх хэр хэмжээ, хор хохирол, үзэл бодол, үйл хэрэг нь тэнгэрлэг мөн чанараас хэр хол байгаагаас хамааран зохих шийтгэлийг олгоно.

Бөө мөргөлийн дахин сэргэлтийн энэ цаг үед улаач нар олноор төрж байгаа ч тэдний чухам хэд нь тэнгэрийн ивээлийг, хэд нь гэсгээлийг хүртэхийг цаг хугацаа харуулах бизээ. Мөнх тэнгэр Монгол түмнийг ивээх болтугай.

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
Зочин

Тийм байхаа бүр гайхаад байсан юм. Дахиад бичье. Даяндээрхийн гэх бөө нарын талаар мэдээлэл авах маш чухал байнаа. Манай ойрын хамаатны охин тэдэн дээр бөөлүүлэд байгаа юм аа. Тэгээд надад нэг л биш санагдаад байгаа юм л даа. Тэгээд л үнэн мөнийг мэдмээр байнаа. Дүү охиноо алдаж эндэхээс болгоомжилмоор байна. Гартаа хар улаан эрх зүүсэн их том юм ярьцгаасан л улсууд байх юм. Даяндээрх тэнгэр ч гэх шиг. Энэ заслыг буриадууд дархдууд чадахгүй даяндээрх бид л чадна гэсэн хүмүүс байдаг. Тэгээд үхээртэй газраар бөөлж хүчээ авдаг гэсэн. Миний муу жаахан дүүгий минь янз бүрийн газраар аваачиж бөөлүүлж байна гээд алчих вий л гэж санаа их зовж байна даа. Үнэн сэтгэлээсээ туслахыг хүснэ. Чин сэтгэлээсээ хандаж мэдэх бүхнээ бичихийг хүснэ. Таньж мэдэх хүмүүс шууд үэнэнийг хэлэхээс зайлсхийгээд байнаа. хэл ам хараал энэ тэрээс айж байгаа байх л даа. Туслаач. Миний хаяг jagaagerel@yahoo.com шүү. тусалж мэдээлэл өгнө гэдэгт итгэнэ.

Судлаач 3 (зочин)

Зочин-д

Урьд шарын шашныг Монгол улсад бодлогоор дэлгэрүүлж байх үед нилээд олон бөө нар шарын шашинд дагаар орж байсан. Зарим нь дагасан л байх зарим нь сохрын газар сохор доголонгийн газар доголон гэгчээр арга буюу нөхцөл байдалд зохицож хуяг хувцсаа сольж байсан. Тэднийг Даяндээрхийнхэн гэдэг. Энэ бол түүх. Ялгаагүй л тэнгэртэй хүмүүс байсан.

Харин одоо Даяндээрх л бүгдийг чадна бусдаас илүү хүчтэй гэж чанга дугарч болохгүй ээ. Халх, дархад, буриад, Даяндээрх, тува, урианхай,ойрад гэж бөөлж байгаа зан зашил, хэв байдлаараа энэ нь илүү гэж тэр нь дутуу гэж ялгах аргагүй. Гагцхүү тухайн улаачын угсаа гарвал, удмын тэнгэрийн зэрэг дэв, хүч чадлаас л хамаарна. Харин алтан ургийнхан бол тусгай.

Үхээрийн газраар явж бөөлдөг гэдэг нь ямар ёс вэ. бөө хүн хүний оршуулганд оролцох, хүн нас бараад удаагүй байгаа айлд очих, саяхан төрсөн хүүхэдтэй айлд очих, өөрийн удамд гашуудал гарсан бол 41-49 хоног бөөлдөггүй.
Зайлсхийх ёстой газар нь очиж хүч авна гэдэг зөв биш.
Улаач хүн зөв сэтгэл зөв зам мөртэй, онгодынхоо үгийг дагаж уйгагүй суралцсанаар байгаль дэхий, Мөнх тэнгэрээс /сансрын эрчимээс/ хүч авдаг.
Тэрнээс биш албин, тийрэн, буг, чөтгөр, тэнэмэл сүнснээс хүч авдаггүй. Харин ч хорлогдож бузартана. Дээрх хэцүү нэртнүүдийг биедээ оруулж тэдний хүчийг авч байгаа бол тэр бөө тэдний хувцас, цогцос, буудал л юм. Ямар илүүдээ гарсан амьдрал, удам угсаа биш дээ.

Шулуухан хэлхэд айж хүлээхээ болиод сайн судлаад шийдвэрээ гаргах хэрэгтэй гэж зөвлөх байна.
Хий ховс биенүүд наадгай биш, таны удам мөнгөний золиос биш...

unen setgeleesee tuslah buu hun haij bna tuslaach (зочин)

buriad buu hun haij bna bi gadaad baidag yum ldaa tegeed olon buutoi ulzad unen setgeleesee unen helgui hudlaa helj mungu avah yum aa olon say mungu nehed avchihad tus bolsonch yum baihgui tutuu alsan buh shig hachih yum unen setgelesee tuslaah buu hun haij bna

Зочин

хаягаа үлдээ дээ. хаяг руу чинь бичье. чадахаараа тусалъя

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)