ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : БУРХАД Ч ГЭСЭН АГУУ ХҮМҮҮСИЙН СҮНС: Арван хангал

БУРХАД Ч ГЭСЭН АГУУ ХҮМҮҮСИЙН СҮНС: Арван хангал

Арван хангал

Бурхадыг амирлангуй, догшин гэж хоёр хуваадаг. Амирлангуй бурхадын өлмий нь аливаа нүгэл, бузаргүй ариуссан тул бадамлянхуа цэцгийн хучлагатай байдаг. Догшин бурхадын омог хилэн бадарсан нүүр нь энэ хорвоо ертөнцийн хуурамч самуунд илт дургүйцэн, эдийг эрхэмлэх сувьдаг сэтгэл, нүглийг даран наманчлах эрмэлзлэлийн шууд илэрхийлэл байдаг.
Арван хангал бурхад нь шашныг хамгаалагч догшин бурхад бөгөөд нэг эм бурхан багтдаг. Хангал бурхадын тэргүүнд нь буй титэмд 5 гавлын яс байдаг бөгөөд энэ нь хүний 5 муу хорыг илэрхийлж байдаг. Уурын мунхаг, шунал, атаа жөтөө, муу санаа,  хүсэл тачаалыг илэрхийлнэ. Арван хангал бурхдад Балданлхам, Гомбо, Гонгор, Далх, Дамдинчойжоо, Жамсран, Жигжид, Намсрай, Очирваань, Цамба бурхадууд ордог.
Балданлхам (Лхам) бурхан: Монголоор Төгс цогт охин тэнгэр хэмээнэ. Шашныг хамгаалагч арван хангалд байх цорын ганц эм догшин бурхан. Урлагийн бурхан Янжинлхамын догшин дүрийн бурхан. Түвдийн ард түмнийг зовоож байсан мангасыг даруулахын тулд Бурхан багшийн бүтээсэн эм бурхан бөгөөд мангасыг дарахын тулд түүнтэй ханилдаг. Тэд хоёр хүү төрүүлсэн бөгөөд нэг хүү нь эцгээ дуурайсан муу хүн болжээ. Балданлхам бурхан тэр хүүгээ идэж хөнөөсний дараа мангасыг дарж устгасан гэдэг. Баруун мутартаа сэрээ далайсан, зүүн мутартаа гавал барьсан, амаа ихэд ангайлгасан, дөрвөн соёог ярзайлгасан, гурван мэлмийг эргэлдүүлсэн, баруун чихээ арслан, зүүн чихээ могойгоор тус тус чимсэн, барын арьсан хормогч өмссөн байдлаар дүрслэгдэнэ.
Гомбо (Махгал) бурхан: Монголоор Зургаан мутарт итгэл гэнэ. Гэлүгвагийн шашныг хамгаалагч гол Чойжин бурхан бөгөөд Жанрайсаг бурханы догшин дүр юм. Зургаан мутарт Гомбо нь дөрвөн соёог сэрийлгэсэн, гурван улаан мэлмийтэй, сахал үс нь гал мэт бадарч, баруун мутартаа хүний гавлан эрих, дигүг, дамар барьсан. Зүүн гурван мутартаа гавал, сэрээ, цалам барьсан, хөх могойгоор үсээ зангидсан, барын арьс нөмөрсөн, ходоод нь цүдгэр, улан доороо заан гишгэсэн байдалтай. Гомбо сахиусыг хүн малд тохиолдох гай зэтгэрийг даруулах, барцадаас ангижруулахын тулд урин залж, өргөл хүндлэл гүйцэтгэдэг болно.
Гонгор бурхан: Монголоор Цагаан итгэлт гэнэ. Шашныг хамгаалагч арван  хангал бурхдын нэг бөгөөд саад тотгорыг арилгахаас гадна эд хөрөнгийг арвижуулагч бурхан юм. Зургаан мутарт, баруун дээд мутартаа чандмань эрдэнэ, зүүн дээд мутартаа эрдэнээр дүүрэн гавал, дунд хоёр мутартаа ядуу хоосныг арилгагч очир дигүг, гурван ертөнцийг сүрээр дарагч гурван үзүүрт сэрээ, доод талын хоёр мутартаа дагинасыг дуудах хонх, гох дэгээг тус тус барьсан байна. Хөл доороо 2 толгойт заан буюу Ганэшя хэмээх эд хөрөнгийн бурхныг  гишгэсэн байна. Энэ нь Ганэшя бурхныг ч бодсоныхоо дагуу дийлэх хүч чадалтай гэсэн утгыг илэрхийлж байгаа юм.
Далх бурхан: Монголоор Хийморийн тэнгэр гэнэ. Амирлангуй цагаан өнгөтэй, баруун мутартаа жад, зүүндээ цалам барьж, цагаан морь хөлөглөн оршино. Хүний биеийн баруун мөрөн дээр оршиж, хийморь цог зол жаргалыг дэлгэрүүлдэг.
Дамдинчойжоо бурхан: Монголоор Эрлэг номун хаан гэдэг. Богд Зонховын гол шүтээн бөгөөд Жигжид бурхны зарлигийг биелүүлэгч юм. Сүртэй догшин бухын сэрвээн дээр гишгэсэн дүрээр оршино. Чойжоо бурханы гадаад, дотоод, нууц гэсэн гурван дүр бий. Үнэн худлыг шүүдэг тамын хаан бөгөөд толь барьж суугаад хүний сайн муу бүх юмыг харж суудаг. Түүний гаргасан зарлигийг биелүүлэгч зарц нар нь хар өнгийн адгууснууд юм.
Жамсран (Бэгз) бурхан: Монголоор Улаан сахиус гэж алдаршсан. Жамсран бурхны дөрвөн соёо нь ярзайж, гурван мэлмий нь улаанаар эргэлдэн хөмсөгнөөс нь оч бадран хүний таван хохимойгоор тэргүүнээ чимсэн байдаг нь түүний ер бусын хүч чадлыг илэрхийлсэн байдаг. Баруун мутартаа зэс илд огторгуйд далайж байдаг нь тангараг доройтсон амийг таслахыг бэлгэдэж,  зүүн мутартаа нум сум өлгөж дайсан тотгор бологчийн уушиг зүрхийг барьсан, амаа нээж шүд соёг сэрийлгэн, адууны үхдэл дээр гишгэн баруун хөлөөрөө хүмүүний үхдэл дээр гишгэн заларна. Жамсран бурхан нь Богд хаан болон Далай ламын хамгаалагч бурхан юм. Богд хааны зарилигаар 1911 оны Буддын шашин догшин Чойжин сахиус Жамсран бурхныг цэргийн яамны шүтээн болгон залсан байна. Энэ сахиус нь бурхны шашны Чойжин сахиуснууд дотроос ер бусын хүчин чадал, ид шидтэйн дээр гартаа илд нум сум зэрэг зэр зэвсэг агсан биедээ хөө хуяг өмссөн, сугандаа суга таяг хавчуулж маш олон цэрэг эрсээр хүрээлүүлсэн “цэргийн баатар жанжин”-ны дүртэй, эрт цагаас Монголын богд ихэс дээдсүүдийн шүтээн болж байсан учир түүнийг ийнхүү цэргийн яамы шүтээн болгон залжээ.
Жигжид (Ямандаг) бурхан: Монголоор Аюулган үйлдэгч хэмээнэ. Шашныг хамгаалагч арван хангал бурхны нэг бөгөөд Оюун билэгийн бурхан Манзуширын догшин дүр нь ажээ. Шарын шашинд тахилга үйлдэхдээ эхэнд нь залж тахидаг ёс заншилтай. Хөмсөг сахалаас нь гал бадарсан, хурц соёотой, хэл нь мушгирсан, луугийн дуугаар дуугарсан, цусан дусал бүхий эрих хийж өлгөсөн, хар могой, хүний ясаар чих, бугуй, шилбээ чимсэн, бадамлянхуа цэцэгт дэвсгэр дээр өөрийн дагина Доржсолонма хэмээх цэнхэр өнгөтэй баруун мутартаа гавал барьсан нүцгэн эмийг барьж зогсоно. Арван хангалын дотор хамгийн хүч чадалтай бурхан. 9 тэргүүн, 34 мутар, 16 хөлтэй байдаг бөгөөд энэ нь түүний хүч чадал газар бүрт зэрэг илэрч байдаг гэсэн утгатай.
Намсрай (Бисман тэнгэр) бурхан: Хоёр мутартай, баруун мутартаа эрдэнийн жанцан барьсан, зүүндээ эрдэнээр бөөлжигч хулгана барьсан. Хэвтэж байгаа арслангийн дээр хагас завилан суусан, амнаас нь эрдэнийн хур бууж элдэв зовлонг арилгахыг бэлгэдсэн. Эргэн тойронд нь эд агуурсын санг хариуцсан түшмэл оршино. Хүмүүст эд хөрөнгө баялгийг авчрагч бурхан.
Очирваань (Чагдор) бурхан: Очирваань гэдэг нь монголоор Мутартаан очирт гэсэн үг. Очирваань нь амаа ангайж, дөрвөн соёог ярзайлган, хэлийг хуйлруулсан, 3 мэлмийтэй, баруун мутартаа 5 үзүүрт очирыг огторгуйд далайж, зүүн мутраа зүрхэн тус газраа хумиж, хөх өнгийн цээживч, барын арьсан хормогч өмссөн, зүүн хөлөө сунгаж хилэнцэт догшин амьтдыг даран гишгэсэн сүрт байдлаар оршино. Анх “Очирваанийн хувилгаан Очирбат түшээт хан” цол хүртсэн Абтай сайн хаан Төвд оронд морилж III Далай ламаас залж ирсэн хэмээдэг. Отгонтэнгэр уулыг Очирваань хэмээн сүсэглэн дээдэлж ирсэн бөгөөд байдлыг нь эрхшээвэл өнгө нь хар хөхөмдөг ажээ. Баруун хойд биед оршдог бага Отгонтэнгэр уулын дөрөө хэмээх нь баруун гараа огторгуйд мандаан таван салаатай очир барьсан дүртэй ажээ. Ар биеийнх нь үргэлжлэл Хүрэн ороонго хэмээх уул зүүн гараа зүрхэндээ авсан байдалтай.  Зүүн урд чигийн Цаст хан хэмээх нь зүүн хөлөө жийсэн янзтай. Баруун бэлд нь Эрээн,Чулуут хэмээх асга мод байдаг нь барын арьс нөмөрсөн мэт донжтой. Оргил зүмбэрийнх нь зүүн дор өглөө, баруун дор орой галт нар титэмлэн манддаг нь гал ноцох мэт. Тийм учраас Очирваань бурхны бүрэлбаа хэмээжээ.
Цамба бурхан: Биеийн зүс саран мэт цагаан, 3 мэлмийтэй, цагаан торгон хувцастай, баруун мутартаа дайныг дарах хурц хутга барьсан, цагаан ажнай хөлөглөсөн, саран дэвсгэрт лянхуа дээр оршино. Цамба бурханыг шүтсэнээр үйлс бүхэн зун цагийн булаг мэт ундарна хэмээн үздэг. Хүмүүст эд баялаг өгдөг бурхан. Баруун гартаа мунхагийг арилгагч сэлэм, зүүн гартаа эрдэнийн зүйлээр дүүрэн таваг барьсан байна.


Эх сурвалж:
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Зочин

далх биш шалши шүү дээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)