ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : ГЭГЭЭРЭЛ: ОЧИР ОГТЛОГЧ СУДАР (Доржодва)

ГЭГЭЭРЭЛ: ОЧИР ОГТЛОГЧ СУДАР (Доржодва)

Дээд бодь сэтгэлтнүүд анх чин зоригийг үүсгэсэн мөчөөс эхлэн хэзээ гэгээрэх хүртлээ арван цагаан буянаар амьтныг тэтгэгтүн. Аль гэвэл, амь бүү тасал, хулгай бүү хий, садар самуунд бүү хутгалд, худал үг бүү хэл, хов жив бүү ярь, ширүүн үг бүү хэл, дэмий задгай бүү чалч, хомхой шунал бүү гарга, хорсол занал бүү өвөрлө, буруу зөрүү үзэлд бүү авт. Нигүүлсэхүй сэтгэлээр бусдад гэгээрлийн үүдийг нээснээр жаргалыг орныг тийн үзүүлюү.Их хөлгөний хутгийг бүтээх нь агуу бодь сэтгэлтний замнал билээ. Хувь ерөөлт шавь та гурван сансарт зорчиж, амьтдыг чөлөөлөхийг хүсвээс арван зарчмыг баримтлагтун.

Арван зарчим нь:
Магтаал муушаал хоёрыг адилхан хүлээж авах
Сайн муу цуу үгсийг үл тоомсорлох,
Цэцэн тэнэг хэнийг ч болов ялгалгүй хайрлах
Дээдэс доодос хэнтэй ч болов алгачлалгүй харьцах
Хүндэтгэх, эс хүндэтгэх алинд ч сэтгэл хоёрдохгүй байх
Бусдын гэм алдааг доог тохуу эс болгох,
Элдэв зүйл хөлгөн сургаалийг нэг л хөлгөн гэж үзэх
Гаслан цөхрөлийн дууг сонсовч айн жихүүцэхгүй байх,
Бодь сэтгэлтнүүдийг Бурхан адил үзэх,
Цөвт будангуй цаг үед гэгээрэгч залрахыг гайхамшиг гэж бишрэх.

Энэ арван зарчмыг баримталбал бузар буртаг дунд ч бодь сэтгэлтэн ариунаар оршино. Бодь сэтгэлтнүүд муу газар төрөвч бүү эмээ. Асар хүнд нүгэл хилэнцийг ч толгой өвдөх төдийгөөр арилгах болно. Дээд эрх чөлөө, ариун байдлыг хүсэгчид будангуй орчинд оровч гэгээн сургаалыг баримталснаар суу билиг дэлгэрнэ. Ариун дагшин орноо түг түмэн галавт ёс суртлыг сахин явснаас өнөө маргаашийн хооронд энэ буртагт ертөнцөд сахих нь үлэмж илүү. Юун гэвэл диваажинд зовлон бэрхшээлийн нэр төдий ч үгүй. Тэнд буян үйлдэхийг бэрх хэмээн үл сэтгэюү. Харин энэ буртагт ертөнцөд хүлцэшгүй бэрхийг өөрөө туулж, бусдыг замчилбаас дээдийн дээд буян болно. Тий учир бодь сэтгэлтнүүд зовлон бэрхшээл дүүрэн энэ ертөнцөд зорчихдоо гуниж гутрах нь үгүй, хамаг амьтныг өөд нь татаж, бат хичээнгүй сэтгэлийг үүсгэвээс л хосгүй дээд гэгээрлийг түргэн зуурт олъюу. Хувь ерөөлт шавь нараа,


Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал хатуу чанд сахил журмаас эмээхгүй.

Тэр дөрөв нь:

  • Бусдад үлэмж нигүүлсэх сэтгэлээр хандах,
  • Залхуу хойрго байдлыг цээрлэх,
  • Төрөх үхэхийн орчлонг зүүд гэж ойлгох,
  • Үнэн сэтгэлээр Бурхны суу билгийг сэтгэх.
  • Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал үнэн үгийн хүч алдрахгүй. Тэр дөрөв нь:
  • Үнэн үг нь юмс үзэгдэл хоосон чанартай гэж өгүүлэх,
  • Үнэн үг нь сансрын хүлээсэнд дурлах нь зүй бус гэж өгүүлэх,
  • Үнэн үг нь их хөлгөнийг үргэлж дээд зам мөр гэж өгүүлэх,
  • Үнэн үг нь нүгэл , буянт үйлийн үр шамшигдахгүй гэж өгүүлэх.

    Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал буяны үндэс арвижна. Тэр дөрөв нь.
  • Ёс суртлыг сахих,
  • Үнэн мэдлэгийг эрэх,
  • Өглөг тусламж өгөх,
  • Даяанчлах

    Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал чанга чийрэг болно. Тэр дөрөв нь:
  • Гарз хохирлыг хүлээн авах,
  • Хараал зүхлийг хүлээн авах,
  • Дарлал доромжлолыг хүлээн авах,
  • Өвчин зовлонг хүлээн авах.

    Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал ариун цагаан номыг цогцлооно. Тэр дөрөв нь:
  • Бусдад үйлийн үрийг ухуулах,
  • Өглөг тусламждаа хариу харамж үл горилох
  • Ариун сургаалыг сахин хамгаалах
  • Суу билгээр бодь сэтгэлтнүүдийг алдаршуулах.

Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал гэгээрлийн арван түвшинг эзэмшинэ. Тэр дөрөв нь:

  • Буяны үндсийг өнө үүрд үүсгэх,
  • Гэм алдаа бүхнээ залруулах,
  • Арга ухаанд үлэмж мэргэжих,
  • Үйлдэл бүхнээ гэгээрэлд чиглүүлэх.

    Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал арга ухаанд боловсорно. Тэр дөрөв нь:
  • Бусдын сэтгэл санаанд зохицох,
  • Бусдын сайн сайханд даган баясах,
  • Бусдын гэм алдаанд гэмшин харуусах
  • Бурхдаас ариун сургаал хүсэх.

    Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал жолоодогч багш болно.
    Тэр дөрөв нь
    :
  • Үргэлж бусдад сайн сайхныг бэлэглэх
  • Өөрийн жаргал цэнгэлийг огоорох,
  • Хүлцэл тэвчээрийг сахих,
  • Уйдалт залхуурлаас ангижрах.

Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал төрөл тутамд бодь сэтгэлээ хадгална. Тэр дөрөв нь:

  • Орон, цаг бүхний гэгээрэгсдэд залбирах,
  • Буянт үйл бүхнээ бусдыг аврах бодь хутагт зориулах,
  • Ариун үйлсийн залуурч багшийг шүтэх,
  • Их хөлгөнийг ямагт алдаршуулах

    Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал сэтгэл явдал хоёр нэгдэнэ. Тэр дөрөв нь:
  • Хэлбэрдмэл ёс жаягаас ангижрах,
  • Аминцар хүсэл эрмэлзлийг огоорох
  • Ариун сургаалыг эзэмшихдээ эс уйтгарлах
  • Аль эзэмшсэнээ бусдад түгээх.

    Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал эрдэнэт номыг бүтээнэ. Тэр дөрөв нь:
  • Их хөлгөний ном нь ховор чухаг тул дээд эрдэнэ гэж ойлгох,
  • Их хөлгөний ном нь сэтгэлийн өвчинг анагаах тул дээд эм гэж ойлгох,
  • Их хөлгөний ном нь хэзээ ч шамшигдахгүй тул нууц сан гэж ойлгох,
  • Их хөлгөний ном нь төгс гэгээрэлд хүргэх тул дээд зам гэж ойлгох.

    Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал гэм алдаанаас хэлтрэх болно. Тэр дөрөв нь:
  • Юмсын мөн чанар хаанаас ч ирэхгүй тул шинээр үүсгэхгүйг ойлгох
  • Юмсын мөн чанар хаашаа ч буцахгүй тул хуучирч тасрахгүйг ойлгох.
  • Юмс үзэгдэл шалтгаан нөхцлөөс хараат тул шүтэн барилдлагыг ойлгох.
  • Тусгаар оршигч сэтгэл оюун үгүй тул хоосон чанарыг ойлгох.

    Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал буртгаас ангижрах болно. Тэр дөрөв нь:
  • Үнэн зөв ухаарлыг эзэмших,
  • Мэдрэхүйн үүдийг хамгаалах,
  • Ариун үйлсийн хүчийг эрчимжүүлэх,
  • Амар тайван орчныг сонгож, хуран үймээнийг цээрлэх.

Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал олон нийттэй зохицож чадна. Тэр дөрөв нь:

  • Ариун номоор замнахдаа этгээд бус байх,,
  • Бусдыг үнэн сэтгэлээс хүндлэх,
  • Бусдыг зөв зам руу хөтлөвч өөрийгөө үл дөвийлгөх,
  • Бусдад ариун сургаал заавч ашиг алдрыг үл эрэх

Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал номын өглөгийн үүдийг нээнэ. Тэр дөрөв нь:

  • Гэгээн сургаалыг сахин хамгаалах,
  • Өөрийн оюуныг гийгүүлж бусдад цацраах,
  • Үргэлж дээдсийн үлгэр дуурайл үзүүлэх,
  • Ариун бузар хоёрыг өнгөц үл ялгах.
    Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал урьд өмнийн гэмээс болж сайн үйлс алдрахгүй. Тэр дөрөв нь:
  • Бусдын гэм алдааг үл сонжих,
  • Атаа хорсолтныг ч үргэлж хайрлах,
  • Юмс бүхний харилцан хамаарлыг ойлгох,
  • Хосгүй гэгээрлийг ямагт санах

    Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал бусдын үзэл бодолд авталгүй төгс төгөлдөр явна. Тэр дөрөв нь:
  • Үргэлж номын өглөгийг түгээх,
  • Бусдын гэм бурууг зарлахгүй байх,
  • Сурган боловсруулахад мэргэших,
  • Юмсын гүн чанарыг танин мэдэх.

    Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал хүсэлт ертөнцөд төрнө. Тэр дөрөв нь:
  • Сэтгэлээ уян хатан байлгах
  • Буяны үндсийг бататгах,
  • Хамаг амьтныг хайрлах,
  • Арга билгийн хүч чадлыг эзэмших.

    Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал гэгээрлийн замаас буцахгүй болно. Тэр дөрөв нь:
  • Төрөх үхэхийн орчлонг тоо томшгүй үзэвч уйдаж шантрахгүй байх,
  • Цаглашгүй гэгээрэгсдэд өргөл төхил ямагт үйлдэх,
  • Асрал хайрын сэтгэлийг дуусч дундаршгүй ундраах,
  • Цаглашгүй суу билиг дор үргэлж сүсэглэх.

    Бодь сэтгэлтнүүд дараахь дөрвөн зүйлийг баримталбал бурханлаг мөн чанарыг нээх болно. Тэр дөрөв нь:

  • Хамаг амьтныг гэсэн хүсэл зоригоо үл умартах,
  • Өгөөмөр байдлыг эрхэмлэх,
  • Шаргуу байдлыг эрхэмлэх,

Гэгээрлийн замыг гүнзгий сэтгэлээр судлах.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)