Бясалгал
1. Бясалгалын ерөнхий зүйл
“Бясалгах” гэдэг нь сэтгэлээ байнга зөв дадалд хандуулан, сэтгэлдээ түүнийг тогтоон барьж сурахын нэр юм. Тэр гэхийн тэмдэггүй цаг хугацааны эхлэлээс бид сэтгэлийнхээ эрхээр явж ирсэн бөгөөд түүнийг хэзээ ч захирч байсангүй. Харин сэтгэл маань сэтгэлийн гэм мэтийн хирэнд баригдаж гэм буруу бүхнийг өдөөж, биднээр хийлгэсээр ирсэн. Иймээс сэтгэлээ захирч өөрийн хүссэнэээр зөв дадалд хандуулж, улмаар гарын аясаар залах чадвартай болохын тулд бясалгадаг юм.
Гэхдээ санаанд орсноо бясалгаад байж болохгүй. Бас өөрийн хүссэн зөв дадалд чиглэсэн ч гэсэн хэмжээ, дэс дараалалгүй бясалгал хийвэл зөв дадал төлөвшихөд саад болохоос цаашгүй. Эхнээсээ ийм буруу хэвшил тогтчихвол насан туршийнхаа зөв дадал эзэмших боломжийг сүйтгэж орхино.
Тиймээс аливаа бясалгах зүйлийнхээ хэмжээ, дэс дарааллыг тодорхой тогтоох хэрэгтэй. Ингээд “тогтоосон хэмжээгээ эвдэхгүй” гэдэг хатуу шийдвэр гарга. Улмаар тогтоосон хэмжээ, дарааллаа хэтрүүлж, багадуулахгүйн тулд санамж, сэрэмж хоёрт тулгуурлах хэрэгтэй.

2  Бясалгах үе
Эхлээд багшийг шүтэх ба үтэр түргэн төгс гэгээрлийн төвшинд хүрэхийн ач тус болон багшийг шүтэхгүй байхын гэм буруу, хойд насны зовлон зэргийг бодох хэрэгтэй. Тэгээд “Би багшаас ямар нэг алдаа дутагдал огт эрэхгүй” гэж олон дахин андгайл. Тэгээд багшаас ёс зүй, сэтгэл төвлөрөл, билэг оюун, эрдэм мэдлэг болон  бусад сайн чанарын алийг нь олж харсанаа бодож чин сүсэг төртөл бясалга. Дараа нь өөрт тус болсон мөн цаашдаа ч хэрэг болох сургаалынх нь ач тусыг өмнө өгүүлсэн судар номуудаас сэргээн санаж чин зүрхэндээ хүндлэл төрөх хүртэл бясалгана.
в. Төгсгөлд нь юу хийх вэ
Бүрдүүлсэн зөв дадлаа Самандбадрагийн залбирал болон Далан ерөөл-д өгүүлсэн ёсоор ойрын болоод хэтийн зорилгодоо хүрэх чин хүслээр зориулж байх хэрэгтэй. Нийтдээ өглөө, үдээс өмнө, үдээс хойш, үдэш дөрвөн удаа бясалгана.
Гэхдээ эхэндээ хэт удаан бясалгавал сэтгэл хөөрөл, нозооролд амархан ордог. Ийм байдал нэгэнт хэвшчихвэл сэтгэлээ захирахад хэцүү болдог учир эхлээд богино хугацаагаар олон удаа бясалгах хэрэгтэй. Бясалгалын амтанд ид автах үедээ завсарлавал дараа дахин үргэлжлүүлэх хүсэл хадгалагдан үлддэг. Тэгэхгүй бол бясалгалаас жигшдэг гэсэн үг бий.
Харин бясалгал бага зэрэг тогтворжсон хойно хугацаагаа сунгаж болно. 

2 Бясалгалын үе шатуудын хооронд хийх зүйлс
Ерөнхийдөө бясалгалын завсарлагаар эргэл мөргөл хийх, уншлага унших гээд хийх зүйл олон бий. Гэхдээ завсарласан үедээ бясалгаж буй зүйлээ байнга санаж байх нь хамгаас чухал юм.
Бясалгал хооронд тухайн зүйлээ эргэн санаж, эргэцүүлэн бодохгүй сэтгэлээ зоргоор нь тавибал төдийлөн үр дүнд хүрэхгүй. Тиймээс завсарлах үедээ тухайн бясалгалынхаа талаар уншиж, сэргээн санаж байх хэрэгтэй. Мөн бясалгалын сайн талууд төлөвшихөд дэм болдог зөв дадал бүрдүүлэх, саад болдог алдаа дутагдлаас салах олон арга хэрэглэ. Энэ сацуу бүхний үндэс болсон сахилаа ухамсартайгаар сахихыг хичээх нь зүй билээ. Тухайлсан нэг зүйлд оюунаа дадуулах, сахил сахих, зөв дадал хуримтлуулах гурвыг нийлүүлэн “гурамсан бясалгал” гэж нэрлэх нь ч бий.
Мөн (а) мэдрэхүйгээ хянах, (б) ухамсартай үйлдэл, (в) зөв хооллох, (г) унтахгүйг хичээх болон хэрхэн унтах дөрвөн дадал нийлж тайван төлөв ба үлэмж үзэлд хялбархан хүрэх үндэс болдог.
(а) Мэдрэхүйгээ хянах
Мэдрэхүйгээ хянахад нэгдүгээрт үргэлж санаж сэрэх, хоёрдугаарт байнгын чармайлт чухал. Эн түрүүнд мэдрэхүйгээ хянах сургаал болон дээр өгүүлсэн бясалгалын бусад зааврыг мартахгүй үргэлж санаж бай. Улмаар марталгүй санаж яваа заавруудаа байнгын чармайлтаар хэрэгжүүлж сурах хэрэгтэй. Энэ бүхний эцэст зургаан мэдрэхүйгээ хянаж, мэдрэхүйд өртдөг тааламжтай, тааламжгүй тус бүр зургаан обьектоос сэрэмжилж чаддаг болно.
Мэдрэмжээ хянах хоёр арга бий:

1. Мэдрэхүйгээ хамгаалах: Ямар нэг обьект нь мэдрэхүйн зургаан эрхтэнээр дамжин мэдрэмж бий болгодог. Ингээд сэтгэл өөрт тааламжтай обьектод татагдах, тааламжгүйг нь жигших зэрэг бусад сэтгэл хөдлөл үүснэ. Тиймээс тэдгээр сэтгэлийн хөдлөлд автахгүй байхыг хичээнэ.

2. Зургаан мэдрэхүйгээ хянах: Үүний тулд харах зэрэг хүртэхүйн үед сэтгэлийн гэм (нисванис) төрүүлдэг обьектоос мэдрэхүйгээ хамгаалж, сэрэмжилнэ.

Зургаан мэдрэхүйд өртдөг юмсын шинж чанар болон тэдгээрээс төрөх сэтгэгдлүүдэд хэт автагдахгүй мэдрэмжээ хамгаалахыг мэдрэхүйгээ хянах гэдэг. Сэрэмж алдан сэтгэлийн гэм нэмэгдэж буруу сэтгэгдэл төрөхөөс сэргийлэх ёстой. Илт харагдахгүй байгаа дүрс зэргийг бий болгон харах буюу тухайн үзэгдлээс үүдэн сэтгэлдээ түүнийг илэрхий урвуугаар төсөөлөхийг “хийсвэрлэлд автагдах” гэдэг. Зургаан мэдрэхүйгээр хүртэн уур, мунхаг, шунал гурвын аль нэг төрсөн обьектыг хожим сэтгэлийн мэдрэхүйгээр төсөөлөх буюу дараа нь бусдаас сонсон тэдгээрийн тухай хийсвэр төсөөлөл үүсэх нь “сэтгэгдэлд хүлэгдэж” буй хэрэг юм. Мөн өөрөө харж, хүртээгүй хэрнээ бусдаас дам сонсон бий болдог ойлголт ч үүнд хамаарна.
Сэтгэлийн гэмээс санаа сэтгэлээ хамгаалж зөв буюу тодорхой бус төлөв байдалд барихыг хянах гэнэ. Сэтгэлийн гэм илрээгүй тодорхой бус төлөв байдал гэдгийг сэтгэл зөв дадалд төвлөрөөгүй, жирийн үеийн үйл хөдлөл гэж ойлговол зохино.

(б) Ухамсартай үйлдэл

|. Үйл хөдлөлийн үндсэн хүрээ
Бидний үйл хөдлөлийн үндсэн хүрээ өөрийн таван хөдөлгөөн болоод сүм хийд дэх таван хөдөлгөөн гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваагддаг.
Өөрийн таван хөдөлгөөн нь:

1. Биеийн хөдөлгөөн: Өөр газар орон, сүм хийд зэрэг өөр газар очих буюу эргэж ирэх.

2. Нүдний хөдөлгөөн: Урьд нь огт мэддэггүй байсан юмсыг харж анхны төсөөлөлтэй болох. Мөн өмнө нь мэддэг байсан зүйлээ харж тодорхой танин мэдэх.

3. Үе мөч, эд эрхтний хөдөлгөөн: Үе мөч, эд эрхтнүүдээ тэнийлгэх болон хумих.

4. Хуврагийн хувцас хэрэглэлтэй холбоотой хөдөлгөөн: Хуврагийн гурван хэсэг хувцас ба бадар аягаа хэрэглэж, хадгалах.

5. Бадар барихтай холбоотой хөдөлгөөн: Идэх, уух зэрэг үйлдлүүд.

Сүм хийд дэх таван хөдөлгөөн:

1. Биеийн үйлдэл: Хүрээ хийдэд суух. Үзэл бодол нэгтэй нөхөдтэй хамт байх, номлол, сургаал сонсохоор явах. Сургаал, номлол нь зохицох хийдийн номлогч, багшийн дэргэд завилан суух г.м.

2. Хэлний үйлдэл: Арван хоёр эрхэм зарлигаас үзээгүй хэсгээ судлах, цээжлэн тогтоох, судалсныгаа амны уншлага болгох, бусдад заах, идэвхээ нэмэгдүүлэх үүднээс бусадтай ярилцах г.м

3. Оюуны үйлдэл: Шөнийн бясалгалын завсарт унтах. Нам гүмхэн орчинд очиж судалсан зүйлийнхээ утгыг эргэцүүлэх. Сэтгэлийн есөн төлөвт бясалгал хийх. Үлэмж үзэлд хүрэхийн тулд дуугаа хураах. Халууцсан эсвэл ядарсан үедээ цагаас эрт унталгүй сэргэг байх болон бусад үйлдэл

4. Өдөр

5. Шөнийн үйлдэл: Өдөр, шөнийн эхний ба сүүлийн хэсэгт унтахгүй. Энэ үед бие, сэтгэлийн үйл хийнэ. Харин “шөнийн дунд хэсэгт унтах” нь зөвхөн шөнийн буюу сэтгэлийн үйлд хамаарна.

|| Үндсэн үйл хөдлөлийг ухамсартай хослуулах
Энэ дурьдсан арван хөдөлгөөнийг хийхдээ тухайн зүйлдээ хамаг анхаарлаа төвлөрүүлж, хянамгай байх нь зүйтэй. Дээрх үйлүүдийг ямар байдалтай хийж буйгаа шинжиж, ном ёсоор нь гүйцэтгэж байгаа эсэхээ хянаж бай.
Энэ нь дараах дөрвөн байдлаар тодорхойлогдоно.

1. Дээрх арван зүйлийг хийхдээ тухайн үйлийг гүйцэтгэх ёс жаягтай зохицож байгаа эсэхийг шинжинэ. Жишээлбэл, ирж, очихдоо тэр талаар ёс зүйд хэрхэн заасныг мэдээд “одоо би үүнийг ингэж хийх ёстой” гэж бодно.

2. Явах зүг чигээ шинжихдээ тэр зүг хаана, юунд хүргэдгийг ухамсарлах ёстой. Жишээлбэл, хаа нэг тийшээ явахдаа архины мухлаг мэтийн таван буруу газрын аль нэг рүү явж болохгүй нь зүй. Харин түүнээс өөр тийшээ явна гэдгээ ухаарч, ухамсарлах ёстой.

3. Цаг үеийн байдлыг шинжихдээ тухайн цаг юунд зохимжтойг мэдэж байх учиртай. Жишээлбэл, үдээс өмнө хот балгад руу явж болно, үдээс хойш явж болохгүй гэдгээ мэдэж, ухамсарлах хэрэгтэй.

4. Аливаа үйлдлийг хийхдээ хэрхэн хийх ёстойг ухамсарлах хэрэгтэй. Жишээлбэл, гадагшаа гарах үедээ өөр айлд ямар байдалтай байх тухай заавар журамд заасныг санаж байх нь зүйтэй.

Товчоор хэлбэл өдөр, шөнийн үйлдэл бүхнээ эргэн санаж бай. Тэдгээрээс болох, болохгүйг нь ялга. Аливааг хийх болон татгалзахдаа “одоо үүнийг хийж байна, харин үүнээс татгалзаж байна” гэж байнга ухамсарлан хийж бай. Ингэж чадвал энэ насандаа алдаа эндэгдэл гаргахгүй. Бас хойд насандаа ч муу  заяанд төрөхгүй. Түүнчлэн бүрдүүлж амжаагүй сайн чанаруудаа хуримтлуулна гэж өгүүлсэн байдаг юм.
Үүнийг хутагт Асангагийн мэдрэхүйгээ хянах болон түүний утгыг тайлбарласан бүтээлээс ишлэн авлаа. Энэ хоёр зүйлийг хичээнгүйлэн дагавал зөв дадал төлөвшүүлэхэд бусад ямар ч аргатай харьцуулшгүй ахицтай. Ялангуяа ёс суртахуун ариун болж, тайван төлөв ба үлэмж үзэлд хүрэхийн өмнөх сэтгэл төвлөрүүлэх бясалгалыг эзэмшдэг гэсэн байдаг тул хичээх хэрэгтэй шүү.

в. Зөв хооллох
Зөв хооллохын тулд дөрвөн дүрэм баримтална:

1. Хэт бага идэж болохгүй: Хэтэрхий бага хоолловол өлсөж, сульдана. Улмаар зөв хийх хүчгүй болно. Тиймээс маргаашийн хоол хүртэл өлсөхгүй байхаар бодож хоолло.

2. Хэт их идэж болохгүй: Хоолоо ихдүүлбэл ачаа үүрсэн мэт бие хүндэрдэг. Амьсгалахад ч бэрхтэй болж, нойрмоглон  нозоорч юу ч хийж чадахгүй. Мөн сэтгэлийн гэмийг дарах чадвараа алдана.

3. Шингэц сайтай хоол идэх: Шингэцтэй хоол идвэл элдэв хууч хөдлөхгүй. Мөн шинэ зовлон үүсэхгүй.

4. Буруу санаагүй хооллох: Хооллохдоо ямар нэг ёс жаягийг зөрчихгүй бол таатай мэдрэмж төрдөг.

Эдгээр дүрэм нь хоолонд шунахын эсрэг чиглэж байгаа бөгөөд хэт ховдоглохын сөрөг талыг тунгаан бодох бясалгалд тулгуурладаг. Ерөнхийдөө хоолонд гурван сөрөг тал бий. 1. Амтшин дурлахын сөрөг талыг бясалгахдаа: хичнээн сайхан үнэр, амттай хоол байлаа ч шүдээрээ зажилж, шүлсээрээ дэвтээсэн хойно бөөлжис шиг болдгийг бодно. 2. Шингэсэн хоолны сөрөг талыг бясалгахдаа: идсэн хоолны нэгээхэн хэсэг нь шөнө дунд ба түүнээс хойш биеийн эд эс болон шингэдэг. Үлдсэн хэсэг нь баас, шээс болон биеийн доод хэсэгт хуртмтлагдаж өдөр бүр гадагшилдаг. Мөн хоолноос олон өвчин үүсдгийг бодно. 3. Хоол эрж хайхын сөрөг талыг бясалгахдаа дараах таван зүйлийг бод:

1. Хойноос нь хөөцөлдөхийн гэм: хоол олох, хоолны мөнгөтэй болохын тулд бид халуунд халж, хүйтэнд хөрж зүтгэдэг. Харин түүнийгээ олж чадахгүй бол гуньж гутардаг. Хэрвээ олчихвол алдаж, үрэн таран хийчихвий гэж айна. Тэгээд хадгалж харамлах гэж зовдог.

2. Тангараг тасрах гэм: хоолны төлөө эцэг, хүү хоёр ч хоорондоо тэмцэлдэж тангараг тасардаг.

3. Ханахаа мэдэхгүйн гэм: хоолоо улам нэмэхийн төлөө хаадаас эхлээд харц хүртэл хоорондоо тэмцэлдэн зовдог.

4. Бусдын эрхэнд ордог гэм: Бусдаар тэжээлгэгчид тэр хүнийхээ төлөө хэн нэгэнтэй байлдах ч хэрэг гарч зовлон эдлэнэ.

5. Буруу үйл хийх гэм: Хоол олохын тулд бие, хэл, сэтгэлээр гэм хйидэг. Ингээд хожим хийсэн гэм нүгэлдээ харамсан шаналсаар үхэж улмаар муу төрөлд төрнө.

Гэхдээ хоолонд ганц нэг ашиг тус байлгүй яахав. Хоолоор биеийг тэжээн тэтгэдэг. Тиймээс “Зөвхөн амьд явахын төлөө хоолны хойноос хөөцөлдөхгүй. Хүний энэ биеийг хоолоор тэжээн  тэтгэж байгаад ариун журамт амьдралд хүрэх ёстой” хэмээн бодож сурах нь зүйтэй. Өглөг өгөгч, өглөгийн эзэд хуруу хумсаа хугалан байж олсныгоо маш их үр шим горьдон өглөгт өгдөг. Тиймээс тэдний хүсэл биелээсэй гэсэн бодолтой өгснийг нь хэрэглэж бай. Мөн “ Өглөг хайрласан нэгний тусыг бодож, өнөөдөр та миний эд эсийг хоолоор тэтгэлээ хожим би таныг номлолоор тэтгэнэ. Амьтан бүхэнд туслана гэдэг сэтгэлээр бусдаас авч бай” гэж Шантидэва Хураангуй заавар журам номдоо өгүүлсэн байдгийг санаж яв. Басхүү хутагт Нагаржуна Анддаа илгээсэн захидал-даа ийн өгүүлжээ:

Идээ умдаагаа эм гэж санаад
Идэмхий уумхайнхаа ерөндөг болго.
Ид бах, сайрхал, бардамнал бус
Энэхэн биеэ л амьдруулан хүрт.


г. Унтахгүйг хичээх ба хэрхэн унтах тухай
Анддаа илгээсэн захидал-д:

Мэргэд өдрийн туршид мөн шөнийн эхэн
Адгийг хүртэл бясалгаад завсарт нь
Унтах үедээ ч үр ашиггүй өнгөрөөлгүй
Өмнө хийснээ дурьдан санаж өнгөрөөдөг
хэмээсэн байдаг.

Энэ нь бүхэл өдрийн туршид бясалгал хий. Мөн шөнийн эхний болон сүүлийн хагас ч бясалгалд зориулагдана. Цаашилбал тэдгээрийн хооронд ч бясалгал үргэлжилнэ гэсэн санаа юм. Босоо, суугаагийн алинд ч сэтгэлээ таван хир буртагаас цэвэрлэж, цагаа үр ашигтай өнгөрөөх хэрэгтэй гэснийг дээр гаргажээ.
Унтахдаа санаж бодох болон мэдрэхүйгээ хянах, ухамсартай үйлдэх гурав нь жинхэнэ бясалгал ба бясалгалын завсарлагад хамаарна. Харин энд завсарлага буюу унтах журмыг өгүүлье. Унтахдаа бясалгах арга: Шөнийг гурав хуваасны эхний хэсэгт зөвд дадал төлөвшүүлнэ. Харин шөнийн хоёрдугаар хагаст хэвтэж амрана. Бөх унтаж,биеэ амраах хэрэгтэй. Тэгвэл бие сэргэж, зөв дадал төлөвшүүлэх хичээл зүтгэл улам нэмэгдэх ач тустай. Унтахын өмнө гарч гар, хөлөө угаана. Эргэж орж ирээд баруун талаараа хэвтэж, зүүн хөлөө баруун хөлөн дээрээ тавин арслан мэт унтана.
Арслан мэт хэвтэхийн учир:

Араатан амьтдын дундаас хамгийн сүр хүчтэй нь арслан билээ. Бас эрэмгий зоригтой, шантардаггүй учир зорьсныхоо туйлд хүрдэг. Тэгвэл бага унтан ёогоор хичээллэх нь асар их эрч хүч өгч, хүршгүй зүйлд ч хүргэнэ. Тиймээс унтахдаа арслан шиг хэвтэх учиртай. Залхуу, идэвх зүтгэлгүй, чадалгүй учир лус, бирд, тэнгэр мэтийн хүсэл тачаалдаа хөтлөгдөгчид ч зорьсныхоо эцэст хүрэх нь ховор юм.
Нөгөө талаар арслан шиг баруун талаараа хэвтвэл ердийнх шиг бие сулрахгүй. Нойрсож байлаа ч нам унтахгүй сонор соргог байдаг. Мөн элдвийн буруу зүйл зүүдлэхгүй гэсэн өөр тайлал ч бий. Ингэж унтаж чадахгүй бол дөрвөн төрлийн алдаанд хүргэнэ.
Унтах үедээ дараах дөрвөн санаа бодолтой байна. 1. Гэгээн бодол. Хэвтэхийн өмнө сэтгэлдээ гэрэл төсөөлөн бодож, гэрлийн тухай бодолтойгоо унтана. Ингэвэл нойрон дунд ч сэтгэл харанхуйлдаггүй юм. 2 .Нэхэн санах. Унтахаасаа өмнө сонссон, бодсон, бясалгасан номлол, зөв дадал болон хэрэгтэй зүйлсээ эргэж сэргээн сана. Тэгвэл сэтгэл сэрүүн байгаа мэт зөв дадлыг ахин дахин хийдэг. Товчоор хэлбэл унтаж байхдаа ч зөв дадал төлөвшүүлнэ гэсэн үг. 3.Сонор сэрэмж. Сонор сэрэмжтэй байвал ямар нэг буруу бодол төрсөн ч зоргонд нь алдахгүй хянаж чаддаг. 4. Сэрэхтэй холбогдох бодол. Сэрэхдээ гурван бодолтой байна. Эхнийх нь, ямар ч тохиолдолд сэтгэлээ нойронд автуулахгүй хэмээн бодож гөрөөс шиг сэргэг унтах явдал. Тэгвэл нам унтахгүй, цагтаа сэрдэг болно. Дараагийнх нь бодол, “Би Буддагийн тогтоосон арслан мэт нойрсох аргыг өчүүхэн ч эвдэлгүй унтаж сурна. Гуравт нь, “  Би сэрүүн үедээ зөв, сайн чанар төлөвшүүлэх гэж их хичээсэн. Маргааш ч мөн үргэлжлүүлэх болно” гэж бод. Ингэвэл зөв дадлаас төрсөн урам зориг гээгдэхгүй. Түүгээр үл барам унтах үед мартсныгаа сэргээн хөгжүүлэх урам улам бүр нэмэгддэг.
Хэрвээ идэж, унтах энэхүү дүрмийг зөрчихгүй бол амьдралдаа хий дэмий үрэх нь багасаж, зөв зүйлд зориулна. Энэ бүхнийг хутагт Асангагийн эх зохиолоос ишлэн авав. Бясалгалын бэлтгэл хэсэгт гарсан онцгой тохиолдлоос бусад үе буюу жинхэнэ бясалгал болон түүний төгсгөл, завсарлага үед гарсан журмуудыг хойшид гарах үлэмж үзэл хүртэлх бүлэг тухай бүр нь тохируулан хэрэглэнэ.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)