ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : ГЭГЭЭРЭЛ: Үйлийн үрийн тухай : БОДЬ МӨРИЙН ЗЭРЭГ буюу гэгээрэлд хүрэх зам:

 Бүлэг ХIII - ҮЙЛИЙН ҮРИЙН ҮНДСЭН ШИНЖ

Б” Сайн сайханд хүрэх үндэс болсон сүсэг бишрэлийг хөгжүүлэх
Энэ бүлэгт хойд насандаа сайн сайханд хүрэхийн тулд үйлийн үрд итгэж үнэмших сүсэг төрүүлэх мөн үйлийн үрийг ерөнхийд нь болон ширхэгчлэн бодох тухай өгүүлнэ.

1, Үйлийн үрийг ерөнхийд нь эргэцүүлэх
Энэ тухай хоёр хэсгээр тайлбар хийнэ.

1. Үйлийн үрийг ерөнхийд нь бодох журам

2. Үйлийн үрийн төрөл зүйлийн ялгааг эргэцүүлэх

а, Үйлийн үрийг ерөнхийд нь бодох журам нь дөрвөн зүйлтэй:

1. Үйлийн үрийг өөрчлөх аргагүй

2. Үйлийн үр үргэлж нэмэгддэг

3. Хийгээгүй үйлийн үрийг амсахгүй

4. Хийсэн үйлийнхээ үрийг амсана.

1” Үйлийн үрийг өөрчлөх аргагүй
Амьтны агуу их тамд сэрүүн салхи сэвэлзээд өнгөрөх жаргал, гэгээн хутагтын сэтгэл хөндүүрлэх өчүүхэн зовлонгийн аль аль нь урьдын үйлийн үрээс үүдэлтэй байдаг. Жирийн хүн, гэгээнтэн хоёрын хувьд энд ялгаа байхгүй. Буруу үйлээс хэзээ ч сайн сайхан үүсдэггүй.
Урьд хийсэн буруу үйлээс бүх зовлон урган гардаг. Иймээс тамын амьтны амсах өчүүхэн жаргал, хутагтын мэдрэх ялихгүй зовлон ч үйлийн үр хуурмаггүйн гэрч юм. Эрдэнийн эрхи-д энэ тухай өгүүлэхдээ:

 Буруу дадлаас зовлон бүхэн
Бусармаг муу заяа ч эхтэй.
Зөв дадлаас сайн бүхэн
Зол жаргалант төрөл ч эхтэй.

хэмээсэн нь бий.

Жаргал, зовлон учир шалтгаангүй бий болдоггүй. Мөн Вишну, Ишвара тэнгэр мэтийн хобогдолгүй хөндлөнгийн шалтгаанаас ч үүсэхгүй. Их, бага аль ч үйлийн үр нь мөн тийм хэмжээний зөв, буруу үйлийн өгөгдөл байдаг. Энд ямар нэг алдаа эндэгдэл гарахгүй. Үүнийг танин мэдэж, итгэл үнэмшилтэй болох нь буддын шашинтан бүхний сүсэг бишрэлийн гэрч юм. Энэ бол сайн чанар бүхний үндэс нь билээ.

2” Үйлийн үр үргэлж нэмэгддэг
Зөв үйл хэдий өчүүхэн байлаа ч үр дүн нь жаргал байдаг. Мөн шалихгүй муу үйлийн үр дагавар нь маш их зовлон болж илэрдэг. Харин биет үйл хөдлөлийн үр дагавар сэтгэлийн үйлтэй харьцуулахад тэгтлээ их үрждэггүй. Цоморлиг-т:

Багахан төдий ч муу үйл
Хойд насанд аюул дуудна.
Балга төдий ч хор долооход
Хамаг биеийг үхүүлэхийн адил.

Ялихгүй ч гэсэн гавъяат үйл
Хойд насны жаргал дуудна.
Ялимгүй жижигхэн үр суулгаад
Арвин ургац хураахтай адил.

хэмээсэн байдаг.

Өчүүхэн үйлийн үр дагавар маш их болж өсдөг тухай хуучны домгоос мэдэж авах хэрэгтэй. Ёс зүйн үндэс- ээс малчин Нандагийн таяганд өртсөн мэлхий, мөн Таван зуун галуу, Загас, Яст мэлхий, Таван зуун бирд, Тариачин ба таван зуун шар зэрэг үлгэрийг унш. Түүнчлэн Цэцэн тэнэгийн үлгэр-ийн Суварнадэвата, Суварнавасу ба заан хариулагчийн тухай үлгэрийг үзээрэй. Бас Ёс зүй, Цэцэн тэнэгийн үлгэр, Зуун үйл зэрэг номыг уншвал итгэл үнэмшил нэмэгдэнэ.
Бас ёс зүй, зан үйл, амьдралын хэв маяг, үзэл баримтлал дөрвөөс сүүлийнхийг нь зөрчөөгүй боловч эхний гурвыг нь ямар нэг байдлаар зөрчиж сэвтүүлсэн бол лус болж төрнө гэж Будда  хэлсэн байдаг. Энэ тухай Сагарматийн асуултанд хариулсан судар-т:

Шагжамуни Будда. Аль эрт, энэ галавын эхэнд би далайд амьдардаг байлаа. Кракукчханда Будда гэгээрэлд хүрэх цагт далайд лус, лусын хүү, лусын охин цөөхөн байсан. Надад олон бараа бологч байсангүй. Жагжамуни Будда. Харин одоо далай тоолж баршгүй олон лус, лусын хөвгүүд, лусын охидоор дүүрлээ. Үүний учир шалтгаан юу вэ? гэж асуухад,
Шагжамуни Будда: Лусын эзэн минь ээ. Тэд бүгд буддын ёсоор хувраг болоод номлолд тодорхой заасан ёс суртахуунаа сэвтээлгүй сахиж чадаагүй юм. Зан үйл, амьдрах хэв маяг, ёс зүйгээ төгс сахиагүй хэрэг. Харин үзэл баримтлалдаа тууштай байсан учир тамд төрөөгүй. Гэхдээ үхсэн хойноо лусын оронд төрсөн гэж хариулжээ.

Түүнчлэн Кракукчханда Буддаг номлол зааж байх үед ерэн найман сая, Канакамуни Буддагийн үед жаран сая, Кашьяпа Буддагийн эринд наян сая, бидний багш Шагжамунийн үед ерэн есөн сая гэргийтэн болон хувраг лусын оронд төрсөн юм. Тэд бүгд зан үйл, амьдрах хэв маяг, ёс зүйгээ сэвтээхийн уршгийг амсчээ. Бидний багш Шагжамуни нирваан дүрийг үзүүлснээс хойш дөрвөн төрлийн сахилтан гэм хийж, ёс зүйгээ сэвтээвэл лусад төрнө гэж хэлсэн байдаг.
Тэд алдаа эндэгдэл гаргасан боловч номлолд итгэх сүсгээ гээгээгүй учир үхсэн хойноо лус, тэнгэр, хүний биеийг олсон гэдэг. Сайн цагийн Будда залрах үед түүний гэгээрлийн сургаалыг дагаж, Их хөлгөнийхэн төдийгүй бусад амьтан гаслангаас ангижирна гэжээ.
Тиймээс хэдий бага зөв, буруу зүйл хйилээ ч үр дагавар нь сүүдэр мэт дагаж зүйрлэшгүй жаргал, зовлон үүсгэнэ гэдэг хатуу итгэл үнэмшилтэй бол. Улмаар шалихгүй ч гэсэн сайн үйл бүтээе, ялихгүй ч гэсэн буруу зүйлээс цээрлэе гэж чармайх нь зүйтэй.
Цоморлиг-т:

Огторгуйд нисэгч шувуунд хүртэл
Газар унах сүүдэр байдаг
Олигтой, олиггүй үйл болгонд
Араас нь боловсрох үр байдаг.

Аяганы хийцгүй гэрээс гарваас
Аяны замд өлсөх нь лавтай.
Ариун үйлийг хийгээгүй болвоос
Алсын төрөлдөө зовох нь лавтай.

Хээрийн хүнстэй аянд гарваас
Хэцийн замдаа өег цатгалан
Хичээж буяныг хураасан аваас
Хэтийн төрөлдөө зовлонгүй амгалан.

гээд цааш нь:

Аар саархан гэмийн үрийг
Алсдаа цайрхах юм шиг битгий бод
Ганц ганцхан дуслууд нэмсээр
Ган торхноос хальдаг шүү дээ.

Бага багахан алдаа нийлсээр
Баллаж мэдэх хилэнц овоорно
Бяцхан жоохон буяны соёолж ч
Баясгалангийн цэцэрлэг үүсгэж болно.

Тов тов дуслууд нийлсээр
Торх, хөнөгийг дүүргээд ирнэ.
Тогтоосон жаахан зөв дадлууд
Томорч бэхжин гэгээрэл болно
.

Төрөл туулсан цадир-т:

Зөв, буруу үйлүүд аандаа
Зөв, буруу зуршил болдог оо
Дадсан зуршлаа хаяхгүй аваас
Дараа төрөлдөө ч давтаад явдаг аа

Өгөөмөр сэтгэлгүй, ёсгүй аваас
Өнгөлөг гоолиг, баян байлаа ч
Өндөр дээд угсаатан байлаа ч
Өнө хойтдоо жаргах нь үгүй ээ.


Өгөөмөр сэтгэл, ариун ёстон
Өчүүхэн дорой нэгэн байлаа ч
Өгөөмөр хураар баяжих нуур шиг
Өнийн төрөлдөө жаргалаар бялхална

Хүн болсон энэ төрлийн
Зөв буруу үйлийн үрээр
Хойд насанд эдэлж амсах
Жаргал зовлонгийн үүд нээгдэнэ.


Зөвийг дагаж, буруугаас зайлж
Зөвхөн сайныг дадал болго
Ондоогоор явбал дур л биз ээ
Олиггүй төрөлд л унана биз ээ.

гэхчлэн сургасан байдаг.

3” Хийгээгүй үйлийн үрийг амсахгүй

Жаргал, зовлон амсахын шалтгаан нь хийсэн үйл билээ. Хийгээгүй үйлийн үрийг эдэлнэ гэж огт үгүй. Бид одоо Буддагийн цогцлоосон барагдашгүй сайн үйлийн үрийг эдэлж байна. Энэ гайхамшигт учралын үндсийг бид бүрэн дүүрэн хуримтлуулаагүй. Гэвч тодорхой хувийг нь бүрдүүлсэн болохоор Буддагийн номлолд суралцах аз тохиожээ:

4” Хийсэн үйлийнхээ үрийг амсана.
Зөв ба буруу үйл нь сэтгэлд таатай, таагүй үр дагавар бий болдог.
Үлэмж дээдэд зориулсан магтаал-д:

Бярманууд харин зөв бурууг
Өөрөө боловсрох үртэй юутай нь
Бяруу, тугалын наймаа адил
Өгч авалцаж болдог гэдэг ээ.


Харин Будда үйлийн үрийг
Хааш нь ч нуухын аргагүйг хэлсэн.
Авалцаж өгөлцөх учиргүйг заасан
Арилжиж солилцох боломжгүйг тайлсан


Бясалгалын хаан судар-т:

Өөрийн тарьсан үйлийн үрээс
Нуугдах юм шиг андуурахын хэрэггүй.
Өөр бусдын үйлийн үрийг
Үүрэх юм шиг айхын хэрэггүй.


Ёс зүйн үндэс-т:
Зуун галав  өнгөрлөө гэхэд
Үйлийн үр үрэгдэх нь үгүй
Цаг нь ирмэгц үр нь боловсроод
Цаг наргүй амсах болно.

хэмээн өгүүлсэн байдаг.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)