ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : ГЭГЭЭРЭЛ: Үйлийн үрийн тухай : Др Д.Жаргал

ГЭГЭЭРЭЛ: Үйлийн үрийн тухай : Др Д.Жаргал

Үйлийн үрийн хууль

Үйлийн үр гэдэг нь зорилго, үйл явдал, мөр гэсэн үг. Хүн ухаантай юм болохоор ямар нэгэн зорилго тавьж тэрхүү зорилгоо биелүүлэх явцдаа бие, хэл, сэтгэлээр ямар нэгэн үйл хийдэг. Амьтан ч гэсэн амьд явахын тулд хүн шиг ухамсартай биш боловч амьд явахын тулд үйл хийдэг. Зорилгогүй бол үйл гарахгүй. Бүх үйлийг сайн, муу, саармаг гэж хуваадаг. Сайн үйл бидний сэтгэлд сайн мөрөө үлдээдэг байна. Үүнийг сайн үйлийн үр гэдэг. Гэвч хүн муу үйлийг бас хийдэг. Муу үйлээс үүдэн гарах үрийг муу үйлийн үр гэнэ. Сайн ч биш, муу ч биш үйлийн үрийг саармаг үйлийн үр гэдэг байна.

Хүн нас барснаар сэтгэл салаад 6 зүйлийн амьтан дээр очиж төрлөө олдог бөгөөд тэр нь жаргал, зовлон бий болгодог гэж Бурханы сургааль үздэг гэхээр зарим хүмүүс энэ үнэн юм уу худлаа юм уу гээд итгэж өгөхгүй шашны мунхруулга гэж ойлгоод энэ насандаа жаргаж явбал тэр хойт нас ямар хамаа байна гэж боддог. Өөрөөр хэлбэл, хүн нас барснаар бүх юм зүйл дуусчихдаг юм шиг бодож явдаг. Гэтэл тийм биш, амьдад хийсэн үйл нь хүний сэтгэлд мэдээлэл болон хадгалагддаг ба тэр нь нөхцөл бүрдсэн үед үр болон боловсрох боломжтой нь үнэн юм байна гэдгийг ойлговол итгээд амьд яваа насандаа хариуцлагатай амьдрахаас өөр аргагүй болдог байна. Бурханы сургаальд хүний хийсэн үйлийн түхай мэдээлэл устаад үгүй болчихгүй нэг төрлөөс нөгөө төрөлд дамжин үргэлжилдэг бөгөөд урьд төрөлд хийсэн сайн үйлийн үр жаргаадаг, муу үйлийн үр зовоодог гэж үздэг.
Үүнийг Бурханы сургааль үйлийн үрийн хууль гэдэг [ 6, 7 ].

(6.Гуравдугаар далай лам. Боди мөрийн зэрэг Тунгаамал алтан.
Арвандөрөв дүгээр Далай Ламын тайлбар. Улаанбаатар хот, 2003 он,
237 хуудас.
7.Rupert Gethin. The Foundations of Buddhism. Oxford New York. 1998. 333 page.)
[ 1 ] ( Д. Жаргал. Бурханы сургаалийн шинжлэх ухааны үндэслэл.
         Улаанбаатар, 2009 он, 252 хуудас. )

номонд бид олонлог ба түүн дээр хийх үйлдлийг ашиглан хүн нас барснаар сүнс нь сансарын 6 зүйл амьтан дээр очиж төрлөө олдог болохыг нотлон харуулсан болно. Улмаар зөвхөн хүний сэтгэл төдийгүй бусад 5 зүйл амьтан үхснээр сэтгэл нь 6 зүйл амьтан дээр очиж төрлөө олдог болохыг нотлон харуулсан. Өөрөөр хэлбэл, үйлийн үрийн хууль шинжлэх ухааны үндэстэй болохыг харуулсан болно. Яагаад шинжлэх ухааны үндэстэй гэж байна вэ? гэвэл үйлийн үрийн хуулийг математикийн шинжлэх ухааны олонлогийн онолыг ашиглан баталсан болохоор нь тэр.

Үйлийн үрийн тухай теоромыг бүрэн хэмжээгээр дараах байдалтай томъёолж болно.

Теорем. Хэрэв нэгд, ертөнцийн юмс үзэгдэл бодит зүйл, сэтгэл, төгс бус хурж үйлдсэн зүйл гэсэн гурван төрөлд оршдог, хоёрт, хүн, амьтан үхснээр бие, сэтгэл салдаг гэсэн нөхцөл биелэгдэж байхад хүн, амьтан үхснээр сүнс нь 6 зүйл амьтан дээр очиж төрлөө олдог бөгөөд тэр нь ямар амьтан дээр очиж төрлөө олох нь тэдгээрийн хийсэн үйлээс хамаарна.

Математикт үнэн болох нь батлагдах өгүүлбэрийг теорем гэдэг. Энэ теоремыг Бурханы сургаальд үйлийн үрийн хууль гэдэг.

Энэ теоремын баталгааг энд хийсэнгүй. Хэрэв уншигч сонирхвол [1]
( Д. Жаргал. Бурханы сургаалийн шинжлэх ухааны үндэслэл.
Улаанбаатар, 2009 он, 252 хуудас. ) номноос “ Үйлийн үрийн хууль гэж юу вэ? “ гэсэн сэдвийг уншаарай.


Дээрх теоремыг баталснаар “Би”-ийн хоосон чанартай гэгээн юмуу гэгээнд ойрхон сэтгэл харамгүй хүний сүнс нь хүн дээр, тэнгэрийн оронд юмуу асура тэнгэрийн амьтан дээр тэр ч бүү хэл Бурханыг төрүүлж байлаа. “Би”-ийн хоосон биш чанартай буюу бие харам, ердийн хүний сүнс нь өөрийн түвшний юмуу эсвэл түүнээс доор түвшний хүн, амьтан дээр, тэнэг хүний сүнс нь хүн дээр очвол ухаан хомс хүн төрүүлээд, амьтан дээр очвол тамын амьтан төрүүлж байсан бөгөөд тэр ч байтугай чөтгөрийг төрүүлж байлаа. Өөрөөр хэлбэл, сайн хүний төрөл дээшилдэг, муу хүний төрөл доошилдог болох нь батлагдсан юм. Тэнэг хүний сэтгэл яагаад ухаан хомс юмуу тамын амьтан дээр очихгүй тэдгээрийг төрүүлж байгаа билээ гэвэл тийм хүн амьтан байгалийн шалгарлаар үүсээгүй харин тэнэг хүний сэтгэл хүн дээр очихоор ухаан хомс хүнийг, амьтан дээр очихоор амьтнаас доор сэтгэлтэй амьтныг төрүүлж байгаа болохоор нь тэр. Тэр ч байтугай тэнэг хүний сүнс хэрэв хүн амьтан дээр очихгүй бол чөтгөр болдог байна. Үүнийг дээрх теоремын баталгаанаас харж болно.

Ихэнх хүмүүс нас ахиад ирэхийн цагт сая нэг ухаан орж байгаа юм шиг үхлийн тухай бодож, үхээд Бурханы оронд юмуу диваажинд төрдөггүй юмаа гэхэд ядаад хүн болж төрөх юмсан гэж боддог. Гэхдээ энэ нь санаагаар болдоггүй бөгөөд амьд ахуй цагтаа хийсэн үйлээс болоод янз бүрийн орны янз бүрийн амьтан дээр очиж төрлөө олдог байна. Өөрөөр хэлбэл, хүн хийсэн үйлээсээ болоод төрлөө захирч чаддаггүй юм байна. Ийм учраас хүн нас ахиад, үхэх дөхөөд ирэхэд хойт төрлөө бодох биш насан туршдаа хойт төрлөө бодож хийж буй үйлдэлдээ хяналттай ажиллаж, амьдрах хэрэгтэй юм байна гэж ойлгогдож байна.

Түүнээс гадна асура тэнгэрийн амьтны сүнс нь тэнгэрийн юмуу асура тэнгэрийн амьтан дээр, эсвэл хүн дээр, адгуус амьтны сүнс хүн дээр юмуу адгуус, бирд дээр, бирдийн сүнс бирд дээр юмуу саармаг сэтгэлийн оронд, тамын амьтны сүнс бирд юмуу тамын амьтан дээр очиж байлаа. Амьтан бол сэтгэлээ боловсруулах боломжгүй учраас эдгээрийн үйлийг яалтай билээ. Харин ухамсарт хүний хувьд асуудал өөр юм. Хүн муу үйл их хийж байсан бол нас барснаар сүнс нь адгуус, бирд юмуу тамын амьтан дээр төрлөө олоод тэдгээр амьтны зовлонг үүрэхээс гадна бас өөрийн хийсэн үйлийн үрийн зовлонг эдэлдэг юм байна гэж ойлгогдож байна. 6 зүйлийн амьтан өөрийн зүйл ангид таарсан зовлонгоо яая гэж байхад дээр нь муу үйлтэй хүний юмуу амьтны үйлийн үр ирээд бас зовоох нь байна гэж ойлгогдож байна. Мөн ертөнц дээр 6 зүйл амьтан байгаа нь тэдгээрийн сэтгэлтэй шууд холбоотой юм байна гэж ойлгогдож байна. Яагаад гэвэл муу үйл нь муу сэтгэлээс болдог. Энэ тухай хойно бид тодорхой авч үзнэ.

Ийнхүү бид мөнх бус юмс үзэгдэл бодит зүйл, сэтгэл, төгс бус хурж үйлдсэн зүйл гэсэн гурван төрөлд оршдог гэсэн болон хүн, амьтан үхснээр бие, сэтгэл салдаг гэсэн Буддын гүн ухааны ойлголтуудыг нөхцөл болгон авч 6 зүйлийн амьтан үхсэнээр сэтгэл нь 6 зүйл амьтан дээр очиж төрлөө олдог бөгөөд үүний шалтгаан нь амьд байхад хийсэн үйл юм байна гэдгийг буюу үйлийн үрийн хууль оршин байдаг болохыг олонлогийн онолыг ашиглан нотлон харуулсан юм.

Бурханы сургаальд хүн нас барах үедээ Повагийн бүтээл хийснээр диваажинд төрж болно гэж үздэг. Тэгвэл дээрхээс үзвэл гэгээн юмуу эсвэл сэтгэл харамгүй хүний сэтгэл тэнгэрийн оронд очих боломжтой тул Повагийн бүтээл хийвэл диваажинд төрөх боломжтой болохоос бие харамгүй юмуу ердийн хүн, тэнэг хүн амьд ахуйдаа сэтгэлийн бүтээл хийж сэтгэлээ боловсруулахгүй бол нас барах үедээ Повагийн бүтээл хийсэн ч гэсэн диваажинд төрөх боломжгүй гэдэг нь харагдаж байна. Зарим хүн нас барах үедээ Повагийн бүтээл хийж байтал тархи нь задардаг гэж байгаа. Магадгүй диваажинд очих боломжгүй хүн Повагийн бүтээл хийснээр ийм эвгүй байдалд ордог байж мэдэх юм.

Ийм учраас хүн ажил хийж амьдрахаас гадна муу үйл хийхгүй байх, муу сэтгэлтэй бол сэтгэлийн өвчнөөс салах бүтээл хийж сэтгэлээ боловсруулах аваас төрөл доошлохгүй юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй болоод байна. Сэтгэлээ хэрхэн боловсруулах асуудлыг “зовлонгоос гарах арга зам үнэн“ сэдвийн доор тодорхой авч үзэх болно.

Бид хүний амьд байхад хийсэн муу үйл зовлон болдог төдийгүй үхсэн хойно төрөл доошлуулж зовлонг нэмэгдүүлж улмаар чөтгөр ч болж мэдэх, сайн үйл жаргаадаг төдийгүй үхсэн хойно төрөл дээшлүүлж тэр ч бүү хэл Бурхан болох боломжтой юм байна гэдгийг ухварлан ойлголоо. Эндээс бид үйлийн үрийн зовлон, жаргал гэдэг нь амьд ахуйдаа хийсэн муу, сайн үйлийн үр дүн юм байна гэдгийг ойлголоо. Өөрөөр хэлбэл, үйлийн үрийн зовлонгийн шалтгаан нь амьд ахуйдаа хийсэн муу үйлийн үр дүн юм байна гэдгийг ойлголоо. Гэхдээ овоо босгоогүй байхад шаазгай хаанаас суух билээ гэгчээр муу сэтгэл байхгүй бол юу боллоо гэж муу үйл хийх байсан билээ. Муу сэтгэл бол “Би”-ийн хоосон биш чанараас болдог гэдгийг урьд нь бид үзсэн. Тийм болохоор үйлийн үрийн зовлонгийн шалтгаан нь “Би”-ийн хоосон чанарыг олоогүйгээс болдог байна. Өөрөөр хэлбэл, муу сэтгэл болон муу үйлээс үүдэлтэй энэ насны болон хойт насны зовлонгийн шалтгаан нь “Би”-ийн хоосон биш чанар юм байна гэдгийг ойлгож мэдлээ.

Үйлийн үр аргагүй байдаг л юм даа гээд байгаа биш нэгэнт батлан харуулсан болохоор итгэж цөхөөд байх явдалгүй боллоо гэж ойлгож байна. Гэхдээ батлан харуулсан зүйлд итгэхгүй байх явдал амьдралд зөндөө таарч байдаг. Сонин болгож математикт тохиолдсон нэгэн түүхийг энд бичье дээ. Бид ерөнхий боловсролын дунд сургуульд Евклидийн геометр гэдэг хичээл үздэг. Энэ нь бидний мэдэх хавтгайн геометр бөгөөд энэ геометрийг үндэслэгч Евклид нэгэн теорем томъёолсныг Евклидийн 5-р постулат гэдэг. Энэ нь шулууны гадна орших цэгийг дайруулж түүнтэй параллель шулуун ганцыг татаж болно гэж томёологддог. Тэгээд уг теоромыг батлах гэж математикчид элдэв янзаар оролдсон боловч чадахгүй явсаар 200 жилийн дараагаар Оросын математикч Н.И.Лобачевский(1792-1856) баталсан бөгөөд Евклидийн биш буюу Ловачевскийн геометрийг бий болгожээ.

Үүнийг тухайн үеийн математикчид ойлгоогүйгээс болоод зөвшөөрөхгүй олон жил болжээ. Гэтэл хожим нь Эйнштейн(1879 -1955)-ы харьцангуйн онол гарснаар түүний үнэн болохыг хүлээн зөвшөөрсөн гэж байгаа. Евклидийн биш геометрт гурвалжны дотоод өнцгийн нийлбэр 180 градусаас бага гээд үзнэ л дээ. Энэ нь муруйлттай огторгуй байдаг буюу юм бүхэн харьцангуй гэсэн үг. Тухайлбал, дэлхийн бөмбөрцгийн өргөргийн гадна орших нэг цэгийг дайруулаад түүнтэй параллель шулуун татъя. Тийм шулууныг татаж болох уу гэвэл болдог.

Дэлхийн бөмбөрцөг тухайн хэсэг газар хавтгай юм шиг сэтгэгдэл төрүүлдэг бөгөөд хавтгай дээр хоёр шулуун машины юмуу төмөр зам адил зурайгаад яваад өгнө. Тэгээд тэр хоёр шулууныг үргэлжлүүлээд байвал хоорондоо хэзээ ч огтлолцохгүй, гэхдээ дэлхий бөөрөнхий юм болохоор нэг шулууны үзүүрүүд хоорондоо нэг газар уулзалдана. Өөрөөр хэлбэл, дэлхийн бөмбөрцөгийн хоёр өргөрөг хэзээ ч огтолцохгүй. Гэхдээ тухайн хэсэг газар дээр аваад үзэхэд параллель шулуун юм шиг боловч нийтэд нь аваад үзэхэд дэлхий бөөрөнхий юм болохоор шулуун биш муруй болсон байгаа байхгүй юу. Энэ нь үзэгдэл юмс харьцангуй гэдгийг харуулж байгаа юм.

Дэлхийн бөмбөрцөг (глобус) дээр нэг шулуун дээр үл орших гурван цэг аваад холбоход гурвалжин үүснэ. Гурвалжны дотоод өнцгийн нийлбэр 180 градустай тэнцэхгүй. Тэр байтугай 180 градусаас их болохыг ажиглаж болно. Тийм болохоор Лобачевскийн огторгуйд гурвалжны дотоод өнцгийн нийлбэр 180 градусаас бага гэж үздэгийг бодоход Лобачевскийн огторгуй нь гүдгэр биш хотгор огторгуй болж таарах гээд байна. Үүнийг сонин болгож бичсэний учир гэвэл Бурхан Будда үйлийн үрийн тухай хуулийг баталсан боловч түүнд хүмүүс одоо болтол итгэхгүй тэр ч байтугай эрдэмтэд хүртэл итгэж өгөхгүй шашны мунхруулга гээд байгаад л байгаа юм л даа. Үүнийг хүмүүс удахгүй ойлгож Бурханыг баярлуулах цаг ирнэ гэдгийг хэлэх гэсэн юм.

Манай Галактикт бүтэн амьдралтай, хагас амьдралтай, амьдралгүй зэрэг гариг байдгийн нэгэн адил сэтгэлийн орон дотроо сайн, муу, саармаг гэсэн 3 төрөлтэй байж болох юм.

Тийнхүү гэгээн хүмүүсийн сэтгэл сайн сэтгэлийн оронд, ердийн амьтны сэтгэл саармаг сэтгэлийн оронд, зарим эрлийз сэтгэл муу сэтгэлийн оронд очих жишээтэй. Тэгээд сайн сэтгэлийн орныг тэнгэрийн орон буюу диваажин гэдэг. Нэг ангийн хүүхдүүд дотор сурлага, сахилга сайтай нь сайн гээд нэг тодорч харагдаад, сурлага, сахилгагүй нь муу гээд нэг тодорч харагддаад байдаг бөгөөд харин сурлага, сахилгаар дунд зэрэг нь тодорч харагддаггүйтэй адил тэнгэрийн орны сэтгэл Бурхад болж харагдаад, муу сэтгэлийн орны сэтгэл чөтгөр болж харагдаад, саармаг сэтгэл нь харагдахгүй шахам тэгс гээд байж байдаг байна л даа.

Хүн “Би”-ийн хоосон чанарыг олбол сайн сэтгэлтэй болж зовлонгоос ангижирч жаргаад үхсэн хойноо төрөл дээшилдэг ба улмаар Бурхан болдог, “Би”-ийн хоосон чанарыг олоогүй бол муу сэтгэл үүсдэг бөгөөд тэр нь зовлон болгодог ба үхсэн хойно төрөл доошлуулдаг, тэр ч бүү хэл чөтгөр болдог гээд өөрөөр хэлбэл, жаргал, зовлонгийн шалтгаан үнэн гэсэн сургаалийг Будда Шагжамүни болон түүний шавь нар боловсруулчихсан байхад юу боллоо гэж үүнийг дахин дахин нотлон харуулаад байгаа юм бэ? гэж надыг бүү зэмлээрэй.

Бурханы сургаальд “Би”-ийн хоосон чанарыг ойлгоогүйг мунхаг гэдэг, мунхагаас муу сэтгэл төрж зовлон болдог төдийгүй муу үйл хийвэл үхсэн хойно төрөл доошилж зовлон нэмэгдүүлдэг тул муу үйл битгий хий гээд байхаар нэг л ойлгомжгүй санагдаад итгэж өгөхгүй Буддын шашин мунхруулж байна гээд байдаг. Харин үүнийг үнэн болохыг нь нотлоод, харуулаад ирэхээр үнэмшээд, итгээд Бурханы сургаалийг сонсож сэтгэлээ боловсруулаасай гэсэн сэтгэлийн үүднээс үүнийг нотлон харуулсан юм.

Хүний идсэн уусныг боловсруулаад хэрэгтэйг нь үлдээж, хэрэггүйг нь гадагшлуулдаг 6 цул, 6 сав эрхтэн байдгийн нэгэн адил залбирал, бясалгалын тусламжтайгаар 6 муу сэтгэлийг дарж, 6 сайн сэтгэл үүсгэж улмаар өөртөө амьдралын найман зөв зам мөрийг төлөвшүүлэх дадал, зуршилтай болохыг сэтгэлээ боловсруулах гэнэ. Өөрөөр хэлбэл, сэтгэлээ боловсруулна гэдэг нь идсэн уусан болгоноос биед хэрэггүйг нь ялгаж хаяад, хэрэгтэйг нь үлдээх чадвартай хоол боловсруулах эрүүл эрхтэнтэй байдгийн нэгэн адил 6 мэдрэхүйн үүд хаалгаар ороод ирсэн мэдээлэлийг боловсруулаад муу сэтгэлийг ялгаж гаргаад, сайн сэтгэлийг үлдээх тийм эрүүл сэтгэлтэй болохыг хэлдэг гэж ойлгож болно. Сэтгэлээ хэрхэн боловсруулах тухай номын 2-р хэсэгт тодорхой авч үзэх болно.

Үүнийг нотлон харуулагч миний бие эдгээрийг үнэн болохыг өөрийн эзэмшсэн мэдлэгээ ашиглаад нотлон харуулснаар Бурханы сургаальд итгэж Бурханы шашинд шүтэх шүтлэг минь хүчтэй болсон юм
start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
Bold Sanduijav (зочин)

Bi omno n Tanyg unshij baisan. bayarlalaa Tand

ta (зочин)

dajgui blog bn bayrlalaa

Oogie (зочин)

Hi, Davgui blog bna aa. heregtei medeellee olj uzlee. holbogdoh utas bval bichij boloh uu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)