ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Д.Чойжамц: Ертөнцийн хувьслыг ажиглаж байхад үйлийн үрийн сургаал санаанд ордог

Д.Чойжамц: Ертөнцийн хувьслыг ажиглаж байхад үйлийн үрийн сургаал санаанд ордог

2011 оны 2-р сарын 1
Уламжлалт цагаан сарын баяр тохиож байгаатай холбогдуулан Монголын бурхан шашинтны төв
Гандантэгчлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцыг "Хоймрын зочин буландаа урилаа.

-Таны амар амгаланг айлтгая. Таны сургаалийг сонсож сониноороо дамжуулан уншигчиддаа хүргэх боломж тохиосондоо баяртай байна. Бидний өнгөрсөн болоод өнөө цагийг үйлийн үр ямархан байна вэ?
-Өнөө цагийн өнгийг дүгнэхэд олон янзын хариулт хэлж болно. Яагаад гэвэл шашин гэдэг маш олон сэдэв багтаасан, юмыг маш олон талаас нь харж судалдаг зүйл. Шашиньг хавчиг давчиг бодож болохгүй. Би философлог талаас нь хариулахыг боддог. Ертөнцийн хувьслыг ажиглахад үйлийн үрийн сургааль гэдэг юм л онцгой санаанд ордог юм. Сайн сайхан, муу муухай бүхэн бидний үйл хөдлөлийн үр дүнд гардаг. Үйлийн үр гэдэг юман дээр явдаг гэж бурхны шашин үздэг. Ухамсартай зөв сайхан үйлийн үр дүнд жаргалтай сайхан амьдрал бий болдог. Ухаангүй, ухаан муутай байдлаар дамжиж муу үйлийн үр гардаг гэж бурханы номонд айлддаг.

Одоогийн цаг үеэ харахад нэг талаараа хөгжил дэвшил шиг сайхан харагддаг ч нөгөө талаараа алсдаа яадаг юм болдоо гэмээр зүйл их харагдах юм.

-Монголчууд бидний уламжлалт Цагаан сарын шинийн нэгэн тохиох гэж байна Ирж байгаа туулай жилийн өнгө ямар байх бол?
-Ирж байгаа жилийн ерөнхий төлөв, дүн нуруу сайхан болох төлөвтэй байна билээ. Тэгэхдээ байгаль дэлхий ааш аягаа гаргаж л таарна даа. Туулай жил хөгшдөд амгалан, залууст ширүүн, нялхаст харьшлах тул эв эеийг эрхэмлэх хэрэгтэй. Хүмүүсийн буян жаргал хоорондоо адилгүй. Гарах үр дагавар нь ч адилгүй байх юм. Тиймээс хүмүүс гэр орондоо амгалан байж бусдад тустай үйлийг бүтээвэл сайн даа. Хүмүүс ирж байгаа сар шинээрээ амар мэндээ зөв мэдэж, билэгтэй сайхан үгээр хоорондоо хэлэлцэх, уур уцаар хорслын сэтгэлийг төрүүлэхгүй шинэлэхийг хичээх хэрэгтэй. Хүн бүр сэтгэлээ барьж амгалан, эв эеийг л хичээх хэрэгтэй дээ.

-Сүүлийн үед нийгмийн хариуцлагын тухай их ярьдаг болжээ. Ядарсан нэгэндээ тус болдог Монгол сайхан уламжлалын тухай та юу боддог вэ?
-Бидний уламжлалт зан заншилд хувь хүмүүс бусдыгаа гэдэг байсан. Олон зуун жил бурханы шашин шүтэж ирсэн уламжлалтай ард түмний хувьд бусдыгаа өргөж тэтгэхийг эрхэмд үздэг байсан юм шүү дээ. Бурханы шашны хамгийн гол уриа бол бусдыг энхрийлэн хайрлах юм. Бусдыг хайрлах нь эргээд өөрт жаргал ирдэг учиртай. Өөрийгөө хичнээн их харлаж тоож үзнэ тэр хэмжээгээр бусдыгаа хөнөөж байдаг. Амьдрал дээр ч гэсэн нь харагдаж байдаг даа. Нөхөр нь архи уугаад хувийн жаргалаа боддог, эхнэр нь олсон болгоноороо өөрийгөө гоёж гоодчихдог айлын амьдрал ямар болох билээ. Өрхийн бүх гишүүд бусдыгаа бодож хайрлаад эхлэхээр гэр бүл аяндаа сайхан болдог. Манайхан уламжлалаа алдахгүй байх хэрэгтэй.

-Бусдыг бодохоос илүү олсныхоо хирээр хав дарчихдаг хүмүүс байдаг шүү дээ.

-Сүүлийн үед компани, хувь хүмүүс эдийн засгийн хувьд хөрөнгө чинээтэй болж байх шиг байна. Гэхдээ тэр их хөрөнгө мөнгөний ард нэг хүн нэг гэр бүл л байдаг. Нэг хүн хэдий ихийг хэрэглэх вэ дээ. Уламжлалт судар бичиг, сургаалийг үзэж байхад нэг насанд амьдралын төлөө хэдэн мянган насны эд хөрөнгө хуримтлуулаад эцэст нь сэтэрхий зүүч авалгүй дараагийн төрөл рүүгээ явах нь бий. Нэг насанд амьдрахын тулд маш олон хүний эдэлж хэрэглэх зүйлийг ганцхан өөртөө зориулна гэж хураачихаад хав дараад байвал буян ч хурдаггүй. Тэр хүнд жаргалтай сайхан амьдрал ч үүсдэггүй. Эд хөрөнгөө харах, хямгадах гээд өчнөөн сэтгэлийн шаналалтай амьдарсаар дуусдаг жишээ олон бий. Энэ нь дэндүү утгагүй амьдраад дуусч байгаа гэсэн хэрэг.

-Өнөөдөр улс оронд маань болохгүй бүтэхгүй хэл ам дагуулсан зүйл их байх шиг байна. Энэ бүхнийг засаж залруулж болох болов уу?

-Гэгээрэл гэдэг хувь хүн, улс орны хэмжээнд тулгамдсан асуудал болоод байх шиг байна. Гэгээрэл гэдэг нь эцсийн шатандаа төгс гэгээрсэн бурханы хутгийг олохыг зорьдог. Энэ бол гайхамшиг юм даа. Гэгээрэлд хүрэхийн тулд бурхан багшийн сургаалийг дагавал хүн ард ойр зуурын гачаал, гамшгаас ангижрах учиртай. Бурхан багш айлдахдаа гурван зүйлээр дамжин гэгээрэх ёстой гэсэн. Хүнд бие, хэл, сэтгэл гурваар нь дамжуулан гэгээрлийг суулгаж өгдөг. Хамгийн гол нь сэтгэл зөв, бодол зөв сайхан ойлголт, зөв мэдлэг тогтохоор бие хэл хоёр нь дагаж өөрчлөгддөг жамтай юм даа.

-Хувь хүн биеийн талаас яаж гэгээрэх ёстой юм бэ?
-Биеийн талаас аваад үзвэл Монголчуудыг спортоор дамжуулан бялдаржуулах шаардлагатай. Зөв эрүүл бие бялдартай байснаар өвчин эмгэг багасдаг. Бие дээр хооллолт, хувцаслалт, үйл хөдлөлт хамаардаг. Биеэр хийдэг муу үйлдлүүд хүн алах, хулгай хийх, гэр бүлээсээ гадуур явах зэргийг тэвчих хэрэгтэй. Биеийн хөдөлгөөн хэлбэржилт улс орны ард түмнүүдэд өөр өөр байдаг. Монгол гэсэн үндсэн ухагдахууныг Монгол хүний бие дээр цогцлоох хэрэгтэй. Жишээ нь сүүлийн үед эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн хувцас өмсч байгаагаас болж алхаа гишгээ нь эрэгтэй хүн шиг болсон. Урлаг гэдэг хүний биеийг гоо сайхан руу хөтөлдөг. Урлаг спортоор хичээллэх юм бол манай охид хөвгүүд улам л сайхан бие хаатай болно доо. Харин нэг юм хэлэхэд компьютерийн ард суусан хорин хэдхэн настай хүүхдүүдийн нуруу нь ясжаад бөгтийсөн өвгөн шиг алхах юм. Тийм бие хаатай Монгол эр хүн байж болохгүй. Хэлний тал дээр анхаарах их юм байна. 1990 ээд онд АНУ-д сурч ажиллахаар явсан манай Монголчууд ямар ч маяг, даяггүй ярьж байна. Гэтэл эх орондоо амьдарч байгаа бид төрөл бүрийн аялга, янз бүрийн үгийг эх хэлэндээ оруулаад ирсэн байх юм. Бараг ярьж чадахаа байжээ. Ямар нэг юм ярихдаа "магадгүй" гээд л ээрч муурцгаах юм. Магадгүй гэдэг үгийг дүймэр, эргэлзсэн, яаж ч болох тохиолдолд хэрэглэдэг.

Монгол хэл маш их өөрчлөгдөж язгуур нь алдагдаж байгаад би эмзэглэдэг. Сүрхий мэдлэгтэй хэл устай хүн болох гэж энэ гээд хэлээ буруу хэрэглээд байх юм. Хэлний төлөвшилт сэтгэлийн төлөвшилтийг дагаж ирдэг. Арван жилийн хүүхдүүдэд үгсийн сангүй хичээл зааж байна. Орос сургуульд сурдаг Монгол хүүхдүүд ой модонд очоод модыг нэг бүчлэн тоочин нэрлэж чадаж байхад Монгол хүүхдүүд модны нэр ч хэлж мэдэхгүй байх жишээтэй. Манай сургалт хүүхдэд мэдлэг олгохгүй ерөнхий юм заагаад байх нь анзаарагддаг. Үүнээс болж эх хэлний үндэсний бодлого алдагдаад байна.

-Монголчууд эртнээсээ арга билэгийн ухааныг эрхэмлэж ирсэн. Гэтэл энэ алдагдаж байгаа гэж ярих хүмүүс байна?

-Сэтгэлээр дамжуулан арга билэгийн ухаанаар гэгээрэл гэдгийг суулгаж өгөх шаардлагатай. Билэгийн ухаан гэдэгт шинжлэх ухаан, техникийн мэдлэг ордог. Монгол хүн энэ ертөнцийн түмэн мэдлэгээс хоцорч болохгүй. Аргын тал дээр нь уламжлалт зан заншил, соёлыг суулгах хэрэгтэй. Өнөөдөр бид зан заншлаа өөр өөрийнхөөрөө тайлбарласаар байгаад уламжлалт зан заншлаа үгүй хийх гээд байна. Аргын талын мэдлэг гэдгийг хүн өөртөө цогцлоож байж хүн болдог. Арга, билэг гэдэг энэ хоёрыг хосоор нь ерөнхий боловсролын сургуулиас олгох юм.

-Буян хураах гэж нэг ойлголт байна Энэ нь ямар учиртай юм бэ?

-Хүн бие сэтгэл гурваараа буян хураадаг. Ертөнц дээр амьдрах эрх чөлөө гэж тусдаа байдаг. Энэ нь бидний яриад байдаг нийгмийн эрх чөлөө гэдгээс шал ондоо юм. Эрх чөлөө гэдэг нь урт наслах, өвчин зовлонгүй, хэл аманд өртөхгүй биеэ зөв авч яваад жаргалтай сайхан амьдрахыг хэлж байгаа юм. Энэ эрх чөлөө бие, хэл, сэтгэл гурваас хамаардаг. Буян нүгэл ч энэ гурав дээр л явагддаг. Эрх чөлөөгөө зөв эдэлж жаргалтай сайхан амьдарна гэдэг буян хийхийг хэлж байгаа юм. Буян хийвэл жаргал ирдэг. Нүгэл хийнэ гэдэг өөрийн эрх чөлөөг алдуулаад зовлонд унагаана гэсэн үг юм. Үүнийг бурхан багш өөрийнхөө амьдрал үйлээр нээж төгс гэгээрэлд хүрсэн.

Жаргалтай сайхан амьдаръя гэвэл бие, хэл, сэтгэл гурваараа буян үйлдэх ёстой. Сэтгэлд буруу авиа тогтсон учраас биеэ буруу хөдөлгөдөг. Хэл нь буруу ярьдаг. Биеэр дамжиж бусармаг зүйл хийснээс болж өөрт нь зовлон унадаг. Дээр нь сэтгэлд буруу тогтолт тогтоод дараагийн төрөлд нь нөлөөлдөг. Хүн хийсэн нүглийнхээ хариуг энэ насандаа болон хойд насандаа заавал эдэлдэг. Зөв сайхан юм хийе, амьдралаа эрх чөлөөтэй болгоё гэвэл буруу авъяас тогтоолтуудаас салах хэрэгтэй.

-Хүний амьдралын утга учир чухам юу болж таарч байна вэ?
-Хүн болгоноос чи зовох уу гэхэд зовохгүй л гэдэг. Жаргах уу гэхээр жаргана гэж хэлдэг. Хүн битгий хэл араатан жигүүртэн бүгд ганцхан зүйлийг мөрөөдөж, хэлбэрээрээ үзүүлдэг. Энэ бол жаргал юм. Хүн төрөлхтөн яах гэж мөнгөний төлөө зүтгээд байгаа билээ. Эцсийн дүндээ жаргахын төлөө шүү дээ. Жаргалтай сайхан амьдралыг мөнгөөр бүтээж болдоггүй. Бусдыг хөнөөж, зовоож олсон их мөнгө өөрт жаргал авчирдаггүй. Тэгэхээр зүй зохистой талаас нь харж зөв амьдрах хэрэгтэй юм.

-Сүүлийн үед хадаг гэдэг эд эмх замбараагүй шонгийн мод, гүүрний хашилганд хүртэл зүүлттэй байх боллоо. Үүнийг яаж хэрэглэх ёстойг манайхан нэг л мэдэхгүй байх шиг байна.
-Хадаг тогтвол буян тогтоно гэдэг. Хадгийг уг нь хурал номын үед ажил үйл маань сайхан бүтэх болтугай гэж багшдаа барьдаг ёстой юм. Гэтэл одоо хаа хамаагүй газар хадаг өргөх болжээ. Ард түмэн нь ёсоо мэдэхгүй болохоор, номоо мэдэхгүй хүмүүс хадгийг тэнд өлгө, энд зүү гэж буруу заавар өгснөөс хэрэглээ нь ингэж буруутан хадагний үнэ цэнийг алдуулж байгаа юм.

Н.Лхагвасүрэн
start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
Бурхан (зочин)

Бурхан багшийн сургааль номлолд хөрөнгө мөнгө ер ярьдаггүй юм билээ. Харин хүн жаргахын тухайд шал өөрөөр номлосон юм билээ. Та ганцаараа тэр хөрөнгө мөнгөтэй болоод жаргаж үз. Номын үг ишлэлд авснаа мөнгөтэй хүн жаргадаг ч гэх шиг.

Зочин

Арга ухаан алдагдаагүй. Сэтгэлээр дамжуулан хэн үүнийг заах вэ. Өөрийн чинь сэтгэлээр өдөөгдсөн бүхэн бусдын зовлон нүгэл болоод байна. Та эдгээр ярилцлагынхаа үгсийг өөртөө эргээд боддоо.Битгий худал чалч. Буян бие, хэ, сэтгэл энэ 3 үгийг хэн ч хэлэх биз дээ.Утгийг машид нарийн бурхан багш шиг хамба гуй та зааж өгөөчээ.

Зочин

Арга ухаан алдагдаагүй. Сэтгэлээр дамжуулан хэн үүнийг заах вэ. Өөрийн чинь сэтгэлээр өдөөгдсөн бүхэн бусдын зовлон нүгэл болоод байна. Та эдгээр ярилцлагынхаа үгсийг өөртөө эргээд боддоо.Битгий худал чалч. Буян бие, хэ, сэтгэл энэ 3 үгийг хэн ч хэлэх биз дээ.Утгийг машид нарийн бурхан багш шиг хамба гуй та зааж өгөөчээ.

Зочин

Дандаа үгүй ч таны хэл яриаг сонсох юм. Сүүлдээ бүр гэрч шүүх болоод байгааг чинь юу гэж ойлгох вэ. Энэ өөртэй чинь холбогдоод үүсээд байгаа асуудлууд чинь буян юмуу, нүгэл юм уу . Сайтынхаа яг үүнийг асууж олон түмэнд мэдээлж өгнө үү. 37

Зочин

Арга ухаан алдагдаагүй. Сэтгэлээр дамжуулан хэн үүнийг заах вэ. Өөрийн чинь сэтгэлээр өдөөгдсөн бүхэн бусдын зовлон нүгэл болоод байна. Та эдгээр ярилцлагынхаа үгсийг өөртөө эргээд боддоо.Битгий худал чалч. Буян бие, хэ, сэтгэл энэ 3 үгийг хэн ч хэлэх биз дээ.Утгийг машид нарийн бурхан багш шиг хамба гуй та зааж өгөөчээ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)