ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Сансарын хүрд

Сансарын хүрд


Гадаадын хаан Ударяна бээр далд санаа агуулан Энэтхэгийн хаан Сүгжан Нинбу-д үнэлшгүй эрдэнийн хуяг бэлэг болгон илгээсэнд тэрээр мэдээд Бурхан багшид айлтгав. Бурхан багшийн зөвлөснөөр бурханы зурмал хөрөг, 5 хувьт сансарын хүрд, түүндээ шүтэн барилдлагын ёсыг гаргасан шүлэглэлийг бэлэгний хариу болгон илгээсэнд Ударяна хаан үзээд үнэнийг ухаарав.

Сансарын хүрдийг ялангуяа гэр орны хаалга, сүм дуганы үүдэнд бичихийг Винайн судруудад айлдсан байна.

Орчлонг мангасын аманд хүлсэн нь орчлонд төрөн өөрийн эрхгүй зовж буйг, 5 хувь нь сайн заяа, муу заяа алинд нь ч төрсөн зовлонтойг бэлгэднэ.

Арван хоёр бэлгийн сохор нь мунхагийг, шаварчин-үйл, бич-сүнс, шир-нэр өнгө, хоосон байшин-мэдрэхүй, үнсэлдэж буй хүн- хүрэлцэхүй, нүдэнд зоогдсон сум-мэдрэл, архи ууж буй-шунал, модноос жимс авч буй-төрөл авах, хэвлийд орж буй- сансар, хүүхэд төрж буй-төрөхүй, ардаа хүүр үүрсэн нь-өтлөх үхэхийг заан, орчлонд үйлийн үрээр 6 төрөлд эргэх бүх ёсыг бэлгэдсэн.

Голын тахиа, могой, гахай гурваар 12 гишүүн бүгдийн үндэс болсон нисваанисын 3 хор болох хүсэл тачаал, уур, мунхаг гурвыг бэлгэдсэн. Орой дох бурхан зүүн мутраа унжуулсан нь орчлонд төрөх үүдийг хааж, баруун мутраар Жавжингийн чагж хийсэн нь нирвааны замыг зааж буйг бэлгэдсэн.

Сансарын хүрдэнд тохирсон шүлэглэлээр орчлонгийн хүлээснээс ангижрах, 12 гишүүнийг арилгахыг сануулсан, гэгээрлийн мөрийг хэрэгжүүлэх хэрэгтэйг бэлгэдсэн.

Энэхүү шүлэглэл нь:

Буянд хичээн гаргаж үйлд

Бурханы шашинд орон үйлд

Зэгсэн төгөл дөх заан мэт

Эрлэгийн аймгийг даран үйлд

Сэрэмж ихтэй хэн нэгэн

Сэтгэлээ номхотгон явж үйлдвэл

Төрөх хүрдийг машид тэвчин

Эцэст нь зовлонгоос ангижирч үйлдэнэ.

Үүнийг хийд дуганы үүдэнд бичиж зурдаг ёс байсан байна. Учир нь бичсэнээр хуврагууд болон мөргөлчид хийдэд цуглах дашрамд харснаар хутагтын 4 үнэн сэтгэлд нь бодогдохын тулд болой.

4 үнэнийг бэлгэдсэн нь:

Хүрдний 5 хувиар зовлон үнэнийг, голын гахай, могой, тахиагаар нисваанисын шалтгааныг, баруун зүүн дэх хар, цагаанаар үйлийн шалтгааныг, гаднах 12 шүтэн барилдлагаар зовлон болон зовлонгийн шалтгааны эрхээр орчлонд тойрон эргэх ёсыг бэлгэдсэн.

Эдгээр бүгд эрлэгийн хэвлийд орших бөгөөд амандаа зуусан байгаа нь зовлон болон түүний шалтгаан хоёроос эс ангижирвал хойшид эрлэгийн амнаас ангижрахгүйг тус тус бэлгэдсэн.

Дээрх огторгуйд нь сайн байрлалаар суусан бурханаар зовлонгоос ангижрах зам мөрийг, шүлэглэлээр зам мөрийг тодорхойлсон сургаалиудыг бэлгэдсэн. Дүүрэн сараар нисваанис түүтгэрийг арилгах, зовлонг арилгахуйн үнэнг бэлгэдсэн байна.

Нэмэлт тайлбар

- Буянд хичээн-12 гишүүнт шүтэн барилдлагыг ухааран бясалгах;

- Гаргаж үйлд-нисваанист муу сэтгэл, нүгэл хилэнцээ гарган арилгах;

- Сэтгэлээ номхотгон-үнэнийг ухаарч, хоосон чанарыг онох;

- Төрөх хүрд-орчлонд буюу сайн муу заяанд хийсэн үйлийн үр дагавраар ээлжлэн төрөл авах;

- Зовлонгоос ангижрах-нирвааныг олох

Энэхүү тойргоор үйлийн үр болон түүний үрээр хэрхэн төрөл авдаг болохыг зураг болгон ойлгоход хялбаршуулсан болохоос бус үнэхээр бодитой ийм юм байхгүй байх.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)