ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Хүн төрөл

Хүн төрөл


Хүн төрөл

Бид хийсэн үйлийн үрийн эрхэнд 6 төрлийн аль нэгэнд төрөл авдаг. . Хүнд төрөх, өтлөх, өвдөх, үхэх гэж 4 том зовлон байна.

Төрөх зовлон

Хүн төрлийн ихэнх нь хэвлийгээс төрдөг. Эхийн хэвлийд 9 юмуу 10 сар байх хэрэгтэй. Хэвлий дотор боогдохын зовлон, түнэр харанхуйн зовлон, өмхий үнэрийн зовлон байнга байдаг. Эх нь өлсвөл зовиурлаж, цадах үед уулаар дарж буй мэт. Халуун хоол унд идэж уувал халуун усанд чанагдах мэт, хүйтнийг идэж уувал мөсөн хонгилд байгаа мэт зовдог. Хэвлийгээс гаран нярайлах цагт өргөстэй модны завсар хавчих шиг. Бүх үе мөч нь салж хугарч буй мэт өвддөг. Төрсөн даруйд хүрсэн бүх юм нь ширүүн, өргөстэй мэт санагддаг. Зөөлөн даавуугаар өлгийдсөн ч өргөстэй нүхэнд тавих шиг мэдрэгддэг. Гар дээрээ авахад гар нь урт, хурц хумстай сарвуу шиг. Хэвлийгээс төрөгч хүн амьтдын төрөх зовлон ийм байна. Ер нь бол 3 орчлонгийн хаана ч төрсөн зовлонтой, аль ч төрөлд төрсөн зовлонтой, ямар ч төрөлтөөр төрсөн зовлонтой.

Өтлөхийн зовлон

Хүмүүст бас өтлөхийн зовлон байдаг бөгөөд хөгшрөхийн цагт доройтлын 5 зовлон байна.

1. Өнгө зүс доройтох. Биеийн өнгө зүс доройтон, үзэсгэлэнгүй болж, үс нь цайж, эрхтэнүүд нь хурцаа алдана.

2. Бие галбир доройтох. Шүд нь унаж, нуруу нь бөгтийж, үе мөч нь мурийж, арьс мах нь үрчлээтэн хатна.

3. Хүч чадал доройтох. Босвол 4 мөчөөр нь хатгаж, явбал найган салганаж, суувал тасарч буй уяа шиг өөрийн чадал тэнхээгүй болж, бувтнан сайн ч ярьж чадахгүй.

4. Эрхтэн доройтох. Нүдний хараа муудан, чих нь хатуурна.

5. Эдлэл доройтох. Хоол унд багадвал өлсөж, ихэдвэл шингэхээ болих гээд эд зүйлийг эдлэх нь доройтох.

Өвдөхийн зовлон

Урьд хийсэн үйл шалтгаан үр нь боловсроход олон төрлийн өвчин гардаг. Өвдөхийн 5 зовлон:

1. Өвдсөнөөс болж сэтгэл санаа тавгүйтэн, амар тайван байж үл чадах

2. Биеийн хэлбэр өөрчлөгдөн, арьс мах шуугдах

3. Санасан зүйлээ хэрэглэх эрхгүй, сэтгэлд тохироогүй зүйлээ хэрэглэх хэрэгтэй

4. Хүссэнээрээ байж болохгүй, хүсээгүй эм тариа, хануур төөнүүр хийлгэх

5. Амь нас, эрхтэн биенээсээ салж ч магад, өвчин нь үхлийн бэлтгэл болж ч байдаг.

Үхэхийн зовлон

Үхэх зовлонг мөн л 5 хэсэг болгосон байна.

1. Эд хөрөнгө, эрх мэдлээсээ хагацах

2. Өнөр өтгөн гэр бүл, хамаатан саднаасаа хагацах

3. Хүрээлэн буй найз нөхдөөсөө салах

4. Хайрлаж тордож байсан биенээсээ хагацах

5. Үхэх нь сэтгэлийг амраахгүйн хатуу зовлон

Бид үзэн яддаг, хайрладаг гэр бүл, эд хөрөнгө, ихэс дээдэс, зарц боол, найз нөхөд бүгдээс хагацна. Харин ганц өөрсдийн хураасан буян, нүглээ л тээн одно. Өөр ч зовлон байдаг.

Хүссэнээ хайгаад олохгүйн зовлон

Эд хөрөнгө, эрх мэдэл, нэр хүндийн төлөө амиа ч хайрлалгүй, хямралд ч орон, олон сар жил зүтгэснээс ядардаг. 4 улирлын алинд ч ялгаагүй ажиллана. Чадлынхаа хирээр хийсэн ч хүссэн үр дүн гарахгүй. Өлсөж цанган, халуун хүйтэнд өдөр шөнөгүй, зав зайгүй хичнээн хийсэн ч хүссэнээ олохгүй байх. Шамдан чармайн хийсэн бүгд нь нуран унавал сэтгэл нь цөхөрнө.

Муухай зүйлтэйгээ учрахын зовлон

Дайсан ч юмуу бусдын эрхэнд орох, амь насанд аюултай амьтантай таарах, өндрөөс унах, усанд живэх, муу хэлүүлэх, шоронд суух, шийтгүүлэх гэх мэт.

Хайртай зүйлээсээ хагацахын зовлон

Эцэг эх, ах дүү, хамаатан садан, найз нөхдөөсөө хагацвал сэтгэлийн тэсэшгүй зовлон үүснэ. Түүнчлэн эд зүйлээ алдах, эрх мэдэл буурах, өөрийн хайртай ямар ч зүйл муудан доройтоход сэтгэлд их гашуудал үүснэ.

Эдгээр зовлонгууд нь бусад амьтад ч байдаг. Голдуу хүмүүст тулгардаг тул энд оруулав.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)