ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : ЗАХИДАЛ №1 Өөрт тохиолдсон хүндрэл бэрхшээлт байдлыг заавал “бөө мөргөл”-тэй холбож тайлбарлах шаардлагагүй

Сайн байна уу?

           Энэ цаг үед таны ижилд “асуудал”тай хүмүүс үнэхээр олон болжээ. Гэхдээ энэ огт гарцгүй зүйл биш юм.

Юуны өмнө та өөрт тохиолдоод байгаа хүндрэл бэрхшээлтэй байдлыг заавал “бөө мөргөл”-тэй холбож тайлбарлах шаардлагагүй болов уу. Хүмүүсийн дунд бүтэлгүйтлийг “хараал” эсвэл “бөө болох”той холбон ойлгож, гарцыг мөн ийнхүү эрэлхийлэх хандлага маш их байдаг ч энэ нь тийм зөв хийгээд үр дүнтэй хэрэг биш билээ. Энергийн хямралд орж ар араасаа бүтэлгүйтэлтэй тулгарч буй нь таныг илүү зөв, өндөр ухамсар, ёс суртахуунтай, илүү сайн амьдрах ёстойг тань сануулж буй хэрэг билээ. Тиймээс хэн нэгэн ид шидтэй хүн ч юм уу, онгод тэнгэр бууж ирээд бүх асуудлыг чинь шийдээд өгнө гэж найдах хэрэггүй. Тиймээс залуу хүний хувьд өөрийгөө таньж мэдэх, засч залруулах, оюун санаа, бие сэтгэл, бодол, үйлээрээ зөв зүйтэй явахыг эрмэлзэх хэрэгтэй юм. Магадгүй танд Үйлийн үр, Энерги, Гэгээрэл, Бодь сэтгэл, буян, нүглийн тухай ойлголт, мэдлэг, мэдээлэл хэрэгтэй болно байх. Та бөө болох хүн мөн байсан ч биш байсан адилхан энэ бүхэн танд заавал туслах болно.

Та багагүй зөн совин, бас эрч хүчтэй нэгэн бололтой. Тиймээс амжилтанд өөрөө хүрч чадна гэдэгт тань итгэж байна. Хэн нэгэн болсон болоогүй “бөө”-д очиж үзүүлэх тусам та зөв замаа олоход цаашдаа хүндхэн болж мэдэх юм. Учир нь:

1.    Та өөртөө бус бусдад итгэж, хувь тавилангаа бусдад найдан хүлээлгэвэл хожим амжилтын үндэс болсон өөртөө итгэх итгэлээ олж авахад хэцүүхэн байх болно.

2.    Хүнийг мөнгө болгож хардаг муу бодол үйлтэй бөө нэрт олон болсон цаг үед бусдад луйвардуулахад хүргэж мэднэ.

3.    Энэ бүхэн таныг асар их цаг хугацаа алдаж, басхүү мухан сүсэгт автаж төөрөгдөхөд хүргэх аюултай.

Та нэгэнтээ хэд хэдэн хүнд үзүүлсэн тул одоо дахин энэ тэр сайн хүмүүсээр явахгүй байвал зүгээр. Түүний оронд бясалгал хийж тайвшралыг олох, энергиэ цэвэрлэх, алдаа оноот үйл хийгээд түүний үр болох зовлонгийн шалтгааныг зөв ухааран ойлгож, өөрийгөө таньж мэдэх нь зүйтэй. Ингэж чадвал таны эрчим улам бүр нэмэгдэж тэр цагт танд асуултын хариултууд аяндаа тодорхой болох болно. Тэр цагт та үнэхээр хуяг хэдэрч хэц дэлдэх бөө юу эсвэл мөнх тэнгэр өвөг дээдэстээ залбиран дээдэлж ивээл буян, эрдэм увидасыг нь уламжлах нэгэн үү, эрч хүчтэй эгэл хүн үү гэдгээ ялган таньж, ямар замаар явах ёстойгоо мэдэж, амьдралын зам тань өөдлөн дэвжих бизээ.

 Ямартаа та энергийн нилээд гүнзгий хямралд орсон хүн бололтой тул асуудлыг улам бүр хүндрүүлж, илүү их зовоход хүргэх аюултай хорт зуршил болох архидах, мансуурах, буруу үйл хийхээс татгалзан, сэтгэлийн хөдөлгөөнөө хянан хүнтэй муудалцах, бусдад хар санах, гомдох, айх, уурлах зэргээс аль болох хол байх хэрэгтэй юм.

Бясалгал, буддын сургаалиуд нь бөө мөргөлтэй харшилдаж мэдэх хэмээн болгоомжлох хэрэггүй. Учир нь энэ бүхэн хүнийг зовлон бэрхшээлээс салгаж, үйлийн үрийг ариусган, зөв зүйтэй амьдрахад төдийгүй оюун санааны хувьд өсөн дэвжиж, илүү дээд оюунлаг төрөлтөнтэй өөрийн чадлаар холбоо тогтоон харилцахад туслахад л чиглэсэн урсгалууд билээ.

Тиймээс та нэн тэргүүнд:

1.    Монгол хүн бүрт бурхадын зиндаад хүрсэн тэнгэр өвөг дээдэс бий гэдэгт итгэн тэдэндээ үр хүүхдийнх хувьд удмынх нь үргэлжлэлийн хувьд, нэр хүндийг нь өргөж, зөв сайхан амьдарч, итгэл найдварыг хөсөрдүүлэхгүй нэгний хувьд чин сэтгэлээсээ залбирч байвал зүгээр. Таны залбирал чин сэтгэлийнх байх тусмаа үр дүнтэй бөгөөд тэнгэрт хүрэх эрчим хүчтэй байх тусам тэндээс ч илүү хүчтэй сайн энерги ирдэг болохыг ойлгох хэрэгтэй. Таны асуудлыг хэн нэгэн хүчтэй шийдвэрлэж өгдөг юмаа гэхэд тэр нь таны өөрийн өвөг дээдэс л байх болно.

2.    Таны зовлон бүтэлгүйтэлийн шалтгаан нь юу болохыг танин мэдэж, буруу муу, сөрөг үйлээс үүдсэн үрийг ариусган, өөрт эерэг энерги хуримтлуулахад суралцах нь зүйтэй. Үүний тулд үйлийн үр, гэгээрэл, бодь сэтгэлийн үрийг үүсгэх тухай ном сургаалийг уншин судлах, энэ талаар ихээхэн мэдлэгтэй, оюун санааны өндөр түвшинд хүрсэн хүмүүстэй уулзан ярилцах зэргийг хийж болно. Түүнчлэн шинжлэх ухаан талын эзотерик, сенергитекийн ном зохиолуудыг заавал уншаарай.

3.    Өөртөө тайвшралыг бий болгохын тулд бясалгал хийвэл зүгээр. Ингэхдээ та ухааран ойлгож, гэмшин талархсан чин сэтгэлийн залбирал бүр бясалгал мэт үр дүнтэй гэдгийг мэдэх хэрэгтэй болов уу. Бясалгалд явахдаа рэйки зэрэг энергийн хүчтэй урсгалаар хичээллэх хэрэггүй юм. Учир нь хүний сайн чанарыг төдийгүй муу талыг нь ч хамтад өсгөчихдөг гэмтэй.

4.    Магадгүй та голын эргүүлэгт орчоод хэрхэн гарахаа мэдэхгүй тэмцэлдэж буй мэт байгаа бол хэсэг зууртаа өөртөө амралт өгч өөрөө өөрийгөө танин мэдэх, засан залруулах, шинээр бүтээх төслүүдийг өөртөө хэрэгжүүлэх нь зүйтэй. Компьютерээр бол та system error болсон байгаа тул хэсэг салгаад өмнөх бүгдийг нь format –лаад дахин шинэ version –ний программуудаар install-дох хэрэгтэй гэх үү дээ.

 Танд амжилт хүсье. Дараа сайн сайхан мэдээ бүхий захидал заавал бичээрэй.

Хүндэтгэсэн

 Эрэлчин

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
Зулаа (зочин)

Hi,

Та бүхний мэдээллийг уншлаа их таалагдлаа...амжилт хүсье.

ариун (зочин)

үнэхээр их баярлалаа би олон жилийн өмнө өөд болсон ээжийгээ бодож санаж, тэнгэрт мөргөж өөрийгөө цэвэрлэх ёстойгоо сая л ухаарлаа.

bileg (зочин)

Өглөөний мэнд ,сайхан мэдээлэл бичсэнд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)