ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : ЧӨТГӨР МИНИЙ ХУУЧИНЫ АНД /болсон явдал/ -1

ЧӨТГӨР МИНИЙ ХУУЧИНЫ АНД /болсон явдал/ -1

Сүүлийн хэдэн жил миний хувьд”галзуурлын он жилүүд” байлаа. Гэхдээ өдгөө эргээд санахад дэлхийн хамгийн мундаг дээд сургуульд ч олж мэдэж чадахгүй олон шинэ зүйлсийг сурч, ухаарч ойлгосон дурсамж дүүрэн он жилүүд байжээ.

Миний амьдралын хамгийн өөдрөг он жилүүд үргэлжилж байлаа. Санасан бүхэн маань хэдхэн хоногийн дотор л бүтчихнэ. Заримдаа санасан даруйд шүү. 2009 онд том мөрөөдөлтэй хэсэг найзуудынхаа хамтаар их үйлийг бүтээхээр зорин, 13 дугаар хороололд байдаг хоёр өрөө байр түрээслэв. Нэгэн удаа хамтрагчид маань надад галын өрөөний плиткан дээр цай тавьсныг сануулсаар гарцгааж билээ. Тухайн үед нь би “за” хэмээн хэлж байсан ч тэр дороо мартчихав.

Ажилдаа улайрч суусан би арай гэж ажлаа дуусгаад өндийтөл ажлын өрөө маань битүү хөх утаа болсон байлаа. Тэр даруйд юу болсныг ойлголгүй хэсэг сууснаа өндийж галын өрөөний плитка салгахаар явав. Хоолой гашуун оргиж, нүд бүрэлзэнэ. Хана дагаж тэмтчиж явсаар галын өрөө орж, шатаж харлан, утаа баагиулсан хар савыг алчуураар жийрэглэн палкон дээр гаргаж хаяж, плиткаа салгав. Буцах замдаа онгойж болох цонх бүрийг онгойлсоор байсан өрөөндөө арай очиж, тэр өрөөний палконыг нээн гараад л ухаан алдчихлаа. Дахин ухаан орсон даруйд ажлынхаа хүн үрүү утасдаж тусламж хүсэв. Би 2 өдөр орноосоо өндийсөнгүй, босуут толгой эргэн, бие сульдаж хэвтэхийн түүс болдог байлаа. Тэр цагаас зүв зүгээр байхад л бараг бүтчихсэн байсан гэрээ хэлэлцээрүүд маань цуцлагдах болж, хөрөнгө санхүүжилт зогсч бүтэлгүйтэж эхлэв.

Угаартсанаас хойшхи 3 дахь шөнө нь би арай л бүрэн унтаж чадаагүй байв. Нойронд живэх тэр л агшинд том жижиг нийлсэн 7 өрөөсөн гар ар нуруунаас татаж чангаав. Би айсангүй тэр даруйд эргэн хартал царайтай, царайгүй, халтар цоохор, бараан өнгийн утаан хүмүүс намайг тойрон зогсцгоож байв. Би тэднийг “та нар яаж байгаан, яасан муухай юм бэ” гэсээр баахан загналаа. Тэд ч эсэргүүцсэнгүй дуугай загнуулах аж. Тэднээс хамгийн бага нь болох хүүхэд нэгэнд хандан “чи л байсан, алив гараа харуул” гэтэл өнөөх амьтан гарын алгаа дэлгэн харуулснаа “би буруугүй, тэр тэр л намайг, биднийг хий гэсэн” гээд уйлчихав. Тэр даруйд би хар дарсан энэ мөчнөөс ангижрав. Юу болсныг бодон байхдаа би огт эргэж хараагүй гэдгээ мэдэв. Зүүд л байгаасай.

Энэ бүхнийг зүүд байсан гэдэгт итгэсэндээ ч тэрүү би бараг л мартав. Хэд хоногийн дараа би өнөөх оффис дээрээ сонин уншаад сууж байлаа. Гэтэл гаднаас орж ирсэн хамтрагч маань хажууд минь яаравчлан ирээд “Чи тэнэг юмуу, үхэх нь үү” гэсээр сонинг булаан авчихав. Гарт минь байсан сонин газарт унах тэр агшинд би тэрхүү сонины бараг тал дүрэлзэн шатаж байгааг олж харлаа.

Энэ удаад би тоглоомгүй айж эхлэв. Үздэг хардаг нэгэн найздаа энэ бүхнийг хэлтэл “үзэж, харж” гарлаа. Тэр байранд өмнө нь амьдарч байсан залуухан бүсгүй угаартаж нас барсан байж. Ганцаардсан “бүсгүй” намайг найзаараа сонгосон байжээ. Тэр цагаас би оффис хавиар эргэлдэхээ байж, орсон цагтаа удахаа байж, басхүү тэр байранд байхдаа юу ч идэж уухаа байлаа. Өнөөх найзын маань зөвлөгөө л дөө. Мэдээж надад тохиолдсон явдлыг миний бүтэлгүйх гэж үзсэн ажлын хамтрагчид маань урдын адил нөгөө оффистоо үлдэцгээв. Би өнөөх үл үзэгдэх дайсан “бүсгүй” дахин намайг зовоох вий хэмээн болгоомжлох болсон юм.

Энэ бүхний дараахан ажлын нэгэн залуу эхнэртэйгээ таарахаа байж, ажил хавиараа “амьдрах” болов. Гангамсаг, ихэмсэг тэр залуу бүүр өнгө зүсээ алдаж, нэг л гундуухан болсон төдийгүй орой бүр л архи таалдаг болчихлоо. Хэд хоног үргэлжилсэн ч юм бэ, нэг л өдөр эхнэр ирж, авч явсны дараа буцаад хэвийн байдалдаа орж билээ. Хожим асуухнээ нь эхнэр нь лам бөөгөөр явж, баахан засал хийлгээд “дахин тэр байранд архи уухгүй, хонож өнжихгүй” гэсэн амыг нь авсан гэнэ. Нэг хэсэгтээ ажил үйлс ч амжилттай болж иртэл дахиад л доголдоод эхлэв. Ажлын маань оффис менежер бүсгүй нөхөртэйгөө таарахаа байгаад мөн л ажил дээрээ амьдрахад хүрчээ. Нэгэн удаа би түүнтэй ярилцаад зогсож байтал өнөөх бүсгүйгийн царай цонхийж, дуу хоолой нь эвгүй болсноо “миний ард хэн нэг хүн байнга зогсоод, миний үйлдэл бүрийг харах болсон, би айгаад байна, хүмүүс надад итгэхгүй ш дээ” гэж нулимс дуслуулав. Би хөгжөөх санаатай “Найзаа түр явж байхгүй юу” бид 2 жаахан ажилтай байна гэлээ. Би найздаа хурдхан засал хийлгэ гэж хэлээд тэр даруйд даргадаа “энэ байранд дахин ирэхгүй тул, ажлаа хэвийн үргэлжлүүлье гэвэл оффисоо солих хэрэгтэй” гэсэн санал оруулав.

Би дахин тэр байранд огт очоогүй ч гялалзаж байсан ажил үйлс маань тэнд л очсон цагаас байнга л бүтэлгүйтэх болсон юм.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)