ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : ЧӨТГӨР МИНИЙ ХУУЧИНЫ АНД /болсон явдал/ -2

ЧӨТГӨР МИНИЙ ХУУЧИНЫ АНД /болсон явдал/ -2

  1. Энэ бүхнээс хойш хэдэн сарын дараа би нэгэн удган бүсгүйд үзүүллээ. Тэр эмэгтэй намайг өөрийн онгод тэнгэрээс лавлан асуусны дараагаар “Ямар олон хар бараан зүйлсийг тээж явдаг юм бэ дээ, яажшуу амьд яваад байгаа юм бол” гэж онгодууд хэлж байна гэв. Бүтэлгүйтэл, ичгүүр, дипресст гүн орсон би тэр бүгдийг үнэн байх л гэж хүлээн авав. Өнөөх удганаас гуйн байж хар бараанаас салахаар шийдсэн билээ. Хээр гарч 9 хар, 9 цагаан чулууны угаалганд оров. Тэр өдөр өнөөх сайхан сэтгэлт удган надад “за чи харихдаа замаа буруулж яваарай, чамаас айхтар биежсэн хараалын амьтан гарсан шүү. Бас элдэв хий юмс харагдвал айж цочиж болохгүй” хэмээн захилаа.

Тэр орой эртхэн унтахаар хэвтлээ. Хэвтсэн унтаж сураагүй би учиргүй нойронд дийлдээд яг унтдагийн даваан дээр орны дээд талаас утаа суунаглахыг харах шиг болов. Нүдээ аньсан байж юугаа харахав дээ. Гэтэл гэнэт хамаг бие хүйт дааж, чулуу мэт хөшүүн, хүйтэн болчихов. Би гайхан толгойн орой хэсэг уруу хартал миний толгойн дээр нэг өнгөгүй шааранд утаа үлээгээд хийсэн мэт сонин амьтан хоёр гарыг минь дарж, хоёр хөлөө мөрөөр давуулан цээжин дээр дэвслэх ажээ. Хоёр томоос том дугуй нүд ямар муухай гээч. Миний дургүй хүрч, тэр даруйд л зайл хэмээн хашгирахыг завдсан ч дуу үл гарах ажээ. Хичнээн хүчлэвч дуу гарсангүй, тэгэхээр нь хамаг бодол ухаанаа төвлөрүүлэн байж бодлоороо “зайл” хэмээн хашгирав. Тэр үед бие суларч тэрээр барьцаа тавьжээ. Тэр даруйд үсрэн босов. Хэн нэгэн надад хурдан арц уугиул гэлээ. Надад арц байсангүй, хамрын хийд явахдаа авчирсан рашааныг шүүрэн авч “хутагтын рашааныг чи яах юм, дийлэх үү” гэсээр утаа гарсан тэр зүгт цацлаа. Дараа нь болж өнгөрсөн бүхэнд итгэж чадсангүй хэсэг бодолхийлэв. Нүд аниатай байхад би яаж орны дээд тал уруу харсан юм бол. Тэр орой унтахгүй байхыг яаж ч хичээсэн нэмэр болсонгүй өөрийн эрхгүй нүд анилдан, бие сулрах ажээ. Одоо гайгүй байлгүй гэж бодсоор орондоо орсны даруйд ч юу ч болсонгүй. Дахин унтах эхлэх тэр агшин орны араас сүүмгэр цагаан утаа суунагласаар миний гэдсэнд хүрэв. Би орилсоор босов.

Дараа дараагийн шөнүүдэд би түүтэй таараагүй ч долоо хоногийн турш гэдэсний булчин өвдсөн юм даг. Энэ өдрөөс эхлэн би зовлон гунигаа өөр нүдээр олж харах шиг болж, нэг л амирлангуй болчихов. Нүдээ хагас аних бүрт яг л кино шиг нүдний өмнө янз бүрийн үйл явдал харагдах бөгөөд тэр бүхэн 3-10 хоногийн дараа гэхэд бодитоор биелдэг байлаа.

Нэгэн удаа энэ тухай дүүдээ ярьчихлаа. Би уг нь дүүгээ хүнд хэлэхгүй байх гэж бодож байсан юм. Гэтэл маргааш нь гэхэд л манай гэр бүлийнхэн бүгд надтай болгоомжилсон байдалтай харьцаж эхлэв. Тэгээд нөгөөдөр нь хүргэн ах эгч хоёр маань нэгэн эмэгтэйг дагуулан ирж надтай уулзуулваа. Тэр эмэгтэй надтай эелдэг гэгч ярьж олон зүйл асуусаар энэ ярилцлага бараг 3 цаг үргэлжлэв. Тэр эмэгтэй Монголдоо л гэсэн мундаг сэтгэлч зүйч бөгөөд гэмт хэрэгтнийг хэрэг хүлээх чадвартай эсэхийг тодорхойлдог шинжээч эмч ажээ. Тэр эмэгтэйг хүргэж өгөөд ирсэн эгч ах хоёрын царай нь гэрэлтэж инээмсэглэж байсан бөгөөд надад үнэн учрыг хэлэх хэрэгтэй гэж бодсон бололтой. Үнэндээ олон сэтгэл зүйч найзтай би тэр хүнийг ямар зорилгоор яагаад надтай уулзуулж байгааг ойлголгүй яах вэ дээ. Гэрийнхнийхээ сэтгэлийг бодсондоо л уулзахаас татгалзаагүй юм. Тэр эмч миний тухай манай гэрийнхэнд “энэ хүний ухаан санаа хэвийн байна, та нар сайн ойлгохгүй байх чинь аргагүй ээ, тэр чинь өөр хүн. Оюун санааны өөр түвшний хүн” гэж хэлсэн аж. Тэр эмч миний номын сангаас гурван ч ном гуйж авч уншаад эргүүлж өгнө гэсэн ч би аваагүй билээ. Тэр эмчид баярласандаа л тэр.

За энэ цагаас хойш нэг хэсэгтээ “мэргэн бөөдий” болох шахав. Надад юу тохиолдохыг хэнтэй хаана яаж уулзахыг хүртэл шууд л мэднэ, тэр бүгд яг ёсоороо биелнэ гээч. Бас болоогүй ээ, нөгөө надад сайхан сэтгэлээр тусалсан удган бүсгүй хамаг онгод тэнгэрийг бүгдийг нь харчихсан шүү. Гэвч энэ бүхэн удаан үргэлжилсэнгүй. Нэг л өдөр би урьдын гуниг зовлонгийн гүнд автан суух болов. Гэрийнхэнтэйгээ таарахаа байж, траншейнд амьдрах нь гэртээ амьдрахаас хамаагүй дээр санагддаг болчихлоо. Тэр цагаас амьдралын минь хамгийн хүнд хэцүү жилүүд эхэлсэн билээ.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)