ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ: БӨӨ МӨРГӨЛ БА БУДДИЗМ

ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ: БӨӨ МӨРГӨЛ БА БУДДИЗМ

Зүй нь аливаа шашин бүр нэг ижил зорилготой бөгөөд ертөнцийн хуулинд зохирон амьдрах, дэвшин хөгжих арга ухааныг хүн төрөлхтөн таниулан, дадалжуулахад чиглэсэн байдаг. Оршин амьдрахуйн хэв шинж хийгээд энергийн уламжилсан төлөв, дээд ертөнцийн эрчмийг хуран хүртэхүйн оюуны чадамжаас хамааран хүн бүрт харилцан адилгүй байдлаар хүртээх зорилго нь явсаар өөр хоорондоо ялгаа бүхий сургааль номлолыг буй болгон шашин хэмээгчийг үүсгэсэн билээ. Анхны зорилго ижил бөгөөд ертөнцийн нэг хуулийн хүрээнд ажилладаг эдгээр шашинууд бүгд дээрээ нэг дээд хүчинд зангилагддаг хэмээн бөө мөргөл үздэг. Хүмүүст зөвөөр хүргэх, сэтгэлийн мөн чанарыг танин ухаарах, бурханы сургаалийг бодит байдалд хэрэгжүүлэх эрмэлзэл нь эдгээр шашины сургааль номлолыг хэт нарийвчлан судлахад хүргэсэн төдийгүй өөр өөрсдийн бурхадтай, олон судар сургаальтай, улмаар түүнийг бусдад хүргэх сум хийд, мэргэжлийн номлогч нартай болсон байна. Түүхэнд эдгээр шашинууд өөр хоорондоо зөрчилдөн, байр сууриа булаалдан тэмцэлдэж, өөрийн шашинаас бусдыг буруу номтон хэмээх цоллож үгүйсгэцгээж байв. Энэ нь өөрөө ертөнцийн эвлэлдэн оршихуйн хуулийг зөрчиж буй хэрэг билээ.

Монголчууд эрт цагаас Мөнх тэнгэрийг дээдлэн өвөг дээдсийн нандин холбоогоор дамжуулан ертөнцийн мөн чанарыг ухаарч, амьдрал, зан үйлдээ шингээж ирсэн. Гэсэн хэдий ч энэхүү уламжлал нь алдагдаж, харийн шашин хэмээгчийн суртал Монголчуудын оюун санааг төөрөгдөлд хүргэх болсон билээ.

Монголчуудын оюун санаа ба буддизмын дэлгэрэлт

Монголын түүхэнд Харийн шашины Монголчуудын оюун санаа, соёл, үнэт зүйл, хэмжээнд нэвтрэхэд дараахи байдлууд чухал үүрэг гүйцэтгэжээ.

Монголд харийн шашин тэр дундаа буддизм дөрвөнтөө дэлгэрсэн гэдэг. Эхний дэлгэрэлтийн талаар түүхэн баримт мэдээлэл хомс. Зава Дамдин хэмээх гавжийн 1931 онд бүтээсэн “Хорчойнжүн” зохиолд дурьдсанаар Буддизмын нэгдүгээр дэлгэрэлт нь Энэтхэгээс Ли Хотан, Дорнод Туркестанаар дамжин Монгол оронд нэвтэрсэн ажээ. Үүний баталгаа нь VIII зууны үед Монголд оршиж байсан Уйгурын хаант улсад хамаарах түүхийн дурсгалд бурхан багшийн хөрөг бүхий шүтээний сүм багтдаг бөгөөд үүнээс уламжлан хожмын Эрдэнэзуу  хийдийг босгосон гэдэг. Түүнчлэн энэ үед судар шаштир зэрэг санскрит үг монгол хэлэнд орж ирсэн байна.

Харин хоёр дахь дэлгэрэлт нь Хубилай Сэцэн хааны үед болсон билээ. Монголын Нэгдсэн Улс улам бүр хүчирхэгжин батжсан байх тэрхүү үед Мөнх тэнгэрийн суртахууныг үл тоомсорлон харийн шашиныг түгээн дэлгэрүүлэх оролдлого бий болсон дараахи үндэстэй байж болох юм.Үүнд:

-          Харийн шашинаар өөрсдийн эрх мэдэл, байр суурийг хамгаалуулах сонирхол;

-          Эзлэгдсэн улсын соёлоор уусгах сөрөх бодлогын үр дүнтэй хэрэгжилт;

-          Монголчуудыг үнэт зүйл, итгэл үнэмшлийн хямралаас гарах арга замын эрэлхийлэлт;

-          Харь улсын санаатайгаар уусган эзлэх бодлого;

Харийн шашинаар өөрсдийн эрх мэдэл, байр суурийг хамгаалуулах сонирхол:

Мөнх хааны гэрээс ёсоор хаан ширээг Аригбөх эзлэн суух учиртай байв. Гэсэн хэдий ч түүний ах Хубилай өөрийгөө хаан ширээнд давхар өргөмжилсөн нь Монголчуудыг хагалан бутаргасан хамгийн том явдал байсан юм. Аригбөх хаан ширээнд суух нь Мөнх тэнгэрийн таалал хэмээн үзэж байсан олны эсэргүүцлийг сулруулах, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхийн тулд Хубилай хаан нийгмийн оюун санаанд харийн соёлыг нэвтрүүлэн, хүлцэнгүй болгох замаар өөрийн хяналтыг тогтоох арга замыг хэрэгжүүлсэн гэж болно. Энэ ч үүднээс өөрийн нийслэлийг Монголын голомт нутагт байршуулалгүй Хятадад төвлөрүүлсэн байдаг.

Монголчуудын итгэл үнэмшил, оюун санаанд нөлөөлөхдөө буддизмын хамгийн хүчтэй урсгал хэмээгддэг бөө мөргөлтэй нилээд төстэй хэлбэр бүхий сажийн болон гармава ёсны урсгалыг оруулж ирсэн байна. Сажийн ёсны лам нар эхнэр авч, үр хүүхэдтэй болохыг зөвшөөрдөг төдийгүй шашины томоохон лам нарыг хойчийг залгамжлагч нь өөрийнх удмаас тодордог учиртай. Энэ нь магадгүй нийгмийн сэтгэл зүйд ижил, ялгаагүй хэмээх ойлголтын суурийг тавьж өгсөн байх.

Бурханы шашины Сажийн ёс нь буддизмын уламжлалт сургаалийг шинэчилсэн урсгал бөгөөд шинэ тарнийн ёс хэмээгддэг. Зарим түүхийн сударт Чингис хаан Сажийн ёсны дээд лам Бандида Гунгаажалцанг хэдэндээ урьж байсан тухай өгүүлдэг. Үүнийг бурханы шашины судруудад Монгол бурханы шашиныг түгээн дэлгэрүүлэх хүсэлтэй байсан мэтээр тайлбарлах нь бий. Зарим далд ертөнц судлаачид үүнийг Чингис хаан оюун санааны мөнхрөлийг эрэлхийлж байсан гэж тайлбарладаг. Сажийн ёс хэмээгч нь дотоод энергиэ ашиглан сэтгэлийг засах замаар шид бүтээлд хүрэн улмаар гэгээрэлд хөтлөх тухай сургааль юм. Энэхүү ёс нь эх болсон зургаан зүйл амьтдын зөвхөн хүн төрөл дээр хэрэгждэг бөгөөд хүнийг ганцхан төрөлд бурхан болгож чаддаг гэдгээрээ бусад ёсноос ялгардаг. “Махчин” соёлтой Монголчуудын хувьд энэ нь илүү зохимжтой мэт санагдаж байсан бизээ. 

Сажа ёс нь XI зуунд Төвдөд үүссэн урсгал бөгөөд дөрөв дэх Их бандита буюу Тризен Гунгаажалцан тэр үеийг Төвдийг захирч байсан Өгөөдэй хааны гутгаар хүү Годан ноёны урилгаар Монголд ирж “уламжлалт зан үйлээр дамжуулан шашиныг нэвтрүүлэх”  бодлогыг санал болгон, улмаар бөөгийн тэнгэр тахих тахилгыг тэнгэрт ерөөл өргөх зан үйл болгон өөрчилж, бурханы шашины догшин сахиусуудыг тахих зан үйлийг дэлгэрүүлсэн байна. Хубилай хаан 1260 онд хаан ширээнд суумагц энэ урсгалын Пагва ламыг Улсын их багшаар өргөмжилсөн байдаг.  Энэ үеэс төр шашин хоёрыг хослон барих хос ёсны сургаалийг номлох болж, Монголын язгууртнууд буддизмын нөлөөнд бүрэн орох болсон.

Бурханы шашины Гармава буюу Гаржүдва урсгал нь мөн XI зуунд Төвдөд үүссэн бөгөөд багш шавийн барилдлагын чанд мөрдөгчид гэдгээрээ бусдаасаа ялгардаг байна. Энэ урсгалын тэргүүн “гарма” буюу “их номун хан” нь 1253 онд Монголд ирж Мөнх хаантай уулзаж байсан бөгөөд бурханы шашины гаржүд урсгалыг бөө мөргөлөөс илүү дэвшилттэй хөгжсөн, илүү шинжлэх ухаанч, хүнд илүү тустай гэсэн байдлаар батлахыг оролдож байв. Энэ урсгалын нөлөөгөөр Монголд хэд хэдэн сүм хийд баригдаж байсан. Өнөөгийн хүмүүсийн мэдэх болсон Мял богд энэхүү урсгалын гол төлөөлөгч юм. Мял хэмээгч богд нь өмнө нь бөө байсан бөгөөд бусдын амийг үгүй хийсэн нүглээ наминчлан диян хийж, бурханы шашинд үнэнч явсаар нэгэн төрөлдөө үйлийн үрээ ариусган, улмаар бурхан болсон гэдэг.

Эдгээр тарнийн ёсны урсгалууд нь Монголын язгууртнуудын дунд л илүү түгэн дэлгэрсэн бөгөөд цаашид Монголчуудыг эе эвдрэлцүүлэхэд түлхээс болсныг үгүйсгэхгүй.

Эзлэгдсэн улсын соёлоор уусгах сөрөх бодлогын үр дүнтэй хэрэгжилт;

Эзлэн авсан улс бүртээ Монголчуудыг үлдээж байсан нь тухайн цаг үедээ хяналтыг хэрэгжүүлэх хамгийн оновчтой арга байсан хэдий ч хожим эзлэгдсэн орны соёл, угсаатанд уусан мөхөх замыг тавьсан ажээ. Энэ тухай Өндөр тэнгэрийн айлдварт ийнхүү өгүүлжээ.

... Харийн газарт хаяасан

Хатан зоригт баатрууд минь

Хүний газарт хаясан

Хүлэр догшин баатрууд минь

Хүлцэж тэвчиж явсаар

Хүнийх болсон хүүхдүүд минь...

Үнэхээр хаа ч гэсэн цөөнх нь олонхидоо уусан байдаг билээ. Гэтэл уусгах бодлого нь өөрөө санаатайгаар хэрэгжүүлсэн байж болно. Азийг эзэгнэж явсан Манж Чин гүрэн хар Хятдад уусан алга болсны адил. Монголын язгууртнууд харийн соёл, эрх мэдэл, эд хөрөнгө, нэр алдарт дурлан улс орноо, өв соёлоо үгүйсгэсэн нь ч бий.

Монголчуудыг үнэт зүйл, итгэл үнэмшлийн хямралаас гарах арга замын эрэлхийлэлт;

Ийнхүү уусган мөхөөх байдал нь бурханы шашины хоёр дахь дэлгэрэлтэд илүү их цар хүрээтэй хэрэгжиж байв.  Монголчуудын дэлхийн хөгжилд оруулсан түүхэн үүргийн тухай бусад улс орнуудын түүхэнд дарж буюу санаатай зөрүү бичсэн нь явсаар Монголын түүхийн тухай өрөөсгөл ойлголтыг бий болгосон байдаг. Энэ тухай судлаач Рик Таупиер Энхийг тогтоогч Монгол Ойрадууд буюу Бадамт ширээг хамгаалагч Бурханы шашины баатрууд хэмээх номондоо Монголын түүхийг зарим байдлаар хэрхэн гуйвуулсан тухай бичсэн байдаг. Тухайлбал: Манж Чин улсын түүхийг бичихдээ Монголын түүхийн өвийг зүй ёсоор залгамжлагч гэсэн байдлаар өгүүлсэн төдийгүй Төвдийн түүхэн бичвэрүүдэд ч Монголын түүхийг санаатайгаар дарагдуулсан байдал цөөнгүй хэмээсэн байна. Өөрөөр хэлбэл: Төвдийн түүхэнд Азийн орнуудыг тэр дундаа Монголчуудыг Бурханы шашиныг сайшаан хүлээн авагчид, эзэд хаадыг нь шашин дэлгэрүүлэх хүсэлтэй байсан хэмээн бичиж байлаа. IV Далай лам Лхаст хүчирхэг монгол цэргүүдээр хамгаалуулан ирснээс хойш Монгол баатруудыг шашины хамгаалагч хэмээн үзэхэд хүргэж байлаа.

Бурханы шашины 3 дахь дэлгэрэлт нь Шашинаар дамжуулан уусгах, хүчийг сулруулах, эзлэн түрэмгийлэх Манжийн бодлого, Хүчирхэг Монголчуудаар гадны халдлагаас хамгаалуулах гэсэн Төвдийн бодлого, Монголчуудын дотоодын хямрал зөрчилдөөнийг шийдвэрлэх гэсэн Түмэдийн Алтан хааны бодлогоос хамаарч байв. Энэ үед Монголын Юан гүрний суурин дээр байгуулагдсан Манж Чин улс улам бүр хүчирхэгжин, хөрш зэргэлдээ улс орноо цэргийн хүчээр болон соёлын бодлогоор дамжуулан эзлэн түрэмгийлэх нь илт ихэссэн байсан бөгөөд бутран нурсан улсын үлдэгдэл болсон Монголчууд өөр хоорондоо эв нэгдэлгүй, үнэт зүйлс, итгэл үнэмшлийн хямралд орсон байлаа.  Тэдний дунд дайн байлдаантай холбоотой үйлийн үрийг өдгөө эдэлж байгаа гэсэн ойлголт байсан байж болох. Хэн нэг эзэн ноёнынхоо өмнөөс бусадтайгаа сөргөлцөн тэмцэх бөө улаач нар ч олон байв. Монголчуудын өөр хоорондоо эвдрэлцэлтэй байсан нь бусдын соёлоос өөрийнхийгөө хамгаалах дархлааг сулруулж, улмаар тусгаар тогтнолоо хүртэл алдахад хүргэсэн юм. Тиймээс харгис бурангуй хэмээх бөө мөргөлийн соёлыг хүчээр даран шинэ дэвшилтэт илүү хөгжингүй Бурханы шашиныг дэлгэрүүлэн сонирхол бий болсон байх.

Үнэндээ бүдүүлгийг халах энэхүү оролдлого нь өөрөө туйлын бүдүүлэг арга зам байв. Бөө мөргөлийг халахын тулд олон тооны улаачдыг харгисаар хороох, ирээдүйд улаач болох үрсийг багад нь таньж лам болгох, удган болох охидыг дарэ эх, дагина хэмээн нэрийдэж, багаас бурханы үзүүлж, уншлага заах, бөө мөргөлийг жигших байдлыг бий болгож байв. Түүнчлэн бөөгийн томоохон тэнгэр, онгодуудыг бурханы шашинд дагаар орсон хэмээн өргөмжилж, лам нар тахидаг болжээ. Энэ нь тухайн үеийн Монголын нийгмийн оюун санааны амьдралд томоохон өөрчлөлтийг бий болгосон нь үнэн ч язгуур Монгол мөн чанарыг үгүй хийж, ёс уламжлалыг алдагдуулан, бусдын хараат байдалд хүргэсэн билээ.

Бурханы шашины гурав дахь дэлгэрэлтийн үед Энэтхэгээс Түвдэд ирж, Түвдийн бонг буюу бөө мөргөлтэй эвцэлдэж бий болсон гэж хэлж болох нимава буюу улааны, буддын уламжлалт судрын ёсыг тарнийн шинэ урсгалтай нийлүүлж бий болгосон холимог хувилбар болох гэлүгва буюу шарын урсгалууд түлхүү дэлгэрсэн болно. 

Гэлүгва ёсон буюу шарын урсгал:  Ламын шашин ч гэж нэрлэгддэг гэлүгва буюу шарын урсгал нь Төвдөд XIY зуунд үүсчээ. Тухайн үед Төвдийн олон аймгийн сүм хийдэд дэг ёс сулран хувраг шавь нар эрх ашиг хөөцөлдөн нэр хүндээ барсан учир Богд Зонхов шашныг өөрчлөн шинэчлэх арга хэмжээ авснаар шарын урсгалын үзэл санаа хөгжжээ. Лам нарын сахил санваарыг чангатгаж, эхнэр авах, арилжаа наймаа хийх, улс төрийн хэрэгт оролцохыг хориглосон байна. Шарын урсгалыг Монгол оронд дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн хүн бол Түмэдийн Алтан хаан юм. 1571 онд гэлүгва ёсны их хамба Содномжамцтай Хөх нуурт уулзаж “Далай лам Очирдара” хэмээх цолыг олгосноор Төвдийн шашны оргил ийнхүү нэрлэгдэх болжээ. 1583 онд Алтан хаан таалал төгссөн хэдий ч түүнийг залгамжлагч хаад Далай ламыг дэргэдээ байлгаж байв. Халхын Абтай сайн хан улс орноо нэгтгэн төвлөрүүлэх үйл хэрэгт шарын урсгалыг ашиглах нь зүйтэй хэмээн үзэж номын авшиг хүртсэн нь шарын урсгал буюу гэлүгва ёсон ард нийтийн дунд тархах гол үндэс болсон байна. Шарын урсгалын гол үзэл нь  номд мөргөн шүтсэнээр нирваанд хүрнэ гэж үздэг. Арван хар нүглийг тэвчихийг сурган, нүгэл хийвэл хийсэн нүгэл нь хуримтлагдаж тамд унана, тийм учраас нүгэлтэйгээ тэнцэхүйц буян хийх ёстой гэж номлодог. Нэгэнт үйлдсэн нүгэл цайрдаггүй, хуримтлагдсаар дараагийн төрлийн үйлийн үрийн байрлалыг заагч болдог гэж үздэг.

Нимава ёсон буюу улааны урсгал:  Энэтхэгийн их тарнич Ловон Бадамжунай YIII зуунд бясалгал хийх аргаар улааны урсгалыг үндэслэсэн. Тэрбээр Энэтхэгээс Төвдөд шашин дэлгэрүүлсэн бөгөөд улаан хувцас өмсдөг байсан учраас улааны шашинтан гэж нэрлэгджээ. Эл урсгал нь XI зууны үед шинээр гарч ирсэн сажа, гармава ёсонд дарагдсан ч цөөн хэдэн номлол нууцаар уламжлагдан үлдсэн нь XY зуунд дахин сэргэж, тарнийн ёсыг гол сургаал болгон баримталжээ. Ихэвчлэн хаад ноёд гэх мэт оюуны боловсрол сайтай хүмүүс нимава ёсоныг шүтдэг байв. Монгол дахь улааны шашины гол төлөөлөгчөөр Y Ноён хутагт Данзанравжааг хэлж болно.  Улааны урсгалын гол үзэл нь бурхан аливаа хүний дотор байдаг учраас бясалгал хийж гэгээрэлд хүрч чадна. Өвчнийг эдгээнэ гэж төвлөрч чадвал эдгээж чадна гэж номлодог. Хүний бие дотор сайн муу гэсэн хоёр хүрд бий, сайн хүрдээ эргүүлж чадвал заавал амжилтанд хүрнэ гэж үздэг. Нүгэл хийж болно, хийсэн нүглээ бясалгал хийх замаар ариусгаж болно гэж номлодог. Бясалгалын замаар өөрийгөө хөгжүүлэн заавал багшаар дамжуулалгүй бурхантай харьцаж болно. Эхнэр авч болно. Амьтны амь хороовол дараа нь бурханд нүглээ наминчлан, түүнтэй тэнцэхүйц буян үйлдсэнээр ариусна гэж үздэг.

Монголд байх буддын шашины тэргүүн бүхэн Гэлүгва урсгалын төлөөлөл байдаг нь цаанаа шашины дотоодын зөрчлийг зохицуулах, уламжлалт буддизмыг хэт гуйвуулахгүй байх, Төвдийн буддизмын нөлөөллийг хангах зорилготой байдаг гэж хэлж болно. Түүхээс үзэхэд улааны шашины урсгалын төлөөлөгчдийн дунд бөө болох буюу тэнгэрийн тамгатан олон байсан нь хожим эрдэм чадлаар ихэд өндөрт хүргэж өгсөн бөгөөд тэдний дундаас эх оронч үзэлтэй, эргээд буддизмыг хэт туйлшралыг эсэргүүцдэг лам нар ч цөөнгүй төрсөн байдаг.

Харь улсын санаатайгаар уусган эзлэх бодлого;

Монголын түүхэнд буруу үгүй гэдэг. Аль нэг зүйл ямагт хоёр талтай байдаг. Тиймээс дэлхийн талыг эзлэн, дайдад ноёрхлоо тогтоосон нь үнэндээ сайн зүйл байсан мэт ч Монголчуудыг дэлхийгээр нэг тарааж, улмаар монгол генийн мэдээллийг харийнханд  дамжуулж, түүх соёлоо мартсан, арьсны өнгө нь хуввирсан “Монголчууд”-ыг бий болгосон алдаатай. Хэдийгээр XVI зууны ихэс дээдсүүд буддизмыг дэмжин орсноор Манжид дагаар орж, тусгаар тогтнол өв соёлоо устгуулахад хүрч байсан ч нөгөө талаар энэ нь Монголын нийгмийн оюун санааны хямралыг даван туулах, ёс суртахууны өөрчлөлт хийх, нэгэнт үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолоо авч үлдэхэд амаргүй болсон тул аялдан дагасан байдлаар бүрэн мөсөн устаж үгүй болгочилгүй агуулгыг нь авч үлдэх гэсэн санаатай холбоотой байсан юм. Энэ тухай нэгэн өндөр тэнгэр өгүүлсэн байдаг.

...Цөвүүн цагт түмэн нь мунхарсан ч

Цөөнийг нь ч гэсэн хадгалан үлдээхээр

Дүрийг нь хувиргаж, дүрмийг нь өөрчилсөн ч

Дээд тэнгэр нь хаяагүй юмаа

Тэнгэрийн цаг нэгэнтээ ирэхэд

Тэд харин нэгэн зүйлийг ойлгох ёстой

Тэрсэлдэн тэмцэлдэх хэрэггүй

Тээршаан үгүйсгэх хэрэггүй

Дээрээс бүгдийг нь мэлмийдэж байгаа

Дээдэс бүхнээ мэхийн хүндэтгэ...

Өөрөөр хэлбэл тухайн цагт нэгэнт эзлэгдэх тодорхой болсон үед Манжийн бодлогоор Монголд орж ирсэн буддизмд зохицох хувирах байдлаар уламжлалаа авч үлдэх, тэнгэрийн тамгатай үрсээ хамгаалах, удмын санг устгуулалгүй хадгалах эрмэлзэл байсанг үгүйсгэж болохгүй юм.

Манжийн бодлого ёсоор Монголчуудын язгуурын мөн чанар болох эр зориг, эрэмгий дайчин байдал, тэнгэрлэг суртахуун, тэнгэрээс тэтгэгдэх холбоосыг таслах, үгүй хийж, монголчуудыг номхон, сул дорой, тэнгэргүй болгоход чиглэж байв. Дайчин цуст эрсийг нь лам болгох нь цаашид Монголчуудын хүн амыг цөөрүүлэхэд чиглэж байсан билээ.

Түүхэн баримтаас харахад Халхын Занабазар гэгээн манжид дагаар орсноор Ар Монгол Манжийн мэдэлд бүрэн шилжсэн байдаг. Тэр үед эцсийн мөч хүртлээ эсэргүүцэн тэмцсэн Ойрадын Галдан бошигт ялагдал хүлээсэн юм. Нэг талаар энэхүү үйл явцыг Монголын тусгаар тогтнолыг үгүй хийж, хоорондын хагарлыг улам нэмсэн гэж тайлбарладаг бол нөгөө талаар ингэж чадсан тулдаа хэдэн Монгол хүнийг ч гэсэн амьд авч үлдэж чадсан гэж тайлбарлах судлаачид бий. Аль нэг талыг хэт туйлшран барих хэрэггүй өмнөх үеийн өшөөг орхиж, алдаанаас нь суралцаж, хойшдоо алдаа гаргахгүй байхад анхаарах нь зөв юм.

Буддизмыг төвдийн бонгтой эвцэлдүүлэн гаргаж авсан ламын хэлбэртэй бөөгийн агуулга, элэмент бүхий улааны урсгал нь Монголд орж ирсний дараагаар Монгол бөө мөргөлийн уламжлал, дэвшилтэт бүхнийг өөртөө шингээж авсан байдаг. Энэ тухай Өндөр тэнгэрийн айлдвар  сургаальд дараахи байдлаар өгүүлжээ.

/Өндөр тэнгэрийн айлдвар оршвой; 2001 он, 63-р тал/

...Маань мэгзим уншаатангууд

Махагалын албатууд

Найчин майдар шүтлэгтэнгүүд

Нажидаа эдлэх заяатангуудын

Холоос гүйлгэсэн ховсын

Хорыг шүүхээ би мэдсү

Авцаа өгцөөний дэнсээр

Амыг нь асуухаа би мэдсү...

Монголд буддизм орж ирснээр буддизм нэмж хөгжсөн. Учир нь бөө мөргөлөөс дэвшилтэт бүхнийг авч суралцсан юм.

Монголд буддизм орж ирснээр Монголчууд алдсан. Монголчууд язгуур мөн чанараа алдсан, уламжлал өв соёлоо хувиргасан, тэнгэрээсээ холдсон, тэнгэрлэг суртахууныг мартсан. Нүглээс айж явдаг сул дорой хүмүүс болцгоосон. Манжийн бодлого Монголчуудын ахуй амьдралын сайн бүхнийг ёроор үгүй хийж өөдлөх замыг нь хаасан. Учир нь Манжийн бодлогоор Монголчууд гэгээрч, сэхээрч болохгүй байсан учраас сэтгэлийн жинхэнэ ариусал, оюун санааны гэгээрлийн тухай буддизмаас огт суралцаагүй. Тэдэнд буддизмын хоёр дахь дэлгэрэлт зүгээр номхон, сул, дорой тэнэг байдлыг л сургасан билээ.

Ардын хувьсгалын үеэс эхлэн марксист үзэл суртал буюу максизмын шашин хүчтэй ноёлох болж, шашины талаар нийгмийн оюун санаа, сэтгэл зүйд сөрөг ойлголтыг суулгаж өгсөн. Тэр дундаа хар тамхи мэт үйлчилдэг буддист соёлоос илүү бүдүүлэг хэмээн бөө мөргөлийг тодорхойлж, хүн төрөлхтөний хөгжлийн хамгийн бүдүүлэг үеийн шүтлэг гэж нэрийдэж байв.

Ардчилсан хэмээх өөрчлөлтийн дараанаас социалист үнэт зүйлийг оруулах суртахууны орон зай сулран гарсанг овжин ашиглахаар мусалман, христийн шашины олон тооны урсгалууд орж ирсэн. Буддизм ч уламжлалаа сэргээхээр улайрч байна.

Тэнгэрийн цаг ирж буй, бөө мөргөлийн дахин сэргэлтийн энэ цаг үед Мөнх тэнгэрийн бодлогыг хэрэгжүүлэн, Дээд тэнгэрийн зарлигаар бид Монголчуудын оюун санаа, зан байдалд мөнх тэнгэрийн дээд суртахууныг нэвтрүүлж, түгээн дэлгэрүүлэх учиртай. Учир нь ертөнцийн мөн чанарыг элдэвжүүлэн хэлбэржүүлээгүй, хамгийн гол үнэнг  сургасан, дээд хүчний нэр барьсан элч нарыг бус гагц ертөнцийг бүтээгч, дээд оюун санааг шүтдэг энэхүү суртахуун нь тасарсан ертөнцийн тасалдсан хэм хэмжээсийг засан залруулж, жам ёсны хөгжилд түлхэх тулгуур хүч нь болж чадах учиртай.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Зочин

Оюун ухаанд тулгуурласан хөгжлийн зам өөд ураглан дэвших болтугай

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)