ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ: МУУ НЭРТНҮҮДИЙН ТУХАЙ

ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ: МУУ НЭРТНҮҮДИЙН ТУХАЙ

Энэ цагийн бөө улаач нарын дунд “тээгий”, “аагий”, чөөгий” гэх зэргээр нэрийг нь цээрлэн дууддаг оюунлаг эрчмүүдийн тухай энд өгүүлэх болно.

Хүний дотоод мөн чанарт “бурхан” оршдог бөгөөд хүн өөрөө бурхан байдаг гэдэг. Тэгэхээр хүний дотоодод байдаг тэр бурхан нь хүний дотоодод байдаг бөгөөд бурханлаг мөн чанарыг хэлдэг ажээ.

Өрнө дахин муу сүнсийг “демон” хэмээн ерөнхийлөн нэрлэдэг ч дотор нь олон төрлөөр ангилдаг. Харин бид өмнө нь эдгээрийг бага насандаа сонсож дадсан үлгэрийн амьтдаар төсөөлөн ирсэн болохоор үнэхээр л үлгэрийн огт байдаггүй гэж ойлгож ирсэн. Шинжлэх ухаанд үнэнч гэсэндээ ямар нэгэн буг чөтгөрийн тухай яриаг галзуу солиотой хүмүүсийн дэмийрэл гэж үзэцгээдэг байв. Гэвч сүүлийн жилүүдэд энэ айдас төрүүлэм “амьтад”-ын тухай их ярицгаах болжээ. Тэгвэл тийрэн, буг, бирд, чөтгөр, шуламс, албин гэж чухам юу юм бол?

Я.Цэвэлийн монгол хэлний тайлбар толинд өгүүлснээр чөтгөр хэмээгч нь нас барсны дараахи төрлөө олоогүй үлдэж хоцорсон сүнс бөгөөд албин, тийрэн, буг, бирд бүгд түүний дотоод дахь хэлбэрүүд хэмээжээ.

Ариусахуй бясалгахуй цувралын Бясалгалын лавлах хэмээн номонд тодорхойлсноор: Буг чөтгөр гэдэг нь амьд сэрүүндээ эд хөрөнгө, эрх мэдэл, урин тачаангуйд хэтэрхий шунаж, бусдад өс хонзон санасан, элгэн садан, янаг амрагтаа амьсгаа хураатлаа зовнин хоргодсон агаад зуурдаар наснаас нөхцсөн, амиа егүүтгэсэн зарим хүмүүний сүнс бардад төөрөлдсөн хий үзэгдэл болж, орон байр, хот балгасад бүгсэнийг буг, хээр хөдөө орогносныг чөтгөр гэжээ. Түүнчлэн өлбөрөн зовогч буюу өлсгөлөн чөтгөрийг дотор нь уулынх, мод чулуун дор оршигч, зүйл брийн идэшт бирд гэхчэн ангилсан бөгөөд уух, идэхийн цаглашгүй шунал хүсэлтэй агаад өчүүхэн идмэгц түүнийхээ гороор тэсэшгүй тарчилдаг зовлонт төрөлтөн гэсэн байна. Харин шулмасыг дараахи дөрвөн зүйлд ангилан авч үзжээ.

· Хүсэл тачаал, уур хилэнгийн мунхагаар буянд барчид учруулагч Нисванисын шулам;

· Өвдөх, өтлөх, доройтох гурван зовлонгийн улмаас буянд барчид учруулагч Цогцосын шулам;

· Амьтны амь биеийг егүүтгэн буяны үйлийг таслагч Үйлийн эзний шулам;

· Атгаг муу санаа, атаа хорслын улмаас буянд барчид учруулагч Тэнгэрийн хөвгүүний шулам;

Эзотерикийн ном сургаальд ч хорсолт үйлийн үрээр зуурт гацсан сүнсний дутуу шатсан астрал бие нь зарим тохиолдолд гэр орон, тодорхой орон зайд үзэгддэг бөгөөд иймэрхүү төрлийн биетээс хүчтэй сөрөг эрчим ялгарч, сул дорой эрчим бүхий хүмүүст муугаар нөлөөлдөг тухай бичсэн байдаг.

Энэ бүгдээс дүгнэн үзэхэд хүний муу сөрөг эрчим бүхий бодол, бие, сэтгэл, үйлийн үрийн барилдлагаар хүн төрлийн насны амьдрал дуусахад дараа төрөлд шилжилгүй зуурдад гацаж, улмаар хүн ахуйд бүрэлдсэн сөрөг сэтгэцийн эрчмээрээ нь өрөөлд хор хүргэдэг нүдэнд үл үзэгдэгч, хий биет амьтдыг буг чөтгөр хэмээдэг байна.

Зуурдад гацсан буюу тэнэмэл эдгээр сүнснүүдийг дотор байршил, дүр төрх, хүчирхэгжиж, биежсэн, хүнд үзүүлэх хорлолын байр байдлаар нь буг чөтгөр, бирд, шуламс, тийрэн гэхчлэн нэрлэдэг ажээ. Эдгээрээс он улаан жил хий байдлаар оршин, байгалийн хүчтэй нэгдэн, биежиж, хүчирхэгжсэн сүнсийг тийрэн гэх бөгөөд дээр цагийн бөө улаач нар тэдний хүчийг ашиглаж чаддаг байсан тухай хууч яриа олно бий. Харин эдүгээ цагт жинхэнэ онгод тэнгэрийг биш, тэнэмэл төрөлтнийг буулгасан хүн бүхнийг “тийрэнтсэн” хэмээх болсон бөгөөд олонх нь үнэндээ тийм хүчирхэг болж амжаагүй албин чөтгөрийг л буулгасан байдаг. Чөтгөр хөлөлсөн бөө нар мөнөөх чөтгөрийг л хөллөсөн улаач шавь нарыг бэлтгэдэг нь үнэн билээ.

Ямар үйл, яагаад ирээдүйн “чөтгөр”-ийг бий болгодог хэрэг вэ?

Яавал эдгээр “муу сүнс”-нээс ангид байх вэ?

Улаач хүн “муу сүнс” буулгаж байгаагаа хэрхэн мэдэх вэ?

гэсэн асуултуудад хамтдаа хариулцгаая.

Ямар үйл, яагаад ирээдүйн “чөтгөр”-ийг бий болгодог хэрэг вэ?

Бид бурханы шашинд ихэд өгүүлэгддэг 10 хар нүгэлийн тухай ямар нэг хэмжээнд мэдлэгтэй гэж хэлж болно.

Нүгэл хэмээх буюу сөрөг эрчмийг хуримтлуулж, хорлол үрд хүргэдэг үйлүүдэд амьтны амь таслах, хулгай хийх, ариун бус явдал буюу завхайрал, худал хэлэх, хов хүргэх, ширүүн үг хэлэх, дэмий чалчих, шунал, хорон сэтгэл, буруу үзэл багтдаг. Хүн бүр эдгээр үйлийг огт үйлдэхгүй амьдарна гэдэг үнэндээ бодит байдалд нийцэмгүй. Харилцан адилгүй сэдлээр, харилцан адилгүй нөхцөлд бид эдгээр үйлийг хийдэг. “Би” хэмээгчийг эрхэмлэн бусдыг үл тоомсорлох сэдлээр нүгэл үйлдвээс түүний үр нь хэдэн арав дахин үржиж, үүрч баршгүй болдог бол бусдын төлөө гэсэн сэтгэлээр арга буюу үйлдсэн нүглийн үйл нь тийм хүндэд тооцогддогүй байна.

Тэгвэл гагц “БИ”-г чухалчлан дээдэлж ямар үйл хийгсэд төрлөө олж чадалгүй зуурдад гацдаг вэ?

- Амьтны амь таслагчид: Үхээсэй хэмээн өөрийн өсөөтнийг үзэн ядах хорслыг чин сэтгэлдээ агуулан амьтны амийг таслагсад, бусдын амь насаар зугаагаа гаргагсад, өөрийн амийг, амьдралыг авч жаргалтай болгох, аврахын тулд бусдын амийг егүүтгэгчид, тэнгэр бурхадаас хайрласан насны буянг үгүйсгэн өөрийн амийг хорлогсод хойд төрлийг ололгүй олон арав, зуун, мянган жилийн турш өдөр бүр, цаг хором бүрт үхлийн эрчмийг ялгаруулан оршдог. Цаг хугацаа өнгөрөх бүр сүүлийн төрлийн амьдралыг мартаж, өөрийг үл тоомсорлох хүн төрөлтнийг хорлох, тэднээс өш авах эрмэлзэлтэй болдог байна. Тэд сул дорой сэтгэц, эрчимтэй, өөрийн хяналтыг алдан мансуурч, сэтгэц, сэтгэлийн хэт хөдлөлд автагсдаас сонгон аажим аажмаар өөрийн нөлөөлөлд оруулсаар эцэст нь өөрийн адил “алуурчин”, “амиа хорлогч” болгож дөнгөдөг билээ.

- Хулгай буюу эс өгснийг авагчид: Хулгай гэдэг үнэхээрийн хар мөртэй үйл. Авсан хүн нэг тамтай, алдсан хүн арван тамтай гэдэг ам дамжсан яриа үнэний ортой. Учир нь зөвхөн хулгайчид бус хулгайд юмаа алдаж шаналсан хүмүүс ч зуурдад гацаж болдог. Яагаад хохирогч гэмтэй гэж хэмээн та гайхаж байгаа байх. Хулгайн хохирогч бүр гэмтэйд тооцогдохгүй л дээ. Гол нь алдсан зүйлийнхээ араас хэт шунан тачаадаж, харамсаж, хулгайчийг зүхэж, хараадаг, өөрийн алдсаны хойноос үхсэн хойноо ч эрэлд хатах тийм л сэтгэц, сэтгэлтэй хохирогчид л ирээдүйн “чөтгөр”-үүдийн эгнээнд багтдаг. Хулгайн хийх сэдэл нь ихэвчлэн өөрийн эрхэм “би”-гийн хүслийг хангах сэдлээр хийгдэж, ардаа олон хүнийг зовлонд унагадаг тул яах аргагүй том нүгэл юм. Өөрийн алдсан бүхний хойноос харамсан шаналах сэтгэл, гачигдал, хорсол, зовлон зүдгүүрийг амссан бүх хүний зовлонг мөн л хэдэн арав, зуу, мянга дахин өсгөж үүрэх үйлт амьдрал “хулгайч”-дын хүлээдэг. Хулгайлах гэхээр хүмүүс ихэвчлэн эд зүйл, хөрөнгө мөнгө гэж боддог ч үнэндээ бусдын эрүүл мэнд, амь нас, амьдрал, аз жаргал, хайрыг хулгайлах ч энд багтана.

- Ариун бусыг үйлдэгчид: Амьд ахуй үедээ шалиг самуунд хэт автаж, тэнгэрлэг мөс чанараа гээн, адгууслаг мөн чанарт урвагсад, шалиг самууны хүслээр бусдад хор хохирол хүргэгсэд, бусдыг уруу татагсад, ёс суртахуунгүй, тарчлаант, хүмүүн бусын үйлийг хийгчид энд багтана. Шалиглал завхайралд хүн автах тусам оюун санааны илүү дэвшингүй байдлаас ухардаг бөгөөд бусдын итгэл, сэтгэл, эрхэм нандин байдал, хүндлэлийг л үгүй хийхэд хүргэдэг. Тиймээс амиа тэжээхийн эрхэнд биеэ худалдагсдаас илүү шунал тачаалд автагсдад муу үйлийн үр илүү их хэмжээгээр ноогддог байна. Буруу хурцахуйд бага насны хүүхэд, өөрийн төрсөн эх, эгч, дүү, бусдын эхнэртэй зүй бусаар нөхцөгсөд хийгээд бусдын хүслийг харгалзалгүй хүч түрэмгийлэгчид, жирэмсэн эмэгтэйд хүч хэрэглэгчид ордог бөгөөд эдгээр үйлээс нь хамаарч хичнээн олно хүн хэдий хэр хэмжээнд зовон шаналснаас хамааран хэр хугацаанд “чөтгөрийн тэнэмэл сүрэг”-ийн гишүүн байх нь тодорхойлогддог.

- Арван хар нүглийн худал хэлэх, хов зөөх, ширүүн үг хэлэх, дэмий чалчих зэрэг бусад үйлүүд ч ялгаагүй. Тухайн үйлийг ямар сэдлээр хийж, эцэст бусдыг ямар зовлонд унагаж байгаагаас бүгд хамаарна. Хэлээр үйлдэх эдгээр нүглийн үрээр хэн нэгэн хүн амиа егүүтгэхэд хүрсэн, айлын амьдрал нурсан, аз жаргалгүй болсон, хайр бүтээгүй, хагацал үзэх зэрэгт хүргэж болно.

- Шунал бүхий л зовлонгийн үндэс болдог. Мөнгөний, эрх мэдлийн, өөрийн төсөөлсөн аз жаргалын төлөө бусдын амь нас, амьдрал, буй бүхнийг нь үгүй хийгчид энд багтана. Сэтгэлээр үйлдэх энэхүү үйл нь бусдыг болон өөрийгөө зовлонд унагах бүхйи муу үйлийг сэдэл болж өгдөг.

- Хорон сэтгэл буюу өш хонзон, атаа жөтөө, уур хилэнгээс үүдэн ямар их зовлон шанаал бий болдгийг хүмүүс бид бүгд мэдэх ч нисванисын энэхүү хорлолыг тэр бүр даван гарч дийлдэггүй билээ. Өөрт тохиолдсон зовлон зүдгүүрийн буруутныг хайн бусдаас өшөө авахаар тэмүүлэгчид, ийнхүү үйлдэгчдийн ирээдүй хаана байх нь тодорхой билээ.

- Буруу үзэл: Энэ тухай хүн бүр сайн мэддэггүй байх нь элбэг. Буруу үзлээс нүглийн эзэн бологсод өөрсдийгөө эцсийн мөч хүртэл үнэнтэй хамт байгаа гэж бодоцгоодог. Дундад зууны үед өрнө дахинд “шулмас”-ыг ангуучлах их аян болж, үй олон гэм зэмгүй увидаст эмэгтэйчүүдийг хөнөөсөн байдаг. Энэ түүх Монголд ч байсан, бөө мөргөлийг нугачан дарсан, их хэлмэгдүүлэлтийн үе гээд л. Ямар нэгэн үзэл суртлын үүднээс бусдыг үгүйсгэн, өөрийн тогтоосон хэм хэмжээний дагуу таслан зонсоох, шийтгэх зэрэг нь томоос том нүгэл байдаг. Түүнчлэн эцэг, эхийн хүүхдэдээ, эд хөрөнгөтний үлдээсэндээ хэт хоргодсон сэтгэл нь дараа төрлөө олоход хүндрэл учруулж, төөрсөн сүнснүүдийг бий болгодог талтайг анхаарах хэрэгтэй.

Яавал эдгээр “муу сүнс”-нээс ангид байх вэ?

o Мэдээж хамгийн түрүүнд муу сэдлээр нүгэл үйлдэхээ болих хэрэгтэй. Нүглийн оронд буян үйлдэж бай. Сайн сайхан бодол сэтгэлтэй, үйлдэл зөвтэй хүнд тэдгээр чөтгөрүүд ойртож ч чаддаггүй юм шүү. Учир нь ижил юм ижлээ татдаг гэдэг ертөнцийн хуулийн дагуу муу сүнс буюу сөрөг эрчмүүд өөрийн адил сөрөг бодол, үйл, сэтгэл, эрчим бүхий хүмүүст л ойртож, ижилсэж, нэгдэж чаддаг байна.

o Ухамсар сарних байдалд бүү ор. Ямар тохиолдолд ухамсар сарнидаг вэ гэдгийг сайн мэддэг байх хэрэгтэй. Архи ууж согтсон, мансуурсан, сэтгэлийн цочмог хөдөлгөөнд автаж, биеэ, бодол ухаанаа хянах чадваргүй болсон, удаан хугацааны туршид сэтгэл хямарч шаналсан хүмүүст Чөтгөрүүд ойр байдгйиг бүү март. Тэдний нөлөөнд автсанаар сэтгэл шаналах, хямрах байдлаа хянан зогсоох чадваргүй болох, архи, мансуурах бодист хяналтгүй автах, донтох, зан байдал асар ихээр өөрчлөгдөх, элдэв муу үйл хийх, гэмт хэрэгт холбогдох зэрэг зүйлс тохиолдож байдаг.

o Сөрөг муу эрчим бүхий газар, хүмүүс, зан үйлээс хол байж сур.

- Улаач хүн “муу сүнс” буулгаж байгаагаа хэрхэн мэдэх вэ?

Буруу муугийн тухай өгүүлэхээс өмнө зөв зүйтэй нь ямар байдгийн тухай цухас дурдая.

Өндөр түвшиний тэнгэрүүд нисвэнис ихтэй улаачид ойртож буудаггүй. Учир нь тэд бидний бохир эрчимд ойртон нэгдэхээргүй гэгээлэг ариун байдаг. Тиймээс ч өнөөгийн түвшинд ховорхон холбогдсон тэдгээр дээд төрөлтнүүд улаачтайгаа ихэьчлэн “транс” хэлбэрээр холбогдон мэдлэг, мэдээлэл, дүрслэл өгдэг бөгөөд үг сургаальд нь гэгээрэл, ариусал, үйлийн үр, ертөнцийн мөн чанар хийгээд даян дэлхий, дайдын улсууд, төр гүрний асуудлууд багтсан байдаг. Дундаж түвшний буюу онгод сахиусууд улаачдаа буусны дараагаар хүмүүст байдаг зан авир гаргах нь бий. Учир нь тэдгээр онгодууд тэнгэр бус төрөлтөнд хамаардаг бөгөөд бүрэн ариусч гүйцээгүй зарим төрлийн нисванисийн үйл багагүй байдаг нь ажиглагдсан юм. Гэсэн хэдий ч онгодууд өөрсдөө илүү дээд түвшин өөд тэмүүлж байдаг тул улаачийгаа зөв зүгт залж, буруу, муугаас салган хүмүүжүүлж, гэм нүглийг нь ариусган, мэдлэг ухаанд сургадаг. Тухайлбал: Онгодууд удамдаа болон улаач, түүний гэр бүлийнхнийг муу зуршлаас ангижруулан, буян хураан дуудахын тулд 3 жилийн хугацаатай архины хорио тогтоосон нэгэн улаачийн онгодуудтай золгоход архи хэмээгч бузрыг дагуулж, буртагийг арвитгаж байдаг зүйл хэмээн хөөрөлдөж билээ. Түүнчлэн Ёс гэдэг ёмбогор шүү, ёс заншлыг зүгээр нэг зохиодоггүй, утгатай тул хий, учиртай тул дага хэмээсэн юм. Иймэрхүү жишээ олон бий.

Дээр “муу сүнс” –нүүдийн тухай өгүүлсэнчлэн уур хилэн, өшөө хонзогнол, шунал тачаал, бусдыг хорлох сэтгэл, хууран мэхлэлт бүхий “тэнгэр” байдаггүй. Анх буулгахад үнэн зөвийг нь ялгахад амаргүй байж болох ч улаач болж буй хүмүүс дараахи зүйлсийг мэдэхэд илүүдэхгүй.

o Юуны өмнө өөрийг тань тэнгэртэй холбон замжилж буй багшийг таних хэрэгтэй. Багшийн зан байдалд шунал, бусдыг айлгах сүрдүүлэх үйл, хэн нэгнийг үзэн ядах, өшин хорсох сэтгэл буй бол байнга архидан мансуурч, бусдад муугаар нөлөөлж байгаа бол Танд тэр багш хэрэггүй. “Чөтгөр” буулгадаг багш “чөтгөр” буулгадаг шавийг л босгодог юм.

o Таны буулгасан “өвөг дээдэс” тань архи, эд хөрөнгө, мөнгөнд шунамхайрч, бусдыг хорлох сэтгэлтэй байгаа бол, эсхүл улаачийн тийм мэт үйлийг өөгшүүлж байгаа бол сайн мэдэх хүнээр дахин шалгуулаад үзэх хэрэгтэй. Мэргэн хийгээд увидаст чадвар сайн муу бүхий л сүнсэд байдаг гэдгийг бүү март.

o Өөрийн амьдрал байдалд үнэлэлт хийж, сөрөг сэтгэлийн хөдөлгөөн, сэтгэц, эрчмийг ариусгах үйлийг хийх хэрэгтэй. Цэвэр зүйлд цэвэр зүйл л татагдах болно. Хэрэв та өөрийн үйлийн үрийг ариусган, бясалгал, ариуслын дадлаар энергиэ цэвэрлэж чадвал танд “чөтгөр”-тэй багш тааралдахгүй бөгөөд “чөтгөр”-үүд ч хол байх болно.

o Нэгэнт муу зүйлтэй холбогдсон бол тэнгэрийн хэмээх үйлээсээ хэсэгтээ завсарлага авах хэрэгтэй. Энэ хооронд сэтгэц, сэтгэл, үйлээ ариусгаж чадвал, хуучин найз чинь эргэн ирэхгүй.

Эх болсон зургаан зүйл амьтдын нэгт дээрх өгүүлсэн “муу сүнс”-үүд бүгд ордог бөгөөд энэ ертөнцөд зовлон эдлэгч амьтдын нэг тул тэгтлээ их жигшин дургүйцээд хэрэггүй. Учир нь юунд анхаарна түүнд хүч оршино гэдэг шүү дээ.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
Haha (зочин)

Bj

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)