ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ: ТЭНГЭРИЙН УЛААЧИЙН ҮҮРЭГ

ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ: ТЭНГЭРИЙН УЛААЧИЙН ҮҮРЭГ

ТЭНГЭРИЙН УЛААЧИЙН ҮҮРЭГ

Мөнх тэнгэрийн улаач байна гэдэг асар их үүрэг хариуцлагыг хүлээнэ гэсэн үг. Улаач хүн хэний өмнө ямар үүрэгтэй байдаг энд дэлгэрүүлэн өгүүье. Үнэндээ улаачийн үүргийг дотор нь Мөнх тэнгэрийн, орчлон ертөнцийн, байгаль эх дэлхийн, Монгол гарвалийн, угсаа язгуурын, удмын, төрт улсын, түмэн олны, төрсөн биенийхээ өмнө хүлээсэн үүрэг хэмээн ангилан үзэж болно. Хамгийн гол нь олон улаач энэ цаг үед хэн байж, ямар үүрэг биелүүлэх ёстойгоо ухаарч ойлгоогүй яваа билээ. Бүгд адил үүрэгтэй ч биш. Хүн бүрт хийж чадах зүйлийг нь л онооно.

Юуны өмнө хэнд ямар үүрэг оноодог тухай товчхон дурьдая. Улаач нарын тэнгэрийн өмнө гүйцэтгэх үүргийг эрэмбэлэн судалсны дүнд дараахи байдал тодорхой болсон юм. Гэхдээ энэ нь харьцангуй цөөн улаачийн дунд хийсэн судалгааны дүн тул та бүхэн эцсийн үнэн гэж хүлээн авах хэрэггүй байж мэдэх юм.

Тодорхой үүрэг хүлээсэн гэх улаач нарыг дотор нь ангилан үзвэл:

  • Мөнх тэнгэрийн улаач болохын хувьд улаач бүр түүний өмнө өөрийн гэсэн үүрэгтэй байдаг. Энэ нь тэнгэрийн үйлийн түүний зарлигаар, түүний нэрийн өмнөөс гүйцэтгэж байгаагийн хувьд үүрэх ёстой наад захын ёс суртахуун, зан үйлийн хэм хэмжээнээс гадна түүхэн цаг үетэй холбоотой үүрэг юм. Улаач хүн бол Мөнх тэнгэрийн албат, тэрээр тэнгэрийн хуулийг дагаж, газрын ертөнцөд ажиллах ёстой бөгөөд буруудваас дээд тэнгэр цээрлүүлдэг учиртай. Тэнгэрийн хууль хийгээд түүхэн үүргийн тухайд бид дараагийн бичлэгүүдэд дэлгэрүүлэн авч үзэх болно.
  • Улаач хүн орчлон ертөнцийн нэгж хэсэг болохынхоо хувьд, түүний зүй тогтол, хуулийг даган мөрдөх ёстой төдийгүй үнэн мөн чанар, учир зүй тогтлыг бусдад таниулан сургах үүрэгтэй байдаг. Эрхэс тэнгэртэй, хөрст дэлхийтэй ч харьцах нарийн ухаан мэдлэгийг өөрийн удмын тэнгэрүүдээс суралцдаг бөгөөд дараагийн үедээ уламжлуулан дамжуулна. Хүн биднээс ялгарах сэтгэцийн энерги дэлхийн агаар мандал нөлөөлдөг тухай зарим бясалгалын гэгээрэгсэд өгүүлдэг билээ. Тиймээс бодлоороо, үйлээрээ ч эх ертөнцийнхөө эсрэг үйл үйлдэх учиргүй бөгөөд байгаль дэлхийгээ хамгаалж, зөв харьцаж, ашиглаж байх учиртай. Бөө улаач нарын байгаль орчинтай харилцах харилцааны тухайд олонтаа бичдэг тул энд цухас дурьдаад орхие.

Ямартаа ч зөвхөн уул ус тахих төдийхнөөр энэ үүргийг хязгаарлах ёсгүй билээ. Уул уурхайд түшиглэсэн эдийн засгийн эрчимтэй хөгжлийн цаг үед энэ үүргийг хэрэгжүүлэх нь амаргүй байж болох ч нийгмийн ухамсарт, хүүхдүүдийн төлөвшилд эерэгээр нөлөөлөх чиглэлд анхааран ажиллах нь зүйтэй байж болох юм.

Мөнх тэнгэр өчил андгай өргөсөн нэгэн улаачийн андгайд энэ үүргийн талаар дараахи байдлаар оруулсан байдаг.

...Алтан судлыг тань

Аван тасалж

Ариун цогцсыг тань

Аюулд хүргэгсэд ...

Хэр хэмжээг хэрэгсэхгүй

Хичнээн хэлэвч ухаарахгүй

Шунал хүслийн боол бологсдод

Шударга үнэний хэмжүүр больё...

Бөө улаач гэхлээр л бөөлөхөөс өөр зүйл хийх ёсгүй мэт аашлах нь буруу. Төр улс, нийгэм, эдийн засгийн хөгжлийн бүхий л салбарт өөрийн сурсан мэдсэн эрдэм, боловсрол, ажил мэргэжлийн дагуу ажиллаж, сурч, хөгжиж, бүтээж байх ёстой.

  • Дээд тэнгэр гарвалт Монгол хүн болж төрснийхөө хувьд, тэрхүү Монгол гарвалт удмын улаач болсныхоо хувьд үүрэг хүлээдэг. Чухамдаа Монгол хэмээх үндэстнийг өөдлүүлэн хөгжүүлэх, үндэс угсааг нь таслахгүй байх, үеэс үед дамжих муу үйлийн үргүй байлгах, Монгол хүний үнэт зүйлсийг ариун байлгаж, үнэ цэнэ, нэр төрийг нь өндөрт өргөж явах хийгээд бусдыг үлгэрлэн дагуулах, заан сургах үүрэг юм.
  • Төр улсынхаа өмнө үүрэг хүлээн бөгөөд энэ нь удмын дээдсийн үүргийг үргэлжлүүлэх хийгээд өөрөө дэвшүүлэн үүрэгдэх 2 янз байна. Түүхэнд ямар улаач хэдий чадал, эрдмийн дээдэд хүрсэн байлаа ч төрийн хууль цаазыг сөрөх, ямар ч өндөр дээд онгод тэнгэр төрийн сүлдний дээгүүр давах учиргүй байж ирсэн билээ. Тиймээс тусгаар тогтносон, хүчирхэг төрт улсын шударга, хариуцлагатай иргэн нь байж, хэрэгтэй цагт амь хайрлалгүй тэмцэх нийтлэг үүргээс гадна удмын хүмүүст эх оронч үзлийг төлөвшүүлэх, тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлөх үйл явдлын эсрэг байр суурьтай байж, ард олныг уриалан тэмцэх зэргийг энд дурьдаж болно. Өвөг дээдэс нь төрийн үйлийг хэрэгжүүлэгч байсан тохиолдолд удмын үрс, тэр дундаа улаачид өөрсдийн адилаар байж, их үйлийг бүтээхийг сургамжлан, замыг засч өгдөг тохиолдол цөөнгүй бий. Энд жишээ болгон нэгэн улаачийн өндөр тэнгэрт өргөсөн андгайн хэсгээс орууллаа.

Мохошгүй зоригтны хийморийг бадрааж

Мөхөшгүй галын үндсийг тэтгэгч

Мөнхөд орших эрхэт үндэстэн

Монгол төрийн их шүтээн...

Хаан төрийн минь сүлд тэнгэр

Хамаг Монголын дээд шүтээн

Хар цагаан алаг сүлднээ

Хамаг хүчээ өргөн зүтгэе...

Энэ цагийн улаач нарын хувьд төр улсынхаа хөгжил, дэвшил, тусгаар тогтнолын төлөө үнэнхүү чин сэтгэлээр зүтгэж яваа таөрийн түшээдийн замыг засах, дэмжин туслах үүрэгтэй байх нь цөөнгүй.

  • Мөнх тэнгэрийн улаач түмэн олныхоо өмнө тэжээн тэтгэх, соён гэгээрүүлэх, дэмжин туслах гэсэн үүрэгтэй. Ард олноо тэжээн тэтгэх үүргээ биелүүлж явсан тухайгаа нэгэн тэнгэр дээдэс:

...Өнчрөгсдийг тэтгэж

Өлссөнг хооллож

Өвдсөнг эдгээж

Өглөг буянд гар татаагүй

Хугарсан ясыг залгаж

Хагарсан тогоог ч эвлүүлж

Хар домын шидээр

Хамаг олонд тусалж явсан

Үхсэн хүнийг ч амилуулж явсан

Үгүйрсэн хүнийг ч баяжуулж явсан

Үлгэр туулийг ч хайлж явсан

Үнэн шударгуу мөртэй л явсан...ийнхүү өгүүлсэн байдаг.

Өвөг дээдсийнхээ хийж ирсэн энэхүү буянт үйлийг үргэлжүүлэх нь улаачийн чухал үүрэг бөгөөд энэ улаач нар:

...Аврал гуйсанд нь адислал болж

Ач санасанд нь буян буулгаж

Алдаж эндсэнд нь өршөөл болж

Арцалдан сөргөсөнд нь ухаарал хайрлаж... явах учиртай юм.

Мөнх тэнгэрийн улаач ард олноо дэмжин тэтгэх үүрэгтэй. Энэхүү үүрэгт өнчин ядуус, өвдөж, зовсон олноос илүүтэй амьдралын төлөө үнэн ариунаар тэмцэж буй олонд дэм болох, сурч хөгжихөд туслах үйлүүд багтана.

Соён гэгээрүүлэх үүргийн дараагийн бичлэгт илүү дэлгэрүүлэн авч үзэх болно. Үе үеийн бөө улаач нар мэдлэг, оюунаар тэргүүлэн, үлгэрлэгчид байжээ. Тиймээс ч:

Ухаантай бүхний урьд нь тэргүүлж

Эрдэмтэй бүхний эхэнд нь зогсож... ирсэн бөгөөд

...Хэрэггүй бурууг

Хэлж ойлгуулж

Хэнэггүй нэгэнд ч

Хүргэж таниулж... ирсэн билээ.

  • Хоормог шиг холилдож, хошного шиг чихэлдсэн Монголчуудын хувьд хэний угсаа, аль овгийн хэн гэдгээ мэдэх нь хүндрэлтэй асуудал юм. Овогийн соёл устаж үгүй болсон гэж болох нийгмийн хөгжлийн явцад ном зохиолд дурьдагдсан цөөн тооны овгийг ардчилсан нийгмийн үед ургийн овог болгон авсан байдаг төдийгүй ойрын удамд байсан хэн нэгний нэр алдар, нутаг усаараа овоглосон нь их бий. Бөө мөргөлийн дахин сэргэлтийн энэ жилүүдэд өөрийн уг гарвалийг тодруулан судлах сонирхол, хэрэгцээ их болсон. Энэ асуудлаар хувийн сонирхлоор судалгаа хийдэг нэгэн улаачтай ярилцахад “Миний дээд үед хамгийн багадаа 13 овог багтсан байна, тэдгээр овгийн тэнгэр дээдсүүд бүгд миний өөрсдийг хэрхэн хүндэтгэн дээдэлж, хэрхэн үзэхэс хамааран итгэл хүлээлгэх эсэхээ шийдэж, ядан байна” хэмээсэн юм. Улаач нар зөвхөн эцгийн талаас сонгогддоггүй бөгөөд тэр утгаараа зөвхөн эцгийн ургийн овогт багтаж явах боломжгүй болдог. Өөрөөр хэлбэл, хувь хүнийхээ хувьд аль нэг овгийг төлөөлөх ч улаач хүнийхээ хувьд “Монгол” гэсэн их овгийг төлөөлөх шаардлагатай болох нь бий.

Уг гарвал, ураг овогийн тухай мэдлэг өнөө үед хангалтгүй байгаа бөгөөд өөрсдийгөө аль нэг ястаны төлөөлөл болгон авч үзэх байдал түгээмэл. Түүхэндээ ястан хэмээх ойлголт нь хожуу гарч ирсэн бөгөөд нэг нутаг усанд он удаан жилээр амьдач, нэгдмэл соёл, эдийн засагтай болсон хүмүүсийг тийнхүү нэрлэдэг. Эдүгээ цагийн “халх” хүмүүс ч XV дугаар зуунаас гаралтай бөгөөд монгол угсааны арав гаруй овгууд голлон нийлж үүсгэсэн байдаг. Мөнөөх улаач өөрийн андгайд:

...Монгол гэдэг язгуур л

Мөхөс үрийнх нь язгуур болог

Мохошгүй их зоригтны

Мөхөшгүй удмын үргэлжлэл байг... хэмээн өгүүлсэн байна.

Тиймээс энэ цагийн улаач нар өөрсдийн өвөг дээдсийн овогийг тодорхойлон судалж, үр хүүхдүүддээ заан сургаж явах нь чухал.

  • Улаач бүрийн хамгийн сайн мэддэг үүрэг бол удмын өмнө хариуцлага хүлээх явдал юм. Удмын өмнө үүрэг хүлээнэ хэмээн улаач болчоод туслах нь бүү хэл өглөг нэхэж, өөрийн өмнө бөхөлзүүлдэг улаач нар мэр сэр бий болсон нь харамсалтай. Улаач хүний удмын өмнө хүлээсэн үүргийг тухай өөр нэгэн улаачийн андгайд дараахи байдлаар өгүүлсэн байдаг.

...Үеээс үеэд уруудан унаж

Удам угсаагаа мартан будантаж

Өвөг дээдсээ өдгөө танихгүй

Үр хойч үеийнхнийг чинь...

...Цаг цагийн элээх өдрүүдэд

Цаадахи наадхийг нь таниулан

Өнө эртний үргэлжлэл гэдгийг нь

Өөдлөх ирээдүйн үндэс гэдгийг нь

Хүлэр Монголын удам гэдгийг нь

Хүндлэлтэй дээдсийн үрс гэдгийг нь

Өөдлөн босох заяатай гэдгийг

Өдгөө цаг нь болсон гэдгийг нь

Бодол ухаанд нь болгоолгуулж

Болчимгүй сэтгэлд нь таниулж

Итгэл сэтгэлд нь бишрүүлж

Ирээдүй хойчид нь сургая...

Удмын өмнө хүлээсэн үүргийг зөвхөн нэгэн цаг дор хамтдаа амьдран буй хүмүүсийн тухайд авч үзэх нь хэт өрөөсгөл юм. Учир нь удам гэдэгт өвөг дээдэс нь ч, эдүгээ төрөөгүй байгаа ирээдүй хойч нь орно. Тэгвэл тэдний өмнө ямар үүрэг хүлээх ёстой хэрэг вэ?

Өөрийн удамд байсан хүмүүсийн тухай мэддэг байх, нэр алдар, хурсан буянтайг нь судалж, суралцах, бусдад заан сургах зэргээс гадна зөвхөн улаач хүн л хэрэгжүүлэх боломжтой чухал үүрэг бий. Энэ нь хойд төрөлд одуулах явдал юм. Өөрөөр хэлбэл удмын хүмүүсээс нас барсан ч төрөл олоогүй төөрч яваа хүний сүнсийг амиржуулах, төрөл олоход туслах, эргээд амьд буй хүүхэд, төрөл төрөгсдөдөө муугаар нөлөөлөх, нөлөөллийг сарниулах, таслан зогсоох, бөө улаач байсан хүмүүсийн ёсыг дутуу буюу буруу гүйцэлдүүлснээс болж лусаас салж чадаагүй онгод сүнсийг дэгдээж, дараахи зан үйлийг үйлдэх зэрэг үүргийг гүйцэлдүүлнэ.

Харин ирээдүйн хойч үеийнхэнд зориулж, удамд мунхаг ухаан, өвчин зовлонтой хүүхэд төрөх замыг засч залруулах, удмын хүүхдүүдийн үүрэх ёстой муу үйлийн үрийг нь хөнгөлөх зэргээс гадна удам, зөв амьдрах ухаан, ертөнцийн мөн чанарыг тухай гэр бүлийн хүрээнд суралцаж, мэдэх залгамжилсан уламжлалыг бий болгох ёстой.

Удмын хэмжээнд байгаа хараал, хорлолыг цайруулж, үүрэх ёстойг нь үүрч, ариусган засах боломжтойг арчилж, улмаар өөдлөн дэвжих их буяныг хурайлан дуудаж, хэнийг нь ч орхилгүй харж энэрч явах нь удмын улаачийн эрхэм үүрэг билээ.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)