ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ: ӨНДӨР ТЭНГЭРТ ӨРГӨХ ӨЧИЛ АНДГАЙ

Юуны өмнө өчил болон андгайн ялгааны тухай өгүүлье.

Өчил бол үнэнийг тоочин өгүүлэх үйл юм. Харин андгай бол амлалт юм.

Өчил нь өнгөрсөн болон өнөөгийн төлөв байдлыг өгүүлдэг бол андгай нь ирээдүй цагт чиглэсэн байдаг ажээ.

Өчил нь үнэний тухай мөн чанарыг агуулсан байдаг бол андгай нь цаашид даган мөрдөх үнэт зүйл, хэм хэмжээг өөртөө багтаасан байдаг байна.

Тэнгэрийн тамгат улаач нартаа зориулж энэ цагийн нэгэн улаачийн өндөр тэнгэрт өргөн мэдүүлсэн өчил андгайн хэсгээс оруулах зөвшөөрлийг авч чадсан юм.

Тэрхүү улаач нэгэн өндөр тэнгэрийн улаачдаа өгүүлсэн:

... Өргөл цацал юугаа

Өөдтэйхэн өргөөрэй

Өршөөл аврал юугаа

Өчинхөн хэлээрэй...

Өчил андгай гэдэг чинь

Өөр л зүйл байдаг шүү. . .

гэсэн айлдварыг мөрдлөгө болгон дээд тэнгэрт өчил андгай өргөхөөр шийджээ. Өчил гэдэгт тэрээр өөрийн үнэн байдлаа учирлан тоочсон бөгөөд андгай тавин дээд тэнгэрийн үнэнч, зөв зам мөртэй, тэнгэрийн улаач байна гэдгээ тангарагласан.

Ганц хүний жишээ хэмээн буруутгах аргагүйн учир нь энэхүү өчил, андгайг өргөхдөө холбогдох бүхий л ном судар, ижил ойролцоо жишээ болгоныг судлан үзсэн байгаа бөгөөд дээд тэнгэрт ч хүргэж чадсан байна. Олон талаар судлан бүтээсэн энэхүү андгай та бүхэнд ч тус нэмэр болж чадна гэдэгт итгэж байна.

Өндөр тэнгэрт өргөсөн өчил, андгай нь дотроо:

- Урин дуудлага;

- Талархал магтаал буюу залбирал;

- Өчил;

- Андгай;

- Даатгал;

гэсэн хэсгүүдээс бүрдсэн ажээ.

Хэнд хандан өгүүлж байгаас хамааран хэнийг хэрхэн дуудах нь ялгаатай байж болно. Түүхийг нь өгүүлэгч улаачийн хувьд Мөнх тэнгэр, Монгол язгуур, Уг гарвал, өвөг дээдэс, Этүгэнд хандсан байгаа юм.

Юуны түрүүнд дээд тэнгэр, бүхнийг эрхшээгчдэд ханджээ. Жишээ нь:

Өнө Мөнхийн тэнгэр эцэг минь

Өнгөт орчлонг ивээгч тэнгэрүүд минь

Болгоогтун

Хөрст их этүгэн эжий минь

Хүй ертөнцийг ивээгч тэнгэрүүд

Анирдахтун

Ертөнц даяарыг эрхшээсэн

Ерэн есөн тэнгэрүүд минь

Мэдтүгэй

Хаадын дээд хаад нь болсон

Хан 33 хурмаст тэнгэрүүд минь

Соёрхтугай ...

гэхчлэн дээд тэнгэрийн ивээгчдийг болон дэвжит лусын наян найман, дайдын их далан долоон тэнгэрийг ч магтан дуудсан байдаг. Урин дуудлагын нэгэн сонирхолтой хэсэг нь лусын ертөнцийнхөнд хандсан байдал юм. Үүнд:

Орон хангайн хайрхадууд

Оргил өндрийн савдгууд минь

Хад чулууны хаадууд минь

Ус голын лусууд минь

Ургамал бүхний эздүүд минь

Сонордогтун...

хэмээн ерөнхийд нь өгүүлэхээс гадна

Мөнх тэнгэрээс ивээлтэй

Мөнхийн их лусууд минь...

гэхчлэн хар, хөх, алаг бүхий л лусыг гарал хийгээд байрлалынх нь хамтаар өгүүлсэн байна.

Харин уг гарвал, удмын тэнгэрүүддээ дараахи байдлаар ханджээ.

...Түмэн үеийн тэнгэр төрөлтнүүд минь

Буман үеийн буурал дээдсүүд минь...

...Мөнх тэнгэр мөргөлтөнгүүд минь

Мөнхийн лусан хамжаатангууд минь

Өнө эртний гарвалууд минь

Өндөр дээд суудалтнууд минь...

...Ухаан билгийн ундаргатангууд минь

Увидас эрдмийн оргилтонгууд минь...

...Хүлэр Монголын тэнгэрүүд минь

Хүчирхэг дээдсийн язгуурууд минь...

...Заяа ихтэй заяачид минь

Замбуулин хорвоогийн эзэд минь...

...Зүмбэр улаан тэнгэрүүд минь

Зүс их таниатангууд минь...

...Далай их тэнгэрүүд минь

Дайчин ихээ баатрууд минь...

гэхчлэн магтан дуудсан бөгөөд тэнгэрийн буудал суудал, уналгыг тодорхойлон өгүүлсэн байлаа. Тухайлбал:

...Хөх тэнгэрээр эргэлттэй

Хөвөн үүлсэн дамжлагатай

Хүрэн бүргэдийн дэвэлттэй

Хүчит шонхорын шунгалттай

Хүчирхэг баавгайн хүрхрэлтэй

Хөх чонон хүлэгтэнгүүд минь

Хүлэг морин уналгатангууд минь...

...Наран саран суудалтангууд минь

Нарийн тоосон биетэнгүүд минь

Хий ховс биетэнгүүд минь

Хийсгэлэн үүлэн дүртэнгүүд минь

ийнхүү улаач өөрийн зүгээс хандан өчил, андгай өргөх эвээлтэн бүгдийг дуудсаны дараагаар:

...Анирдан бүгдээр сонсогтун

Аврал өршөөлдөө багтаагтун

Сонордон бүгдээр сонсогтун

Сүр хүчээрээ ивээгтүн

Болгоон бүгдээр сонсогтун

Буян хишгээ хайрлагтун... хэмээн өгүүлжээ.

Үүний дараагаар өчил хэсэг эхэлж байгаа болно. Улаач өчилдөө өөрийн алдаа бурууг ухаарч, засч залруулахыг эрмэлзэн буй тухайгаа дараахи байдлаар өгүүлсэн байна.

...Энэ цагийн хүн үр

Элч тэнгэрийн улаач заяатан

Үсэрсэн цусны тань дусал

Сацарсан ёсны тань хэлтэрхий

Угаас тэтгэсэн заяатан

Удмаас тамгалсан тэмдэгтэн

Улаач тавилантай жолоотон...

...Өдгөө цаг дор та нартаа

Өчин мэдүүлэх үгс байна

Өндөр дээд тэнгэрүүддээ

Өргөх тангараг бас байна

Төөрөг тавилант үр нь

Төрсөн цагаасаа эхлэн

Тэнгэрийн ёсыг умартан

Тэрсэж явсанд өршөө

Эргэцэж удаан төөрсөн

Элдэвлэж бурууг үйлдсэн

Будантаж зөндөө төөрсөн

Буруу зөрүүг үйлдсэн

Будилж ихээр алдсан

Бузар мууд автсан

Үг сургаалийг тань сонсолгүй

Үүрэглэж удаан орхисон

Урагшгүй муу улаачийгаа

Уучилж өршөөнө үү тэнгэрүүд минь

Улаач заяаны учиртайг танин

Ухаарал сэхээрлээр замаа засан

Угийн их тэнгэр дээдсүүдтэйгээ

Учран золгох замдаа шулуурая даа...

Ийнхүү өчил буюу танин ухаарсан үнэнийг өгүүлсний дараагаар амлалт буюу андгай хэсэг эхэлнэ. Андгайг Мөнх тэнгэр, Этүгэн эжий, Өндөр төрийн сүлд, Монгол дээд язгуур, Уг гарвал, удмын тэнгэрүүдэд хандан өгүүлсэн бөгөөд тус бүрийн өмнө өргөсөн андгайд өөр хоорондоо уялдаатай хэдий ч өөр өөр үйлийг үнэнчээр үйлдэж, даган мөрдөж явахаа амалжээ. Тухайлбал: Мөнх тэнгэрт хандан дараахи андгайг өргөжээ.

...Ухаантай бүхний урьд нь тэргүүлж

Эрдэмтэй бүхний эхэнд нь зогсож

Билигтэй бүхнийг биечлэн хөтлөн

Бөө мөргөлийг бишрэн өгүүлсү

Энэ цагийн эрдэмтэй үрсийг

Эзэн тэнгэрт итгүүлэн бишрүүлэхэд

Эрдмийн дээд тэнгэр ухаанаар

Эрхэм та нар минь ивээж хайрлаарай...

Харин Этүгэн эхэд хандан өгүүлэх андгайд байгаль дэлхийгээ хамгаалагч, бусдыг уриалан дуудагч, үлгэрлэгч байхаа амалсан байна.

...Хүн заяанд төрсөн үр нь

Хүй цөглөсөн дэлхий ээжийгээ

Хүрэлцэх үйл бүрээрээ

Хүч чадал эрдэм юугаараа

Харж хамгаалж явья

Халуун сэтгэлтнийг уриалъя...

...Ээж юугаа хөндөхөөс

Эрдэм юугаа хөгжүүлэх нь

Илүү дээр гэдгийг

Энэ биеэрээ харуулья

Этүгэн ижий минь ивээлээ үзүүлж

Энэхэн үрийгээ дэмжиж хайрла... хэмээсэн байна.

Монголчуудын эрт цагаас хамгаас дээдэлж ирсэн, тэнгэр, онгодуудын ч эрхэмлэдэг зүйл бол Өндөр төрийн сүлд тэнгэр байдаг билээ. Өндөр төрийн сүлд өршөөж байгаа цагт төр улс нь бэхжин хүчирхэгжиж, түэм олон нь амаржин жаргаж, тухайн хувь хүний ажил үйлс нь өөдрөг байж, их үйлийг хийх зам нь засагдаж байдаг гэдэг. Улаачийн андгайд төрийн сүлдэд зориулан өргөсөн үг байдаг бөгөөд чухам юуг амлан андгайлсанг энд дурьдах боломжгүй билээ. Тиймээс өндөр төрийн сүлдийг магтан дуудсан бүлгээс хэсэгчлэн оруулая.

...Өнө эртний өвөг дээдсийн минь

Өргөн дээдэлж амилуулж дагасан

Өндөр төрийн сүлд таны

Өлмий батжин өөдлөн мандаг ээ...

...Хаан эзний сүрийг тэтгэгч

Хасбуу их тамга тэнгэр

Нармай Монголыг нэгтгэх эрч

Нартыг олныг сөхрүүлэх хүч...

Андгайд төрийн сүлд тэнгэр, хасбуу тамга тэнгэрийг нэг талаар магтан нөгөө талаар утга үйлийг нь дүрслэн өгүүлсэн нь сонирхол татаж байлаа.

Түүнчлэн уг гарвалиа үгүйсгэлгүй дээдэлж явах тухай өгүүлэхдээ “Хоормог мэт холилдож, хошного мэт чихэлдсэн Монголчуудаас миний өвөг дээд гарвал болох хэнийг нь үгүйсгэлгүй адилхан дээдлэх болноо гэдгийг андгайд оруулж өгсөн байна. Энэ тухай:

...Алиныг тань ч адлалгүй

Адилхан дээдлэхээ андгайлъя

Хэнийг тань ч ялгалгүй

Хүндлэн дээдлэхээ андгайлъя...

...Өдгөөгийн үр нь танихгүй ч

Өөрийг минь гэвэл ялгахгүй ээ

Эрин үеээр чинь мэдэхгүй ч

Эргэж тойрсонд тань талархая...

...Монгол гэдэг язгуур л

Мөхөс үрийнх нь язгуур болог

Мохошгүй их зоригтны

Мөхөшгүй удмын үргэлжлэл байг... гэжээ.

Түүнчлэн уг удмын тэнгэр дээдсийнхээ тухай өгүүлэхдээ өөрийг нь товлож, тамгалсанд талархан буйгаа илэрхийлэхийн хамтаар их үүрэг хариуцлагыг ч үүрэх болно гэдгээ ухамсарлан ойлгож байгаа тухай өгүүлсэн байна. Үүнд дараахи мөртүүдийг

...Эрин зууныг элээн тоолж

Эдүгээ цагийг эртнээс товлож

Эзэн тэнгэрийн эрхшээх цагт

Их үйлсийг бүтээлгэхээр

Мөчир салаа уг удмаасаа

Мөхөс намайг сонгон тамгалж

Олон олон үр удмаасаа

Онцолж ихийг бүтээнэ хэмээн

Итгэл сэтгэлээр ивээн тамгалж

Эрслэн босохыг минь хүлээн ирсэн... дурьдаж болно.

Уг гарвалийн болон удмын тэнгэрүүддээ андгайлан амалсан зүйл цөөнгүй бөгөөд энд цухас дурьдах байдлаар цөөн хэдэн мөртийг орууллаа.

...Уруудаж доройтсон үрсийг тань

Өөдлөн босоход нь түшиг болъё

Хар бараанаас нь хамжин салгая

Хатуу заяанаас нь хагаслан тэтгэе...

Өчил андгайн дараагийн хэсэгт нэгэнт өөрийн хийх зүйлийг, даган мөрдөх ёс журмыг тодорхойлон, андгайлсан тул эс хийвээс хэрхэх тухай хариуцлагын тохиролцооны санал гэж хэлж болохуйц хэсгийг оруулсан байна. Хариуцлагыг дараахи байдлаар өгүүлжээ.

...Уруу доройд автан сөгдөж

Ухаан билгээ самуунд хутган

Ухаарч танилгүй эндэж алдваас

Урвалаа гэж ойлгоорой...

...Өнгөрсөнөө сөхөн хямарч

Ирээдүйдээ зовнин шаналваас

Өршөөлт тэнгэрүүддээ итгээгүйн нүгэл

Ивээл хайрыг нь таниагүйн алдаа болог...

...Ухаан бодол, үг үйлээрээ

Угийн тэнгэр, удмын дээдээсээ

Урваж няцаж, итгэлийг алдваас

Увидас эрдэм, сүр хүч

Ухаан билэг, буян заяаг тань

Урагшгүй мууд ашиглан

Ухаангүй тэнэг авирлаваас

Уучлан өршөөлгүй ниргэгтүн

Угийн тэнгэрүүд минь мэдтүгэй...

Өндөр тэнгэрт өргөсөн өчил андгайн дараах томоохон хэсэг нь “даатгал” юм. Улаач нь дээр тэнгэрийг хүлээн зөвшөөрч, өөрийн үүрэг хариуцлагыг ухамсарлан ойлгож, хийх бүтээх үйлээ амласны дараагаар ийнхүү ихийг бүтээхдээ дэмжлэг хүссэн тухай хэсэг гэж хэлж болно. Тухайлбал:

...Олон түмнээ өргөн дээдэлж

Оршин дэвжих үүдийг нээлцэхэд

Үхэл хагацал, үгүйрэл хоосролын

Үнэнийг таниулахад ухаанаа хайрла...

...Тэнгэр их ухаан билгээрээ

Тэсрэх их сүр хүчээрээ

Тэвдэлгүй залах суу залиараа

Тэнэгхэн үрээ тэтгэж хайрлаарай... хэмээн тодорхой үүргийг биелүүлэхэд дэмжлэг хүссэн бол улаач замналаар замнан, үнэн, ариун мөртэй явахад харж, зааж, залж байхыг хүссэн нь ч байна. Үүнд:

...Улаач заяанд минь шулууруулж

Урдах замд минь хөтлөгтүн

Уулзах нэгэнтэй нь уулзуулж

Учрах нэгэнтэй нь учруулж

Урагшлах замыг минь ерөөгтүн... гэжээ. Төгсгөлийн үгийн та бүхэнд ямар нэгэн тайлбаргүйгээр хүргэе.

...Өчсөн үг минь үнэн бөлгөө

Өндөр тэнгэрүүд минь болгоон соёрх

Хэлсэн үг минь худалгүй билээ

Хан тэнгэрүүд минь ивээн соёрх...

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
bayraa (зочин)

hi ymar saihan ym be ene andgai tangargiig bvren eheer n haanaas olj unshij boloh we. bi ongodoo zalaalj awah gej bga zaluu bn.

bayraad (зочин)

Andgai gedeg uuriin chin setgelees urgasan ugseer ilerhiilegddeg, ene bol tuhain hunii uuriinh ni andgai tul buren eheeree oldohgui bolov uu daa, sanaa avaad uuriinhuu andgaig uuruu bichsen ni deer baihaa

Ulzii (зочин)

Сайхан санагдлаа, баярлалаа. Урам нэмж хуч хайрласан сайхан мертууд бна. Улаачид нь амжилт хусье! хэлж андгайлсандаа хурч тэнгэр дээдсуудээ баярлуулаарай.

Бадрах Эрдэнэ (зочин)

Ухаарал мэдлэг хайрласан сайхан нийтлэл байна. Гялайлаа. Урагшлах зам тань гэгээн саруул байг. Ухаан бодол тань түмэндээ түгэг. Эрч хүч нь сааршгүй байж Эрдэм ном нь ундран байг.

Увдис (зочин)

Үйлс бүхэн тань дэлгэрч яваг Зориг самбаагаар мялаагдаж яваг

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)