ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : УДМЫН АМИН НЭГДЭЛ

УДМЫН АМИН НЭГДЭЛ

Бидэнд өөрсдийн угсаа гарвал, удмын өвөг дээдсээсээ өвлөн өртөөлж, үр хойчистоо уламжлуулан залгуулдаг өгөгдөл бүхий мэдээлэл гэж бий. Мэдээлэл үнэн мөн чанартаа эрчим бөгөөд энэхүү эрчимт мэдээллийг эцэг, эхээс бүрэлдэж, хүн төрлийг ологч бүхэн өөртөө агуулдаг. Нэгэн язгуураас эхлэлтэй хүмүүс дээд гарвалийнхаа хийгээд нэгэн угсаатныхаа хувьд мэдээллийн ижил өгөгдөлтэй. Та бид Монгол хэмээх үндэс угсаатныхаа хувьд ижилсэл бүхий эрчмийг агуулдаг. Эрчмийн хууль ёсоор ижил зүйл ижлээ татаж, ижил зүйлс ижилдээ нөлөөлж, ижил зүйлс ижлээсээ хамаарч байдаг.
Хэн нэгэн “хүн” төрлийг ологч ясан талын язгуурынхаа өгөгдөл, мэдээллээр ижил олон төрөл садантай бөгөөд мэдээлэлжсэн эрчмийнхээ холбоосоор бусдынхаа хувь тавиланд их, бага ямар нэг хэмжээгээр байнга нөлөөлж байдаг. Улаан цусны өгөгдөл бүхий төрөл садангуудынхаа хувь тавиланд ч мөн адил нөлөөлнө. Дан ганц өөрөө нөлөөлөөд зогсохгүй, ижил төсөөтэй бусдаасаа хамааран оршдог. Эрчим амьд. Эрчимт мэдээлэл оршсоор байгаа цагт харилцан хамаарах нөлөөллийг таслан зогсоох ямар ч бололцоогүй. Бид өөрийн мэдээлэл нэгт хамаатнаа танихгүй, мэдэхгүй, хараагүй, уулзаа ч үгүй байлаа ч ялгаагүй.
Монголчууд эрт цагаас эрчимт мэдээлэл уламжлагдан, харилцан хамааралтай хөгжин орших ураг, удмын торлог бүтцийн үнэний хуулийг танин мэдэж, тэнгэрлэг дээд өгөгдлөөр ураг удмаа бүтээх, хамгаалах, хүчирхэгжүүлэхэд дээд зэргээр анхаарч иржээ.
Хүн төрлийг ологч бүрт угсаа гарвал, удмын мэдээллийг эцэг, эхээсээ уламжлан авч, үр хүүхдүүддээ дамжуулдаг мэдээллийг дотор нь дараахи байдлаар ангилан үзэж болох мэт.
- Угсаа, гарвалд хамаарах мэдээлэлт эрчим нь дээд 81 удмын язгуурт хамаарна. Дээд язгуур, гарвалийн өгөгдлүүд нь хүн бүрт заяагдмал байдлаар өгөгдөх хэдий ч тухайн хүмүүний ухамсарлалт, итгэл үнэмшлийн буюу оюун сэтгэлийн эрчмээр хөглөгдөн сэргэж, эрчимжиж, хүчирхэгжиж байдаг.
- Удмын мэдээлэлт эрчим нь 9 үе дотор илүү өндөр агуулгатайгаар буюу илүү нөлөөлөлтэйгээр хамаарна. Энэ төвшний эрчим бүхий мэдээллийн ижилсэлт хүмүүсийн өөр хоорондоо нөлөөлөх, харилцан үйлчлэх, хамаарах өгөгдөл нь харьцангуй өндөр байдаг. Тэр дундаа сөрөг агуулгат мэдээлэл, нөлөөллийн үр нь өндөр байна. Тиймээс ч нэгэн удамд хамаарах үрсийг өөр хооронд нь ураглахыг эрт үеэс цээрлэж ирсэн бөгөөд энэ нь удмын мэдээллийн сан дахь сөрөг агууламжит мэдээллийг дахин өсгөж, нэгэн 9 үеэс дээшхи үед буюу угсаа гарвалийн мэдээллийн төвшинд хадгалагдан уламжлагдах аюултай байдаг аж. Тухайн хэн нэгэн хүний хийсэн сайн муу, алив үйл нь цар хүрээ, давтамж, ач холбогдлын төвшингөөсөө хамаараад тухайн хүнд хамаарах өөрөөс дээшхи болон өөрөөс доошхи, хөндлөнгөөр хамаарах бүхий л удмын торлогт багтах хүмүүст харилцан адилгүй төвшинд нөлөөлнө.

Угсаа нэгт үрсүүд, удмын хэлхээст багачууд нэг нь нөгөөгөөс хамаарахын нууцыг таньсан эрт цагийн Монголчууд өөрсдөө өндөр тэнгэрт заларсан дээдсүүдээсээ суралцаж, үнэн зөв, дээд хөгжилд тэмүүлж, үр хойчистоо бага балчираас нь үлгэрлэн, зааварчилж, дагуулан хөгждөг байв. Ийнхүү хөгжихдөө “мөн” чанарын хөгжлөөр бусдаасаа дэвшилтэт төвшинд яваа нэгэн болон хөх тэнгэрсээс эрхшээгдэн үүрэгжсэн улаач тавилантан, хүүхэд балчираасаа зөвийн замаар замнаж ухаажсан ахмад настнуудын мэдээлэлт эрчим удам, ургийн бусдадаа илүү хүчтэй нөлөөлж, удмын торлогийг хамгаалж, төвшитгөж, залж, чиглүүлж байдгийг танин мэдсэн байна. Тодруулан хэлбэл хүн бүр удамдаа нөлөөлж, хүн бүр хүссэн ч, хүсээгүй ч удмаасаа хамаарч орших хэдий ч тэрхүү удмын харилцан хамааралт торлог холбоосын өмнө илүү түлхүү үүрэг, хариуцлага хүлээгсэд оршин, бусдадаа илүү хүчтэй нөлөөлж, бүхэл торлогоо хамгаалж, засч, залруулж байдаг ажээ.
Өөрсдийн ураг удмын торлогийг цэвэр ариун, зөв зүйтэй хэмжээнд хөгжүүлж, хадгалж, хамгаалж чадсан удмын мэдээллийн санд хорлол, хараал, ядуурал, үгүйрэл, муу авир араншин, зан байдал, алдаа дутагдалтан гэж үгүй бөгөөд адгийн наад зах нь хөгжлийн бэрхшээлтэй, оюун хомсдолтой, хавдар тэргүүтэй урхаг муу өвчтэй хүмүүс ч үл төрнө. Түүнчлэн удмын мэдээллийн давхцалыг нарийн хянаж байдаг тул цус ойртолт хийгээд түүнээс урхагтай гажилтууд гарах боломжгүй юм. Харин ч ухаантан мэргид, эрдэмтэй чадалтан, эгэлгүй авьяастан, улс орон, үндэстэн, угсаатныхаа өмнө өндөр үүрэг хариуцлага хүлээж, удмынхаа нэр төр, баяр суурь, эрэмбэ зэргийг өндөр өргөх оноолтон тавилантан олноор төрдөг байна.
Удмын торлогийг хамгаалагч улаач тавилантангууд тухайн удамд байгаа сөрөг эрчимт мэдээлэл болох хараал, хорлол, үйлийн үрийн сөрөг үр дагавар зэрэг муу мэдээллүүдийг үндэсээс нь буюу үүтгэлийн учир шалтгааны төвшинд ариусган цэвэрлэж, эерэг сайн, зөв мэдээллүүдийг хүчирхэгжүүлэн эрчимжүүлэхийн зэрэгцээгээр олон үеийн дээдхи язгуур, угсааны дээд чанаруудыг хадгалах, хөгжүүлэх, удмын дээд тэнгэрүүдээс тэтгэгдэх эрчмийн холбоосыг бэхжүүлж, дараагийн үүрэгтэндээ уламжлуулж, өөрийн эрин үед удмын мэдээллийн санд илүү дээд хийгээд шинэлэг эрдэм увидаст чадварын өгөгдлийг шинээр нэмж оруулах үүрэгтэй байв.
Удмын оноолтон буюу удам урагийн хувь заяанд илүү хүчтэй нөлөөлөх боломж, чадвар бүхий тавилантангууд төр улс, түмэн олныхоо өмнө өвгөд дээдсийнхээ хүлээж явсан үүрэг, хариуцлагыг уламжилж, өгсүүлэн дэвшүүлж, байр суурийг нь баталгаажуулж, өөрөөс дээшхи хийгээд дараахи олон олон үеийнхнийхээ хувь тавиланг дэмжин тэтгэдэг байв.
Удмын тэргүүн, ахмадуудын хувьд өвөг дээдсээс уламжлан ирсэн өв соёл, эрдэм мэдлэг ухаан, чадварыг заан сургаж, уламжлуулахаас гадна ураг удмын ариун холбоосыг эрхэмлэн таниулах, ургийн түүх, бүртгэл судалгаа, нууцаар дамжуулах учиртай мэдээллийг дараагийн үеийнхэндээ ил ба далдаар дамжуулах үүрэгтэй байв.
Удмын үүрэгтэнүүд өөрсдийн үүрэг, хариуцлагыг ухамсарлан ойлгож, ёсчлон гүйцэлдүүлж байж тухайн удам хүчирхэгжин өөдлөх учиртай.
Монгол удам бүр өвөр зууртаа амин эрчмийн нэгдэлээрээ бэхжсэн цагт өвөг дээдсийн язгуурын тэнгэрлэг өгөгдлөөр эрчимжин, ариутгагдаж, өөдлөн хүчирхэгждэг байна. Монгол удам бүр хүчирхэгжин нэгдэх цагт Монгол хэмээх үндэс, угсаатан бүхэлдээ эвлэлдэн нэгдэж, эрчимжин хүчирхэгжих бөгөөд илүү дээд тэнгэрлэг эрчмийн хүч нь элдэв хорлолд ээдэгдэн эвдрэхээргүй бат бөх оршин, олон олон үедээ уламжлагдан хадгалагдах боломжтой байдаг ажээ.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)