ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : МОНГОЛЧУУДЫН “ОВОГ”

МОНГОЛЧУУДЫН “ОВОГ”


Ардчилалтай хамт бидний хаалгыг тогшин орж ирсэн нэгэн зүйл бол “овог”. Үнэндээ энэ нь Монголчууд бидний хувьд “хуучин” зүйл. Гэсэн ч энэ “хуучин”-г бид шинээр хүлээн авахдаа багагүй барьж алдацгааж, өнөө ч учраа ололгүй төөрөлдсөөр л байна. Хуучнаа сэргээхэд юунд тэгтлээ сандарч, юуны учир төөрөгдсөн юм бол. Аргагүй дээ. Өдгөөгийн бид үүсгэл гарвалаасаа алдуурч, үнэн түүхээсээ андуурагдаж, үнэт бүхнээсээ холдож, өөрөө өөрсдөөсөө ч хүнийсгэцгээсэн аж. Хөгтэй ч гэх үү, хөгжилтэй ч гэхүү нэгэн айлын хүүхдүүд бүгд өөр “овог”-тон болжээ. Ахмад хөвүүн нь “алаг адуут”, ар дах дүү нь “харнууд”, охин дүү нь “олхунуд”, удаах нь “бэсүд”, бага дүү нь харин “боржгин” овогтой. Өөр өөр угсаа, язгуурыг “сонгож” удамласан тэдний хойчис нэгэн цагт өвөр зууртаа ураг барилдаж болох нь. Хөгсөөд ч байхсан юу билээ. Энэ бол эмгэнэл, гашуунаас гашуун хөнөөлтэй гутамшиг. Монголоор нэг болсон “боржгин”овогтны хувьд бүр ч эгдүүтэй гэмээр. Бүгд л эргэх түүхийн эзэн, эртний язгуурт Чингис хааны хамаатан байх хүсэлд автаж, “агуу их”-ийн хийрхэлээр өвчилцгөөж байв. Тэдний дунд үнэхээр энэ “овог”-т хамаарч болох нэгэн байхыг үгүйсгэхгүй. Гэсэн ч ээж минь, эмэг минь цагаан ястай, эзний удамтай гэсэн үндэслэлээр сонгосон нь цөөнгүй. Бусдаасаа ялгарах гэсэндээ тэрүү миний овог “боржгин” биш шүү, “боржигин” гэх нь ч бий. Эртний өвгөө мэдэхгүй юм чинь, танихаар нь гээд аав, ээж, өвөө, эмээгийнхээ алдараар “овог”-лосон нь ч бий. Аав, ээжийгээ бид сонгож төрөх тавилангүйн тул ясаараа босох язгуураа, цусаараа дамжих угсаагаа, үүсгэл болсон өвөг дээдсээ, үгүйсгэж болшгүй үнэн бүхнээ зөв таньж, зөвлөж сэргээх цаг нь болсон мэт.
“Үнэн” бүхнээсээ хөндийрсэн өдгөө цагийнхнаа ч зэмлээд яах билээ. Үнэнээ тэд мэдэхгүй юм чинь, үүсгэлээ бас танихгүй юм чинь. Үгүйсгэж зэмлэхээсээ өмнө үнэнд дөтлүүлэхийг эрмэлзэв.
“Овог” гэж чухам юу байсан, хэн түүнд багтдаг байсан хийгээд хэрхэн үүсч, хэрхэн өөрчлөгдөн хувирч, юуны учирч задарч, юунаас хамаарч мартагдаж, яагаад өдгөө сэргээгдэж, яавал цаашид чухалчлагдах тухай өгүүлэх цуврал бичлэгүүдийнхээ оршилийг ийнхүү жаргаая.

МОНГОЛЧУУДЫН “ОВОГ” ӨРНӨДИЙНХНӨӨС ӨӨР.

Түүхч, эрдэмтэн П.Дэлгэржаргалын “Монголчуудын угсаа гарвалийг нэхэн сурвалжлахуй” эрдмийн бүтээлд дурьдснаар Монголчуудын угсаа гарвалын тухай судлахдаа Өрнөдийн орнуудад хөгжиж байгаа түүх, угсаатны онол, аргазүйг гол үндэслэл болгож болох ч нүүдэлчдийн нийгмийн харилцаа, зохион байгуулалт нь суурьшмал нийгмийнхнээс ялгаатай тул энэхүү аргазүйгээр бүхнийг шийдвэрлэхийг оролдох нь учир дутагдалтай. Ялангуяа эртний нүүдэлчдийн нийгмийн харилцаа, зохион байгуулалтын үндсэн нэгж болох “овог” нь бүтэц, бүрэлдэхүүн, үүрэг функцийн хувьд суурьшмал нийгмийн овгоос нилээд өөр болохыг анхаарч шинэлэг аргазүйн үүднээс хандах шаардлагатай юм. Судлаачид XI-XIII зууны төв азийн нүүдэлчдийн дунд байсан “овог” гэдгийг нийгмийн зохион байгуулалтын нэгж гэж санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг ч нүүдэлчдийн овгийн бүтэц, бүрэлдэхүүн, үүрэг функцын хувьд асуудал маргаантай хэвээр байна гэжээ.
Доктор Л.Билэгт “овгийн нэр нь тухайн үеийн нүүдэлчин малчдын нийгмийн бүтцийн нэгжийн нэр бөгөөд энэ нь этноним биш, ураг төрлийн холбооны нэр ч биш, фамилия, surname бол бүр ч биш, үүсэл хэвшил нь зөвхөн хүний нэртэй холбоотой биш, харин хүний нэрэнд тодотгол байдлаар хэрэглэгдэж байсан нийгмийн харилцааны нэгэн ай юм” гэсэн сонирхолтой санааг дэвшүүлжээ.
Монгол хүн бүрийн “сайн мэдэх” “Монголын нууц товчоо” хэмээх гайхамшигтай түүхэн эх сурвалжид үндэслэн дундад зууны үеийн “овог”-ууд чухам юу болох хийгээд хэрхэн үүсч, нэршиж, задарч, өөрчлөгдөж байсныг тоймлож өгүүлье.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)