ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : ДУНДАД ЗУУНЫ МОНГОЛЧУУДЫН “ОВОГ”

ДУНДАД ЗУУНЫ МОНГОЛЧУУДЫН “ОВОГ”


Чингис хааны язгуур, дээр тэнгэрээс заяат төрсөн Бөртэ-чино, гэргий Гуа-Маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд нутаглаж Батцагаан гэдэг нэгэн хөвгүүнийг төрүүлжээ. Батцагааны хөвгүүн Тамача, Тамачийн хөвүүн Хоричар мэргэн, Хоричар мэргэний хөвүүн Уужим буурал, Уужим бууралын хөвүүн Сальхачау, Саль-хачаугийн хөвүүн Ихнүдэн, Ихнүдэний хөвүүн Шинсочи, Шинсочийн хөвүүн Харчу. Харчугийн хөвүүн Боржигидай, Боржигидай мэргэний хөвүүн Торголжин баян, Торголжин баян, Торголжин баяны хөвүүн Дува сохор, Добу мэргэн. Энд нэр дурдагдсан дээдсүүдийн “овог” бичигдсэнгүй. Харин Дува сохор хийгээд Добу мэргэний хөвүүдээс дундад зууны Монголчуудын түүхэнд холбоотой олон олон “овог” үүсчээ. Энэ нь тэднээс өмнө “овог” байгаагүй гэсэн үг огт биш юм. Добу мэргэн бугын махаар арилжиж авсан “малиг баягуд” зарцтай, хорь түмдийн газарт булга, хэрэм зэрэг ан гөрөөсөө булаалдаж харилцан муудалцаад салж, “хорилар” овогийг шинээр үүсгэн, “овог” тусгаарласан Хорилдой мэргэний охин Алангуа хатантай байв. Нэгэнт түүхэн энэхүү сурвалчид тодорхой эс өгүүлсэн тул дээшхи өвөгийн “овог”-ийг нэхэн сурвалжлалгүй хойчисынх нь түүхийг өгүүлье.
Эрдэмтэн судлаачдын өгүүлсэнчлэн дундад зууны овог нь нийгмийн зохион байгуулалтын үндсэн нэгж байв. Учир нь тэрхүү овог зөвхөн нэг удам, угсаанд хамаарсан хүмүүсээс бүрдэж байсангүй. Овогт овгийн удирдлага болох толгойлогч хийгээд тэдний ураг удмын төлөөллөөс гадна хожим хамжлага ард хэмээн нэрлэгдэх болсон “боол, зарц, харан” нар дийлэнх хувийг эзэлдэг байв. Өөрөөр хэлбэл түүхэнд нэр алдараа дуурсган үлдээсэн баатарлаг өвгөдийн нэртэй холбоотой өгүүлэгддэг “овог” нь тухайн хүний ураг удамд холбоотой ч овогт багтах бүхэн яс, цусны холбоотон биш байжээ.
МНТ-нд өгүүлснээр Хуагчин эмгэн, Бөртэ үжинийг нууя гэж бүхээгтэй тэргэн оруулж бөөр алаг үхэр хөллөж, Түнхэлэг горхин өөд явтал өөдөөс цэргийн хүмүүс хатиран ирж, “Чи юун хүн бэ?” гэж асуувал Хуагчин эмгэн өгүүлрүүн: “Би Тэмүжиний харьяат. Их гэрт хонь хяргахаар ирсэн билээ. Одоо гэртээ харьж явна” гэв. Тэр цэргүүд өгүүлрүүн: “Тэмүжин гэрт бий юу? Үгүй юу? Гэр нь хаана байна?” гэвэл, Хуагчин эмгэн өгүүлрүүн: “Гэр нь ойр байна. Тэмүжиний бий, үгүйг би мэдэхгүй, би хойд гэрээс гарч ирэв” гэв.
Түүнчлэн урагтаа гологдсон Бодончар өөрийг нь эргээн авчрахаар хайсан ах Буха хатагид хандан “Тугаарын (саяын) Түнхэлэг горхиноо бүхий иргэнд эзэнгүй, их бага, сайн муу, толгой шийр цөм нэгэн адил чацуу байна. Ийм хялбар иргэн тул тэднийг бид эзэлж авъя” гэдэг бөгөөд ах дүү тавуулаа тэдгээр иргэнийг довтолж, адуу малыг авч, хүн ардыг зарц болгов гэжээ. Энэ үеэс ах дүү тавын үр хүүхдүүд өөр өөр “овог”-тныг салаалан үүсгэх эхлэл тавигдсан мэт.
“Хожуу Хан улсын түүх” –ийн 90 дүгээр бүлэгт “Ухуаны шастир”-т Нүүдэлчдийн овгийн нэрийтгэл тогтворгүй, идэрхэг ахлагчийн нэрээр овог болгоно хэмээн тэмдэглэсэн нь эртний овгийн байгуулал задарч, “овог” нь сурвалжит язгууртнуудын хараат хүмүүс болсны илрэл байж болох юм хэмээн түүхч доктор П.Дэлгэржаргал эрдмийн бүтээлдээ дурьджээ.
Нүүдэлчдийн түүхнээс дүгнэхэд аливаа “овог” үүсэхэд удирдагч хамгаас чухал бөгөөд сайн удирдагчаас “овог”-ийн нэршил хамаарч байв.
МНТ-д хүчирхэгжиж, өөрийн гэсэн албат иргэд,ахуй бэлтэй болсон Бэлгүнүтэй, бэлгүнүд овогтон, Бүгүнүтэй, бүгүнүд овогтон, Буха хатаги, хатагин овогтон, Бухату салжи, салжид овогтон, Бодончар, боржигин овогтон болов гэдэг. Овгуудын нэр нь овгийн удирдагчийн нэрийн тодотгол байдлаар өгүүлэгджээ.
Хүчирхэг удирдагчийн ураг удамтай холбоотойгоор дэд “овог”-ууд болон өөр шинэ “овог”-тон тасран үүсч байв.
МНТ-д Бодончар дээр өгүүлсэн бүлэг иргэдийн дундаас нэгэн жирэмсэн эмийг олзлон авсан бөгөөд түүнээс төрсөн хөвүүнийг харь овгийн хөвүүн гэсэн утга бүхий Жажирадай хэмээн нэрлэсэн нь Жадраны өвөг болж, түүний эх нэгтэй эцэг өөртэй дүү болох барьсан эмийн хөвүүн гэх утгатай нэртэй Баарьдай нь Баарин овогтны өвөг болсон байдаг. Бодончарын авааль гэргийгээс төрсөн Барим ширату Хабичийн үр удам нь ноёхон, барулас, будаад, адархин, урууд, мангуд, бэсүд, амбагайтан, тайчууд, оронар, хонхатан, арулад, сөнид, хабтурхас, тэнигис, хиад, жүрхин, дархад овгуудын өвөг дээдэс болсон байдаг. Бодончарын авааль гэргийн инжинд ирсэн татвар эмээс төрсөн Жаурьдай нь Жэүрэдийн өвөг болжээ.
Түүнчлэн хүчгүйдэн доройтсон “овог”-тон болон тэрхүү овогт хамаарагч иргэд өрөөл бусдад эзлэгдэн өөр “овог”-тон болж байжээ.
МНТ-д өгүүлснээр: Жүрхин овгийн зуун хүнийг Хуилдарын үхсэний тул Хуилдарын эм хөвүүнд зарц болгож өгөв. Тэндээс хөвүүн үр төрвөл Хуилдарын ургийн ураг хүртэл адгаж хүчээ өгтүгэй. Охин үр төрвөл эцэг эх нь өөрийн дураар худалдаж (хадамд) өгч болохгүй. Тэдний хөвүүд охид Хуилдарын эм хөвүүдийн өмнө хойно зарагдаж явтугай” гэж соёрхон зарлиг болов гэжээ.
Гавьяат удирдагч өрөөлд эзлэгдэн тархсан овогтноо буцаан нэгтгэж байсан тухай МНТ-нд: Чингис хаан, Цагаан гуагийн хөвүүн, Нарийн-Тоорилд өгүүлрүүн: “Чиний эцэг Цагаан гуа чинь зоригийг барьж байлдсаар Даланбалжудын байлдаанд Жамухад алагджээ. Одоо эцгийн гавъяаг хүртэж, өнчдийн тусламжаас авч бай” гэсэнд, Тоорил өгүүлрүүн: “Миний төрлийн нэгүс нар олон аймагт хуваагдан тарсан байна. Хаан соёрхвол, ах дүү нэгүс нараа цуглуулъяа гэвэл, Чингис хаан зарлиг болруун: “Тийм бол ах дүү нэгүс нараа цуглуулж, чи ургийн урагт хүртэл захирч бай” гэж зарлиг болов.
“Овог”-ийн нэршлийн хувьд мөн удирдагчидтай холбоотой байх нь элбэг.
Тухайлбал: МНТ-нд Хачины хөвүүн Ноёгидай нэртэй бүлгээ. Ноён шиг авиртай тул ноёхон овогтон болов. Хачиугийн хөвүүн Баруладай нэрт бүлгээ. Их биетэй ба идээ барах ховдог тул барулас овогтон болов. Харалдайн хөвүүд будаа мэт эх түрүүгүй хутгалдах тул будаад овогтон болов. Хачиуны хөвүүн Адархидай нэрт бүлгээ. Ах дүүгийн дунд адармаатай (яхир хэрүүлч) тул адархин овогтон болов. Начин баатрын хөвүүн Уруудай Мангудай хоёр бүлгээ. Урууд, мангуд овогтонг болов хэмээсэн байна.
“Овог”-ийн дотор “овог” буюу дэд овог нь удирдагчийн ураг удмын салаалсан байдлаас гадна овог дотор бүтэц, зохион байгуулалт, ажил үүргийн хуваарьлалтын тодотгол болон өөр овгоос харьяалуулан хамаарсан байдалтай холбоотойгоор үүссэн байх талтай.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)