ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : ТЭНГЭР ЯЗГУУРТ ХҮМҮҮН БҮРТ

ТЭНГЭР ЯЗГУУРТ ХҮМҮҮН БҮРТ


Урсах цусны чинь ундарга

Ургаа биений чинь тулгуур

Угийн чанарын чинь эхлэл

Ухаан билгийн чинь үндэс

Угсаа язгуурын чинь дээдүүд

Удмын гарвалийн чинь дээдсүүд

Өнгөтийн ертөнцөд эргэлдэж

Өөрийн үрсийг таньж л явна

Хүний ертөнцийг эргэн байж

Хүсэл сэтгэлийг нь мэдэж л явна

Харсан тэнгэрээр нь эрхшээн байж

Хамаг үнэнийг нь мэдэрч л явна

Үйлдэл бүрийг чинь үзэж

Үнэн мөнийг чинь ялгаж л явна

Бодол болгоныг чинь уншиж

Болох, болохгүйг чинь үнэлж л явна

Мөнх тэнгэрээ танихаа байж

Мөнхийн үнэнээс дайжин холдож

Мөнөө мөстүүлж хиртсэн

Моноо мохоож хэлмэгдсэн

Язгуур гарвалаа мэдэхгүй

Ясны чанараа ялгахгүй

Удам гарвалаа танихгүй

Урсах цусаа мэдрэхгүй

Эрхийг эндүүтэй шүтэж

Эдэнд эгдүүтэй шунаглаж

Эрхэм бүхнээсээ төөрөлдөж

Этгээд бүхэнд эрхшээгдсэн

Хүн олон залгамжууд минь дээ

Хөх тамгат заяатнууд минь дээ

Заяагаа танихгүй үрс минь дээ

Захиас үгийг минь ухаж л таниарай

Яс цагаан, цус улаан

Язгуур өндөр хүн атлаа

Ялихгүй зүйлд автан

Яасан ихээр түүртэнэ вэ

Ярьж хэлэх амаараа

Яах гэж харыг өгүүлнэ вэ

Өөчилж бусдыг хэлбэл

Өөр дээр чинь эргээд тусдаг юм

Гомдоллож үглэхээ болихгүй бол

Горыг нь өөрөө эдэлнэ шүү

Ихэс язгуур чинь сэрж

Эрч сүр нь биежиж

Эргээд үрсээ тойрч

Итгэл сэтгэлийг нь таньж явна

Алтан язгуурт хэн ч болов

Амаараа нүгэл бүү үйлд

Яс цэвэр хэн ч болов

Ярьж хэлэхээ ялгаж мэд

Тэнгэр дээдсээ танин мэдэрч

Тэднийхээ ивээлийг хүртье гэвэл

Өндөр язгуурт өвөг дээдсийнхээ

Үнэн чанарыг өөртөө шингээ

Язгуур гарвал чинь ямар учиртайг

Яс нь яагаад цагаан гэгддэгийг

Өндөр заяанд төрдгийн учрыг

Өвөг дээдэс чинь хэн байсныг

Үнэний үнэн үргэлжид оршдогийг

Мөнийн мөн мөнхөд оршдогийг

Өвгөдийнхөө үнэнийг үрс нь залгамжилдгийг

Үрсийнхээ заяаг өндрөөс тэтгэдгийг

Өдгөөгийн үрс минь танин байж

Өөдлөн босох заяагаа тэтгэхтүн

Өөрийн үйлийг засан байж

Өндөр дээд язгуураа өргөхтүн

Язгуур өндөр болохоороо л

Яс цагаан гэгддэггүй юм

Ялгаагүй ертөнцийн амьтдын

Ясны өнгө нь цагаан

Өндөр заяаны нууц нь

Өнгөний цагаанд бусаа

Үнэнийг танин ухаарч

Үйлээ зөвтгөсөнд байдаг юм

Таньж өөрийгөө зассан хүмүүн л

Тэнгэрээс мөнхөд ивээгддэг юм

Өнгөтийн үнэнийг ухаарсан хүмүүн л

Өнө мөнхөд ивээгддэг юм

Хэн болохоо таньснаар чинь

Хэрхэн өөрийгөө зассанаар чинь

Итгэл сэтгэлийн үнэнээр чинь

Ивээл өршөөлөө хүртээнэ

Угсаат үрс минь мөн л бол

Ухаарч бүгдийг танихтун

Уучилж бүгдийг өршөөхтүн

Урдах замаа засахтун

Яс нь цайнаа гэдэг чинь

Ял гэмээсээ сална гэсэн үг

Ялгаж зөвийг танинаа гэсэн үг

Ямагт үнэнээр амьдарнаа гэсэн үг

Өндөр язгуураа өргөнөө гэдэг чинь

Өөрийн гэмийг ухаарнаа гэсэн үг

Өнгөрснийхөө үрийг ариусгаж

Үлдэгдэгсдийнхээ замыг заснаа гэсэн үг

Удам гэдэг чинь угтаа

Ургаа модтой адил

Үнэний гүнд үндэслэж

Үргэлжид өөдөө ургадаг юм

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)