ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : ЖИНХЭНЭ “БИ” БА ХҮН ТӨРӨЛ

ЖИНХЭНЭ “БИ” БА ХҮН ТӨРӨЛ

Энэ 13000 жилд бид хэдэн удаа хүн болж төрсөн бол? Энэ дэлхийд байдаг бүхий л үндэстэн, улс гүрний бүхий л зэрэг зиндаа, төвшний хүмүүс байж үзсэн байж ч мэднэ. Энэтхэгт ядуу гудамжны бүжигчин, африкч арслан агнагч, хятдад тариачин, эртний Римд язгууртан гэх мэт. Ан амьтан, араатан, жигүүртэн болж төрөхийн хамтаар, төрлөөс төрөлд хооронд явах замаараа явж чадалгүй хичнээн ч жилүүдийг завсарт гацаж, буг чөтгөр хэмээгдэн адлагдсан байж мэднэ.

Ямартаа ч бид сайн, муу төрөлт амьтан, хүн, сүнс хэн ч гэсэн байхдаа Мөнх тэнгэрийн мөн буюу дээд агуулгаа тээсээр ирсэн бөгөөд Мөнийн хөгжлөөрөө өсөн дэвшиж ирсэн. Төрлөөс төрөлд төөрөлдөн явахдаа тэнгэрлэг, бурханлаг, хайр өглөгөөр тэжээгдэн, ухамсарлан ухаарсан зөв, үнэн бүхэн маань Мөнийг маань чанаржуулан хүчирхэгжүүлсээр өдгөөгийн төвшинд хүрсэн. Сүнсний хөгжил, мөнийн чанаржсан байдлаар хэмжигдэх бөгөөд мөнийн чанаржсан байдал орчлон ертөнцийн үнэний хуулинд илүү зохицон нийцэж, ухамсарлагдан, эрчимжсэн байдлаар тодорхойлогдоно.

Надад, таньд байгаа МӨН өнөөдөр бусад хүн бүхэнд, амьтан бүхэнд, бидний үхсэн гэж боддог сүнс бүхэнд, харь гаригийн хэлбэр тодорхойгүй зочид бүхэнд, байгалийг эрхшээгч лус, савдаг бүхэнд, муу хар хүчнийхэн гэгддэг тийрэн, чөтгөр, албин, тамын амьтдад ч байдаг зүйл. Бид бүгд адилхан Мөнх тэнгэрээс тасарсан амь бөгөөд нэгэн цагт гэртээ харьж, дээд нэгдэлд нэгдэх оюуны эрчмүүд билээ.

Энэ утгаараа би бол “Мөнх тэнгэрийн мөн чанарт сүнс бөгөөд сая сая живаа настай, эрэгтэй ч биш, эмэгтэй ч биш, үүрэгжин хариуцлагажих байдлаар өсөн дэвшиж байдаг, хүн, амьтан, сайн муу бүх төрлийг авч үзсэн, биеэ орхиж, үүргээ өөрчилдөг ч хэзээ ч устаж үгүй болдоггүй, үхэшгүй амь юм. Энэ удаад Монгол гэдэг улсад нэгэн хүн төрлийг олж төрсөн бөгөөд энэ төрлийнхөө хүрээнд сүнсний үүргээ биелүүлж чадаж гэмээнэ магадгүй хүнээс дээшхи дараагийн төрөлд төрөх болно. Хэрэвзээ монгол язгуурын өгөгдлийн үүргээрээ ахин дэвших боломж олдож гэмээнэ олон мянганы туршид ахисан төвшинд ахин үүрэгжин хариуцлагажиж, энд хүн болж төрөгсдийн ертөнцийг авран хамгаалагч, өвөг дээдэс нь болж мөнхөрнө. Түүнээс цааш ч хэдэн сая живаа цаг хугацааны хэмжүүрээр би өсөн дэвшсээр, өнгө төрх, өгөдөл үүрэг, төрөл төвшингөө сольсоор л байх болно. Би энэ удаад 60-100 жилийн хугацаагаар л энэ дүрд тоглож буй. Би хэн гэдгээ мартсан байсан учраас өнөөг хүртэл өөрийгөө энэ төрлөөрөө төсөөлж, энэ төрлийнхөө хүсэл сэтгэл, итгэлийг илүү чухалд, илүү эрхэмд тооцсоор ирсэн. Гэтэл үнэндээ энэ төрлийн минь дүр зөвхөн энэ удаагийн томилолтын ажил, нэгэн төрлийн жүжгийн дүр, нэгэн үүрэг даалгаврын ажлын байр. Би жинхэнэ “би”-гээ таньж, хүлээн зөвшөөрөхийн хэрээр энэ ертөнцийг аврах үндсэн үүргээ биелүүлэх боломжтой болно. Би жинхэнэ би-гээрээ агуулгажин, би энэ төрлийн би-гээрээ хэлбэржин, энэ төрөлдөө хийх бүхнээ хийж, хишиг болгон соёрхсон амьдралаар нь амьдрах болно. Би бол үхэшгүй мөнхийн амь”

Эхний удаад өөрийн жинхэнэ БИ-г хүлээн зөвшөөрөхөд үнэхээр хүндрэлтэй. Магадгүй нэг хэсэгтээ сэтгэлийн дотоод зөрчилд ч орж мэднэ. Гэвч өөртөө итгүүлэн, ухуулж, өнөөг хүртэл итгэж, бодож явсан өөрийнхөө тухай төсөөллийг өөрчилж чадсанаар сүнслэг хөгжлийнхөө дээд өгөгдлүүдийг хүлээн авах боломжтой болно. Жинхэнэ БИ-гээ хүлээн зөвшөөрснөөр өнөөг хүртэл явж ирсэн, таньж мэдсэн, хайрлаж явсан бүхэн чинь утгагүй, үнэ цэнэгүй, ач холбогдолгүй, хэрэггүй болж өөрчлөгдөнө гэж бүү бодоорой. Хүн дүрээр оршсоор байгаа цагт тэр бүгд чинь чухал хэвээр л байх болно. Харин тэр бүгдэд хандах хандлага, харах өнцөг чинь өөрчлөгдөж, илүү дээрээс, илүү холыг, илүү ач холбогдолтойгоор үнэлэх, өөрчлөх, нөлөөлөх, засах, залруулах боломжтой болно гэсэн үг. Үнэндээ үхэл гэж үгүй. Үхэл хэмээгч нь биежин оршихуйн нэгэн төрлөө гээж хөгжлийнхөө дараагийн шат руу явахыг хэлж буй хэрэг. Өнгөрсөн дэх бүхэн бидний шугаман хамааралт сэтгэлгээний хувьд л үгүй болсон бөгөөд өнгөрсөн байсан өвөг дээдсүүд маань өнөөг хүртэл өсөн дэвших, үүрэгжин хариуцлагажих хөгжлийн замаа туулсаар хүн төрөлтний хувьд мөнхрөл хэмээгдэх хэдэн мянганы настай дээд төрлийн дүрээр, бидний тэнгэрийн ертөнц хэмээдэг ахисан төвшинд амьдарсаар байна. Тэд биднийг зөв зүйтэй үнэний замаар хөтлөхийн тулд өдгөө сүнсэн биеэрээ эргэж, сүлд эрчмийг маань тэтгэж хэн гэдгийг маань таниулж, хэрхэх ёстойг маань ухуулсаар явна. Тэд үхээгүй амьд бөгөөд оюун нь улам хөгжиж, бидэнд зааж сургасаар байна. Үхэл гэж үгүй тул үхлээс айхын хэрэг үгүй бөгөөд гагцхүү үүргээ биелүүлж амжаагүй явахаас л айх хэрэгтэй билээ.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)