ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : ЭВЛЭЛДЭХҮЙН УЧИР

ЭВЛЭЛДЭХҮЙН УЧИР


Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг. Эвлэлдэхийн үр нь нэгэн цул мэт орших. Харин эвлэлдэхийн үндэс нь эе эендээ зангилагдах билээ. Яг л нэгэн монгол гэр адил. Тоонотой, уньтай, хана, дээвэртэй, туургатай гэх мэт. Нэгэн болж цулдахын учир нь бүгд өөрийн өөрийн үнэ цэнэтэй үүргээр зангилагдаж, бүгд өөрийн өөрийн орон зайтай, байр суурьтай байхын хамтаар бүгд нэгэн утга бэлэгдэл, учир зангилаат, үр дүнгийн төлөө чуулалдах явдал юм. Нэг болж цогцлохын учир нь хэн нь ч хэнийгээ үгүйсгэлгүй, хэн нэгэн нь нөгөөхийнхөө дутууг гүйцээж, нэгэн агуулгаар орших гэж болно. Өөрөөсөө илүү үнэний төлөө зоригдож, өнөөдрөөсөө илүү маргаашийн ирээдүйд зовних цагт, өвлөж авсан ухааны дээдээр бэхлэгдэж, үүтгэлээсээ ивээгдэх чанарын дээдийг цогцлоох үед л жинхэнэ эв нэгдэл буй болно. Монголоороо эвтэй байхын учир нь, Монгол түмнээрээ нэгдэлтэй байхын үндэс нь амин хувийн ашиг, нэр төр, ахуйлаг асуудлаасаа агуу түүхт төр, газар шороо, язгуур угсаагаа илүү чухалд үнэлэхийн цагт, улс төр, шашин шүтлэг, соёлын зөрүүтэй хандлагаас илүүтэй Монгол байхын үнэ цэнийг эрхэмээр дээдлэн, Монголоо гэх итгэлийн ариунаар хурайлдахын цагт дэгжин хөгжих билээ. Монгол хүн та бодоод үзээрэй. Таны хувьд юугаа үл харамлан зориулах зүйл тань юу вэ? Юу байвал та утга учиртай хэвээр байх боломжтой вэ?

Багаар нэгдэн, эвлэлдэхэд эхний удаад сэтгэл хөөрлөөр бүхий л зүйлс сайхан санагдах нь бий. Гэвч хувь хүн тус бүрийн хувьд сэтгэл зүйн хувьд даван туулах шаардлагатай “даваа”-нууд тулгардаг. Хувь хүний асуудлаа даван туулж чадсан байхад багийн хамтын шалгуурууд өмнө нь тулах нь бий. Хэзээ ч хээрийн салхинд үл бөхийх, хэтийдсэн санаатанд хэмх үл цохиулах сайн баг болохын тулд хувь хүн бүр л өөрийгөө сэтгэл зүйн хувьд бэлдэх нь чухал. Ингээд баг үүсгэн үйл бүтээх хүмүүст тохиолддог зарим бэрхшээлийг хамтдаа туулцгаая.

Бусад хүмүүс намайг хүлээн зөвшөөрөхгүй, үгүйсгэх байх хэмээх эмээлт


Энэ эмээлтээс хамгийн түрүүнд салах ёстой. Бодлын үйл бодитой байдаг бөгөөд хүний далд ухамсар хийгээд сэтгэлд бугшсан иймэрхүү өгөгдлүүдийн дагуу төлөвлөгдөж, учиглагдсан таныг илт үгүйсгэх, татгалзсан, муулах, буруутгах, эсэргүүцэх, дорд үзэх, үл итгэх хандлагууд танд дараалан тохиолдож байдаг гэдгийг ойлгож, оюун бодолдоо энэхүү хүлээсийг өөрчлөх хэрэгтэй. Та өөрийгөө хүлээн зөвшөөрсөн тохиолдолд бусад хүмүүс таныг хүлээн зөвшөөрнө. Хэн нэгэн таныг илт эсэргүүцлээ гээд түүнд эмзэглэх хэрэггүй. Үнэн худлыг цаг хугацаа шүүнэ. Хэн нэгний хэлсэн үг, хийсэн үйл, хандлагаас хамаарч өөрийн байх ёстой байр суурь, хийх ёстой үйлээс татгалзана гэдэг мөн чанартаа өөрийгөө, өөрийг тань ивээгч бүхнийг үгүйсгэж буй хэрэг болно. Их хүмүүн өчүүхэн хүмүүнд өш үл санах бөлгөө. Тэнгэр мэт санаж, тэрхүү өчүүхэн хүмүүнийг гэмийг өршөөх хэрэгтэй. Танд хувийн өширхөл, гомдол, айдас гэж байх ёсгүй. Тиймээс та өөрөө бусдыг үгүйсгэх учиргүй гэдгээ бас санах хэрэгтэй. Зүгээр л инээмсэглэ. Жингийн цуваа явдгаараа л явна, жингэр нохой хуцдагаараа л хуцна. Өнөөдөр таныг үгүйсгэж байгаа хэн нэгэн маргаашийн таны үнэнч анд тань болохыг ч үгүйсгэхгүй. Тэгэхээр сэтгэлдээ сэв бүү хураагаарай.

 Би бусдыг удирдах учиртай хүн хэмээн эрдэх

Бусдыг удирдана гэдэг хэн дуртай хүний хийх үйл бишээ. Үнэндээ дуртай нь бус тэрхүү үүргийг хүлээж, дааж, бусдынхаа өмнө бүрэн хариуцлага хүлээж чадах хүний л хийх ёстой үйл. Дээд тэнгэр таныг бусдыг удирдах учиртай хүн гэсэн байж болно. Гэвч үүний төлөө бүх хүн өөрийн тан үгийг үг дуугүй дагаж, захирагдах ёстой гэж андуурч болохгүй. Дээд хүчин тийм эрхийг биш, харин үүргийг өгч буй хэрэг. Дагуулах ёстой олныхоо үнэнч сэтгэлийг хурааж, итгэл сэтгэлээрээ нэгдэж, амиа ч үл хайрлан хамтдаа зүтгэх багийг бүрдүүлэх үүргийг танд өгсөн. Тийм багийг бүрдүүлж чадаж байж л сая та захирах эрхийг бүрэн хэрэгжүүлэх боломжтой. Тэр цагт дагаж, танд илүү эрх эрдэм увидас, сүр хүчний өгөгдөл ч ирэх болно. Харилцан адилгүй түвшний, харилцан адилгүй бэлтгэлтэй, өөр өөр зан ааш, алдаа дутагдалтай олныг нэг нэгнээ нөхөн гүйцээсэн, цогц баг болгож, бүгдэд нь хүлээн зөвшөөрөгдөн дагуулна, тэдний өмнө өндөр хариуцлага хүлээнэ гэдэг тун амаргүй зүйл. Гэвч боломжгүй зүйл биш. Өөрийгөө зөв таньж чадсан хүн бусдыг таньж, өөрийгөө зөв ялж чадсан хүн бусдыг ялж, өөрийгөө зөв хүлээн зөвшөөрсөн хүн бусдад хүлээн зөвшөөрөгдөж, өөрийгөө зөв бүтээж чадсан хүн бусдыг өөрчлөн, засч залруулж, бүтээх чадвартай болно.

Надад таалагддаггүй хүнтэй хамтран ажиллахыг хүсэхгүй байна гэх зөрүүдлэл

Бидэнд хамгийн ихээр тохиолддог зүйл. Гэвч нэгэн цаг дор тантай нэгдэхүйн талаар санал солилцоод сууж л байгаа бол хэзээ нэгэн цагт нэгдэн нийлэх учиртай хүн гэж ойлгож болно. Үүнийг хүлээн зөвшөөрөх амаргүй ч заавал давж гарах ёстой хандлагуудын маань нэг нь шүү. Хэн нэгнийг хараад буруутгах, үгүйсгэх сэтгэл байсаар байгаа бол таны багаар ажиллах бэлтгэл дутуу байна л гэсэн үг. Магадгүй таны дургүй тэр нэгэн хүн бэлтгэл бүрэн хангагдаагүй, өөрийгөө бүрэн таниагүй, нэг түвшний өгөгдөлт даалгавраа гүйцээсэндээ хэт эрдээд өөрийгөө дөвийлгөн үзэж яваа л нэгэн. Түүнийг буруутгах аргагүй. Үнэхээр зорьж буй зорилго, үйл тань чухал л гэж бодож байвал та өөрөө хурдхан бэлэн болж цэгцэрч байж, тэднийгээ засч, залруулж, дэмнэж, дэмжиж байх ёстой түвшинд нь хүргэх ёстой. Энд нэг зүйлийн ялгаатай онцлог зүйл бий. Хүн бүр яг ижил хэмжээнд бэлэн болж ижил төвшинд очиж, ижил хэвэнд цутгагдах ёсгүй. Учир нь баш доторх хийгээд зорилгот үйл дэх хүн бүрийн үүрэг оноолт өгөгдөл өөр. Тэр утгаараа зарим нь өндөр үүрэг хариуцлага, чадварт суралцах учиртай бол зарим нь зүгээр чин үнэн сэтгэл, үйл хэргээ хариуцлагатай үнэнчээр гүйцэтгэх чадварт л суралцах ёстой. Тиймээс өөрсдийн төвшний өгөгдлийн бэлтгэлийг бусдаас бүү шаардаарай. Төвшинд нь тохирохгүй мэдээллээр цэнэглэх, үүрэг даалгавар оноох тухайн хүнд үхэх ял оноосонтой адил зүйл. Тиймээс хүн бүрийг сайн судалж, зөв таних ёстой билээ.

үргэлжлэл бий.. 

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
Byambaa (зочин)

Сайхан мэдээлэл оруулсанд баярлалаа. Дараагийн нийтлэлийг чинь хүлээж байна.

Byambaa (зочин)

Сайхан мэдээлэл оруулсанд баярлалаа. Дараагийн нийтлэлийг чинь хүлээж байна.

Byambaa (зочин)

Сайхан мэдээлэл оруулсанд баярлалаа. Дараагийн нийтлэлийг чинь хүлээж байна.

Byambaa (зочин)

Сайхан мэдээлэл оруулсанд баярлалаа. Дараагийн нийтлэлийг чинь хүлээж байна.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)