ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : ЭВЛЭЛДЭХҮЙН УЧИР үргэлжлэл

ЭВЛЭЛДЭХҮЙН УЧИР үргэлжлэл

Намайг ойлгож, дэмжихгүй байна гэх гоморхол


Энэ нь бидэнд бүгдэд нь их бага ямар нэг хэмжээгээр байдаг зүйл. Ар гэрийнхэн ойлгохгүй байна, хорьж байна, ингэж хэлж, тэгж загнаж дарамталдаг гээд л. Энэ ч гэсэн үнэндээ шалгуур. Бидний ойрын, хамгийн хайртай хүмүүс байх тусмаа л биднийг үгүйсгэх, хорих, буруутгах, зэмлэх зүйлсийг дандаа хийж байдаг. Үнэндээ тэд маань бидний бэлтгэл хангагч, байнгын зөвлөх, дасгалжуулагчид. Бид энэ бүгдийг зөвөөр ойлгож, давж туулж, шийдвэрлэж, зохицуулж, итгнэл сэтгэлийг нь олох хэрэгтэй. Хиргүй цагаахан сэтгэл, хэмжээлшгүй хайраар хөглөгддөг хүмүүс их эмзэг байдаг. Тэр дундаа хайртай хүмүүсийнхээ өмнө дархлаа маш султай. Учир нь бидний сул тал, дутагдал, алдаа оноог тэд маань л илүү мэддэг. Бид тэднийхээ дэргэд чадваргүйгээс чадвартай болтлоо, сул доройгоос хүчирхэг болтлоо дэвшин хөгжих учиртай. Биднийг үгүйсгэх тусам бид улам хүч, өнгө орж гялалзах учиртай юм. Гэхдээ аманд багтаж биш, алсыг харж, жинхэнэ хүчийг олж, сууриар нь хүлээн зөвшөөрүүлэх ёстой юм. Бид өөрсөндөө хангалттай сэтгэл хангалуун байж, өөрсдийгөө хангалттай хүлээн зөвшөөрч чаддаггүй болохоор л тэд ч гэсэн бидэнд сэтгэл хангалуун байж чаддаггүй юм. Гэхдээ ялалт, амжилтын цагт хэн бүхнээс илүү тэд маань биднээр бахархаж, баярыг маань хуваалцаж, үр дүнг хүртэлцэнэ. Тэгэхээр тэд биднийг ирлэж, хурцалж, бэлтгэх үүргээ хэрэгжүүлсээр л байг. Ойлгуулах гэж хэт хичээх ч хэрэггүй. Үр дүнг нь харах цаг тун ойрхон.

Энэ бүхэн урьдны адил бүтэлгүйтэх байх гэсэн сэрэмжлэл

Өмнө нь бид нэг бус удаа зарим нь бүр олон жилийн өмнөөс олон удаа аль нэгэн зорилгоор зориг шулуудан, хүмүүсийг нэгтгэн баг болгох, үйл хэрэг хэрэгжүүлэх оролцдлого хийсэн байгаа. Гэвч багт орсон хүмүүсийн амбици, үзэл бодол тааргүй байдал, хувьсхалын тохироо бүрдээгүй энээ тэрээ гээд маш олон шалтаг, шалтгааны улмаас замхараад л алга болсон. Энэ нь бидний үйл хэрэгт нөлөөлөх вий гэсэн эмзэглэл бидний хэнд нь ч тодорхой хэмжээнд байгааг үгүйсгэхгүй. Аливаа үйл хэрэг, багийн амин зангилаа хүчтэй байгаа цагт хэзээ ч, хэний ч явуулгаар тарч бутрахгүй, үйл хэргийн зорилго сэдэл нь үнэн зөв бөгөөд бүгд нэг эрмэлзэлтэй байгаа тохиолдолд заавал үр дүнд хүрэх нь гарцаагүй.

Би ийм л хүн гэж туйлшрах

Энэ бодол бол хатуухан хэлэхэд “би” хэнээрхлийн нэгэн хэлбэр. Өмнөх “би”-ийн амьдралын туршлагаас бий болсон хуучин өгөгдлийн үлдэгдэл юм. Өөрөөрөө байх боломжтой газраа өөрийнхөө тэрхүү зангаа гаргаж болно. Харин олны дунд харшлах зан авир, байдал гаргах ёсгүй гэдгийг гишүүн бүр хатуу ухамсарлах ёстой. Тэр утгаараа хамтын соёл гэдэг зүйл аяндаа бидний дунд төлөвшин тогтох учиртай юм. Мэдээж таны би ийм л хүн гэх тэрхүү зан суртахуун нийтийн дунд харшлах биш харин ч үлгэрлэл болохоор сайн чанар ч байж мэднэ. Тийм бол хаах гэж хичээх хэрэггүй байх. Багийн дунд багийн нэгээхэн хэсэг гэдгээ хүн санаж явахад түрдээ хувийнхаа зарим чанарыг дарж болохгүй гэх зүйлгүй. Бид харилцан бие биенээ хүлээн зөвшөөрч, хүндэтгэж, хайрлаж, итгэх ёстой. Баг хөгжлийнхөө дээд төвшинд хүрэх цагтаа ямар болохыг та одоохондоо төсөөлж ч мэдэхгүй байгаа байх. Багийн гишүүд бие биетэйгээ ярилцаагүй байсан ч, харалцаагүй байсан ч ойлголцож, итгэлцэж, хичнээн хол байсан ч нэгнийхнээ орон зайг хамгаалж, нөгөөх нь ч өөрийн үүргээ мартдаггүй байх тийм төвшинд баг хүрч чадах ёстой.

Би чухал хүн гэдгээ таниулах хэт эрмэлзэл

Та яарах хэрэггүй ээ гэж хэлмээр байна. Учир нь баг тань яваандаа биенийгээ дэндүү сайн таньж мэдэж, ойлголцож, үгүй дутуугаа гүйцээлцэж, нэгэн хүчирхэг баг болох болно. Үнэндээ та бүхэн бүгд л чухал хүмүүс. Үнэн шүү. Эхэнд биш ч явцдаа таны л чадах үүргийн эрэлт тодорсоор гараад ирэх болно. Тиймээс баг тань хэнийг тань ч дутуу орхихгүй.

Хувийн үзэл бодол, байр суурийг хэт гөжүүдлэн хамгаалах

Багийн тоглолт итгэл хүндлэл, зөвшилцөл дээр тулгуурладаг. Багийн бүрэлдэхүүнээр ажиллах тохиолдолд хэн нэгний хэт давамгайлал, байр сууриа хэт хатуу баримтлах, өөрийнхөөрөө гөжүүдлэн зөрүүдлэх нь хамтын итгэлцлэл, хүндлэлийг үгүй хийдэг. Үнэхээр чухал зүйлийг чухал гэдгээр нь ойлгуулах, хүлээн зөвшөөрүүлэхийн тулд хувийн зан байдлыг зөв зохистой байдлаар илэрхийлэх нь зүйтэй.

Өөрийгөө голох, чамлах, үгүйсгэх

Хүмүүс өөрсөндөө бодитой үнэлэлт өгч чаддаг байх ёстой. Гэхдээ тааруу байна гэдэг нь нэмж чадавхижихийг л шаардахаас угаас ийм сул дутуу гэсэн үг биш. Өөрийгөө голох гэдэг нь үүрэгжин хариуцлагажих талаасаа муу зүйл биш ч өөртөө итгэх итгэлийг алдагдуулдагаараа сөрөг нөлөөтэй. Тиймээс танд чадахгүй зүйл байна уу, заавал суралцах хэрэгцээ байна уу, тэгвэл сурч л орхи. Өнөөдөр та бусдаасаа жаахан дутуу дулимаг байж болох ч өнөөдөр бол өнгөрсний үр тул та маргаашдаа зөв бэлтгэхэд л илүү анхаарах хэрэгтэй. Өөрийгөө зөв таньж, бүтээхийн ямар мэдлэг, чадвар, зан суртахуун чухалчлагдах ёстойгоо илүү хариуцлагатай ухамсарлах болно.

Хэт яарах, болгоомжгүй, гэнэн зан гаргах

Долоон нүүдлийн цаадахийг харж чадахгүй бол цэрэг бүү удирдуул, далан жилийн дараахийн таньж чадахгүй бол төр бүү удирдуул гэдэг. Нэгэн бүхэл баг болж ажиллах үед долоо хэмжиж байж хийгээгүй үйл амжилтанд бус өөр зүйд хүргэх талтайг сайн ухамсарлах ёстой. Хэт яарч хийсэн үйл буруу үр дагаврыг авчрах эрсдэлтэйн дээр хичээн зүтгэж хийсэн бүхэн чинь өрөөл нэгэнд шилжиж, бусдын хоол болчих талтайг ч санах хэрэгтэй.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)