ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : ӨВГӨН АХЫН ХҮҮРНЭЛ

ӨВГӨН АХЫН ХҮҮРНЭЛ

1. Улаачин үрсүүд нь угтаа тэнгэр газрын эздийн ивээлээр, идээр, шидээр, увидасаар л тэнхээгээ бэхлэн тэтгэх үйлийг бүтээдэг гэдгээ мартамгүй л байлтай... Үзмэрчлэхүй, үйлдэхүй, бүтээхүй, засахуй, залруулахуй, эмнэхүй, эвлэрүүлэхүй, аврахуй гээд л аль бүгдийг өөрийнхөө ид чадал, эрдэм ухаанаар дүүргэдэг нь ховор л санагдана. ӨГҮҮЛШГҮЙ ИВЭЭЛТЭН ЭРХШЭЭГЧИД Ч ӨГСӨН ЗҮЙЛЭЭ БУЦААГААД АВДГИЙГ БҮҮ МАРТААРАЙ. Хүний юмаар хүүдэгнэцгээж байж хүндлэлтэй зөвөөр ашиглаж сурвал зүгээр сэн дээ.

2. Монгол хүн болж төрөхийн утга нь юундаа оршдогийг мэдэх үү? Бүх зүйлс, бүх хүн чиний төлөө бүтээгдсний учрыг танин, бүх зүйлс, бүгдийн төлөө амьдрахаар зориулагдан бүтээгдснийхээ үнэнийг тайлж, бүгдэд зохицон, бүгдийг хариуцан амьдарч чаддагт байгаа юм ш дээ. МОНГОЛ ГЭДЭГ ӨӨРӨӨ БҮГДИЙГ БАГТААСАН ҮНЭН шүү дээ.

3. Амьдрал ч үнэхээр сонирхолтой шүү. Заримдаа хал халдаах гэж хамаг чадлаа шавхах нэгэн ч өндийж босох, өөдрөгжин хүчирхэгжих замыг минь засаад, замчлаад, багшлаад өгчихдөг юм даа. Өмнө нэгэн цагт Өрлөг түүхийн эзэн Их Хаганыг өргөж тэтгэсэн олноос ч илүүтэй унагаж, дарах гэсэн дайснууд нь хүчирхэгжүүлж өгсөн гэдгийг үгүйсгэх хэн ч үгүй бизээ. Тэгэхээр ӨСТНӨӨ Ч ГЭСЭН ӨР ЗҮРХНИЙ АНДААСАА ДУТУУГҮЙ ХАЙРЛАЖ СУРАХ хэрэгтэй болдог юм даа.

4. Хандах зүгтээ дайсангүй гэдгийг хэрхэн ойлгож байна даа дүү минь. Үнэндээ дайсангүй болно гэдэг чинь хавь ойрт чинь чамайг дарах санаатан үгүй боллоо гэсэн үг биш. Харин чи хамаг бүхнийг харласан, харшилдсан, хагаралдсан сэтгэлээр харахааргүй болж, хайрлан, хариуцахуйн үнэнд бэхлэгдлээ л гэсэн үг. Хамгийн аюултай дайсан хүнд өөрөө л байдаг юм шүү. ӨӨРИЙГӨӨ ТАНЬЖ, ЗАСЧ ЧАДСАН ХҮНД ӨРГӨН ДЭЛХИЙ ӨӨРӨӨ БАГТДАГ ЮМ.

5. Аливаа юманд ямагт хэр хэмжээ гэж байдаг юм. Хэтийдсэн гэдэг утга чинь өөрөө хэмжээ томтойг л өгүүлсэн хэрэг. Савны хэмжээ нь ч энэ нартынхаас огт өөр хэмжээтэйг хэлсэн үг л дээ. Зүрхэнд нь бүгдийг хариуцах, бүгдэд өөрийгөө зориулах өргөл үгүй байж бүгдийг эрхшээх гэж хийрхэх үрсүүд цөөнгүй болсон мэт санагдах юм. Хэмжээнээсээ хэтрэх гэсэн хүсэл шунал аль хүртэл явуулж, хаана зогсохыг би эс ч ТЭНГЭР МЭДНЭ шүү дээ. БУСДААС НУУЖ БОЛОХ Ч ТЭНГЭРЭЭС НУУХЫН АРГАГҮЙ. ТЭНГЭР БҮГДИЙГ МЭДДЭГ.

6. Тэнгэр онгодууд л бүгдийг мэдээд шийдчихдэг юм биш. БАЙГАЛЬ ДЭЛХИЙН ЭЗЭД ГЭЖ БИЙ. ТЭД ХҮМҮҮНИЙ ХАЛУУН СЭТГЭЛИЙГ ЮУНААС Ч ИЛҮҮТЭЙ НЭВТЛЭН ТАНЬДАГ УВИДАСТАЙ. Тэднийг зүгээр л үйлийнхээ туслах гэж андуурагсад бас байх юмаа. Гэтэл байгалийн эзэд ч бас эрэмбэ зэрэгтэй, эмхлэх, эрхшээх үүрэгтэй байдаг. Хүмүүсийн нүднээс далдхан байдаг байгалийн шидтэнгүүд ч гэж бас бий. Онгодууд улаачаа сонгодог байхад байгалийн эзэд ч бас онцгойлж нэгнийг сонгоод орон нутаг, оршихуйн нууцаа дэлгэж, оршоож хүч увидсаа өгөөд олон зүйлийг хийлгэдэг юм ш дээ. Тэд харин гаднаасаа эгэл биднээс ялгаагүй дээ. Гэвч ёстой л нөгөө тэнцэшгүй гэх бүгдийг далдхан өөрсөндөө агуулаад өрөөлийн нүднээс далдуур үйлээ хийгээд л даруухан амьдарцгаадаг юм.

7. Айхтар нэртэй болохоор нь аагий тээгий гээд цэрвээд байдаг харын гэгддэг нэгэн хүчнийхэн бий. Бүгдэд айдас төрүүлж, бүгдийг айдсаар нь аргамжиж, айхтар шуналтай нэгнийг аргамжаад ахиулаад давраагаад адлаг чанарын биелэл болсных нь дараагаар адлуулж бүгдэд таниулдаг нөхдүүд дээ. Гэтэл үнэндээ гэгээн цагаан нэгнийг, гэрэлтэй, галтай сэтгэлтэнгүүдийг тэд яадаг ч үгүй, харин ч хамгаалдаг. ХАР ХЭМЭЭГДЭН ЖИГШИГДЭН ОРШДОГ Ч ТЭД БАС Л МӨНХ ТЭНГЭРИЙН БҮТЭЭЛ, ОРШИХУЙ ЭНЭ ЕРТӨНЦӨД ОРЧИН ЗОРЧИГСОД, ОРШИН ХӨГЖИГСДӨД ҮНЭНИЙ ХУУЛИЙГ САХИУЛАГЧИД Л ШҮҮ ДЭЭ. Тэднээс бус өөрсдийнхөө сэтгэл, бодол, үйлийн хар бараанаас, хүсэл шуналын хэтийдлээс айх хэрэгтэй дээ.

8. Алддаггүй хүн гэж байдаггүй юм. Алдаж байж, унаж байж, уруудаж байж өндийж чадсан хүнд үнэн болоод жинхэнэ хүч, утга учир биеждэг юм. Алдаад бай гэсэн үг гэж хөөрүүзэй дээ. Гэвч алдаж болсон юм засаж болдог юм гэдгийг л бүү мартаарай. АЛДАА ОНООНЫ ДЭНСНЭЭС ҮНЭНИЙГ ӨӨРТӨӨ БЭХЭЛСЭН ХҮН Л ӨНДИЙЖ БОСДОГ УЧИРТАЙ. Энэ цагт өөрийн буруугаас гэхээс илүүтэй өнгөтийн бүрхсэн өлөн харанхуйн ноёрхлоос болж төөрч будилж, тэнэглэл мунхаглалд автагсад нь илүү олон бий. Тэднийг буруутгаад яах ч билээ. Өгүүлж сургаж, зүглүүлж дагуулах учиртай өндөр тэнгэрийн өгөгдөл үүрэгтэй үрсүүд нь өөрсдөө зөвдөхийн цагт тэд ч бас зөвдөөд л явчихна.

9. Нэгнийг буруутгахын тулд нөгөөг өргөх гээд байдаг нь эрхшээж дээрээс харахын аргагүй эгэл бидний л үнэн. Гэвч орчлон ертөнцөд хар үгүй цагаан, цагаан үгүй хар гэж байдаггүй гэдэг сэн. Харыг нь хараар нь цагааныг нь цагаанаар нь тольдон харж, үнэлэн цэгнэхэд хүн бидний хүч мөхөстдөг байх л даа. Гэхдээ Шөнө үгүй өдрөөр л оршвол яах бол, сүүдэр үгүй гэрэл л байвал хэрхэх бол. Хүн бүрт өөр өөрийн үнэн бий. Хийсэн гэмэнд нь ч өөрийн гэсэн зөвтгөл бий. Үнэлэх үнэн, харьцуулах үйл цөөхөн үед харлуулах, цагааруулах гэж бүү хичээ. ЧОНЫН АМНААС ГАРААД БАРЫН АМАНД ОРНО ГЭДЭГ ҮНЭНДЭЭ ЦОХОЛЖ ҮНЭНИЙГ ТАНИАГҮЙ БАЙЖ БУСДЫН ҮГЭЭР ҮНЭНИЙГ ТОГТООНО ГЭСЭН ҮГ шүү дээ.

10. Хөрстөд хөлөө олж гишгэж сураагүй хөөрүү нэгэнд Хөх тэнгэр жигүүр дэлгэн нисэхийг зөвшөөрдөггүй гэж дүүгийн тэрлэсэн үнэний хувьтай. Үнэндээ онгод тэнгэрийн эрдэм хүчийг бид өөрсөндөө сэлгэж буулгахын төдийхнөөр биш оршоож биежүүлэхийн үнэнээр бэхлэх учиртай юм. Эцэстээ бид тэнгэр дээд эсүүдийн газарт буусан дүр нь болж оршихын тулд тэрхүү өндөр заяа эрдэм хүч чадал ухааныг дааж явах сав нь болох учиртай. Тиймээс л ТЭНГЭРҮҮД ТЭНХЭЭГ НЬ СОРЬЖ, ТЭНЦСЭН ҮЕД НЬ САВНЫХ НЬ ХЭМЖЭЭГЭЭР Л ӨГДӨГ. Түүний тулд хүн хөрстөнд эхлээд хүн байхын үнэнд нийцсэн байх нь чухал.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)