ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : УЛААЧ- УДМЫН ГАЛАА БАДРААГЧ

УЛААЧ- УДМЫН ГАЛАА БАДРААГЧ


Монголчууд гал эрчмээр тэтгэгдэн хүчирхэгждэг ард түмэн. Орчлон ертөнцийн үүтгэл, амьд бүхний эхлэл ч галаас үүдэлтэй.
Хүний амь, оюуны үүтгэл, үл устах эрчим нь Гал юм. Монголчууд эрт цагаас Мөнх тэнгэр буюу Мөнхийн оюунт эрчмийн дээд нэгдэл болох Мөнх Галаас үе үеийн үл тасрах Мөнхийн язгуур, уламжилж залгасан угсаа гарвалын холбоосоор дамжуулан оюун санаа, эрчмийн дээд агуулгаар тэтгэгдэн хүчирхэгжих бэлэгдлээр язгуурын гал тахилгын зан үйлийг эрхэм үйлээр ёсчлон дээдлэн үйлддэг байв.
Гал гэдэг хүн бүрийн зүрхэнд, сэтгэлд, тархинд, биенд шингэж, эрчимжүүлж өгдөг бөгөөд итгэлийн гал нь мөнхөд бадамлаж байхад юунд ч үл сөхрөхийн үнэнээр тэтгэгдэж, өөдрөгжин хүчирхэгжиж байдаг. Гал тахилгын зан үйл нь Язгуурын үүтгэлийн холбоосыг бэхлэх, ариутган эрчимжүүлэхийн хамтаар хүн бүрийн дээд мөн чанарын эрчмийг тэтгэн, оюун, сэтгэлийн галыг бадрааж өгөх утгатай үйл юм. Дотоод гал нь бадраагүй хүн хүчирхэгжин өөдөлж чаддаггүй учиртай.
Энэ цагийн улаач нарын зайлшгүй хийх учиртай үйл нь Удмын галыг бадраах явдал юм. Дийлэнх удмууд түүхэн он жилүүдийн хийдлээр эртний язгуураасаа тасарч, удмын гэх нандин бүхнээ гээж орхисон нь үнэн. Гэвч удмаараа хүчирхэгжин босохын тулд, өвгөдийнхөө үйлийг, мөрийг үнэнээр, гэгээнээр уламжлуулан үлдээхийн тулд үүнийг жинхэнэ утгаар нь гүйцэлдүүлэхээс өөр аргагүй. Үүнийг чадсан улаач нараараа бахархая. Харин амжаагүй нь өнөөдрөөс эхлэхэд оройтохгүй билээ.
Мэдээж бүх зүйл өөрийн удмыг судлах, өөрсдийн дээд эсүүдээс суралцахаас эхэлнэ. Хамгийн гол зүгээр л нэг галд өвчүү, сүүл, шар тос мэтийг өргөхөөс илүүтэй, билгийн төвшний бэхэлгээг нь бэхжүүлж, аргын төвшинд аргамжааг нь бодитжуулж өгөх нь чухал юм.
• Удмын тань гал тахилга олон үеэр тасарч, магадгүй сэргээн хийсэн тахилгууд нь дээд язгууртаа хүртэл өрдөгдөн холбогдож чадаагүй байж болох юм. Тэгвэл тэнгэр дээд эсүүдээсээ тодлон байж, эртний язгуурын гал үүтгэлтэйгээ холбож, догширч, сэвтсэн язгуурын холбоосыг нь аргадан зөөллөж, ариутган бэхлэх үйлийг заавал хийгээрэй. Дээд язгуурын галтайгаа холбогдож чадсан цагт л дээдийн эрчмээр нь тэтгэгдэх боломжтой болно. Удмын галын энэ л утга бэлэгдэл дүүрэн үйлийг улаач заяатан та л танин ухаарч, тайлан мэдэж, хариуцлагажин хамаарч гүйцэтгэх учиртай. Хэрэв нэгэн удамд хэд хэдэн улаач байдаг бол хамтдаа үүнийг хийх нь чухал. Нэгэн удмын улаачид эвтэй, нэгдэлтэй байж удмаа эвлэлдүүлэн, нэгдүүлж, хүчирхэгжүүлж чадах нь гарцаагүй.
• Нэгэнт язгуурын гал үүтгэлтэйгээ холбогдож, эрчимжин тэтгэгдэх боломжтой болсон бол өөрийн удамд хамаарах өрх бүрийн, айл бүрийн язгуураасаа тэтгэгдэн өндийх заяаг нь бэхэлж өгөх нь чухал. Удам гэдэг өөрөө нэгэн хослолт эхлэлээс үүтгэлтэй байдаг бөгөөд удамд төрсөн хүн бүхэн улаан цусны өгөгдөлөөрөө, цагаан ясны мэдээллээрээ өөр хоорондоо учиглагдан бие биенийхээ хувь тавиланд нөлөөлж явдаг учиртай. Удамд тань сайн сайхныг бүтээгч нэгэн байхад түүний цагаан эрчим бүхий л удмынханд тань хишиг болон түгж байдаг. Харин удамд тань хар буруу үйлтэн байдаг бол түүний хийсэн нүгэл бүр удмын аль ч үрсэд үйлийн үрийн мэдээлэл болон уламжлагдаж, хувь тавиланд нь сөргөөр нөлөөлж байдаг. Тиймээс л удам нэгэн нэгэн үндэсээс ургасан мод адил бөгөөд удмын мэдээллүүдийг авч төрсөн л бол бусдаасаа хүссэн ч эс хүссэн ч хамаарч, басхүү эргээд удамд хамаарах бүгдийнхээ хувь тавиланд нөлөөлж байдаг. Удамд хамаарах бүхий л айл, өрхүүд язгуурынхаа эрчмээр тэтгэгдэж чадсан тохиолдолд танай удмынхны заяа тэгширч, өөдлөн босох учиг бүрдэнэ гэсэн үг. Айл өрх бүр удмын галаасаа таслан голомтдоо галаа бадраан өргөгдөн тэтгэгдэх, үржин олшрох болтугай.
• Удамд хамаарах үрс бүрийн гал язгуураас тэтгэгдэх холбоосыг нь бэхэлж өгөхийн тулд юу юугүй гал тахиад, галаар ариулаад байх нь үр дүн муутай. Хамгийн чухал нь гал гэдэг ямар учиртай, тэр дундаа удмын гал ямар учиртай, түүгээр хэрхэн тэтгэгдэх хийгээд түүнийг хэрхэн эрхэмлэн дээдэлж явахын үнэнийг итгэлд нь, сэтгэлд нь оршоож өгөх нь чухал. Итгэл үгүй хүнд засал хүрдэггүй гэдгийг бид сайн мэднэ. Удмын галаас, язгуурын эрчмээр тэтгэгдэнэ гэдэг нь өөрөө галаар эрчимжиж ариусна гэсэн үг биш. Гал гэдэг өөрөө амь, гал гэдэг өөрөө оюун, гал гэдэг өөрөө үнэн, гал гэдэг өөрөө үл унтрах эрчим, гал гэдэг өөрөө гэрэл байдаг. Галын үнэнийг таниулж чадсан цагт л удмын тань үрсийн хэн нь ч бай язгуурынхаа дээд билэг оюун, дээд эрчим, дээд хишиг тавилан, мөн чанарын ариусал, мөнхийн үнэний замналын учигаар бэхлэгдэн тэтгэгдэх болно.
• Галын үнэнийг өөртөө оршоож, гал эрчмээр тэтгэгдэх болсон удмын тань үрсүүд амьдралын үнэнийг танин ухаарч, алдаа оноогоо дэнслэн тунгааж, зөвийн үнэн, зүйтэй ариунаар хөглөгдөн, өөдлөн дэгжиж, хүчирхэгжин босох тавилангаар алдаа үгүйгээр замнах боломжтой. Гагц тэнгэрээс оноолттой, өвгүдээсээ үүрэгтэй улаач заяатан та л үүнийг хэрэгжүүлж чадах билээ. Тэнгэрлэг их үйлэнд тань амжилтын дээдийг хүсье.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)