ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : ИТГЭЛ ҮГҮЙН ХААЛТЫГ ЭВДЛЭХҮЙ

ИТГЭЛ ҮГҮЙН ХААЛТЫГ ЭВДЛЭХҮЙ


ТЭНГЭР ХҮҮРНЭХҮЙ:
Чи энэ ертөнцөд өөрийн чадлаар төрж, өөрийн хүссэнээр биежиж, өөрийн сонголтоор төрөлжиж, гагц өөрийн л чадлаар амьдарч байгаа бус. Мөнхийн дээд хүчин чамайг, чиний амьдран оршиж буй энэ ертөнцийг, чиний хүн нэгэн төрлөөр амьдрах боломжийг, ясаар тулж, махаар ургаж, цусаар амилан биежих нөхцлийг, өвлөж өртөөлөх угсааны өгөгдлийг, үргэлжлүүлж удамшуулах үр хойчсыг, өөрийнчилж дотносох аав, ээж, ах дүүс, төрөл төрөгсөд, хайртай хүмүүсийг чинь, хүрээлэн тойрсон хүн олныг, хүлээн зөвшөөрөгдөх чадвар, мэдлэгийг чинь хүртэл бүгдийг нь бүтээж чамд өгсөн. Эртэй сайндаа чи энэ бүгдийг өөрөө бүтээгээд эзэмшсэн биш, эрдэмтэй чадалтайдаа чи эгэлгүй бүхнийг эзэмшээд төрсөн бус. Чамайг бүтээсэн дээд хүчин чамд хэрэгтэй бүхнийг, чамаас хамаарах бүгдийг, чиний хариуцах ёстой бүгдийг хамтад нь бүтээсэн. Чи төрөөгүй аваас чамд хамаарахгүй зүйлс бусуу бүгд. Амьсгалах агаар, хөрс шороо, ус, хүнс тэжээл бүгд чинь эцэстээ шүтэн барилдсан эрчим болохын хувьд эрхшээгч тэнгэрийн бүтээл. Агаараар нь амьсгалж, хүнсээр нь тэжээгдэн, хайраар нь хөглөгдөн, хамгийг нь эзэмшин эдлэх атлаа чи юуны учир бүгдийг басхүү чамайг ч гэсэн бүтээсэн тэрхүү дээд хүчинд үл итгэнэм. Таарч тохирохуйц тавиланг хүртэл бүтээж өгөөд байхад таных бус минийх хэмээн зөрүүдлэхийн учир нь юунд вэ? Хаана чи төрөөд хаашаа чи явж буй билээ. Хар толгойтой биенийхээ аль хэсгийг нь чи өөрөө бүтээсэн хэрэг вэ? Хамаарах, хайрлах бүгдийгээ хаанаас чи хурааж цуглуулсан хэрэг вэ? Хамгийн үнэнээр чи энд яах гэж ирснээ л хэлчих. Хариулж чадах нь уу үр минь? Хатуухан ч үнэнээ хүлээчих. Хүлээж үнэнээ мэдүүлнэ гэдэг хүчирхэгжин босохын чинь үндэс шүү.
Энэхэн дэлхий оршихуйд ивээлээр чи төрсөн. Ивээгдэж төрөхийн учир эрхшээгчийн өмнө үүрэгжсэн. Үй олноор төрөхдөө үүргээ чи биелүүлсэн. Үгүйсгэж ч зөндөө буруудсан, үхлээр айлгаж зугтаасан. Эцэстээ чи үнэнийг таньж, энд ирсэн учраа тодолж, ивээгчийн үүргийг эргэлзэлгүй гүйцэлдүүлж, ивээлийн дээдийг бүгдэд түгээсэн. Үүргээ үнэнээр гүйцэлдсний үрээр өдгөө ч энд үүрэгжин биежсэн. Өгүүлэхээс ч эмээмээр, алдахаас аймаар асар хүндийн үүрэгтэй мэт. Үүрэг тань хүнд мэт байна уу? Үнэндээ чиний даах л ачаа. Гэвч өдийхөн насласан эгэлхэн замналаар өндийж ч босомгүй хатуухан заяа. Замгүй газраар зам гарга гэсэнгүй. Заяач тэнгэрүүд чинь замчилсаар өдийг хүргэсэн бус уу. Огтоос байхгүйг оршоон бүтээ гэсэнгүй. Оюунт дээдсүүд чинь ончилж таниад, оньслоод бүтээчихсэн бус уу. Өдийг хүртэл чамайг бүтээгээд, өөрийн гэх бүхнээр чинь тэтгээд, өөдлөх заяаг чинь хурайлсаар ирсэн бид үргэлжлэх замд чинь ч төөрөлгүй дагуулах бус уу. Эргэлзэлгүй бүгдийг хүлээн зөвшөөрч, итгэлийн дээдээр нэгдэхийн цагт эрдэм чадал нь эрчимжин сэргэж, эгнэшгүй тавилангаар эргэн хүчирхэгжинэ. Эндүүтэй БИ-гээр итгэлжлээ гэхэд эргээд мөнхрөлийг олох нь үгүй шүү.
Чин сэтгэлээс чинь өөр
Чинийх гэх зүйл үгүй
Чигч үнэнийг таних аваас
Минийх ч гэх зүйл үгүй
Мөнхөд эрхшээгчийн нэгээхэн хэсэг болж, мөхөшгүй үнэний хэтийдсэн хүчтэй нэгдэхэд мөхөсдөн итгэл чинь хүрдэггүй юмаа гэхэд мөнөө үнэнээр танин, сэтгэлээ чинээр өргөхтүн. Итгэл бол өргөл юм. Өнөөг хүртэл бүтээсэн амьдрал чинь үлээхийн төдийд л үнс болохоор өчүүхэн бөгөөд эмзэгхэн билээ. Өөрийн хүчээ чи түүнд л зориулж өндийлгөж босгосонг чинь үгүйсгэшгүй ч үнэндээ ивээл үгүй байсан бол өдий зэрэгт хүрэх нь юу байсан бол доо. Хичээх тусам тэтгэн, хэмжээнд нь тохируулж үнэлсэн л хэрэг. Хэн гэдгээ эргээд санахтун. Хийх үйлэндээ эрчимжин бэлдэхтүн. Хүн тавилангаар чамайг биежүүлэн байж, хэрэгтэй бүхнээр чамайг чадалжуулан байж, хайртай бүхнээр чинь чамайг хариуцлагажуулан байж, эргээн энд ирүүлсний учрыг, эрхшээгчээс зараалдсан үүргээ эргүүлэн одоо бүтээхийн үнэнийг эргэцүүлэн сайтар танихтун. Эргэлзэл үгүйгээр гүйцэлдүүлэхтүн. Чамайг бүтээсэн заяачид чин сэтгэлийг чинь хүлээн байна. Ахуй юухандаа түүртээд, амьдралын балчигтаа шигдээд, хүсэл юүхэндээ хүлэгдээд, хүндрэл гээчид баглагдаад байвал хүн заяаг чинь тэнгэрээр тэтгэн хүчийг чамд хэрхэн өгөх билээ. Эрхшээгч бүхэндээ итгээд эргэлзэлгүй бүгдэдээ зорьж чадваас эмзэглэн хөндүүрлэх олон асуудлууд чинь илүү дээдээр зохицуулагдан, залруулагдах болно. Үүнд чи итгэхгүй аваас өөрийгөө хэтийдүүлэн үнэлээд л байвал, замаас чинь төөрүүлэлгүй хөтөлсөн заяачдыгаа залилж хуурснаас ялгаа юу билээ. Эргэлзээд байвал эхнээс нь нягтлахтун. Эндүүгээ арилган сэтгэлээ хөвчрүүлэхтүн. Заяагаа улам таних бүрийд зам чинь урагшлан тодрох болноо үр минь.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)