ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : ЭРТНИЙ МОНГОЛ УДМУУДЫН ОВОО ТАХИЛГЫН БЭЛЭГДЭЛ

ЭРТНИЙ МОНГОЛ УДМУУДЫН ОВОО ТАХИЛГЫН БЭЛЭГДЭЛ


Эрт цагаас Монголчуудын эрхэмлэн дээдэлж, итгэл бишрэл, хүндэтгэлийн эрхэм ёс, зан үйлийн өв болгон уламжлуулж ирсэн соёлуудын нэг бол Овоо тахилга юм.
Эрдэмтэн судлаачдын хийсэн дүгнэлтүүдийг нэгтгэн үзвээс овоо босгох зан үйл нь нүүдэлчдийн байгаль, дэлхийгээ шүтэн дээдэлж, аж төрөх ёстой холбоотойгоор үүссэн болох нь тодорхой байдаг. Тухайлбал:
• Овгийн байгууллын үед салан тусгаарласан отог, бүлүүдийн газар нутгийн эзэмшлийг хожим овог, аймгуудын хил хязгаарын заагийг тодорхойлогчийн үүрэгтэйгээр овоог босгох болсон;
• Бөө шүтлэгийн хөгжилтэй холбоотой газар усны эзэд оршдог, эрчим сүлдтэй холбогддог буюу одоогийн ойлголтоор эрчим хүчний төв, эрчмийн урсгал, дээд хүчинтэй холбогдох суваг бүхий онцгой орон зайд тусгай бэлэгдлийн агуулга бүхий овоог босгон, шүтэх, тахих, өргөл өргөх, сүсэглэн залбирдаг болсон;
• Хүн байгалийн амин эрчмийн шүтэн бариллагат харилцааг эрхэмлэх байдлаар байгаль хамгаалах өв соёлыг уламжлуулан үлдээхийн тулд бий болгосон;
Монголын түүхэн эх сурвалжуудад дурьдагдсан байдлаас үзэхэд дундад зууны үед овоог утга бэлэгдэл, агуулгын эрхэм чухал байдлыг баталгаажуулах, алдаршуулах, уламжлуулан өвлүүлэх байдлаар босгох болжээ хэмээн дүгнэж болохоор байдаг.
Туулын хар шугуйд Ван хаан Тоорилтой уулзалдан найрамдахдаа босгосон овоо одоо Богд уулын зүүн талын Төрхурахын хажуу дахь хөтөл дээр байдаг[1].
Монголын нууц товчоонд Чингис хаан “Өшөөт дайснаас, Өршөөн аварч, Өнчин бидний, Өмөг болсон, Өндөр дээд, Бурхан Халдун чамайг, Өглөө бүр мялааж байя, Өдөр бүр тахиж байя, Үрийн үрд, Үүрд тахиж, Үе тутам, Үргэлж шүтье... гэж бүсээ хүзүүндээ өлгөж, малгайгаа гарт сэгэлдэргэлж, гараар өвчүүгээ дарж, наран өөд хандаж, Бурхан Халдунд есөнтөө сөгдөж өчин, сацал сацав”[2] гэжээ. Энэ нь төрийн их тахилгат Бурхан Халдун уулын тахилгын соёл их эзэн Чингис хааны үеэс өнөө хүртэл өвлөгдсөөр ирснийг гэрчилнэ.
Профессор Л.Дашням “Овоо гэдэг бол цагийн цагт өөрчлөгдөж л байдаг тэр л түүхэн ухамсар” [3] хэмээн тодорхойлсон нь энэхүү зан үйлийн өв нь түүхэн цаг үеүдэд утга бэлэгдэл талаасаа илүү чухалчлагдаж байсныг нотолсон хэрэг юм. Энэ ч утгаар нь Монголчуудын овоо босгох, тахих соёлыг зан үйлийн гэхээсээ утга бэлэгдэлийн цар хүрээ, чухалчлагдан тахигдах төвшингөөр нь төрийн, нутаг хошууны, овог язгуурын гэх мэтээр ангилан авч үзэх боломжтой. Тахилга гэдэг нь уул, ус, байгаль дэлхийн эзэд (лус, савдаг, навдаг, шивдэг)-ийг хүндэтгэн дээдэлж, од, гараг эрхэсийн орчил хөдөлгөөний хамгийн сайн тохиол буюу сайн өдөр, цагийг олж, нутгийн ард олон тухайн нутаг орондоо хамгийн ихээр хүндэтгэн дээдэлдэг уул, усандаа идээ, ундааныхаа дээжийг өргөн хүндэтгэл үзүүлж, сүсэглэн залбирч, мөргөл үйлдэх ёслол буюу нүүдэлчин хүмүүний байгалийг дээдлэх соёлын цогц илэрхийлэл юм[4].
Монгол орны нийт нутагт 1200 гаруй уулыг нэн эрт цагаас тахиж ирсэн. Эдгээрийн ихэнхи нь гол, мөрөн, нуур, цөөрмийн эх болж байсан аж. Өөрөөр хэлбэл ус үйлдвэрлэх эх болсон уул овоог тайж тахих зан үйл нь хүн-байгалийн хүйн холбоог бататгасан эрхэм соёлын өв мөн[5].

________________________________________
[1] Ш. Сүхбат. Монголын бөөгийн шашины уул ус тахих уламжлалт зан үйл. УБ., 2007, 94 дэх талд
[2] Ц. Дамдинсүрэн. Монголын нууц товчоо. УБ., 2004, 32 дэх талд
[3] Л.Дашням, Проф. Монгол уламжлал Академиа. Овоотой холбоотой зарим ойлголт, ухаарал. 2010. http://www.bayansharga.mn/
[4] Ж.Долгорсүрэн Ph.D, профессор. Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт соёл дахь уул, ус, овоо тахих ёсон.http://mongolsoyol.blogspot.com/
[5] Ж.Долгорсүрэн Ph.D, профессор. Монголчуудын байгаль хамгаалах уламжлалт соёл дахь уул, ус, овоо тахих ёсон.http://mongolsoyol.blogspot.com/

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)