ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : МОНГОЛЧУУДЫН УДМЫН ОВОО ТАХИЛГА

МОНГОЛЧУУДЫН УДМЫН ОВОО ТАХИЛГА


Эрдэмтдийн судалгааны ажлууд, сэдэвт холбогдох эрдэм шинжилгээний бүтээлүүдэд хамгийн бага дурьдагддаг овоо тахилга бол Удмын овоо тахилга юм.
Ахмад настнуудын дунд ам дамжиж яригддаг хууч яриа, дурсамжууд болон бөөгийн тэнгэр оюун санаануудын дамжуулснаар Монголчуудын овооны бэлэгдлийн соёл, түүхтэй холбоотой дараах дүр зураг тодорхойлогддог.
• Овоо нь тэнгэр, газар, хүн оршихуйтны шүтэн барилдлагыг билгийн чинадаар бэхлэн зангидаж, аргын үйлээр аргамжин нэгтгэсний илэрхийлэл бөгөөд эдгээр гурван ертөнцийг эрчмийн төвшинд холбон нэгтгэх боломжтой эрчмийн суваг бүхий газарт байгалийн амьд эрчмийн мэдээллийг цаг хугацаа, орон зай, хөндлөнгийн нөлөөллөөс үл хамааран хадгалагч модоор өндөрлөж, чулуугаар суурилан дүүргэж, сураар бэхлэн зангидах байдлаар босгодог байжээ.
• Монголчууд эрт цагаас тэнгэр огт ор үгүй, дээд оюун санаанууд, дэлхий оршихуй, түүнийг бүтээгч лусын аймгийнхан, биежин төрөл авагч амьд биетийн эрчмийн шүтэлцээг танин мэдэж, орчлон ертөнцийн жам ёсны хуулиудад нийцүүлэн, зохируулж оршин хөгжих ахуй соёл, ёс уламжлалыг бүтээн, хойч үедээ уламжлуулж иржээ. Хүн өөрийн төрсөн нутгийн уул, усны эздийн соёрхлоор олон төрөлт махбодийн шүтэн барилдлагат биеийн эрчмээр тэтгэгдэж, хувь тавилангийн мөр тэгширдэг хэмээн үздэг тул өөрсдийн он удаан жилээр нутаглан ирсэн газар нутгийн эздэд хүндэтгэл үзүүлэн, үе үеийн өвөг дээдсийнхээ уламжлуулсан ёс бэлэгдэл, зан үйлийн дагуу өөрсдийн угсаа гарвалыг таниулан мэдүүлж, удмын үрсийн заяа тавилан, зам мөрийг тэтгэн соёрхдогт нь талархан, ирээдүй хойчсоо захин даатгаж овог, удмын овоог босгон, тахидаг байв. Тухайн удмын үр хойчис өөр газарт амьдарч байсан ч удмын үнэр, ургийн дуугаар уул усны эзэд нь танин, тэтгэсээр байдаг бөгөөд зарим үед өвөг дээдсийнх нь өчиг, амлалтын дагуу олон үеийн дараах үр хойчсоос нь өргөл, тахилга нэхдэг ажээ.
• Овог язгуурын болон удам угсааны овоо тахилга нь харийн бодлогоор хавчигдан гадуурхагдаж, өөр хооронд нь эе эвдрэлцүүлэх агуулга бүхий жижиг бүс нутаг, хил хязгаарын хийгээд хэт шашинлаг агуулгаар бүдгэрсээр өдгөө дахин сэргээхэд амаргүй төвшинд хүрсэн байна. Өнөөгийн бид ихэвчлэн өөрөөс дээшхи 5 хүртлэх үеэ мэдэх боломжтой байгаа нь Монголчуудыг эртний угсаа, язгуураас нь зориудаар салгах, үл тасрах өвийн, эрчмийн, соёлын хэлхээг нь тасалдуулах бодлоготой холбоотой байжээ.
• Хүн төрлөөр төрөгч бүхэн оюун дээд сүнс, эцгийн талын гарвалийн мэдээллийг өртөөлөн дамжуулагч амьд оюунт эрчим болох ясны сүнс, эхийн талын гарвалийн өгөгдлийг өртөөлөн оршоогч цусны сүнс гэсэн амьд мэдээлэлт эрчмүүдийн цогц нэгдлээр амилан оршдог. Тийм утгаараа эцэг, эхийн гарвалийн мэдээлэл нь тухайн хүн төрөл ологчийн хувь тавилангийн мэдээллийг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй байдаг. Ийнхүү тавиланжихдаа өөртэйгээ ясны болон цусны мэдээллийн өгөгдөл ижил бусдынхаа хувь тавиланд ижил зүйл ижлээ татдаг, ижил зүйлс өөр хоорондоо нөлөөлдөг, нэгддэг энергийн хуулийн дагуу эрчмийн мэдээллийн агуулгын төвшинд харилцан үйлчлэлцэж, нөлөөлж байдаг байна. Иймээс ч эрт цагаас Монголчуудын хувьд удамаа цэвэр ариун байлгах, хүчирхэгжүүлэх, хувь тавилангийн өгөгдлийг нь өргөх нь чухалчлагдаж ирсэн билээ. Төр түшигч нэгний төр, түмний эсрэг хийсэн өршөөгдөшгүй гэм нь өөрөөс дээшхи 9 үеийн өвөг дээдсийн тэнгэр заяаны эрэмбийг буулгаж, өөрөөс нь доошхи 9 үеийн үр хойчсынх нь өөдлөх заяаг дардаг хэмээн өвгөдүүд сургадаг. Гагц дээш хийгээд доошхи үеийнхэнд нөлөөлөөд зогсохгүй нэгэн цаг үед зэрэгцэн амьдарч буй яс, цусны мэдээлэл нэгт төрлүүдийнхээ хувь тавиланд ч үйлийн үр болон нөлөөлж, өөдрөг явах тавиланг нь дордуулдаг байна.
Өвөг дээдсүүдээсээ, удмын ахмадуудаасаа, эцэг эхээсээ уламжлан суралцаж, үргэлжлүүлэн хөгжүүлж, хойч үедээ өвлүүлэн үлдээдэг орчлон ертөнцийн үнэний ухаарал, мэдлэг, түүнд зохицон хөгжих эрдэм, арга чадварын уламжлал тасалдаж, өдгөө Монгол хүн эргээд Монголжих эрэлт бодитой бий болсон нь нууц биш.
Удмын овоо тахилгыг сэргээхийн ач тус их ч, түүнийг сэргээн босгож, эртний утга агуулга бэлэгдэл хийгээд тасран холдсон угсаа, язгуурын дээд эрчимтэй холбоход амаргүй. Үүний тулд өнөөгийн Монгол удмууд хамгийн багадаа өөрөөс дээшхи 9 үеийн угийн тухай, гарвал угсаанаасаа уламжлуулдаг өв ухаан, үнэт чанар, эрхэм ёс, удмын соёлын талаар зохих төвшний мэдлэгтэй, түүнийг даган хүлээн зөвшөөрөх чин сэтгэл, эрмэлзэлтэй, өвөр зууртаа үргэлжид харилцан хамааран орших ургийн торлогт холбоосын үнэн хийгээд үр дагаварт учигийг танин ухаарсан байх нь чухал юм.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)