ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Зөн билэгч Зираддин Рзаев

Зөн билэгч Зираддин Рзаев

Түүний эх нэгэн удаа удахгүй төрөх ер бусын хүүдээ Зираддин нэр өг гэсэн зөнтэй зүүд зүүдэлжээ. Мусульманчууд эрэгтэй хүүхдийн хөвчийг төрсөн хойно нь тастдаг бол тэрбээр угаасаа тийм төрсөн аж. Сэтгэцийн өвчтэй нэгэн бүсгүйг эмч нар эдгээж хүчрэхгүй бөгөөд түүнийг Зираддин эмчилж, хожим нь тэр бүсгүйтэйгээ гэрлэсэн байна. Энэхүү ер бусын увидастай залуу бол Азербайджанаас гаралтай  Зираддин Рзаев юм. Тэрбээр дунд сургуулийн төгсөх ангид сурч байхдаа ер бусын дуу хоолой сонсож, далдыг хардаг болжээ. Зираддин гоц мэдрэхүйгээ олноос нуудаг байсан бөгөөд ТНТ телевизийн “Зөн билгийн тулаан”  цуврал нэвтрүүлгийг үзснээр өөрийн авьяасыг улам хөгжүүлэхээр Москваг зорьсон байна. Нэвтрүүлэгт оролцсоноор түүний амьдрал үндсээрээ өөрчлөгдсөн гэж  болно. Өнөөдөр Азербайжанд тэрбээр үндэсний баатарт тооцогддог. Харин Орост зөвхөн дээд зиндааны эрхмүүд л түүнээр үйлчлүүлнэ. Зираддин “Day.Az” сэтгүүлд ярилцлага өгчээ. -Далдыг харах ер бусын энэ чадвар тань бурханаас өгсөн бэлэг үү, аль эсвэл…?
-Энэ чадвар тухайн зөн билигчид бурхан, чөтгөрөөс алинаас нь заяагдсаныг хүмүүс ялгадаг байх хэрэгтэй гэж би хэлсээр ирсэн. Өөрөөр хэлбэл бурханаас заяагдсан чадвартан зөвхөн сайн, сайхны төлөө түүнийгээ ашиглана. Харин чөтгөрөөс заяагдсан  ийм чадварыг  хараал, хорлол гэх мэт муу бүхэнд ашигладаг. Зөн билгийн чадвартай хүмүүс дотроо ийнхүү хоёр төрөлд хуваагдсан байдаг.  
-Чиний бөгж их сонин юм. Хаанаас авсан эд вэ?
-Энэ бөгжийг би Москвагийн эртний эдлэлийн нэгэн дэлгүүрээс авсан юм. Энэ бол миний сахиус. Үүнд маань онцгой хүч шингэсэн учраас хэнийг ч гар хүргүүлдэггүй.
- Алдартай болсноор хувийн эрх чөлөөгөө алдаж, хэлэх үг бүрээ цэнэх болсон ч чамайг хүмүүс бурхнаас заяасан азтан гэдэг?
- Хүмүүсийн хайр хүндлэлийг хүлээж, тэдэнд тусалж чадах болсон минь их таалагдаж, үүгээрээ бахархаж байна. Хорвоо ертөнцөд төгс аз жаргалтай хүн гэж байхгүй шүү дээ. Ер нь бол би аз жаргалтай хүн. Гэхдээ зүүд нойрондоо болоод сэрүүн сэргэг үедээ хардаг зүйлс маань намайг зовоодог. Заримдаа замаар алхаж явтал хөл доорх газар маань ярагдан би ёроолгүй ангал руу унах мэт болдог... Үхсэн хүмүүс авсан дотроо хэрхэн хэвтэхийг хардаг болохоор оршуулгын газарт очих маш хэцүү байдаг. Миний амьдрал тэр чигээрээ айдас, надад маш хэцүү байдаг. Миний авьяас хэдийгээр намайг аз жаргалтай, нэр хүндтэй болгосон ч сөрөг зүйлүүд түүнээсээ багагүй бий. Гэв гэнэт нүдний өмнө аймшигтай дүр зураг бий болоод байхаар амьдрахад маш хэцүү гэдэгт итгээрэй.
-Зарим нь чиний ажлыг нүгэлтэй гэдэг?
-Шинжлэх ухаан нүглийг хэзээ ч таньж тооцон бодож чадахгүй. Хөзөр, яс, даалуу, кофены шаараар мэргэлэх, өөрийн хүчээ бусдын эсрэг ашиглаж хараал хорлол хийх, төлөг тавихыг нүгэл гэж үзэж байна. Нострадамус, Вангаг түүх мартаагүй. Тэд илбэчид байгаагүй, тэд зөн билэгтнүүд байсан юм. Тэд хүмүүст тусалж байсан. Энэ чинь тэгээд нүгэл юмуу? Бурхнаас надад заяасан зүйлийг нүгэл гэж нэрлэж болохгүй ээ.
-Чи яаж далдыг хардаг вэ? Телевизийн дэлгэцэн дээрх шиг харагдах уу, эсвэл нүдний өмнө ямар нэгэн үүл мэт зүйл харагддаг уу?
-Тайлбарлахад маш хэцүү... Миний нүдний өмнө эсвэл гэрэл зургууд, эсвэл видео ролик шиг хэсэг бусаг дүрснүүд харагддаг. Заримдаа дуу хоолой сонсоно. Заримдаа зүүдэндээ харна.
-Хүндхэн байдалд ормогцоо асуултын хариуг олж, асуудлаа шийдэхийн тулд гоц мэдрэхүйтэн, анагаагч, үзмэрчид ханддаг хүмүүс цөөнгүй. Миний бодлоор бүх асуудлыг шийдэх хамгийн сайн хувилбар нь Бурханд хандан энэрэл нигүүлсэл, нөмөр нөөлөг хүсэх явдал болов уу?
-Амьдралын ямар ч тохиолдолд бурханы ивээлийг түших хэрэгтэй л дээ. Гэхдээ “Бурханд найдаад бурууг үйлдэх” гэж үг бий шүү. Зарим хүмүүс юу ч хийлгүй, гагцхүү залбирч мөргөснөөр ямар нэг зүйлийг бүтээж болно гэж боддог. Энэ бол буруу. Жишээ нь, мэс ажилбар хэрэгтэй бол тэр хүн заавал эмчид хандах хэрэгтэй. Дээд тэнгэр маань байгаль дэлхий, хоол хүнс, эмнэлэг гэхчлэн бидэнд хэрэгтэй бүх нөхцлийг бий болгож өгсөн.
-Газар хөдлөлт, гал түймэр, галт уулын дэлбэрэлт, осол гэмтэл, тэр бүү хэл дайн байлдаан гээд ертөнц дээр болж буй сүйрэл бүхэн хүмүүст Бурхны сургаалыг умартаж, нүгэл үйлдсэнийх нь шийтгэл гэж санагддаг?
- Ийм үйл явдал ихэвчлэн төөрч будилсан ард түмэнд тохиодгийг түүх харуулж байна. Содом, Гоморрой, Помпей, Месопотами, ер нь зөнчдийн үг, Дээд тэнгэрийн айлдварыг эс тоосон газар бүрт ийм зүйл тохиолдож байсан.
-”Зөн билгийн тулаан” нэвтрүүлгээр та ярихдаа Гэгээн Мухаммед, Имам Алигийн үр хойч гэж байсан. Чамайг гэгээн хүн гэж болох уу?
-Би гэгээн хүн биш ээ. Гэхдээ миний нагац эмээ Имам Алигийн удмын хүн. Манай удамд надаас өөр хэн ч ийм авьяастай байгаагүй. Миний дөрвөн настай Айдан охинд минь далдыг харах, мэдрэх чадавх ажиглагдаж эхлээд байгаа.
-Чиний сайт Коранаас авсан ишлэлээр эхэлдэг. Яриандаа ч Аллахыг байн байн дурсах юм. Мухаммед, Имам Алигийн зөнч сургаалыг жишээ татах юм. Ийм их ачаалалтай ажиллахдаа мөргөлөө таслах удаа байдаг уу?
-Ер нь бол би шашингүй хүн. Намаз /өдөрт заавал хийх мөргөл/ хийдэггүй. Гэхдээ Бурханд итгэдэг, Кораныг хүндэлдэг. Харамсалтай нь би заримдаа шашинд харш үйлдэл хийдэг. Өөрийгөө нүгэлтэн гэж боддог. Үүнд манай энэ цаг үе буруутай байх. Гэхдээ миний тухайд сайн хүн байх, муу зүйл хийхгүй байх, цэвэр аргаар мөнгө олох, эрдэм ухаанд суралцах, худлаа хэлэхгүй байх, хулгай хийхгүй байх, хууран мэхлэхгүй байх гэхчлэн Дээд тэнгэрийн үндсэн сургаалыг мөрдөх явдал хамгийн чухал. Энэ бүхнийг Коран ч, Библи ч, Тора ч сургадаг. Мусульманы зан үйлийг дагаж мөрдөх тухайд бол харамсалтай нь би заримыг нь зөрчдөг. Намазын тухайд бол надад өөрийн гэсэн бодол байдаг. Жишээ нь, Имам Алигийн өвөг дээдэс, хүнд гар хүрэх төдийд эдгээдэг байсан. Шариатын хуулиар бол эр хүний нүүрэнд тонгорог хүргэж болохгүй ч Мир Мовсум Ага сахлаа хусдаг байсан нь бас нэг баримт. Тэгэхээр түүний гайхамшигт чадал юунд байв гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Бакугийн Шувелян тосгон дахь түүний шарил дээр аварга том цогцолбор босгосон, тэнд мянга мянган хүмүүс очдог, тэдэн дунд энгийн иргэд төдийгүй, төрийн том том зүтгэлтнүүд ч байдаг. Хүмүүс яагаад 58 жилийн өмнө Мир Мовсум Агаг оршуулсан газарт мөргөл үйлдэнэ вэ? Хариулт энгийн. Тэр бол Аллахад ойр дөт, жинхэнэ цэвэр ариун хүн байж. Би тэгж итгэдэг бөгөөд гэхдээ Намазыг заавал хийж байх ёстой гэдгийг хэлэх байна. Харамсалтай нь Намазыг хэрхэн үйлдэх талаар Мусульман ертөнцөд нэгдмэл санаа байдаггүй. Сүннит, шийтүүд, ваххабитүүд өөр өөрийнхөөрөө мөргөл үйлддэг. Өөр өөрийнхөө Намазыг хамгийн зөв нь гэж үзээд бусдыгаа буруушаадаг. Тэгсэн атлаа хэн нь ч Намазыг Гэгээн Мухаммед шиг үйлдэж байна гэж батлан хэлж чаддаггүй.
-Зарим хүмүүс алдар нэртэй болонгуутаа улс төр хийж эхэлдэг. Чи алсдаа ийм боломжийг ашиглах уу?
-Би улс төр судлалыг хүлээн зөвшөөрдөг. Харин улстөрч бол үгүй. Яагаад гэвэл улстөр гэдэг миний хувьд заль мэх мэтээр төсөөлөгддөг учраас язгуураараа надад зохихгүй. Би улстөрчидтэй нөхөрлөж, тэдэнд зөвлөгөө өгдөг ч өөрийгөө улстөрийн зүтгэлтэн гэж харахгүй байна.
-Хүмүүс өвдөхгүй байх. Өвдлөө ч бага өвдөх ерөнхий жорыг хэлж өгч чадах уу?
-Хүн зөвхөн нүгэл хилэнцийнхээ улмаас л өвддөг юм биш. Буруу хооллолтоос ч бас болдог. Энэ тухай Гиппофат, Иб Сан, зөнч шидтэнгүүд зөндөө хэлсэн байдаг. Хүмүүс байгальтай холбогдсон хүйн холбоогоо өөрсдөө тасалсан. Бид байгалийн амийг тасалж, дараа нь түүнийгээ хэрэглэдэг гэж хэлж болно. Буцалсан ус ууж, жимсийг дарш, шүүс хэлбэрээр, загасыг лаазалсан байдлаар идэж байна. Зөвхөн шинэ ногоо идэж, усанд сэлж, нарны илчийг хүртэх хэрэгтэй. Ингэснээр эрүүл саруул байж, урт насална.
-Дандаа л ажиллана гэж байхгүйбиз дээ? Чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Завтай үедээ элдвийг бодож, цэц булаалдаж, Коран уншиж, гэгээрэхийг хичээдэг. Азербайджан ардын дуугаа дуулах дуртай .Энэ бол миний амралт. Түүнээс гадна шүлэг, амьдралынхаа тухай ном бичиж байна.
-27 насанд өөрийн тухай ном бичиж байна гэж үү?
-Миний зовлон, үзсэн харсан, амьдралын бэрхшээл зуун жилийнх юм шүү.
-”Зөн билгийн тулаан”-д Александр Литвинийг бүрэн ялахад чинь юу саад болов оо?
-Би бодит амьдрал дээр түүнийг нэгэнт ялчихсан. Оросын олон одод намайг л гэдэг шүү дээ. Миний ажлын хөлс ч гэсэн түүнийхээс хэд дахин илүү.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
алтанзаяа (зочин)

дорогой удачи тебе.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)