ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Бөөгийн тухай

Бөөгийн тухай

Аль ч ард түмэн зэрлэг амьтанлаг үеэсээ гарч ирэхдээ нийгмийнхээ ч, гадаад орчныхоо ч шинэ нөхцөл байдлуудыг өөрийнхөөрөө тусган авч бодох сэтгэхүйн шинэ цогцолборуудыг хэрэглэж эхэлдэг билээ. Монголчууд бидний өвөг дээдэс үүнээс ялгаагүй байсан нь лавтай. Дэлхийн бүх зэрлэг буюу анхдагч нийгмүүдийн итгэл бишрэл, сэтгэхүйн анхны хэлбэр нь анимизм байдаг. Хүн өөрийгөө амьтдаас нэг их ялгаатай гэж үздэггүй, амьтдыг янз бүрээр шүтэн бишрэх, ан хийхэд олз омогтой байхыг тэднээс хүсдэг маягийн сэтгэхүй гэсэн үг. Яваандаа энэ нь тотемизм болон хувирч өөрийн гэсэн домог, сүсэг бишрэлүүдийн цуглуулгатай болно. Бидний өвөг дээдэс Монголын тал газар ирэхээсээ өмнө умард зүгийн тундра, тайгад ан аваар амьдарч байх цагтаа мөн ийм байсан. Одоо ч хүртэл тэдний энэ сүсэг бидэн дунд ямар нэгэн байдлаар хадгалагдсаар ирсэн. Бөртэ Чоно, Гоо Маралын тухай, хун шувуу гоо дагина болон хувираад хүний хүүд баригдан гэргий нь болсон тухай, Монгол орноор нэг олддог буган чулуунууд, чоныг хальсан өвгөдтэйгээ адилтган жинхэнэ нэрээр нь дуудахыг цээрлэх ёс зэрэг нь бүгд эрт дээр үед буюу 30 орчим зууны тэртээ хүртэл амьд байсан тотемизмийн цуурай юм. 

Монголчуудын өвөг дээдэс яваандаа ой тайганаасаа гарч хээр талд морь малаа туун нүүдэллэн амьдрах болжээ. Ингэснээр хүн амынх нь тоо эрс ихсэж, урдны эхийн эрхт ёс, овгийн байгуулал задрахад хүрч, хажуугаар нь өмнө зүгийн илүү өндөр төвшинд хүртэл боловсронгуй болсон хүмүүстэй нүүр тулан эхэлжээ. Мэдээж энэ үед нийгмийн асар их өөрчлөлт хөдөлгөөн, шинэ ойлголтууд бий болж монголчууд шинээр сэтгэх болсон. Тэр дундаас бий болсон зүйл бол тэнгэрийг шүтдэг бөө мөргөл юм. Тэр үеийн бөө мөргөл нь үндсэндээ тотемизмийн үргэлжлэл байсан ба шинэ нөхцөлд политеист буюу хүн луугаа адил чанаруудыг агуулсан бурхадын нийтлэгийг шүтдэг байв. Мэдээж тэр үеийн бусад ард түмнээсээ нэг их ялгаатай байгаагүй. Хамгийн хүчирхэг дээд бурханаа (тэнгэрээ) тэр үеийн монголчууд “дээр” буюу тэр үеийн дуудлагаар “тэнгэр” гэж нэрлэжээ. Тэр хүчирхэг тэнгэрээ тэд эртний герегүүдийн Ураны нэгэн адил дээрхи тэнгэртэй шууд адилтган үздэг байв. Энэ үзлийн цуурай эртний сумерүүд (тэдний тэнгри нэртэй бурхан), нанхиадуудад (тиан – тэнгэр, тианшихуан – тэнгэрийн хүү) хүртэл ажиглагддаг. Сонирхолтой нь мөн монголчуудын дунд эртний персүүд буюу аричуудын “Ахура Мазда - Хурмаст” хэмээх тэнгэрийн нэрийдэл явж байдаг. Энэ нь тэр үед хол хол орших ард түмэнүүд бие биентэйгээ оюуны эрчимтэй солилцоо хийдэг байсныг гэрчилнэ.

Энэхүү олон тэнгэр, асуудтай бөө мөргөл нь нилээн урт хугацаанд монголчуудын сүсэг бишрэлийн болон сэтгэхүйн хэрэгцээг хангаж чадаж байжээ. . Тэр хооронд харин бусад иргэншлүүд политеизмийг хуучруулан хаяад хорвоо ертөнцийн бүтэц, зохион байгуулалтын талаар илүү боловсронгуй ойлголтуудыг бий болгож байжээ. Энэ нь тэр үедээ хамгийн их хөдөлгөөнтэй, бусдын талаар мэдээлэл сайтай байдаг байсан нүүдэлчин монголчуудын анхаарлаас зугтаагүй нь мэдээж. Түүхчдийн үздэгээр Хүннүгээс Хамаг Монгол хүртэл монголчууд манихеизм, буддизм, күнзийн суртал, несторианизм гээд байсан бүх сүсэг бишрэлүүдээс амсаад авсан бололтой. Гэвч тийм амархан бусдын оюун ухаан, сэтгэлгээнд автдаг байсан бол монголчууд монгол биш байхсан билээ. Тал нутагт тал талаас нь орж ирэх янз бүрийн сурталуудын дунд уугуул тэнгэр шүтдэг бөө мөргөлөө чандлан авч үлдсэнээр барахгүй нэгэн суу билигт монгол хүмүүн чанарын хувьд хавьгүй илүү өндөр төвшинд хүртэл нь дээшлүүлэн боловсруулж, тэр үеийнхээ хамгийн боловсронгуй сэтгэлгээний цогцолборуудтай өрсөлдөх чадвартай болгон шинэчилж чаджээ.

ХII зуун гэхэд Монголын тал нутагт маш замбараагүй байдал ноёлж байлаа. Бараг хоёр зуун жил оршин тогтносон хитанчуудын их гүрэн нурж унаад талын нүүдэлчид яахаа мэдэхгүй сурсанаараа хоорондоо байлдацгааж байв. Мөн гаднаас дундад зууны үеийн олон янзын сүсэг бишрэлүүд орж ирцгээн хуучин олон тэнгэрстэй бөө мөргөлийг шахалтанд оруулж байв. Зарим нүүдэлчид ч шинэ шинэ шашинд орж эхэлцгээж байсан бололтой.

Ямар ч байсан тэр үеэс хадгалагдан ирсэн (энэ нь монголчуудын ч гавъяа биш юм) ганц баттай эх сурвалж болох “Монголын Нууц Товчоо” нь Чингис хаан хэрхэн яаж монголчуудыг мандалт, ялалтанд хүргэж чадсаныг өгүүлдэг. Чингис хаан чухамхүү бөө мөргөлийг шинэчлэн тухайн цаг үетэйгээ нийцэхүйц монотеист буюу гагцхүү нэгэн бурханыг, Мөнх Тэнгэрт/харсан тэнгэртээ/ сүсэглэх шүтлэгийг бий болгож чаджээ. Ингэснээр монголчуудын ертөнцийг үзэх үзэл, оюуны болон сэтгэлгээний арга барилд асар хүчтэй хувьсгал явагдаж үгчлэн хэлвээс монголчууд шинээр төржээ. Маш хүчтэй итгэл үнэмшилд хөтлөгдсөн тэд түүнийхээ дагуу урд үзэгдээгүйг хийн бүтээж хорвоог доргиожээ. Чингис хааны гол ололт нь ертөнцөд хамгаас дээд Мөнх Тэнгэрийн сүр хүчин дор (буюу зөвшөөрөлтэйгөөр) суу заль – арга билгээр (эдгээр нь хамтдаа орших давхар хослолууд юм) дэлхийд нэгэн хааны эрхшээлээр хамаг амьтаныг гарыг нь газар, хөлийг нь хөсөр амар амгалан болгон төвшитгөх үзэл байв. Энэ үзэл нь эхлээд зөвхөн эсгий туургатанд хамаатай байснаа хожим бүх дэлхийд хамаатай болон өргөжиж, үүнийг гүйцэтгэн биелүүлэгч нь дээд Тэнгэрээс заяат Монголын Далай хаан байх ёстой хэмээн тунхаглагдсан бололтой. Энэ үзэл бодлынхоо төлөө, үүнийгээ биелүүлэхийн төлөө морьтон монголчууд нэг далайгаас нөгөөг хүртэл хорвоогийн хязгаарт хүрэн тэмцэхэд бэлэн байв.

Чингис хаан агуу суу билигт хүн байснаараа монголчуудыг шинэ үзэл бодолд нэвтрүүлж чадсан боловч, түүний үр сад нь мөн адил дундад зууныхаа хувьд туйлын боловсронгуй сэтгэлгээний төвшинд хүрсэн байсан лалынхан, күнз, буддын сурталтангуудтай нүүр тулах үед замбараагүйтэж эхэлжээ. Монголчууд тэр үеийг хүртэл хүчтэй бичгийн соёл боловсруулаагүй байсан нь үүнд нөлөөлсөн байж болох. Ямар ч байсан Чингисийн ачуудаас авахуулаад түүний сургаалыг мартагнаж эхэлсэн нь анзаарагдана. Үүнээс болж монголчуудын оюуны болон сэтгэлийн нэгдэл хэмхрэн унаж сүр хүч нь доройтжээ. Бүр Монголдоо хүртэл олон тэнгэртэй бөө мөргөл уруугаа эргээд орчихсон бололтой. Учир нь монголчууд цэргийн хувьд маш хүчирхэг хэвээр байсан бөгөөд гадныхан айсандаа урдных шиг цувахаа больж, нанхиадууд торгон замаар худалдаа хийхээ болиод тэдэнтэй хамт монголчууд ертөнцөөс таслагдсан байдалд баяртайгаар хоорондоо байлдан, бие биенээсээ илүү баатарлаг болохыг оролдоцгоож байв. Ийм хүмүүст боловсронгуй кодексчлогдсон сүсэг бишрэл байтугай хууль цааз ч хэрэггүй байв. Тиймээс эдгээрийн аль аль нь байсан ч үгүй. Чингисийн Мөнх Тэнгэрийн шүтлэгээс өдгөө бидэнд “Монголын Нууц Товчоо”-ноос гадна аман яриа, үлгэр домогт бага сага үлджээ. Жишээ болгон “Тэнгэр минь! (аль нэгэн тусгай тэнгэр биш, тэнгэрүүд ч биш яг харин Тэнгэр минь)” хэмээн уулга алддаг, хонгоны хөх толбоо дээд Тэнгэрээс заяатайн шинж гэж тайлбарладаг зэргийг дурдаж болох юм. Мөн өөрсдийгөө их онцгой, маш чадалтай хүмүүс гэж тооцдог бахдал нь үүнээс үүсэлтэй мэт.

Нэг л мэдэхэд манжууд болон оросууд монголчуудыг эзлэн авав. Эзлүүлсэн гэхээс илүү өөрсдөө дуртайяа эзлэгдсэн гэвэл зохино. Олон зуун жил ямар ч утга учиргүй хоорондоо дайтсаны улмаас хүмүүс сүсэг бишрэл, итгэл үнэмшлийн асар их гачигдалд орчихсон байв. Чингисийн суут сургаалыг дахин гаргаж ирэн шинэчилж чадах хүн ч байсангүй. Байсан бол хэнд ч танигдалгүй өнгөрчээ. Ингээд тэр үед хамаагүй илүү дэвшилтэд хүрээд байсан барууны соёл иргэншлээс хоцрогдсон байсан тухайн нөхцөлдөө тааруулан манжууд, төвдүүдийн янз бүрийн арга чарга, шахалтаас болоод бүх нийтээрээ шарын шашинд орцгоожээ.

“Мөнх тэнгэрийн төгс гэгээрлийн шид бөө онгон шүтээн төв”-ийн тэргүүн Б.Зоригтбаатар ингэж өгүүлэв. “Бөөг зарим хүмүүс бүжиг төдий л ойлгодог шиг байгаа юм тэгвэл бөөгийн гол ид шид нь анагаах чадалдаа байдаг. Хүмүүсийг өвчин зовлон саад тотгороос нь ангижруулахын тулд эхлээд оюун санааны өвчиныг нь анагаах хэрэгтэй. Ингэснээр бие мах бод өвчин үүсгэгч вирус үүсэх нөхцөлгүй болж болно. Хүмүүс дээрх тайлаг тахилгад улаан, цагаан гэх мэт аль болох гэгээлэг өнгийн хувцас өмсөж ирвэл миний хүч илүү хүрэх болно. Хар өнгийн хувцастай хүнд миний хүч хүрэхгүй буцаж ойдог” гэж тэрбээр ярьж байсан юм.
Бөө нарын бөөлөх зэрэг зан үйлээ үйлдэж байгаа үед бөөтэй харьцаж байдаг нэг гол зүйл бол онгод юм. Бөөгийн шашны нэгэн танигдаагүй нууц нь бөө онгодын харьцаа, онгодын тухай асуудалд л байдаг бололтой. Бөөгийн шашны энэ нууцтай эрдэмтэд олон жилийн өмнөөс тулгарчээ.

1960 онд Унгар улсын эрдэмтэн Вильмош Диосеги монгол бөөгийн шашин судлалын ажлаар Монгол Улсын Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд явж байхдаа тус сумын 3-р багийн харьяат цагаан хуулар ясны долоо дахь үеийн бөө Жүгдэрийн Чагдар /1901-1975/ зааринтай уулзаад судалгаа хийж байтал заарингийн онгод орохоор болжээ. Тэгэхэд тэрээр биеэ барьж сэтгэлээ жолоодон чадсанаар заарин онгодоо оруулалгүй зайлж улмаар нууцаа задлахгүйн тулд зугтааж чадсан байдаг. Гэтэл мөн сумын харьяат хар дархад ясны Дугарын Барий /1898-1970/ удган биеэн барьж сэтгэлээ жолоодож чадалгүй онгод нь орж ухаан алдаж унахад В.Диосеги арцны утаа үнэртүүлж удганыг сэргээж бөөлүүлсэн билээ. Мөн 1960-аад оны дунд үед академич Б.Ренчиныий толгойлсон шинжилгээний анги Хөвсгөл аймагт бөөгийн шашны аман зохиолын цуглуулга хйиж явахдаа Жүгдэрийн Чагдар гуайтай уулзаж түүнээс бөөгийн дуудлагын бичлэг хийж байтал Чагдар гуай ухаан алдан унаж эмнэлгийн тусламж авч сэргэсэн гэдэг. Энэ тухай материал монголын ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгийн цуглуулгын санд хадгалагдаж буй. Чагдар заарингийн ийнхүү унасан явдлыг “Бид Чагдар заарингийн жинхэнэ нууцыг задлахад тун дөхлөө. Энэ бол монгол бөөгийн шашны зайлшгүй судалбал зохих зүйл мөн” гэж академич Ринчен шавь нартаа сургамжлан захиж байсныг тухайн шинжилгээний ангид ажиллаж явсан доктор Б.Сумъяабаатар дурсан ярьсан байдаг. Үүнээс үзвэл бөөгийн шашны дотоод мөн чанарын илэрхийлэл нь бөө нартай харьцаад байдаг “онгод” –ын тухай асуудал мөн. Тэгэхээр онгод гэгч юу хэлдэг болохыг бөө нар өөрсдөө юу гэж ярьдгийг сүүлийн үеийн бас өөрийн сайн мэдэх баримт, болсон явдлуудад тулгуурлан авч үзье.

~Олон жилийн турш сэтгэл мэдрэлийн өвчтэй байсан шарнууд ясны Сампил гэгч эмэгтэй ясны хүнд өвчний учир тахир дутуу болсон эцэгтэйгээ хоёул аж төрдөг байжээ. 1958 оны зун эцэг Тажив нь санаачлан 32 настай охиноо үзүүлж арга засал хийлгэхээр цагаан хуулар ясны Зэгвийн Цэвээн удганд бараалхжээ. Энэ удган явганаар бөөлж арга засал хйиж өгөхөөр хусан өргөл чимэглээд хуурдаж эхэлтэл удганы голомтын орчимд газар хатгасан өргөл нь дундуураа их чимээ гарган гарган ил харагдахуйц гадны хүчний нөлөөгүйгээр хугарч үзүүр нь газар хатган унав. Тэгмэгц Цэвээн удган “Тажив өвгөн, Сампил охин нарын сахиус онгод үнэхээр их уурлаж догширчээ” гэж үзээд Өө энэ чинь бүр иймдээ хүрээ юү? За тэгвэл хуяглаад үзнээ гэж хэлээд тэр шөнөдөө хуяглаж бөөлөөд “За энэ охины өвчнийг би анагааж чадахгүй нь ээ. Тун хүнд байна. Энэ нутагт байгаа цагт үхэх л юм байна. Тийм учраас та охиноо долоо хоногийн дотор энэ нутгаас холдуул. Хааш нь ч хамаагүй тэнүүл” гэхэд эцэг охин хоёр хоёулаа татгалзаж танихгүй мэдэхгүй нутаг руу, төрсөн нутаг усаа, хайрт эцэг ах дүү нараа хаяад явахгүй гэсэн хатуу бодолтой охин ухаан алдан унажээ. Энэ үед эцэгт нь Цэвээн удган “Охин чинь нутгаасаа хол явбал амьд явахаар үл барам урт наслах ч юм байна. Хэрэв нутагтаа байсаар байя гэж бодож байгаа бол долоо хоног өнгөрүүлээд нулимс асгаруулах нь ээ” хэмээн ятгаснаар эцэг нь охиноо явуулахаар шийдэв.

Гэтэл хэдэн хормын дараа Сампил охин сэргэхдээ явахгүй хэмээн хүчлэн тэмцэж байсан нь үгүй болж харин ч болохнээ түргэн явъя гэсэн эрс бодолтой болсон байлаа. Учир нь түүний дотуур хувцасны зүүн суганы дотор талд оёж шидсэн жижигхэн ууттай юманд байжээ. Цэвээн удган Сампилийг ухаангүй хэвтэж байхад “Мэргэн Дэрсэгийн юм” гэдэг бүсгүй онгод шившиж амилаад эмэгтэй хүн учир Сампилийн зүүн суганы дотор талд бэхлэхдээ ховсын үг хэлсэн нь түүний сэтгэлийг бүрэн өөрчилжээ. Тийм ч учраас тэрээр 1962 онд эцгээ өөд болсноос хойш төрсөн нутагтаа очоогүйгээр үл барам очих дур ч үгүй болсон гэнэ. Цэвээн удган Сампилд “Энэхүү оёж шидсэн юмыг чи хаанаа л хүрнэ тэр нутагтаа очоод задлаарай, түүнээс нааш задалж болохгүй шүү” хэмээн захижээ. Энэ ёсоор тэр Улаанбаатарт ирснийхээ дараа задалж үзэхэд улаан, хөх, ногоон, цагаан, хар таван өнгийн даавууны өөдсийг уутанд хийн бэхлэн оёсон байв. Сампил ийнхүү төрж өссөн Хөвсгөл нутгаасаа гараад 1962 онд эцэг Таживыгаа дэргэдээ авч асрахаар төрсөн нутагтаа очсон боловч таван хоногийн дараачаас хууч өвчин нь хөдөлжбуцаж яюахыг шаарджээ. Тэгээд аавыгаа аваад Төв аймгийн Батсүмбэр нутагт ирснээс хойш сэтгэцийн ужиг өвчин нь өөр ямар ч эмчилгээгүйгээр эдгэж энх тунх аж төрсөн байна.

~Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харьяат хар дархад ясны Цэвээний Аюур /1898-1948/ заарин тун сүрхий ид шидтэй бөө байжээ. Тэрээр 1944оны намар Балбирагт нутаглаж байхдаа хуш ба хусан хоёр өргөл чимэглэж бөөлөхдөө гэрийнхээ зүүн хоймор /барс зүгт/ завилан суугаад толиндоо нэг юм хэлж шивштэл тооноор нь зулзган хуш хус үндэстэй шороотойгоор орж ирэхээр нь үндсийг нь тайрч хоёр өргөл болгон бөөлөөд тооноороо гарган төвьчихсан нь тэр шөнөдөө өргөлүүдийг нь ямар нэг далдын юм аваад явчихсан байжээ. Бас тэр намар Балбирагт суудаг Гунагарын Жамбал гэгч айлд бөөлөх гэж байхад нь Дотоод явдлын яамны хэсгийн төлөөлөгч Лувсан гэгч Сандаг Балдан нарын хамт ирч Аюураас бид таныг яах ч үгүй. Хатгалын дунд сургуулиас манайхны гурван хүүхэд оргоод олдохгүй болчихлоо. Цасан шууганд төөрчих шиг боллоо. Үзэж өг гэхэд заарин үзээд “Ууржуулын даваа шиг байна. Нэгэн их цастай давааны өвөрт гурвуулаа өөд болчихсон байна. Сандаг та түрүүлж тэднийг үзэх юм байна. Айж цочиж уйлж унжиж болохгүй. Тэгвэл өөрт чинь муу юм болох нь ээ” гэтэл Сандаг өөрийн нь хүүхдийн цогцос эхлээд таарахад ихэд цочиж уйлж сүйд болжээ. Түүнээс хйош удалгүй Сандаг нь сэтгэцийн өвчтэй бас хэлгүй болж яваад өнгөрсөн гэдэг.

Гадаад их далайгаас алс хол Онон, Хэрлэн, Сэлэнгэ, Енисей, Хар эрчис зэрэг их голуудын эхэнд тэгэхдээ дэлхийн дээвэрт биш дунд хаьд буюу өөрөөр хэлбэл эрс тэс газрын уур амьсгал бүхий Төв Азийн өндөрлөгт үүсч бүрэлдсэн нүүдлийн соёл иргэншлийн бүрэлдэхүүн хэсэг үзэл санаа нь одоогоос 5000-7000 жилийн тэртээ үүссэн монгол бөөгийн шашин байв.энэ шашин МЭӨ III зууны үед хөгжлийнхөө дээд шатанд хүрч “тэнгэрийн хүү”-г орой дээрээ тахисан нүүдэлчдийн анхны төрийг бүрэлдүүлэхэд түүний үзэл санаа, зохион байгуулалтын үндэс нь болжээ. Монголын нэгдсэн тулгар төрийн анхны дөрвөн их хаад /Чингис, Өгөдэй, Гюүг, Мөнх нар/ аливаа шашныг огт ялгаварлалгүйгээр тэгшээр хүндэтгэн үзэж байсан ч тэр үед Монголд байсан бөөгөөс бусад шашныг огт ялгаварлахгүйгээр тэгшээр хүндэтгэн үзэж байсан ч тэр үед Монголд байсан бөөгөөс бусад шашны тэргүүнийг нэрлээгүй зэргээс үзэхэд Монгол төрийн зохион байгуулалт үзэл санааны үндэс болсон жинхэнэ гол шашин нь бөөгийн шашин хэвээр байсан ба Чингис хаан хар зүгийн бөө “Тив тэнгэр” хэмээх Хөхөчү зааринг УЛСЫН ИХ БӨӨ болгож цагаан зүгийн бөө Үсүн өвгөнийг УЛСЫН ИХ ЗУРХАЙЧ бэхид өргөмжлөх зарлиг буулгаж байжээ. Ийнхүү бөөгийн шашин төрийн гол шашин байсан тул “Монголын нууц Товчоо”-г бөөгийн шашны ертөнцийг үзэх үзлийн үүднээс түүний онол сургаалийн үндсэнд тулгуурлан бичсэн.

Харин Хубилай хаан өөрөө бурхны шашны ламтай болж энэ шашныг тэтгэн дэмжсэнээр эх монголчуудын язгуур шашин нь тэргүүлэх эзэнгүй болж бутран сарнихын эх тавигдсан. Ингэж бөөгийн шишин төрийн төв байгууллагад нөлөөлөх ач холбогдлоо алдсан явдал нь монгол хаад ноёдын санааг хоёрдуулж шарын шашин нөлөөг ихэсгэж Монголд шарын шашин дэлгэрэх таатай нөхцлийг бүрдүүлжээ. Одоогоос 2000 жилийн тэртээгээс Монголд нөлөөгөө тусгасаар ирсэн шарын шашин өөрийн үзлээ өвөг дээдст өвлүүлэн үлдээж монгол бөөгийн шашны үзэл санааг өөртөө шингээн авч хүчийг олсон юм. Энэ үеэс Монгол бөөгийн шашин хувиран өөрчлөгдөж нэг хэсэг нь бурхны ёсыг бүрэн дагасан шашны бөө, нөгөө хэсэг нь бурхны шашны бурхдын өмнөөс онгод тэнгэрээ дууддаг шарын бөө, үлдсэн нь монгол бөөгийн шашныхаа язгуур эрх ашгийг туйлаар илэрхийлсэн харын бөө болон задарсан.
Эхний хэсэг нь бурхны шашинд уусан нэгдэж онгод тэнгэрээ бурхдаар илэрхийлэн шарын шашны зохион байгуулалтанлд орсон ч гаднах хэлбэр зан үйлээрээ бөө хэвээр үлдсэн. Сүүлийн хэсэг нь бөөгийн шашны язгуур үзэл санаа, эрт дундад үеийн хэлбэр, агуулгаа хэвээр нь хадгалж харын бөө хэмээгдэн багахан нутаг дэвсгэрт оршсоор байна.
Бөөгийн шашин нь хүн амьтад нэгэн насаараа нарт хорвоод амьдраад өөд болмогц амин сүнс нь харанхуйн оронд туяа цацруулан дэгдэж тодорхой хугацааны дараа мөн тийм туягаар хүний хувьд хүнд, бөөгийн хувьд онгод болж нарт хорвоогийн хүн, түүний амьдралыг бүх талаас нь харж хамгаалдаг гэж үздэгээрээ Бурхны шашны “хойд нас” –ны сургаалийг үгүйсгэдэг.

Монголчууд ямар ч тохиолдолд бурхны шашинд илүүтэй итгэдэг учраас хүн амын дийлэнх нь христ болон бусад шашныг хүлээж авах нь цөөн байдаг. Бөөгийн хувьд бол орчин үед шарын бөө хэвээр байсаар байгаа учираас хүмүүс шарын шашин гэдэг ойлголтоор нь хүлээн авахаас бус бөө гэж ялгаж салгаж ойлгохгүй байгаа учраас бөө мөргөлийг бараг байхгүй устсан гэж үздэг.
Бөө гэдэг нь энгийн нүдэнд үл үзэгдэх их эрчим хүч БИОТОК бөгөөд бөөгийн үйл ажиллагаа өргөсөх тусам онгодын орон буюу БИОПОЛЕ улам нягтран биоток идэвхждэг байна. Өөрөөр хэлбэл бөө хүн онгодтойгоо улам зузаарч харилцдаг гэсэн үг юм.
Бусад шашинг бодвол бөө мөргөл нь энгийн хүн болоод амьдралд ойрхон цаг уур байгаль юмсын үзэгдлээр учир зүйг тайлбарлан хэлдэг нь дээр дурдсан бүх зүйл /жишээ, монголын нууц товчоонд дурдагдсан зүйлс, түүх/ зэргээс тодорхой бизээ.
Бурхны шашны нөлөөнд орсоноос хойш монголчуудын хувьд бурханд итгэх үзэл нь хүчийг олж шарын бөөг шарын шашин хэмээн эндүүрэх болсноор бөө мөргөл устсан гэсэн ойлголтыг бий болгожээ.
Миний бие ч гэсэн уг шашны түүх гарлыг судалж уншиж эхлээгүй байхдаа мөн адил тэгж боддог байсан бөгөөд одоо ялгаатайг нь мэдсэн хэрэг. Үүгээрээ уг тэмцээнд орсны ач холбогдол гарч ирлээ гэж бодож байна
Эх сурвалж: http://mglmind.wordpress.com/
start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
bible (зочин)

levit 19:31 Бөө болон сүнс дуудагчид уруу бүү эргэгтүн. Тэднийг бүү эрж хай. Тэдгээрээр бузарлагдана шүү. Би бол ЭЗЭН, та нарын Бурхан.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)