ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Монгол бөөгийн “Голомт” төвийн тэргүүн Ш.Сүхбат: Бөөгийн нэрийг гутааж байгаа солиотой хүмүүсийг цагдаж хорих цаг иржээ

Монгол бөөгийн “Голомт” төвийн тэргүүн Ш.Сүхбат: Бөөгийн нэрийг гутааж байгаа солиотой хүмүүсийг цагдаж хорих цаг иржээ

Түүнийг 15 жилийн өмнө Бөөгийн холбоог өөрөө байгуулж, бөөгийн эрэлд гарч байх тэр үед Улаанбаатарт нэг ч бөө байгаагүйг тэрээр хэлж байсан. Түүнчлэн төдийгөөс өдийг хүрэхдээ бөө нарт сурах бичгийг нь бичиж өгч, дагаж мөрдөх ёстой ёс жаягийг нь зааж зөвлөж ирсэн тэрбээр бөөгийн нэр төрийг гажуудуулж яваа солиотой хүмүүсийг цагдаж, хорих цаг ирснийг хэлж байна.

-Таныг Хөвсгөл далай дээр тахилга хийгээд ирсэн гэж дууллаа?

-Сая Хөвсгвл далай дээр Баруун бүсийн аймгуудын хүүхдийн байгууллагуудын “Хөвсгөл далай ээж хүүхдэд ээлтэй нутаг” гэж зөвлөгөөн болсон. Тэнд урилгаар оролцоод Далайн тахилга, Галын тахилгыг хийгээд ирлээ. Яахав. Тэгээд ямар ч юмыг нүдээрээ харсан хүн итгэнэ. Ярианд бол итгэхэд хэцүү шүү дээ. Гэхдээ сая бол Хөвсгөл далай дээр тахилга хийхэд далай бол сонин юм үзүүлсэн. Тайлга хийгээд л бэлтгэл хийчихээд онгод дуудсан. Тэнгэр өөд дуудаад, онгод дуудахаар далай зүв зүгээр намуухан байснаа айхтар их шуугисан. Шуугиснаа 3 их том давалгаа яг бидний тахиж байгаа тэр газар руу давалгаалж босож ирсэн. Давалгаан дотор Цахлай шувуу хамт хашхиралдаад, давалгаатайгаа ороод ирсэн. Тэгээд тахиж байсан модыг тойроод цахлай шувууд суусан. Би Хөвсгөл далайг амьтай, хүний үг сонсдог, онгод тэнгэр нүдтэй юм байна гэж өөрийнхөө нүдээр сая хараад итгэсэн. Тэнд хуран цугларсан хүмүүс харцгаасан байгаа. Ер нь Монголд гурван их том хөх лус байдаг юм. Лус дотроо Хөх лус бол хамгийн их чухал. Усны эх л дээ. Увс нуур, Хөвсгөл далай, Буйр гурвыг Монголын бөө нар гурван их хөх лус гэдэг юм. Гурвуулаа харалдаа жишиж оршдог. Ерөнхийдөө Хөвсгөл нутгийг Монголчуудын амин сүнс гэж үзэх ёстой. Хөвсгөл далай дэлхийн цэвэр усны их нөөц. Бидэнд өгсөн байгалийн том хишиг. Магадгүй их цөлжиж айхтар юм болох юм бол Хөвсгөл далайн эрэг дээр Монголын 2 сая 675 мянган хүн нүүж очих байх.

-Чингис хааны байлдан дагуулалтын үед амьдарч асан 10 мянган бөөгийн сүнс эргэж ирж байгаа гэж сүүлийн үед их яригдаж байна. Их ч олон бөө удгадууд гарч байх шиг байна?

-Бөө бол тэнгэрт босож, онгод буулгадаг юм шүү дээ. Тэнгэрт өөрөө өөрийнхөө хүчээр босно. Босоод тэнгэрээс онгодыг дуудаж буулгадаг ёстой. Манай Монголд үндсэндээ таван язгуурын үндсэн бөө байгаа. Энэ дотроос буриадын бөө арай өөр. Бусад нь бол дан тэнгэрт босдог. Өчигдөр Чингис уулан дээр нэг эрэгтэй, дөрвөн эмэгтэй дан залуу улс онгодоо буулгасан. Тэд бол халхын сайхан бөө нар юм. Тэнгэрийн Хөх цэргүүд ирнэ гэж Нострадамус хэлсэн. Тэнгэрийн хөх цэрэг нь бол энэ олон бөө удганууд яах аргагүй мөн. Ялангуяа рүүлийн үед дан залуучууд, залуухан улсууд бөөгийн онгодуудыг барьж авч, босож ирж байна. Тэд өөрсдийнхөө хүслээр биш юм. Ер нь бөө болъё гэж хүсдэг хүн бараг байхгүй. Заавал шалтгаанаар өөрөө босож ирдэг. Гарцаа байхгүй. Өндөр боловсролтой, олон сургууль соёл төгссөн, огт шашин шүтдэггүй коммунизм дотор өссөн залуучууд бөөгийн онгодуудыг барьж авч байна. Энэ нь зайлшгүй болохоор өөр арга байхгүй.
Бөө яг шашин мөн үү биш үү. Миний ойлгож байгаагаар шинжлэх ухааны үүднээс ярих юм бол бөө шашин биш. Байгалийн өөрийнх нь зүй тогтол, ерөөсөө яруу найрагч, уран зураач хүмүүс онгодоороо хийдэг шиг. Бөө бол онгодооооо хүч орж ирдэг. Яах аргагүй хүчтэй, том энерги. Тэр энерги дээд аугаа их тэнгэрийн юм. Доор газар дээр яваа амьд амьтны ухамсарт нөлөөлдөг. Сүүлийн үед олон бөө гарч байгаа нь үнэн. Ноднин хулгана жилд бүр их олон хүн гарсан. Би 80 хүний онгодыг буулгуулсан. Энэ жил ч бас олон хүн байна.
Би үүнийг цагийн эргэлт гэж ойлгодог. Байгаль эх өөрөө бид нарт энэ хүчийг өгч байна гэж ойлгодог. Ерөөсөө манай гариг айхтар мөхлийн ирмэг дээр тулж ирсэн. Байгалийн их том сүйрлүүд, цаг бусын үзэгдлүүд их болж байгаа. Монголд гэхэд л ерийн сайхан намираа борооноос илүүтэй, айхтар аадар орж байна. Хангай бол бүхэлдээ цөлжих аюулд орсон. Тэгэхээр би Латин Америкийн Перугийн бөө нартай санал нэг байдаг. Тэд манай гаригийг аврахын тулд их олон бөө төрнө гэж үзэж байгаа. Тийм ч учраас бид аврал дор орохын тулд ийм олон хүнийг төрүүлж байж магадгүй. Ер нь бол энэ байгалийн өөрийнх нь үзэгдэл юм.

-Тэгэхээр онгод гэж яг юу болж таараад байна вэ. Уучлаарай. Одоо бараг бүх л хүн онгодтой болчихоод байх шиг. Тийм л байдалтай байна?

-Онгодыг үгээр тайлбарлахад их хэцүү. Өөрийнхөө биеэр үзэх юм бол тодорхой ойлгоно. Энэ бол бидний ухамсар, бидний дотор оюун санаанаас гадна, өөр их том ухаан ухамсар байдаг гэдгийг харуулдаг. Би 15 жил судалж байна. Ялангуяа сүүлийн үед шинэ гарч ирж байгаа боловсролтрй сайхан залуучууд үүнийг биеэрээ мэдэрч, мэдэж байгаа. Бид өөрийн ухамсраа орхиод, шал өөр ухамсар луу орохыг онгод гэж үндсэндээ нэрлэдэг. Тэр бол хосгүй зүйл. Маш ховор үзэгдэл. Өчигдөр Чингис уулан дээр онгод буулгасан залуучуудтай би орой нь уулзсан, ярьсан. Юу болов, яав гэхэд. “Нэг мэдэхэд ухаан өөрөөс гараад явчихсан. Гарч яваад шал өөр оюун ухааны ертөнц рүү ороод ирлээ” гэж байна. Тэгэхээр үзсэн улсууд л хэлж байна. Үзээгүй хүмүүс бол ухаан алдаж унаж байж, эсвэл тархиа хүчтэй цохиулж байж ч юм уу. Ямар нэг юм болж байж л ухаанаасаа сална шүү дэз. Тэгэхээр ухамсар биен дотроос өөрөө гарна гэдэг бол одоогийн шинжлэх ухаанд байхгүй зүйл. Үүнийг одоогийн шинжлэх ухаан судалсан эрдэмтэн мэргэд ойлгохгүй.

-Бөө удгангүй айл гэж бараг байхгүй боллоо гэгдэж байна. Дагаад бөөгийн нэр барьсан, амьдрах арга хэрэгслээ болгосон хүмүүс ч цөөнгүй байх шиг байна. Хүний аминд ч хүрлээ?

-Би залуучууддаа хэлдэг. Та нар бөө болоод л заавал бөөлөөд хүний юм засаад явах албагүй. Агуу их тэнгэрийг л шүт. Та нар бол шүтэгчид нь бишрэгчид нь. Өөрийнхөө авсан тэр авьяас, тэр дээрээс өгсөн юмаараа л агуу их тэнгэрт мэхий. Тэгээд өөрийнхөө болоод ах дүү амраг садандаа цагаан зам нээгээд аж төрж яв гэж хэлдэг юм. Гаж байдал бол гарч байна. Ялангуяа өнгөрдөг жилээс бөөгийн нэр хүндэд айхтар хорлолтой юмнууд их гарлаа. Хүн аллаа, хүн устгалаа, хүний сүсэг бишрэлийг далимдуулж солиотой улсууд их гарч ирж байна. Мөнгө олж идэх гэсэн хүний арга болж эхэлж байна. Радио телевизээр солиотой юм их ярьж байна. Сонин хэвлэлүүд ч бас тийм юмыг их нийтэлж гаргаж байна. Монголын ард түмний дунд сүсэг бишрэлийн маш том гажуудал үүсгэж байна. Би өмнөх ерөнхийлөгчийг байхад шашны зөвлөхтэй нь уулзаж ” Төр оролцох хэрэггэй боллоо” гэж ярьж байсан. Төр, шашин хоёрын харилцааны хуулийг дахин шинэчлэх шаардлага гарсан. Эрүүгийн хуулинд ч өөрчлөлт оруулах хэрэгтэй. Хуулийн энэ цоорхой дээр зарим улсууд хэтэрхий их тоглож байна. Ард түмний оюун санаагаар, хүний амь насаар тоглож байна. Тиймээс төр оролцох хэрэгтэй гэдгийг би сануулж хэлсэн.

-Гэхдээ Монголын төр Бурханы шашинд элэгтэй шүү дээ. Ямар ч байсан хуурамч бөө нарыг цэгцлэхийн тулд та болон танай төв л явж байна уу?

-Бөөгийн шашны сүр хүчийг өөрийнхөө хувийн эрх ашиг сонирхолдоо ашиглах гэж оролдсон өөрийгөө магтсан, амьдрах арга хэрэгслээ болгосон, олон солиотой юмнууд дэндүү хэтэрлээ. Бөөгийн онгод тэнгэрийг бариулж өгөхийн тулд 5 сая, 7 сая, 10 сая төгрөгийг нэхэж байна. Тэгээд “Чи хэрвээ үүнийг авахгүй бол 3-н сарын дараа үхнэ шүү” гэж айлгадаг. Өчигдөр онгод буулгуулсан хүүхдүүдээс хоёр ч охиныг тэгж айлгасан байна лээ. Ээж аав хоёр нь хүүхдээ алдахгүйн тулд ерөөсөө хамаг юмаа тэмтэрдэг. Байраа тавиад, 10, 20 сая төгрөгөө өгчихсөн улсууд ч байна. Би энд хэд хэдэн хүний нэрийг зориуд дурдаж ярья. Налайхад 10-н жилийн сургуулийн багш байсан Базар гээд буриад өвгөн бий. Тэр өвгөн маш олон хүнээр тоглолоо. Зөнөчихсөн юм бол тэр зөнөгөө хөөх хэрэгтэй. Авгай хүүхдүүдтэйгээ нийлж хүн луйварддаг. Том луйварчин. Энэ бол том жишээ. За Багануурт Цогжавхлан билүү, Баяржавхлан билүү нэг нөхөр байна. Тэр солиот бол бүр галзуурч байгаа. Мөн Жавзандолгор гээд нэг хүүхэн телевизээр яриад л байна. Хөх сүм ч байгуулна гэх шиг. Бүр өшөө дэмий балай юм телевизээр ярьж. Дэндүү солиорч байна. Эрдэнэчимэг гээд Увсын нэг хүүхэн байгаа. Уг нь бол гайгүй боловсрол эзэмшсэн хүн. Тэр одоо өрнөдөд байгаа тэнгэрийг тахиж Монгол Улсыг аврах маягийн юм солиордог. Тэгээд Монголчууд хандив мөнгө өгсөнгүй гээд телевизийн өмнө уйлдаг. Бас өөрийгөө Төрийн зайран гэдэг Бямбадорж гээд нөхөр байгаа. Тэрний бөөгийн шашны нэрийг барьж бичсэн ном бол хуурамч. Тэрэнд онгод тэнгэр байхгүй, номонд нь бөөгийн тухай үнэрлэх ч юм байхгүй. Гэвч радио телевиз, янз бүрийн улсуудыг ашиглаад өөрийгөө төрийн зайран гэж ярьдаг. Би олон удаа сануулсан. “Бөө юу, Будда юу” гэдэг номон дотроо ч тэр нөхрийг бичсэн. Төрийн зайран гэж байхгүй. Тэрэнд хэн ч тийм цол оноогоогүй. Онгодгүй хүн өвчигнөөд, бөөгийн нэр төрийг ашиглаад солиорч байна. Бямбадорж бол үүнийгээ татах хэрэгтэй. Ард түмэнд хандаж хэлэхэд энэ солиотой юманд нь итгэж болохгүй. Энэ бүгд хуурамч. Өөрийнхөө тухай хичнээн ихээр зарлах тусам тэр бөө тэр чигээрээ худалч. Ер нь онгодтой, тэнгэртэй бөө хүн бол өөрийнхөө тухай ярих ёсгүй. Тэр онгодыг зарлах хэрэггүй. Өөрийгөө зарлаад байгаа нь бүгд худлаа шүү. Манай төв албан ёсны байгууллага, төрийн тамга бариад төрийн өмнө хариуцлага, ард түмний өмнө үүрэг хүлээж байгаагийн хувьд иймэрхүү юмнуудын эсрэг үг хэлэхээ миний үүрэг гэж боддог. Би олон ном бичсэн. Би бөө нарт сурах бичгийг нь бичээд өглөө. Бөө хүн ийм байх ёстой шүү гэж бичиж өглөө. “Бөө хүний ёс жудад” гэж том өгүүлэл бичсэн. Жинхэнэ онгодтой тэнгэрийн хүн бол яг л ийм 9-н юмыг дагаж явах ёстой шүү гэж бичиж өгсөн. Одоо энэ бүхнийг цаг үе хориглох цагдах байхаа. Би бол олон тэнгэрүүд эдэнд шийтгэл өгөх байхаа гэж боддог.

-Хууль журам гэхээсээ тэнгэрийн гэсгээлийг хүртэнэ гэж үү?

-Хилэгнэх нь бол тодорхой. Яахав. Сайн сайн хүүхдүүд сайхан залуучууд гарч ирж байна. Тэр хүмүүс одоо айх хэрэгтэй шүү дээ. Хичнээн хүнээр тоглож байна. Бөө болгоно гэж тоглоод, ерөөсөө юмыг нь бариулж өгөөгүй хичнээн жил явуулчихсан. Тэгээд одоо ууланд аваачаад л нэр сүрээ ашиглаад сайхан охидуудыг бузарлаад л унтаж байдаг. Харин энэ залуучууд бол яг жинхэнэ ёсоор нь өөрсдөө тэр онгодыг барьж авсан. Би олон хүнд бариулж өгсөн. Бүр заримыг нь 10 төгрөг ч авахгүйгээр босгож өгсөн. Тэд шийтгэнэ. Хариугаа авах цаг бол гарцаагүй ирнэ. Өөрөөр нь тоглосны хариуг тэнгэрүүд нь авч өгч л таараа. Үүнийг чангахан ярьж дуугарахгүй бол болохгүй болсон.

-Сая Завханд бас л бөө нар нийлж хүний аминд хүрсэн гэх юм?

-Буриадын бөө нар Завхан аймгийн Нөмрөгд очиж уул тахиж, хүн алсан байна лээ. Хонь хариулж явсан хүнийг дуудаж авчраад, архи уугаад агсан тавиад хутгалаад амийг нь хөнөөчихсөн байна. Одоо Тосонгийн цагдаад мөрдөгдөж байгаа. Энэ ерөөсөө хэр хэмжээ гэдэг юмнаасаа дэндүү хэтэрч байна. Сүсэг бишрэлийг ард түмний өөрийнх нь эрх . гэж Үндсэн хуулинд ч заасан. Тэрийг хэтэрхий далимдуулж байгаа. Одоо аягүй л бол хүнээр өргөл өргөж, тахилга хийж байж ч магадгүй. Би Буриадын бөө нарт хатуу сануулга өгөе гэж бодож байгаа. Мэдээж сайн бөө нар ч бий. Гэхдээ хэтэрч байгаа олон хүн бий. Би “Буриад бөө Мөнх тэнгэрийн элч” гэж эд нарт сурах бичгийг нь бичиж өгсөн шүү дээ. Тэгээд “Та нар боль” гэж олон удаа сануулж байсан. Гэтэл тоглоом хийгээд байдаг. Яг өөрсдийнх нь ёс жаягийг нь бичээд, нам болгоод өгч байхад тэрийгээ дагадаггүй. Дураараа загнаж байдаг. Ер нь одоо ийм, хэсэг улсуудыг төр барьж цагдах хэрэгтэй. Хатуу сануулга өгөх хэрэгтэй.

-Айхгүй ч аягүй гэгчээр бөө нэртэй хүмүүсээс чинь эмээгээд барагтай бол хандаж чадахгүй байгаад байдаг шүү дээ?

-Ганцхан ялгаа бий. Онгодтой өөрөө тэнгэртэй бөө хүн бол ийм юм хийхгүй. Тийм учраас эднээс айх шаардлага байхгүй. Тэд биднээс илүү айж явах юмтай улсууд шүү дээ. Тэнгэр бол шууд шийтгэнэ. Шийтгэж ч байсан. Олон ч бөө нар шийтгүүлсэн. Нэр усыг нь хэлвэл үлдсэн үр хүүхдүүдэд нь дэмий байх л даа. Тэд нь эмзэглэх биз дээ. Амьд үлдсэн хүмүүст нь дэмий. Тэрнээс залуухан, залуухнаараа яваад өгсөн, энэ хорвоог орхисон дан тэнгэрийнхээ шийтгэлээр явсан олон хүн байна шүү. Өөрсдийнхөө хийсэн буруу юмандаа явсан. “Бөө хүн онгодоо хэрэв сэвтээх юм бол хөсрийн дээстэй адилхан болно” гэж бөөгийн номон дотор байгаа шүү. Хөсрийн дээсийг хэн ч тоож харахгүй шүү дээ. Тэгэхээр онгод нь тэр хүнийг яг тийм болгож хаяна. Ерөөсөө харах үзэх юмгүй, ямар ч авралгүй болгож хаяна. Тийм учраас тэрийгээ мэдэж байх ёстой шүү дээ.

-Онгодоо аваагүйгээс болж өвчин зовлонд нэрвэгдсэн хүмүүс цөөнгүй байдаг гэсэн. Онгодыг буулгахгүй байж яагаад ч болдоггүй гэсэн үг үү?

-Ерөнхийдөө бол айхтар их тулгалт хийдэг. Тэр заяагдмал юм, тулгалтанд орж л босч байна шүү дээ. Сөрж болохгүй. 15 жил болоход над дээр “Бөө болгоод өгөөч” гэж нэг ч хүн ирж байгаагүй. Ихэнхи нь болиулаад өгөөч, би энэнээс салж болохгүй юу. Авахгүй байж болохгүй юу гэж ирдэг. Би ч “Та нар өөрсдөө мэд. Цаг хугацаа өөрөө шийднэ” гэдэг. Тийм юмаар тэр бөөгийн өвчнөөр өвчилсөн улсууд энэ Шархаданд их бий. Нэг ёсондоо онгодоо буулгаж аваагүй. Солиорчихсон. Мэдрэлийн гажигтай болсон хүмүүс юм. Нөгөө талаар Шархаданд эмчлүүлж байх ёстой улсууд бөө болчихсон явж байгаа нь бас бий. Тэгэхээр би өнөөдөр ганцхан өөрийнхөө байгуулсан, өөрийнхөө бүтээсэн гомыг ингээд муулаад сууж байна гэдэг бол надад их харамсалтай. Гэхдээ цаана нь ариун юм байгаа нь тодорхой. Олон сайхан хүмүүс бий. Миний гараар орсон, энэ төвөөр орж ирсэн онгодоо буулгасан сайхан залуучууд их олон бий. Авьяас билэгтэй улсууд ч олон. Төрд ажиллаж байгаа улсууд ч олон. УИХ дотор ч байгаа.

-Ямар нэг байдлаар олонд танигдсан, олны танил нөхдүүд сүүлийн үед онгодоо буулгаж авлаа бөө боллоо гэж их дуулдаад байна?

-Улс төрийн ажил хийдэг хүмүүс, урлаг соёлын олны танил хүмүүс, жүжигчид, ард түмний дууг нь сонсох дуртай сайхан дуучид гээд байна. Уржигдархан “Түмэн эх” чуулгын уртын дуучин хүүхэд бариад авсан. Тэрний тэр онгод дуудаж байгаа дуудлага нь дэндүү гоё. Өөрөө дуучин хүн учраас. Эд чинь өөрсдийнхөө хувь заяагаар буулгаж авч байгаа шүү дээ. Тэрнээс тэдэнд үүнийг авах бөө болох сонирхол байхгүй. Надад хэрэв заяасан бол би дуртай авна. Би заримдаа эд нарт атаархдаг юм шүү дээ.

-Та онгодгүй юм уу?

-Байхгүй. Тэр чинь байгалиас заяагддаг заяагдмал зүйл.

-Гэхдээ таныг их чадалтай хүн гэж хүмүүс ярьдаг юм билээ шүү дээ. Бүр тэгээд бүхэл бүтэн төвийг нь байгуулж, тэргүүлж ирсэн, бөө нарын сурах бичгийг бичсэн хүн биз дээ?

-Яахав. Дагаж яваа тэнгэр байлгүй яахав. Дархадын Балжир удган гэж мундаг удган байсан. 88 хүрээд таалал төгссөн. Завхан аймгийн Пагма удган гэж настай удган байсан. Тэр удгадуудтай анх уулзахад л надад шууд хэлж байсан. “Таныг яагаад ийм олон тэнгэр дагаад явна. Дархадын 92 тэнгэр таныг 3-н жилийн дотор бүсэлж хамгаална” гэж хэлээд байна аа. “Ямар учиртай хүн бэ, та” гэсэн. Би тэгэхэд шашны байгууллагыг удирддаг гэдгээ хэлээгүй. Хувь хүний хувьд уулзсан юм.

-92 тэнгэр гэхээр тэгээд одоо энэ бөө нарыг хэд дагах вэ?

-За 3 бол байна даа.

-Тэгвэл бөө нарт таниас сурах юм их юм байна даа?

-Одоо Өвөрхангай аймгийн Хайрхандулааны Хан Хөгшинийг тахихдаа залуу улсуудыг аваад явах гэж байна. Тэдэнд юм зааж өгнө. Бөөгийн ёс журам, зан үйлд газар дээр нь суралцах ёстой.

-Та тэгэхээр онгод авах ёстой хүнийг бол шууд таних уу?

-Гурван үг асуугаад л мэднэ. Өөрөөс нь гурван юм л асууна. Тэгээд байна уу, үгүй юу гэдэг нь тодорхой болно. Гэхдээ их сайн шалгах хэрэгтэй байдаг юм. Би гурав юм уу, таван бөөд үзүүлж шалгадаг. Тэгж сайн шалгахгүй бол хүний цагийг үрнэ. Хөрөнгө үрнэ. Маш их хөрөнгө гарна шүү дээ. Авах ёстой юмыг бол заавал авах ёстой. Онгодоо буулгахгүй бол бүх юм хаалттай, эмнэлэгт очоод шинжилгээ хийлгэхэд онош нь тодрохгүй. Тэгээд л өвдөөд байдаг. Онгод буулгуулсан хүмүүс заавал бөөлөөд хүний юм хийж байх албагүй. Өөрийнхөө юмыг өөрөө ашиглаад л явахад болно. Хүний амьдралд чинь аюул ойрхон шүү дээ. Үхэл бол бид хоёрыг дагаад явж байгаа. Энийг аврах боломж бол шашин дотор бий. Ерөөс ганцхан бөөд биш буддын шашны лам нар дотор ч хөгийн юмнууд их бий. Бурханы шашны ёс жаягийг арван хар нүгэл, арван цагаан буянаа дагадаггүй. Тийм лам нар зөндөө, Христийн шашны дотор ч аугаа их ертөнцийн эзнээ мартчихсан улс зөндөө байна. Харин Лалын шашныхан бол сахиусаа их сайн сахиж байгаа. Гэхдээ 400 сая хүн дагаж яваа Буддын шашныг, 500 сая хүн дагаж яваа Христийн шашныг муулаад яахав. Арга байхгүй. Тийм их олон хүний оюун санааг авч явж байна.

-Бөөгийн шашныг тэгвэл хэчнээн хүн дагадаг бол?

-Дэлхийн 120 оронд бий. Африкийн орнууд байна. Хүн амынх нь 36 хувь нь шүтдэг улс ч байна. Латин Америкийн орнууд бүхэлдээ энэ шашны дор явж байна. Өмнөд Солонгос 3000 гаруй бөөтэй шүү дээ. 45 сая хүний тал хувь нь шүтэж байна гэж байгаа. Ер нь бол шашныг хутга мэс шиг ашиглах гээд, өвдөөд зовоод ирэхээр шашныг авч хэрэглэх маягтай хэрэглээ маягаар хандаж байна. Энэ бол аль ч шашинд байдаг хамгийн зохисгүй зүйл. Гэхдээ сүүлийн үед дэлхийд их том хувьсал өөрчлөлт явж байна. Хүн төрөлхтөн соёл шинжлэх ухааны их том зам руу орлоо. Шашнаас салж өөр юмыг хүсч эхлэж байна. Ялангуяа энергийн тухай асуудал их хурц яригдаж байгаа нь хүмүүс шашнаас залхаж байгаагийн шинж мөн. Өөр аргаар өөрийнхөө сайн муу юмыг шийдэх боломж байна уу гэдгийг эрж эхэлж байна. Тийм учраас бөөгийн шашныг ч гэсэн өөрчлөх, шинэчлэх шаардлагатай. Шинжлэх ухаан технологи хөгжсөн энэ нөхцөлд зохицож таарч явах ёстой.
Өөрийгөө бөө гэж нэрлээд байгаа хүмүүс, шашныхаа мөн чанар, эрдэмийг эзэмших хэрэгтэй. Тэрний дараа өөрийгөө бөө гэж цоллох хэрэгтэй. Зөвхөи онгод гэж яриад байдаг. Онгодоос гадна шашны өөрийнх нь зан үйл, жаяг гэж тоймгүй их. Манай Монголын бөөгийн шашинд 3500-гаад зан үйл байна. Зарим нь гурвыг иь ч мэдэхгүй. Залбирч ч чадахгүй. Би залбирч байгааг нь хардаг юм. Тэгэхэд залбирч ч чадахгүй байна. Залбирал нь сөхөрч мөргөх, сөгдөж мөргөх хоёр шүү дээ. Гэтэл алдаатай хийдэг. Би хараад л “Хөөрхий минь. Энэ чинь бөө биш байна” л гэдэг. Наад зах нь мөргөж сурчих хэрэгтэй. Тэрнийхээ дараа өөрийгөө онгодтой, тэнгэртэй гэж ярьж байх ёстой юмаа.

-Ер нь Монголд хичнээн бөө байна вэ. Хэд нь хуурамч бол?

-Би тоймлож ойлгож байгаагаар барагцаалбал 1000 орчим хүн бий. 1000 дотор 700 орчим нь онгодтой, 300 нь хуурамч байгаа. Би чинь ерөөсөө Монгол бөөг байхгүй. Хоёрхон газар голомт байхад нь босгосон хүн шүү дээ. 15 жилийн өмнө Монголын Бөөгийн шашны Голомт төвийг байгуулахад Дархадын нутагт цөөхөн хэдэн удгад. Мөн манай Халх бөө гэж цөөхөн хэдэн хүн байв. Би Улаанбаатарт бөө эрээд олохгүй байсан. Нэг ч бөө байхгүй. Тэгвэл одоо Улаанбаатараар дүүрэн байна шүү дээ. Одоо 2 их том хувьсал өөрчлөлт гарч байна. Нэг нь хотод ороод ирсэн хотожсон бөө. Нөгөө нь хөдөө байж байгаа бөө энэ хоёр хоорондоо их ялгаатай. Ерөөсөө байгапиа дагаж амьдарч байгаа, залбирч байгаа улсууд энэ Улаанбаатарын зах зээлийн орчинд байгаа бөө хоёр их ялгаатай. Залбирал нь хүртэл өөр. Тэнд чинь жинхэнээсээ залбирна. Энд бол шашин гэж залбирна. Шашны хүн гэж бодож залбирна.

-Хуурамч бөө нараас салахын тулд бодитоор юуг хийх ёстой бол. Филиппин бас хуурамч бөө нараасаа төрийн бодлогоор салсан гэдэг?

-Бөө бол тухайн үндэстний өөрийнх нь соёл. Манай нүүдэлчдийн том соёл. Зүгээр хоосон зүйл биш. Манай ард түмэн, байгаль хоёрын дундаас төрж гарсан их том соёл. Соёлын хувьд бол энэ нь устах ёсгүй. Тийм арга байхгүй. Гарцаагүй оршино. Харин яаж оршин тогтнох вэ гэдэг асуудал байна. Монголын бөө нарыг хүчин чадлаараа дэлхийд 3-рт орох чадалтай гэдэг шүү дээ. Танзаний бөө нарын дараа Якутынх. Тэгээд манайхыг гэдэг. Магадгүй 1-рт явж ч магадгүй, тийм хол алхсан бөө байсан. Гэхдээ их устгагдсан. Чингис хаанаас хойш гурван удаа их том хэлмэгдэлд орсон. Тэр улмаас хүчин чадал нь алдагдсан юм бий. Ер нь манай Монголын соёлын гени устсан шүү дээ. Ардын хувьсгал гэж юмны гайгаар Монголчууд их том гениэ алдсан. Танзанийн Засгийн газар нь тоггоол гаргаж олон бөөгөө буудаж алсан. 82 онд байх. Хараал хийлээ гэж. Ард түмний хүсэлтээр буудсаи. Тэгвэл Өмнөд Солонгост явж байхад их өөр байна. Коммунизмын гай орж ирээгүй учраас бөөгийн шашин нь тэр чигээрээ үлдсэн байна. Гол нь тэр ард түмэн сэтгэлтэйгээ үлдсэн байна. Харин манай ард түмэн сэтгзлгүй болсон. Сэтгэлээ алдсан байна.

-Ингэхэд Монгол төрийн тухай чухал үгийг бөө нар хэлдэг?

-2012 онд Монголын төр жинхэнэ төр болно л гээд онгодууд хэлээд байдаг юм. Төр барих ёстой хүн нь одоо гараагүй гээд байгаа. Төр нь жолоодогчгүй явж байгаа. Жолоодох эрдэм боловсрол, ухаан төгс хүн одоохондоо байхгүй байгаа. Оюун санааы хувьд шал өөр хүн байх ёстой. Тэр хүн 2012 онд гарч ирнэ. Ойрхон байгаа. Одоо 25, 26-тай л хүн гээд байгаа.

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
xalx ulaach (зочин)

ulaach hvnd surah bichig gj bh ysgui ene hvnii yria 80 huvi ni hudal bna ymar ch ysond ulaach hvnd bagsh boloh shvteen bosgoj buulgaj ugdug hvn ni (uuruu ulaach hvn bish bh ysgui) tgd bas dunguj shuteenee buulgaj bosoj bga ulaach nar hezee ch hatuu gazar turiin tahilgat uul gh met gazar buulgj bolohgui uchir ni tiim gazar dor hayj 7oos8 jil bolj bga sn hamgiin hicheel zvtgeltei gh ulaach nar bagshtaigaa huch ihtei bolson tsagtaa ochih bolomjtoi (hamgiin gol ni shvteengvi hun hund shvteenii ni zalj ugj chadahgui ygd gvl ter hvnii shuteeniig buuj bna uu vgvi yu gdgiig bagsh uuriin bilgiin melmiigeer harj meder ch zasaj bh ystoi) ene hvn ymiig olon talaas ni harj suraagvi bna [hervee asuuh ym uu ene niitleltei holbootoi esergvvtsmeer ym bvl fb-iin fanta bat ruu orj sanal hvseltee helj bolno bi hariulah bolno

халх улаач 2 (зочин)

та өөрөө хэдэн жил судалсан хүн бэ улаач гэж чухам юу юм.тал талын мэдлэгтэй бол сайн суралц гэснээс номоор онгодоо барь гэж хэлээгүй биз дэ. жаахан юмыг ойлгохийг хичээ. дандаа үгүйсгэх хоббитой улсууд манай ард түмэн. шууд телевизээр гараад байсан нэг удганыг харсан биздээ онгод өөрөө л заана сургана гээд их л сүрхий юм яриад байсан шавь нар нь гэж хүмүүс онгодоосоо ч сурсан юмгүй багшаа ч олигтой хуулаагүй хүмүүс. за тэр яахав монголын сайхан улаач нар минээ элдэв зан үйл хийнэ гэж янзан бүрийн ааш аяг гаргахаасаа өмнө мэдлэг мэдээллээ сайн дээшлүүл. судлаач хүн бол их олон талаас судлаж дээр үеийн агуу агуу бөө нараас асууж мэдсэнээ ном болгодог гэдгийг сайн ойлгоорой

halh ulaach2t (зочин)

uuruu Suhbat guiad handaj helee yu kkk, Naad hun chini buugiin chigleleer suuliin 22 jil dagnan sudalgaa hiisen, uuruu tom tengertei tahilch buu hun shuu dee

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)