ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Доктор, профессор Р.Рэгзэндорж Буриад бөөгийн түхай
Буриад бөөгийн түхай
2009-10-10
Хүн өдрийн цагт дагаж харсан шөнийн цагт манаж харсан тэнгэртээ хаягдахгүйн тулд тэрхүү тэнгэртээ хатуу итгэж, түүнийгээ чин үнэнчээр шүтэж, хадгалж хамгаалж ирсэн байх юм. Бөөгийн үзэлд харсан тэнгэр гэсэн ойлголт байдаг. Тэр нь хүнийг үргэлж дагаж, ажил үйлсийн нь биелэлтэнд байнга нөлөөлж, ирээдүйг нь урьдчилан харж туслаж байдаг гэж итгэн шүтэж биширдэг. "Мөнр тэнгэр судлал"-ын олон улсын эрдэм шинжилгээний анхдугаар бага хурад тависан илтгэл "Мөнх тэнгэр судлалын дэлхийн Академи" - аас санаачлан зохион байгуулж байгаа "Мөнх тэнгэр судлалын онол практикийн асуудлууд" сэдэвтэй эрдэм шинжилгээний бага хуралд оролцож байгаа та нөхөддөө баяр талархал дэвшүүлж, эрүүл энх,аз жаргал, эрдэм номын тань ажилд амжилт хүсэе. Өнгөрч байгаа бичин жилд гадаад дотоодын нэр нөлөө бүхий эрдэмтэн мэргэд хамтран зүтгэгчдийнхээ дэмжлэгтэйгээр доктор профессор Г.Гэрэлбаатар санаачлан "Мөнх тэнгэр судлалын дэлхийн Академи байгуулсан юм. Энэ академи нь Монгол болон монгол туургатан дэлхийн улс орнуудад шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлэх, эрдэмтэн судлаачдын хүч нөөцийг дайчлан ажиллах, өөрийнхөө үйл ажиллагаандаа мөнх тэнгэрийн номлол, сургаал түүний оршихуйн зүй тогтол, чиг хандлагыг судлаж, хүн төрөлхтний хөгжил дэвшилтэй уялдуулан өвөрмөц хэлбэрээр хөгжүүлэх, монголчуудын мөнх тэнгэрээ дээдлэн, шүтэж амьдрах уламжлалыг сэргээн шинэ үедээ өвлүүлэн уламжлалт соёл, үндэс угсаагаа нандигнан хайрлах эх оронч нийгмийн сэтгэл зүйг буй болгон төлөвшүүлэх зорилго бүхий шинжлэх ухааны байгууллага юм.Үүнийг манай эрдэмтэн мэргэд халуун дотно дэмжиж байгаад нь талархаж байна. Монгол газар дээр хүн буй болсон нь сая жилээр, нийгмээрээ амьдрах болсон нь V-VII зуу мянган жилээр тоологдож байдаг.Чухамхүү энэ үеэс Монголын нүүдлийн соёл иргэншил бүрэлдэн тогтож эхлэхэд бөө мөргөлийн үзэл санаа хамт бүрэлдэн тогтож яваандаа мөнх тэнгэрийн шашин болж, монгол хүн бүхнийг хөх мөнгөн тэнгэртэй холбож . мөнх тэнгэр монгол хүн бүхний амьд яваагийн утга учир хамгийн эрхэм дээд шүтээн нь болж ирсэн түүхтэй билээ. Ерөнхийлөгчийн зарлигаар айл өрх бүр өргөө гэрийнхээ хойморт залж сүсэглэн дээдэлж байгаа " Монголын нууц товчоог" уншихад түүний дотор Чингис хааны дотоод сэтгэлийн тэнхээ , гол хүч нь " Мөнх хөх тэнгэртээ " итгэдэг, шүтдэг гэдгээс эхлээд "Тэнгэр", " Мөнх тэнгэр"-тэй холбоотой олон асуудлууд нүдэнд тодхон тусдаг нь бахархмаар байдаг юм. Монгол бөөгийн шашинд орчлон ертөнцийг үзэх гурван гол үзэл байдаг. 1. Ххатан дэлхий. 2. Хан тэнгэр, 3. Газар усны эздийн тухай ойлголт юм. Үүнийг судлах талаар Өрнө, Дорнын үе үеийн олон эрдэмтэн мэргэд оюун мэдлэгээ зориулж олон бүтээл туурвисан байдаг. Одоо ч судалгаа шинжилгээ үргэлжилсээр байна. Монгол бөөгийн үзэлд мөнх тэнгэрийг ямар нэг хатуу буюу шингэн зүйл биш, хийн чанартай зүйл гэж үздэг түгээмэл ойлголт буй болжээ. Хүн өдрийн цагт дагаж харсан шөнийн цагт манаж харсан тэнгэртээ хаягдахгүйн тулд тэрхүү тэнгэртээ хатуу итгэж, түүнийгээ чин үнэнчээр шүтэж, хадгалж хамгаалж ирсэн байх юм. Бөөгийн үзэлд харсан тэнгэр гэсэн ойлголт байдаг. Тэр нь хүнийг үргэлж дагаж, ажил үйлсийн нь биелэлтэнд байнга нөлөөлж, ирээдүйг нь урьдчилан харж туслаж байдаг гэж итгэн шүтэж биширдэг. Харсан тэнгэр гэдэг үзлээсээ улбаалан Монголчуудын дунд эдийн тэнгэр, эцгийн тэнгэр, эхийн тэнгэр, эрийн тэнгэр.эхнэрийн тэнгэр гэх мэт ойлголт түгээмэл дэлгэрсэн байдаг. Хэрэв түүнийг зүй бус үйлдлээр гомдооход хүрвэл түүний нарт ертөнцөд амьдрах хугацааг нь богиносгоход хүрнэ гэж үздэг. Ийм учраас харсан тэнгэр гэдгээ эрхэмлэн дээдэлж," Мөнх хөх тэнгэр " гэж хүндэтгэн дээдэлж, бишрэн зальбарч байдаг байх юм. Одоо би мөнх тэнгэрийг бишрэн шүтдэг буриад бөөгийн ёс жаягаас товчхон хэдэн зүйлийг хэлэхийг хүсэж байна. Буриад зон шарын шашин дэлгэрхээс өмнө бөө мөргөлтэй байсан. Энэ нь нэг хэсэгтээ хоригдоод одоо дахин сэргэж залуу зайран, удгад гарч ирж байх шиг байна. Буриад бөөгийн уншлага, дуудлага, хэллэгийн судар гэж байдаггүй байхаа би олж үзээгүй. Түүхээс үзвэл: Буриад бөө нар ихэвчлэн ардын аман зохиолын хэллэгийг ашиглаж орчноо таниж мэдсэн өөрийн бодол санаагаар ярьж хэлж бөөлдөг. Буриадын эртний эрдэмтэн мэргэд ялангуяа буриадын эрдэмтэн Дорж Банзаров "Монголчуудын харын шүтлэг ба бөөгийн шашин" гэдэг бүтээлдээ : Байгаль нуурын хойт биеэр нутагтай буриадын дунд бөөгийн шашны 99 тэнгэрийн тухай домог яриа хүчтэй дэлгэрсэн тухай өгүүлсэн байдаг.Буриадын бөө, удгад 99 тэнгэрт залибран биширдэг. Тэрхүү 99 тэнгэрийхээ 55-ыг нь барууны тэнгэр, 44-ийг нь зүүний тэнгэр гэдэг. Барууны 55 тэнгэрийн 50-д нь залбирдаг. 5 -ыг нь тахидаг. Барууны тэнгэрээ таван хэсэгт хувааж үздэг. Эхний хэсэг тэнгэрийг" Хилэн улаан тэнгэр" гэдэг. Түүнийг духандаа одтой улаан зээрд морьтой, амьд амьтан бүхний амийг сахидаг, баруун хойт зүгт байрладаг агуу их хүчтэй тэнгэр гэж сэтгэдэг. Хоёр дахь хэсэг тэнгэрийг "Цахилгаан цагаан тэнгэр" гэнэ. Тэр нь баруун өмнө зүгт байрладаг. Цахир цагаан морьтой, 77 шахартай (хурдан элч) 99 эхнэртэй, хүхүүртэй (дагуул ) юм гэдэг. Гурав дахь хэсэг тэнгэрийг "Одон заяны тэнгэр" гэнэ.Тэр нь амьтан бүхний сахиус болж, орой дээр нь байрлаж байдаг гэнэ. Дөрөв дэх хэсэг тэнгэрийг "Хөх манхан тэнгэр" гэнэ.Энэ нь хүн болон мал сүрэгт хишиг хайрладаг өглөгч тэнгэр гэнэ. Тав дахь хэсэг тэнгэрийг" Заяач тэнгэр " гэнэ. Зүүний 44 тэнгэрийн 4О-ыг нь "Зальбарлын тэнгэр" гэнэ. 4-ыг нь" Тахилын тэнгэр" гэнэ. Тахилын тэнгэрийг мөн дөрөв хувааж үздэг. Нэгдэхийг хоол ундааны хишиг өгдөг "Гүжир Гүнгэр тэнгэр" гэнэ. Хоёр дахийг тарваган тахал болон элдэв халдварт өвчнөөс хамгаалдаг "Боом махаг тэнгэр" гэнэ. Гурав дахийг морин эрдэнэ бэлгэлдэг "Атаа улаан тэнгэр" гэнэ. Дөрөв дахь хэсэг тэнгэрийг эвэртэй малын хишиг хайрладаг "Тодил улаан тэнгэр" гэж мөнх тэнгэрийг хэсэглэн нэрлэж зальбиран биширч ирсэн уламжлалтай байх юм. Эрэгтэй хүнийг бөө, эмэгтэй хүнийг удган болгодог тусгай сахиусад байдаг гэж үздэг. Тэр нь зүүн зүгт гадаад далайн нэгэн арал дээр байдаг Болингууд тэнгэр. Хан Хюура тэнгэрийн хөвгүүд, Халзан шарга морьтой ноён тэнгэр. Хүмүүсийг уран дархан, төмөрчин болгодог. Хар махан тэнгэр, түүний нөхөд Төмөрч дархан ноён 99-н төмөрч дархчууд,түүний 76 нь хөөргөч .үлирвэч (хавчиг хайч) алх, дөшний гэх зэрэг сахиусууд байдаг гэж үздэг. Баруун, зүүн хоёр зүгийн үүд хаалгыг сахигчийг нь "Гарвал гэдэг газрын тэнгэр" гэнэ. Түүний баруун нь гурван давхар хаалгатай бөгөөд түүний харуул хамгаалагчдын эхний хаалгачдыг Цахир тэнгэрийн хөвгүүн толгойныхоо орой дээр ганц нүдтэй, доороо ганц хөлтэй, амандаа ганц соёотой,"Содхон ноён тэнгэр" гэнэ. Дараачийн хаалгачийг "Шар улаан уулын эзэн, Хуандайн хөвгүүн Хуа Цолбон ноён тэнгэр" гэнэ. Сүүлчийнхийг нь "Ухарын ноён тэнгэр" гэнэ. Зүүн зүгийн ганц хаалганы ганц харуулыг хөх уулын эзэн, Хүаүсэй ноён тэнгэр гэнэ. Бас хүн зоныг элдэв халуун ханиад, өвчин эмгэгээс авран хамгаалдаг орон дэлхийн эзэд. бурхан гарвалууд олон байдаг гэж итгэдэг. Тэдний дунд баруун өмнө зүгийн цаст цагаан ууланд нутагтай, цагаан арслан хөлөгтэй, цагаан мөнгөн таягтай Цагай цагаан өвгөн зүүн өмнө зүгт нутагтай Шанд булгийн адагт байрладаг Эшэргэнээгийн гурван хөвгүүн Богднор, Тариаланч ноён, Талхач хатан байдаг гэнэ. Бас хойт зүгт 13 өвөрлөгчид 44 ноёд бий гэнэ. Арын 13 ноёд нь Байгаль далайн Ойхон арал, түүний өмнө, хойт эргийн уул, хад, ус голоор байрладаг тэнгэрийн хөвгүүд, түүний ахлагч нь хан хурмаст тэнгэрийн хөвгүүн Хан Сот ноён, түүний гэргий Хан Зулмут ноён , түүний хотны сахиус , хашааны эзэн хан бөө ноён бүргэд шувуу болон хувилдаг Хан шувуу ноён, Ойхон уулын арын элгэн хаданд байрладаг үхлийн аюулыг сахигч бух толгойт үнэгний хөвгүүн Ажрай ноён, Энэ ертөнцийн хаадууд болон, Эрлиг номуун хааны албат ардыг нийлүүлэхгүй сахиж байдаг гал улаан сэлэм далайсан хуа цолбон Догшин ноён Баргатны эзэн-Бархан өндөр ууланд байрладаг Хажир цагаан ноён Бөөгийн амьтайн ( бөөгийн өмсгөл ) эзэн Агуй Буумал ноён, Доод ангарын эзэн Ам цагаан ноён, Эрхүүгийн эзэн Хан заргач ноён, нарийн Зулхын ноён эзэн Эрдэмт цагаан ноён, Байгаль далайн эхний Мундрага өндөр ууланд байрладаг бух ноён хэмээх 13 ноёдоос гадна тэдний хатад болон анд нөхөд олон байдаг гэнэ. Өмнө зүгийн 44 ноёдын нэр тодорхойгүй байдаг гэнэ. Мөн Мундрага ууланд тэнгэрийн охид өнөр эх Бууман Борогүинтойгоо 33 буумалууд бий гэж тэдгээрт итгэж биширдэг. Буриад бөө нар урьд цагт нас барсан бөө, удганыхаа сүнсийг уул хад, ус гол, ой модны эзэд онгод чөтгөрүүд, болоод хүн амьтны заримд нь тус хүргэж, бас заримд нь гай гамшиг учруулж байдаг гэж үздэг. Бөө нар зуун хөлт зул, зургаан хөлт тахил, доог, доог гэж байж тоо томшгүй олон зүйлийг хэлж бөөлдөг. Буриад бөөгийн зэмсэг гэвэл : Хоёр эвэртэй, угалзлуулан хийсэн төмөр малгайн хойно есөн цэнжүүргэтэй , цэнжүүргэ бүр нь үзүүртэй, түүнийгээ (нугас) гэдэг. Малгайн дээд талд унжсан цэнжүүргийг "холбого" гэдэг. Төрөл бүрийн ангийн арьс, малын арьс, эрээн марян торго цэмбээр могой шиг юм хийгээд түүндээ хэрэм, солонго, үен, өмхий хүрэнгийн арьс болон элдэв даавууны өөдөс өлгөдөг. Үүнийгээ "майхавч" гэж нэрлэдэг. Хагас метр орчим өргөнтэй даавуунд ангийн арьсаар төрөл бүрийн могойн дүрс оёж, дээлийхээ зах дээр тохдог. Үүнийгээ далавч юм уу даль гэж нэрлэдэг. Ангийн сарьсан арьсыг хүзүүндээ зүүдэг. Уртаараа дээлийн хормойтой чацуу өргөнөөрөө өвчүүний хэмжээтэй даавуу юм уу сарьсан дээр 25 зэс цагариг оёж хормойд нь олон тооны бөлгөнүүр “хонх” уяж, түүнийгээ "элгэвч" гэдэг. Өвдгөндөө гөрөөсний арьсаар хийсэн хүрэм углаж, хормойн ёроол нь цацагтай, улаан өнгийн дээл өмсөж, түүнийгээ "хэвнэг" гэж нэрлэдэг. Хоёр тулгуур дээр дэлтэй морины толгой дууриалган хийж, дэл бүрд нь гурав гурван холбоо нэг цагариг хийгээд түүнийгээ "морины дэл" гэдэг. Тулгуур бүхэнд нь морины сүүл гэж холбоо дэл хийнэ. Сүүлнээс дээш цагаригуудад жижигхэн төмрөөр дөрөө, сэлэм, жад, сүх, алх, завь, сэлүүр, тулгуур гэх мэтийг өлгөнө. Түүний доод цагаригт Гурав гурван холбоо үлхэнэ. Энэ гурвыг "хөл" гэнэ. Хоёр тулгуур модыг "сорви" гэнэ. Хуурай модоор ташуур хийж гутаарь загасны арьсан найман гөрлөө бүхий оосор хийж, түүндээ нэгэн цэнжүүргэ хийж алх, сэлэм, жад мэт зүйлийг хийж, даавууны өөдсөөр чимээд "амьтайн ташуур" гэж нэрлэнэ. Бөөлж байх үедээ ташуураа барьдаг. Бөөгийн барьдаг хэсгийг тугалын арьсаар хийгээд, түүнийгээ тойруулан бөлгөнүүр (хонх) зүүж, хоёр талд нь гурван цагаригтай цэнжүүргэ хийж, даавууны болон ангийн арьсыг могойн дүрсээр чимдэг. Хэсээ цохидог модыг "Тойбор" гэдэг. Бөөгийн хүзүүнд зүүдэг толь, хонх, хадаг, могойн дүрс зэргийг "амьтай" гэнэ. Энэ бүхнийг бөөгийн хэрэгсэл гэж нэрлэдэг. Энэ бүхнийг цай юм уу архиар сэржимдээд гэрийн унинд өлгөнө. Бөө хүний бөөлж байгаа мөчөд туслах зорилгоор 3-9 туслагчийг ажиллуулдаг. Түүнийг "юсэнгүүд" гэдэг. Тэд нар нь сүзэгтэнгүүдтэй хамт суух ба тэдний дунд өндөр настай өвгөн эмгэн хоёрыг суулгаж, "эцэг", "эх" хоёр гэж нэрлэдэг. Тэдний дэргэд гал асаах зуух хийж ширэм тогоонд арц, ая ганга, модны холтос хийж буцалгадаг. Асаасан галдаа 12 хар , 12 цагаан чулуу хийж улайсгадаг. Шинээр бөө болох үйлдэл буриадын бөө мөргөлд чухал байр эзэлдэг. Бөө болох хүсэлтэй хүмүүс нэр хүндтэй ахмад бөөдөө бөө болгохыг хүсэж гуйдаг. Хэрэв бөө болохыг зөвшөөрвөл эхнийхээ "Шар нар" бүтээх ёслолд бэлтгэдэг. Үүний тулд уртаараа хоёр метр орчим гурван ес - хорин долоон ижилхэн навч, мөчиртэй хус мод авч ирж гэрээсээ урагш нь ес есөөр нь суулгадаг. Тэр хусныхаа арыг нь "Эх шар мод" нэрлээд оройд нь элдэв торгомсог даавууны өөдсөөр шувууны үүр засаж, дотор нь хөвөнгөөр юм уу хонины ноосоор есөн өндөг хийж тавидаг. Тэгээд дугариг эсгий дээр цагаан хоргой торго нааж, сар хийгээд өлгөдөг. Түүний доор хусныхаа дөрвөн зүгт газраас дээш хоёр алд шахам хусаар хийсэн шаантаг шаагаад түүнийгээ "Загалмай" гэж нэрлэдэг. Урд талын том хусыг "эцэг мод" гэдэг. Орой дээр нь үйсэн (хусны хальс) дээр улаан хоргой торго наагаад түүнийгээ "Нар" гэдэг. Суулгасан 27 хусныхаа эхний гуравд бүтэн чандганы арьс, дараачийн гурвад бор гөрөөсний толгойн арьс гурав дахь гуравд солонгын бүтэн арьс дөрөв дэхь гуравд үенгийн бүтэн арьс , тав дахь гуравд хусаар хийсэн жижигхэн тармуулыг улаан чулуугаар өнгөлөөд "Бардаг" гэж нэрлээд өлгөдөг. Зургаа дахь гурван модонд нь нэг эвхсэн долоон жижиг үйсийг хонины ноосоор ээрсэн утсанд өлгөдөг. Тэгээд тэдний завсараар өрөм тос хавчуулаад түүнийгээ "Дагтай" гэж нэрлэдэг. Эцсийн гурван модонд зүссэн өнгө өнгийн миткаль уяж бүгдийг нь "Эх цагаан шанар" гэж нэрлэдэг. Баруун талд нь түрүүчийнхээ ижлээр нэг жигдхэн есөн мод суулгадаг. Эхнийхэд нь битүүгээр өвчсөн чандганы арьс, дараачийхад нь битүүгээр өвчсөн хэрэмний арьс, гурав дахид нь булганы арьс, тав дахид нь шилүүсний арьсны өөдөс өлгөх ба бусад дөрвөн модонд нь элдэв өнгийн хоргой торгоны өөдөс, уяаад түүнийгээ "Бурхан гарвалын шанар" гэж нэрлэнэ. "Эхийн цагаан шанар"-ын зүүн талд гурав гурван есөн модыг үндэстэй нь авч ирээд түүний навч, мөчрийг нь нар буруу мушгиж зүүн зүг руу хандуулан суулгаад эхнийхэд нь өмхий хүрэнгийн арьс, дараачийхад нь хар гөрөөсний арьсны өөдөс, түүний дараачихад хар хөх өөдөс уяад "Хамниган гурвалын шанар" гэж нэрлэдэг. "Эх цагаан ба буцрхан гарвалын Шанаруудын" хойт талын тэг дунд дөрвөн хус дөрвөлжлөн суулгаж, түүний дунд хоёр төө орчим дөрвөн урт гадас шааж түүн дээр хавтгай модоор ширээ хийж, дөрвөн модондоо чандга, хэрэм, солонго, үенгийн арьс уяж эдгээрийг "Бөөгийн амьтайн ариутгалын индэр" гэж нэрлэдэг. Үүний дараа бас л дөрвөн хусыг дөрвөлжлөн суулгаж тэдэндээ чандага хэрэмний арьс уяж, угт нь хоёр бөөрөнхий модон дээр хавтгай мод дэвсэж түүнийгээ "Шинэ бөөг ариутгах индэр" гэж нэрлэнэ. Эх модны хойт талаас гэр руугаа долоон хус суулгаж, гэрийнхээ дөрвөн талд дөрвөн мод хатгаж үзүүрт нь дэгнүүл хийж дээр нь арц, ганга уугиулна. Энэ нь шат болно. Гэрийн дотор талд өндөр ширээ засаж дээр нь 9 цөгцөнд зул хийж есөн модон аягыг зулын дундуур тавиад архи, сүү, хар ба сүүтэй цай дүүргэдэг. Тэдгээрийн ар талд хусан таваг дотор ааруул, өрөм, тос хийнэ. Түүнийхээ ойролцоо хилэн цэмбэ ч юм уу алчуур хадаг зэргийг өлгөж, түүнийгээ "Хавчуулга" гэж нэрлэнэ. Гэрийн тооноор нэг бүдүүвтэр үзүүрийг нь галын дээр тавиад торгон даавууны өртсөөр чимээд түүнийгээ "Түсэргэ" гэж нэрлэнэ. Ийм бэлтгэл хийснийхээ дараа Их бөөгөө залан авч ирнэ. Шанар хийхийнхээ өмнө Их бөөгийхөө малгайн залаанд Шанар хийлгэж байгаа хүнийхээ эх, эцэг болон төрөл садны хүмүүс, юсэнгүүд, ирсэн бөө удгануудыг хүндэтгэн дөрвөн өнгийн даавуу юм уу хадгаар уяад зул бадраана. Тэхээр Их бөө толио хөзүүндээ зүүж , ташуураа барина. Есжингүүдийн ахлагч нь өөрийхөө өмсгөл (амитай) өмсөнө. Бусад нь бага амитайгаа өмсөөд өөр өөрийнхөө хэс барь зогсоно. Тэгээд тэнгэрээс уг гарвалаа дуудаж, бүгдээрээ бөөлнө. Үүнийг "Их Шанарын зулуудын бадралга" гэнэ.Бөөлөхөө түр зогсож, гэрийн өрхөөр архи, цай, сүү өргөж бүгдээрээ амсаад гадагш гарна. Тэхээр нь гэрийн хойморт гудас дэвсэж, Шанарын эх ирсэн бөө, удган, юсөнгүүд бусад хүмүүсийг суулгана. Өмнө нь ширээн дээр тавагтай идээ, архи, цай зэргийг тавина. Их бөө болон шанар хийлгэж байгаа бөө, болон бусад бөө удган юсэнгүүдтэй буцаж ирээд нүүрээрээ шанар руу хараад сүү, архи, цай өргөөд бөөлнө. Бөөлж дуусаад түлсэн гал дотроос гурван цагаан чулуу авч буцалсан цэвэр усанд хийгээд амитайгаа ариутгаж индэр дээр тавина. Түүгээрээ амитай сүршинэ, бөөлөлднө.Үлдсэн есөн чулууг устай тогоон дотроос аваад ариутгалын индэр дээр тавина. Түүнийгээ Их бөө Шанар хийлгэж байгаа хүн, бусад бөө удгад ээлжлэн угаалга хийгээд бөөлөлдөнө. Түүний дараа эх эцэг болон бусад хүмүүс юсэнгүүд угаалга хийнэ. Үүнийгээ "Эх цагаан Шанарын ихийн угаал" юм уу "рашаан" гэнэ. Энэ үед цагаан зүсмийн ямаа алж. Цусаар нь Эх модны доор байгаа загалмайг будна. Ямааныхаа махыг эвдэлгүй бүхлээр нь гэдэс дотортой нь хамт чанаж цугларсан бүх хүн иднэ. Шанар хийлгэж байгаа хүндээ бөөгийн өмсгөл (амитай) өмсгөнө. Толь зүүлгэж таяг хон, ташуур бариулна. Их бөө өөрийн хөтөлбөрөөр түүнийг бөөлүүлж сургана. Юсэнгүүд хэсээ цохино. Бусад бөө удгад даган дуурайж бөөлнө. Тэр үед Шанар хийлгэж бөө болж байгаа хүн дэвхэрч, цовхорч үсрэн харайж урагш, хойшоо гүйж, унаж, дусаж Шанарын мод тойрч модон шат гишгүүр дээр гарч эргэж бууна. Нар зөв гэрээ тойрно. Юсэнгүүд түүнийг дагаж гүйлдэнэ. Ингэж өдөржин шөнөжин унталгүй бөөлөлдөнө. Маргааш нь бас л бөөлөлдөнө. Тарган хонь алж махыг нь бүхлээр нь болгоод өргөлийн тавцан дээр тавина. "Уг гарвалдаа төөлэй шаруусан төөлэй үргэживди" гэж байж бөөлөлдөнө. Тэгээд махаа идээд гадагш гарна. Бөөлөлөг, ариутгалын угаалга хийхдээ түрүүчийн өдрүүдтэйгээ ижил үйлднэ. Үүнийг "үдэлтийн шөнө" гэнэ. Дараачийн шөнө урьдахтайгаа адил бөөлөлднө. Нар гарч байх үед "Бид Шанараа тараалаа" гэж бөөлөлднө. Энэ үед Шанарын хажууд мах, сүү, архи идээ будаа тавина. Түүнийгээ тойрон зэргэцэн суухад нь Их бөө толиныхоо уяаг тайлж эх, эцэг юсэнгүүдэд ээлжлэн бариулхаар нэг бөлбөгнүүр хонх өгнө. Тэр бөлбөгөнүүр гар дамжин буцаж ирэхэд нь Их бөө бөөлж ирэв татан толио далайж эрчигийдүүлэн хаяна. Бусад нь суурин дээрээ сууж "Бид уг гарвалаад өөрсөн сүнсүүдээ дуудан авч ирлээ" гэж дуу гаран найрлана. Их бөөгөө гэрт нь хүргэхдээ өөрийн нь амитай, өлгөсөн хавчуулга, болон хонины мах хадаг цай, амьд хонь дүүрэг хэмээн бэлэглэдэг. Ирсэн бөө, удган, юсэнгүүдэд эх эцэг нарт бэлэг барина. Сая бөө болсон хүн маань бас шинээр бөө болох хүмүүсийн Шанар хийж эхэлдэг. Сарын 29-нд амитай ариутгалга хийж өөрөө оролцон бөөлж, дэвхэрч, цовхорч, гүйж харайж онгодоо оруулдаг. Гурван жил болсоны дараа өнөөх шинэ бөө түрүүчийн ижлээр Шанар хийж зургаан жил өнгөрсөний дараа Их бөөгийн амитай шинээр хийлгэж шинэ өмсгөл хэрэглэдэг уламжлалтай байсан юм даа. Энэ бүхнээс үзвэл монголчуудын мөнх тэнгэрийн тухай ойлголт бол хөх мөнгөн тэнгэр гэсэн жирийн тэнгэр шүтэлгэнээс огт өөр Тэнгэр газрын чанадад орших мөнх тэнгэрийн тухай ойлголт болох нь ажиглагдаж байна. Одоо үед Өрнө, Дорнын эрдэмтэн мэргэд Мөнх тэнгэрийн үзэл, номлолд анхаарлаа хандуулж, шашин, философи, ёс зүй, нийгэм улс төрийн үзлийн үүднээс судалгаа, шинжилгээ өргөн хэмжээтэй хийх боллоо. Бид ч түүнд хувь нэмрээ хүртээх учиртай.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)