ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Гнозис: Утга санаа ба гарал үүсэл

Гнозис: Утга санаа ба гарал үүсэл

Гнозис: Утга санаа ба гарал үүсэл

Шинэ өдрийн эхлэлийг тунхаглах ивээлт наран мэт Мөнхийн Гнозис энэ цагийн төөрөлдсөн түмний төлөө мандлаа.

Хуурмаг, тодорхойгүй, онолын болоод таамаглалын хоосон оюуны хийрхлээс ангижраад өөрийгөө танин мэдэхийг зорьж буй хүмүүсийн хүсэн тэмүүлдэг мэдлэгийг Гнозис хэмээх үгээр илэрхийлж болно.

Гнозис нь шинжлэх ухаан биш, гэхдээ бүх жинхэнэ шинжлэх ухааны үндэс юм. Гнозис нь урлаг биш, гэхдээ гэгээн онгод нь орсон уран бүтээлч хүн тэнгэрлэг санааг өөрийн бүтээлээр илэрхийлэх үед нь төрсөн сод бүтээл юм. Гнозис нь гүн ухаан биш, гэхдээ мэргэн хүний гүн ухаанч сэтгэлгээний үр дүн юм. Гнозис нь шашин биш, гэхдээ бүхий л цаг үе, газар орнуудын шашны тогтолцооны үндэс болсон бурхан тэнгэртэй өөрийгөө дахин холбох үндсэн зарчмуудыг өөртөө агуулдаг. Мөн гнозис нь үргэлж хүн бүхний ухамсрын болоод танин мэдэхүйн "Орших уу, эс орших уу" хэмээх асуултын тайллыг өгнө.

Гнозис буюу Гностицизм хэмээх үгсийг олон янзаар тодорхойлох нь эдгээрийн жинхэнэ утга санааг хязгаарлан бүрхэгдүүлдэг. Энэ нь Гностик сэтгэлгээний хөгжлийг гүн гүнзгий судлахыг хүсч буй хүмүүст зарим бэрхшээлийг бий болгодог. Үнэн зөв баталгаатай эх сурвалжгүйгээр зарим судлаачид энэ сэдэвтэй хамааралтай олон ор үндэсгүй зүйлсийг гаргаж ирсэн байдаг. Учир нь өнөө үед Гностик системийг бүрдүүлдэг анхны эх сурвалж, баримтуудын ихэнх нь үгүй болсон юм.

Толь бичгүүдэд Гнозисыг Грек гаралтай мэдлэг гэсэн утгатай үг хэмээн тайлбарладаг. Гнозис хэмээх үг нь хүн ба орчлон ертөнцтэй холбоотой физик болон метафизик үзэгдлийг тайлбарладаг тогтолцоо гэсэн гүн гүнзгий утга санааг агуулдаг.

Зөв шударга судлаач нар Гнозис бол хүний амьдрал хэрхэн дээд Оршихуйтай холбогдож байгааг тайлах гэсэн ухамсрын үйл ажиллагааны өвөрмөц үзэгдэл юм хэмээн тодорхойлсон байдаг.

Гностицизмын шинжлэх ухаан судлалыг Chieslet (XVII зуун), De Beausobre ба Mosheim (XVIII зуун) нар үүсгэн байгуулсан. Харин Horn, Neander, Lewald, Baur зэрэг хүмүүсийн тусламжтайгаар уг судлал нь XIX зууны эхээр илүү хөгжсөн юм. Jacques Matter-ийн "Histoire critique du gnosticisme" хэмээх бүтээл нь (1823 онд Парист хэвлэгдсэн бөгөөд 1843 онд Страсбургт ахин хэвлэгдсэн) урт хугацааны турш гностицизмын сонгодог бүтээл байсаар ирсэн.

Эдгээр зохиолчид болон бусад олон хүмүүсийн үзэж байснаар "Хэрэв гностицизмыг манай эриний эхний гурван зууны тэрсүү үзэлтнүүдийн цуврал сургаал байсан гэвэл гностицизмыг сонирхох хандлага нь зөвхөн археологи руу чиглэх байсан. Гэвч Гностицизм нь илүү эрхэм зүйл билээ. Гностик хандлага нь үеэс үед дамждаггүй, аяндаа гарч ирдэг зүйл юм. Гностицизм бол нийгмийн болоод үзэл суртлын хямралын цаг үеэр дэлхий дахинд улам илүү идэвхиждэг тэнгэрлэг оюуны үзэл санаа юм."

Paul Masson Oursel гнозисын тухай "Харьцангуй үнэнээс үнэмлэхүй үнэнийг сайтар ялгаж чадах хүн л гэгээрүүлэх сургамжит мэдлэг болох Гнозисыг эзэмших болно" хэмээн хэлсэн байдаг.

Францын судлаач Serge Hutin "Хэдийгээр гностик хүмүүсийн яриа нь өнөө үеийнхэнд толгой эргэм санагдаж, мөн тэд олон салбарын өөр хоорондоо огт адилгүй хүмүүс мэт боловч үнэндээ тэдний хандлага нь нэн орчин цагийнх юм. Тэд бол өөрсдийг нь хүрээлэн буй асуудлуудад шийдэл хайж, дэлхийн ирээдүйд санаа зовнидог хүмүүс юм" гэсэн байдаг.

"Гнозис нь ариун мэдлэгийн бүрдэл бөгөөд үүний нууцыг онцгой чадвар эзэмшсэн хүмүүс хамгаалж байдаг. Харин Гнозисыг гүн гүнзгий ойлгосон хүмүүсийн хувьд энэ нь спиритуал болон гүн ухааны судлал байсан" хэмээн бичигдсэн байдаг. [Фулканелли, "Гүн ухаантнуудын ордон"]

Хэл зүйн хувьд "Гностицизм" хэмээх үг нь гнозисыг судлах үзэл санааны урсгал гэсэн утга санааг агуулдаг.
Гностицизм нь дотоод туршлагаараа шууд шалгаж болохуйц үндсэн элементүүдийг агуулдаг. Тухайлбал:

- Хүний үйлийн үр (шалтгаан ба үр дагавар)-ийг шинжлэх ухаан болон гүн ухааны үүднээс судалдаг. Жнь: Хиндү ба Буддист гүн ухаанд орших Үйлийн үрийн санаа.
- Хүн төрөлхтний анхны өвөг дээдэс. Жнь: Еврейн эхлэл номонд гардаг Адам, Ева хоёр.
- Хүн төрөлхтний гол алдаа, Эдений цэцэрлэгээс хөөгдсөн явдал. Жнь: Еврейн болон Христийн соёл дахь бэлгэдлийн утгатай алим.
- Сэтгэлзүйн сорил тавигч Люсиферийн тухай ойлголт. Жнь: Ацтекийн домогт өгүүлэгдэх Шолотль.
- Сэтгэлзүйн муу чанар буюу Эгоны үхэл. Жнь: Буддын гүн ухаанд агуулагдах "Би"-ээ устгахуй.
- Хүний далд авьяас билгийг бүтээх хүч. Жнь: Хиндү, Буддын соёлд орших Тантрик ухаан.
- Нүглээс чөлөөлөгч дотоод аврагч. Жнь: Эхэн үеийн Христийн соёлд байсан Аврагч эзний талаарх ойлголт.
- Энергийн хувиргалттай холбоотой нууцууд. Жнь: Хиндү болон Буддын соёл дахь Тантрик иог.
- Дотоод бурхан буюу Логос хэмээх санаа. Жнь: Христийн эхэн үеийн уламжлалд агуулагдаж байсан Дотоод Христ.
- Ер бусын хүч болох бэлгэдлийн чанартай галт могой. Жнь: Хиндуизмын Кундалини.
- Тамын тухай ойлголт. Жнь: Данте Алигьеригийн тэнгэрлэг туульс.
- Эртний домгуудад өгүүлдэг бурхны хүн төрөлхтөнд өгсөн бэлэг болох гал. Жнь: Грекийн домог дахь Прометейн бэлэг.

Жинхэнэ Гностицизм нь Онтологи, Теологи, Антропологийн хүрээний дээрх үндсэн элементүүдийг агуулдаг.

Гнозисын үндсэн утгыг бүрэн ойлгосноор үүнтэй төстэй бусад системүүдийг ангилах боломжтой болно.

- ПРЕГНОСТИК: Жинхэнэ гностицизмтой төстэй хэдий ч гнозисын зорилгыг агуулдаггүй.

- ПРОТОГНОСТИК: Жинхэнэ гностик систем болохыг эрмэлзэж буй аливаа эхлэл төдий системийг илэрхийлдэг.

Утга зүйн болон хэл зүйн талаас нь тодруулга хийсэн учраас одоо "цөөхөн хүмүүст л нээлттэй байсан уг мэдлэг"-ийг түүхэн талаас нь гүнзгийрүүлэн судалъя. Нэгэн нэрт судлаачийн өгүүлснээр:

Феноменологичид (феноменологи нь гүн ухааны нэгэн салбар юм) нь гностицизмыг жинхэнэ утгаараа судлагдах боломжийг нээлттэй болгож өгснөөрөө гностицизмын түүхэнд өндрөөр үнэлж болохуйц үүргийг гүйцэтгэсэн юм. Тийм ч учраас 70-аад оноос эхэлж гностицизм дахь шашны түүхийн талаар судлах судлаач шинжээчдийн ихэнх хувьд нь хөгжин дэвжих таатай боломж бүрдсэн бөгөөд түүнчлэн Наг Хаммад, Турфан, Кумран зэрэг гар бичмэлүүдийг нээн илрүүлснээр өдрөөс өдөрт Өрнө дахины уламжлалт сэтгэхүйд өөрчлөлт хувьсгалыг өрнүүлсэн юм.

Гнозисыг эзэмшиж, түүнийг өөрийн амьдрал, сургаал номлолоороо илэрхийлсэн хүмүүс өөр өөр цаг үе, газар оронд төрөн гарсан байдаг. Гэвч энэ нь зарим зохиолчдын итгэл үнэмшлийг хөнддөг хэдий ч бидний хувьд харин ч үнэ цэнэтэй зүйл юм. Учир нь гнозисыг эзэмшиж, түүнийг илэрхийлж байсан хүмүүсээс гнозис нь универсаль болохыг мөн бодит Үнэнийг танин мэдэх боломжтой болохыг харж болно. Бодит үнэнийг танин мэдэх гэсэн энэ ойлголт нь дараах хоёр талтай. Нэг нь дотоод туршлагаараа олж авсан гностик мэдлэг, нөгөө нь уг мэдлэгээ илэрхийлж байгаа байдал юм.

Бид Гностикч гэсэн нэр томъёог гностик мэдлэгийг эзэмшигч хүн хэмээн тодорхойлж болно. Гэхдээ ийм төрлийн мэдлэгийг таван мэдрэхүйд тулгуурлан мэдээллийг хүлээн авагч оюун санаагаар хүртэх боломжгүй. Харин уг мэдлэгийг хүний дотоод оюун санаагаар хүртэх боломжтой.

Самаэль Аун Веорын мэргэн ухаанаас иш татвал:

Эртний гүн ухааны сургуулиудад суралцаж байсан мэргэн гэгээн хүмүүс жинхэнэ сургаалыг өөрчлөлгүй дагаж, Оршихуйтайгаа нэгдсэн учир Гнозисыг эзэмшиж чадсан юм.

Тиймээс дотоодод оршин буй дээд Оршихуйтайгаа ойртож чадсан хүн хэдийд ч жинхэнэ гэрэл гэгээг ойлгон ухамсарлаж чадна. Уг гэрэл нь анхны эх сурвалжаас цацардаг. Үүнийг Германы гүн ухаантан Лейбниц хүний "Тэнгэрлэг Монад" хэмээн тодорхойлсон байдаг.

Гнозисыг өөр өөр газар оронд олон янзаар тодорхойлсон байдаг:

Jnana, Gnana буюу Гнозис гэдэг нь Жанус (өнгөрсөн болоод ирээдүйн талаарх мэргэн ухааны төлөөлөл болсон эртний Ромын бурхан)-ын ухаан, Ухамсраа сэргээхэд хөтлөх зам мөрийн ухаан, Эноикион буюу Зөн билгийн мэлмийтний ухаан юм. Нэрийдэх хувилбар нь олон боловч бүх хэлэнд энэ үг оршдог. Гнозис хэмээх энэ үг нь Жан, Чан, Кан, Дан, Дзан, Джан, Жайн, Жиан, Иоан, Кван, Сван, Танос, Тоан, Чохан гэх мэт хувилбараар байх нь бий. Эдгээр томъёолол нь мөн Ухамсрын дээд төлөвт хүрсэн гэгээрсэн хүнийг илэрхийлдэг. [Самаэль Аун Веор, "Гурван уул", 8-р бүлэг]

Оршихуй хийгээд түүний гэгээрүүлэх мэдлэгээр Ухамсраа сэргээсэн тэднийг Кабирчууд буюу Магус гэж нэрийддэг байжээ. Тухайлбал:

"Магус" хэмээх үг нь Маг буюу Маха гэсэн үгнээс гаралтай бөгөөд "Их" гэсэн утгыг агуулдаг. Энэтхэгт Махатма (агуу их сүнс) нь өөрийн бярмануудтайгаа Ведээс өмнөх үед байсан гэж үздэг. Харин "Магик" [шидтэн] хэмээх үг нь далд буюу эзотерик ухаанд нэвтэрхий хүн гэсэн утга санааг агуулдаг." [Е.П. Блавацкая, "Исисийн гивлүүрийг сөхөхүй", 1-р боть, XXXIV хуудас]

Ромд 4-р зуунд Гностик гүн ухаантан нарын гаргасан зарим үзэл санааны тусламжтайгаар Христосын шашин үүсэн хөгжиж чадсан юм.

Назар хүмүүсийг Баптист, Сабиан нар, Иоханы христийнхэн гэдгээр нь бид сайн мэднэ. Тэд Есүсийг Мессия бус харин Иоханыг залгамжлах энгийн нэгэн зөнч мэргэн байсан гэж итгэдэг байв.

‘Иохан (баптист)-ийг мессия байсан' гэж үздэг зарим хүмүүсийн талаар Оригенд дурдсан байдаг.' (Ориген, 2-р боть, 150-р хуудас)

Есүс нь Мессия мөн бөгөөд түүний дотор Логос оршдог гэсэн Гностикч нарын үзэл санаа нь эхэн үеийн Христийнхнийг Назарчуудаас салж, өөрсдийн сургаал номлолоо дэлгэрүүлэхэд тусалсан юм. Назарчууд нь Иорданы баптизмыг өөрчилж, Иоханы номлолыг гуйвуулсан гэж Есүсийг буруутгадаг. ("Назарчууд" кодекс, 2-р боть, 109-р хуудас) [Е.П. Блавацкая, "Исисийн гивлүүрийг сөхөхүй", 2-р боть, 204-р хуудас]

Гностик антропологийг үндэслэгч Самаэль Аун Веор "Анахуакийн нууц номлол" хэмээх өөрийн бүтээлдээ Гнозисыг түгээмэл шинж чанартай болохыг ийнхүү тайлбарласан байдаг:

Хэдийгээр бид Грекийн болон Перс, Месопотам, Сири, Энэтхэг, Палестин, Египет зэрэг дорно дахины олон соёлоос гностик зарчмуудыг харж чадах боловч Нахуа, Ацтек, Запотек, Маяа, Чибча, Инка, Кечуа гэх мэтчилэн уугуул америкийн соёлд гностик зарчмууд мөн байдгийг хайхралгүй орхиж болохгүй юм.

Гнозис нь мөнхийн универсаль гүн ухаан бөгөөд ухамсрын жам ёсны үйл ажиллагаа юм.

Дээрх бүхнээс уншигч та гнозисыг нэн эртний бөгөөд мөн өөр өөр газар орон, цаг үеийн бүхий л соёлд агуулагдах гэгээрүүлэх мэдлэг болохыг харлаа.

Аливаа нэгэн соёлд Гнозис оршин байгаа эсэхийг дараах зүйлсээр таньж болно.

a) Сэтгэлзүйн муу чанар (Эго)-ыг устгах;
б) Метафизик биеүд. Үүнийг Дорно дахинд Тантрик, Өрнө дахинд Алхимийн ухаанаар тайлбарласан байдаг.
в) Хүн төрөлхтний тусын төлөөх сэтгэл харамгүй үйл.

Хүнийг Тэнгэрлэг монадтай нь нэгтгэх мэдлэг, арга ухааныг бүхий л цаг үед хүн төрөлхтөн эрэлхийлдэг байв. Тийм ч учраас Гнозис нь зөвхөн нэг соёлд зориулагдсан эсвэл ягшмал номлолын хэлбэрээр хэзээ ч байх ёсгүй юм. Гнозис нь универсаль шинж чанартай учраас цаг үе, газар орноосоо хамааран тухайн соёлдоо хэрэгцээ шаардлагынх нь дагуу дасан зохицдог юм.

Гнозисын ачаар шашин нь шинжлэх ухаан болж, шинжлэх ухаан нь тэнгэрлэг чанартай болдог. Иймээс Гнозис нь Оршихуй ба хүн хоёрыг холбогч гүүр юм.

Гностик ухааны эцсийн зорилго нь хүний бүхий л далд авьяас билгийг хөгжүүлэхэд оршдог. Үүнийг гностикийн нэр томъёогоор "Дотоод Оршихуйн төгс чанарт хүрэх" гэнэ.

Гнозисыг гэрэлтүүлэгч галаар бэлгэддэг. Учир нь гнозис хүний унтаж буй Ухамсрыг сэргээж, Ухамсрын сэргэлтэд хөтөлдөг. Ингэж хүнийг Ухамсрын дээд төлөвт хүргэхийн тулд сэтгэлзүйн дасгал, сургуулилтыг ашигладаг юм. [Serge Hutin, "Les Gnostiques", 1958 онд Парист хэвлэгдсэн]

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
hen negen (зочин)

gnozist herhen suraltsah ve yaj neehuu

Зочин

ene chigleleer hicheel zaadag negen tuv baidag yum bilee, durvun zamiin tend
www.ageac.org/mn/ageac_mn/corpus-mo/gnosis-mo‎

MiNato (зочин)

Доорхи хаягаар танилцуулгыг нь хараарай
http://ageaconlinesurgalt.blogspot.com/

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)