ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Ертөнц дахины иргэн Н.К.РЕРИХ

Ертөнц дахины иргэн Н.К.РЕРИХ

Ертөнц дахины иргэн Н.К.РЕРИХ


 Машин тэрэг хөлөглөсөн, олон бараа бологчтой, монголчуудад танил бус ер бусын содон хүнийг хүмүүс сонирхож хаанаас ирсэн юун хүн бэ гэлцэн бие биеэсээ асууцгаан гайхаж байсан гэх. Төв Азийг судлах Америкийн эрдэм шинжилгээний багийг ахалж ирсэн нэрт эрдэмтэн Түвэдийн Лхаса хотод очих зөвшөөрөл хүлээн Улаанбаатарт саатаж өвлийн хүйтэн өдрүүдийг өнгөрөөсөн юм байна. Николай Константинович Түвэдэд хийх аялалынхаа үндсэн бэлтгэлийг базаахын зэрэгцээгээр их ажил амжуулж явжээ. Монголын нийгмийн амьдралаас олж харсан сонин содон зүйлээ гэрэл зургийн хальсанд буулгаж, тэмдэглэл хөтлөж ерөнхий сайд Б.Цэрэндорж, Гэгээрлийн яамны сайд Константин Феодорович Батухан/Эрдэнэбатхаан/, профессор Цэвээний Жамсран тэргүүтэй олон сэхээтэнтэй уулзаж явсан байдаг. Тэр үед татсан гэрэл зургийн ихэнх нь өдгөө Нью-Йорк хотноо түүний музейд хадгалагдаж байдаг юм байна.

Саявтархан /2008 оны 11 сард/ Улаанбаатарт зохион байгуулсан Н.Рерихын, Төв Азийн олон улсын экспедицийн наян жилийн ойд зориулсан олон улсын симпозиумын үеэр Ш.Бира гуай “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа “Н.К.Рерих Улаанбаатарт гэргий Елена Рерих, том хүү Юрий Рерихийн хамт ирээд найман сар хэртэй болсон байдаг. Түвэдэд хийх аялалынхаа үндсэн бэлтгэлээ Монголд хийсэн. Сонин болгож хэлэхэд их хүний хүү, миний багш Юрий Рерих өөрийн эрдэм шинжилгээний ажлынхаа зэрэгцээгээр аавынхаа экспедицийн хамгаалалтын албыг хариуцаж байсан байдаг. Тэр үеийн баримтуудаас харж байхад хамгаалалтын болон аж ахуйн ажилд нь гол төлөв монголчууд ажиллаж байсан юм билээ. Багш маань надад сүүлд энэ тухай олон сонин зүйл дурсдаг байж билээ. Энэ үйл явдалд зориулж манайхан “Аав хүү Рерих нар ба Монгол” гэсэн 40 орчим хэвлэлийн хуудас бүхий ном бэлтгэж олны хүртээл болголоо. Нэлээн сонирхолтой ном боллоо гэж бодож байгаа. Тэр үеийн үйл явдлыг харуулсан Монголын архивын ховор гэрэл зураг, баримт, мэдээллээс оруулахыг нэлээн хичээсэн. Тэр үеийн баримтуудаас үзвэл манай Засгийн газар, Судар бичгийн хүрээлэн Н.Рерихийн аялалын багийн ажиллагааг ихэд дэмжиж хамтарч ажиллаж байсан байдаг. Хориод оны эхэн үеийн манай том сэхээтнүүд их холын бодолтой улс байж. Гэгээрлийн яамны анхны сайд түүнтэй уулзаад одоогоор Германд цөөн хэдэн хүүхэд явуулж байна. Мөнгө, хөрөнгөний боломж байвал монголын залуучуудыг Америкт явуулж сургамаар байна гэж ярьж явсан байхад Цэвээний Жамсран гуай Нью-Йорк дахь Рерихын музейн удирдлагад хандаж Буддын соёлын музейг Улаанбаатарт байгуулах, Монголын угсаатны зүйн талаар өгүүлсэн баримтат кино хамтарч бүтээх санал тавьж ярьж хэлцэж явсан байдаг. Далаад жилийн тэртээх үйл явдал гэж бодохоор сонин байгаа юм.


…Николай Константинович Улаанбаатарт байхдаа зураг урлалаа ч орхисонгүй. Монголын амьдрал ахуйтай холбоотой сэдэв бүхий олон бүтээл туурвиж, “Шамбалын хаан Рэгдэндагва” хэмээх алдарт бүтээлээ ерөнхий сайд Б.Цэрэндоржид хүндэтгэлтэйгээр гардуулж байжээ. Ерөнхий сайд хариу талархаж тусгай ордон сүм бариулж уг зургийг нь байрлуулна гэж хэлж байсан ч тэр цагт боломж нь байсангүй. Харин түүний хүү эрдэмтэн Юрий Рерих 1958 онд Монголд ирээд аавынхаа энэ зураг хаа байгааг асууж сурагласан байдаг. Тухайн үед нь манайхан уг зураг хаа байгааг хэлж мэдэхгүй байсан ч аз болоход үрэгдээгүй хадгалагдаж байсан нь сүүлд мэдэгдсэн юм билээ.

Монголчууд бид гайхалтай их андаа гайхмаар муу мэдэж байна
Д.ХАТАНБААТАР, И.РЭНЧИНХАНД (2008-11-19)

Дэлхий дахины иргэн гэж хэлж болох нэрт судлаач, зураач, аялагч Н. К Рерихийн удирдсан Төв Азийн олон улсын экспедицийн 80 жилийн ойд зориулсан Олон улсын симпозиум маргааш Улаанбаатарт болох гэж байна. Олон улсын монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын Рерих нийгэмлэгийн ерөнхийлөгч, академич Ш.Бира гуайтай уулзаж энэ талаар зарим зүйлийг тодруулав.

-Ш.Бира гуай та ойрдоо тун зав муутай байгаа биз дээ…
-Ажил ихтэй байна. Н.К Рерихийн удирдсан Төв Азийн Олон улсын экспедицийн 80 жилийн ойд зориулсан олон улсын симпозиумыг бид Санкт-Петербург дэх Н.Рерихийн гэр бүлийн улсын музейтэй хамтран зохион байгуулж байгаа юм. Манай олон эрдэмтэн илтгэл бэлтгэсэн. Гадаадаас ч эрдэмтэд ирж илтгэл тавина.

-Та өөрөө ямар илтгэл тавих гэж байна?
-”Н.К. Рерих бол аугаа их монголч эрдэмтэн “ гэсэн илтгэл тавина. Илтгэлээ бичих гээд нэлээд хэдэн өдөр суулаа. Зохион байгуулалтын ажил ч их байна. Энэ үйл явдалд зориулж манайхан “Аав хүү Рерих ба Монгол” гэсэн 40 орчим хэвлэлийн хуудас ном хэвлэлд бэлтгэлээ. Сонирхолтой, уншууштай ном боллоо гэж бодож байгаа. Бага хурлын үеэр олны хүртээл болгоно. Тэр үеийн үйл явдлыг харуулсан Монголын архивын ховор гэрэл зураг, баримт, мэдээллээс оруулахыг хичээсэн.

-Тэдгээрийн заримаас нь цухас ч гэлээ хэлж болох уу?
-Тэр үеийн архивын ховор баримтуудаас үзвэл манай Засгийн газар, Судар бичгийн хүрээлэн Н.Рерихийн экспедицийн үйл ажиллагааг их дэмжиж хамтарч ажиллаж байжээ. Манай эрдэмтэд, судлаачид, төр засгийн зүтгэлтнүүдтэй Рерих олонтаа  уулзаж  хамтарч  ажиллаж  байсныг гэрчлэх зарим  баримт бий. 1920-иод оны эхэн үеийн манай том сэхээтнүүд их алсын хараатай улс байжээ. Би хоёрхон баримт дурдъя. Жамсрангийн Цэвээн гуай гэхэд л тэр цагт Нью-Йорк дахь Рерихийн музейн удирдлагад   хандаж Буддийн соёлын музейг Монголд байгуулах талаар хамтарч ажиллах санал тавьж байсан аж. Бас Монголын угсаатны зүйн талаар өгүүлсэн баримтат киног Америкийн талтай хамтран хийх тухай ярьж байжээ. Одоогоос бараг далаад жилийн тэртээх үйл явдал гэж бодохоор сонин байгаа биз.

-Н.Рерих тэр үед Улаанбаатарт хэр удсан юм бол
-Он дамжаад (1927-1928) найман сар хэртэй болсон. Гэргий Елена Рерих, том хүү Юрий Рерих нартайгаа иржээ. Түвдэд хийх аялалынхаа үндсэн бэлтгэлийг Монголд базаасан. Сонин болгож хэлэхэд энэ их хүний хүү, миний багш Юрий Рерих өөрийн эрдэм шинжилгээний ажлынхаа хажуугаар аавынхаа экспедицийн хамгаалалтын албыг хариуцаж байсан. Тэр үеийн баримтуудааас харж байхад хамгаалалтын болон аж ахуйн албанд нь гол төлөв монголчууд ажиллаж байсан юм билээ.Багш маань надад сүүлд энэ тухай олон сонин зүйл дурсдаг байсан юм.

-Экспедицийн үйл ажиллагаа, судалгааны онцлог гэж байж уу?
-Энэ бол шинжлэх ухааны ердийн нэг экспедиц байгаагүй. Төв Азийн эртний түүх, соёл, иргэншлийн судалгааг эрдэм шинжилгээний, хайгуулын, соёл урлагийн үйл ажиллагаатай гайхалтай хослуулсанд онцлог нь байгаа юм. Энэ тухай дэлгэрүүлж ярих нь тусгай сэдэв. Энэ талаар би илтгэлдээ дурдана.

-Одоогийн симпозиумын ач холбогдлыг та хэрхэн  тодорхойлох вэ?
-Эхлээд Н. Рерихийн тухай хэдэн үг хэлье. Юуны өмнө Н.Рерих бол хүний ертөнцийг урлахуйн ухааны билгийн нүдээр харсан, шинжлэх ухаан, соёл урлагийн онцгой чанарыг өөртөө шингээсэн аугаа их зөнч мэргэн хүн. Судлаач, соён гэгээрүүлэгч, уран зураачийн хувьд шинжлэх ухаанд ч соёл урлагт ч онцгой үзэгдэл байсан. Энэ тухай XX зууны суутнуудын хэлсэн үг бэлээхэн байдаг. Аугаа их физикч Альберт Эйнштейн “Би Таны зураг, урлалын бүтээлийг үнэхээр гайхан биширдэг.

Ялангуяа Таны байгалийн сэдэвт уран тансаг зургууд надад ямар гүнзгий сэтгэгдэл төрүүлдэгийг үгээр илэрхийлэхэд хэцүү байна” гэж бичиж байсан бол их найрагч Рабиндранат Тагор “Таны уран зураг миний сэтгэлийг тун их хөдөлгөсөн билээ. Үнэхээр гайхмаар. Өмнө минь байгаа тэр хосгүй урлалыг би хараад хэн хүнд тов тодорхой юм шиг санагдах ч өөрийнхөө өмнө дахин нээх учиртай, мэдэж байх ёстой өөр сонин, гайхамшигт зүйл бас байдаг болохыг ойлгож авсан шүү. Энэ нь чухамдаа үнэнд хил хязгаар байдаггүйд орших буй заа. Таны урлаг их өвөрмөц шинжтэй. Учир нь аугаа их урлаг мөн юм даа “гэж хэлжээ.

Хэдийгээр энэ их хүн зууны тэртээд ажиллаж, амьдарч, бүтээж байсан ч үзэл санаа, бүтээл туурвилын өв уламжлал нь өнөөдөр дэлхий дахины ач холбогдолтой болж улам бүр түгэн дэлгэрсээр байна. Энэ талаар дорно, өрнийн олон оронд их сонирхож байгаа. Харамсалтай нь манайхан төдий л сайн мэдэхгүй. Уул нь энэ хүнийг монголчууд бид олноос өрсөж онцгойлон дурсах учиртай. Учир нь Н.Рерих Монголыг нэвтэрхий судалсан, Монгол оронд сэтгэл зүрхнээсээ хайртай, бүр 100 жилийн тэртээд Монголын ирээдүйг, хязгааргүй их ололт амжилтын гэрэл гэгээг олж харсан зөнч мэргэн хүн.

Түүнийг амьд сэрүүн ахуйд манайх ямар шүү улс орон байсныг бүгд мэдэх биз. Харин Н. Рерих тэр цагт Монгол бол амьдран оршихуйн аугаа их нөөц боломжтой, ер бусын их бүтээн байгуулалтын эрмэлзэлтэй, ирээдүй нь гэрэлтсэн орон. Өрнөдөд Монголыг умартсан нь тусгай учир шалтгаантай. Энэ нь Монголыг ирээдүйнх нь төлөө нөөцлөн хадгалах явдалтай холбоотой байсан гэж хэлж байсан хүн. Тэр Монголд бүх талаар туслаж хүндэтгэлтэй хандахыг Өрнөдийн орнуудад анх уриалсан юм. Гэхдээ механик иргэншлийн муу тал, сүүдэртэй бүхнийг бас халдаахгүй байхыг анхааруулж байжээ.

Тэрбээр өрнө, дорнын иргэншлийн түүхэн нэгдэл холбооны тухай онолоо боловсруулахдаа Монголын нүүдлийн иргэншил, түүх, соёлын ач холбогдлыг цэгнэсэн судалгааны олон бүтээл туурвисан юм. 27 боть ном, олон мянган уран зураг үлдээсэн хүн. Экспедицийн үеэр гэхэд л 500 орчим уран зураг зурсан байдаг. Монголын тухай 20 орчим гайхамшигт бүтээл нь лав бий. Гэтэл манайхан мэддэггүй. Монгол орон, монголчуудыг гайхалтай сайн мэддэг байсан их анд нөхрөө бид гайхмаар муу мэдэж байгаад би их харамсч явдаг. Монгол орныг оюун санаандаа нандигнан энхрийлсэн тэр их хүний хосгүй бүтээл туурвилын тухай энэ үеийнхэнд эргэн сануулж, үзэл санааг нь Монголд дэлгэрүүлж, одоогийн монголчуудын оюуны хоосролыг арилгах үйлст бага ч атугай хувь нэмэр оруулах нь энэ бага хурлын нэг зорилго.

Өөр нэг зүйлийг онцгойлон тэмдэглэхэд өнгөрсөн зуунд монгол судлалын олон  эрдэмтэн бүтээл туурвилаа хэвлүүлж байсан. Миний бодоход ихэнх том эрдэмтэд Монгол орныг газар зүй, эдийн засаг, геополитикийн талаас нь илүү сонирхож байсан бол Н.Рерих Монголыг огт өөр талаас нь, оюун санаа, соёл иргэншлийн үүднээс нь онцгойлон судлаж, монгол хүний оюун санааны ертөнцөд анх нэвтэрсэн агуу хүн гэж хэлж болно. Би хувьдаа Н.Рерихийг Монголын төрийг үндэслэгч Чингис хааны дотоод ертөнц, төрийн их үзэл бодлын нууцыг анх нээсэн эрдэмтэн гэж боддог.

-Бага хурлын үеэр  өөр ямар үйл явдал болох  вэ?
-Өнгөрсөн зууны түүх, дурсгалтай олон барилга, сүм хийд ор мөргүй болсон байхад Н.К. Рерих Улаанбаатарт аяны бэлтгэлээ базааж байхдаа сууж байсан орос байшин азаар үлджээ. Энд түүний экспедицийн ажлын төв байр байсан. Энэ нь бидний хувьд ёстой аз тохиосон явдал. Одоо Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт, “Отгон тэнгэр” дээд сургуулийн хаяанд байгаа. Манайхан л төдийлөн анхаарахгүй байгаагаас биш үнэн чанартаа түүхийн хосгүй дурсгал юм шүү дээ.  Тэрхүү бяцхан байшинг  олон орны бишрэгчид их анхаарч сонирхож байна. Энэ удаад бид тэр байшинд дурсгалын самбар байрлуулж их хүний дурсгалыг мөнхжүүлнэ.



start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
od (зочин)

good

od (зочин)

regdendagva haanii talaar ilvv ih zvil olj ogooch

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)