ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Шинжлэх ухааныг ирээдүйд хар туяа хөдөлгөнө

Шинжлэх ухааныг ирээдүйд хар туяа хөдөлгөнө

 2009-12-28 02:18:52  Шинжлэх ухааныг ирээдүйд хар туяа хөдөлгөнө -Таныг ирээдүйг зөгнөсөн ном бичиж байгаа гэж сонслоо?

-Хэн нь сэтгүүлчдэд ийм юм дуулгачихдаг байнаа. За за ярих юмаа ил гаргаж, нуух юмаа нуудаг хорвоо болсон хойно доо. Миний бичиж байгаа номын эхлэл “Тэнгэрийн нууц” нэртэйгээр 2003 онд 40-хөн ширхэг хэвлэгдсэн.

-Тийм үү? Сонсоогүй юм байна. Тийм цөөхөн хувь гарсан болохоор тэр бүр олдохгүй л дээ. Таны номонд чухам юуны тухай бичсэн нь их сонин байна? -Номны нэрийг би сая хэлсэн шүү дээ. Тэр тухай л бичсэн гэсэн үг. Анх хэвлэгдсэн номонд дэлгэрэнгүй бичээгүй. Харин одоо бичиж байгаа номноос энэ тухай нэлээд нухацтай зүйлүүдийг олж мэдэх боломжтой.

-Та номондоо тэнгэрийн ямар нууцыг бичсэн юм бэ?

-Сав ертөнц ямар хуулийн дагуу оршин тогтнодог юм бэ гэдгийг бичсэн гэж хэлэхэд болно. Үүнийг оюуны бясалгалын үр дүнд танин мэдэж, танин мэдсэн зүйлээ хүмүүст хүргэхийг зорьсон гэхүү дээ. Одоо шинжлэх ухааны хөгжил 50 хувьтай байна. Хийх юм их байна. Химийн шинжлэх ухааны хувьд л гэхэд хөгжлийн түвшин нь гуравны нэгтэй тэнцэх хэмжээнд л байна. Бодисны хатуу, шингэн, хий гээд гурван төлөв байдаг. Гэтэл бүх сав ертөнцийн тогтолцоог аваад үзвэл бодис нь хий ба тоосонцор, амьд эст организм, туяа гэсэн гурван том хувирлаар ээлжлэн солигдож, сав ертөнц мөнхөд оршдог. Ертөнцийг 108 элемент бүрдүүлдэг нь хий, тоосонцор, амьд организм бүгдээрээ тэрхүү 108 элементээс бүрдэж нэг бүлэг болно гэсэн үг. -Химийн элемент 108-аас хол даваад нээгдсэн байгаа шүү дээ?

-Тийм ээ. Мэдэж байна. 108-аас дээш 33 элемент нээгдэж байж ертөнцийг бид таниж тэнгэрийн оддын нууцыг мэднэ. 33 элементийг сав ертөнц өөрөөр хэлбэл, тэнгэр өөрөө “ашиглаж” 108 элементийг туяаны бүлэгт шилжүүлж байдаг юм шүү дээ. Энэ 33 элемент (бодис) чинь оюуны төв эрхсийн хар цөмтэй холбоотой. -Хар цөм гэж юу вэ? -Би одоо бичиж байгаа номондоо үүний схемийг нь гаргасан. Энэ хар цөмөөс ирэх туяаг хүн төрөлхтөн одоо хэрэглэж байна. Хүний оршихуйн мөн чанар үүнд л байна. 33 элемент хар цөмөөс гардаг юм биш, тэнгэрийн эрхэст байдаг. Хар цөмөөс гардаг нүдэнд үл үзэгдэх хар туяа нь 33 элементтэй нэгдэж 108 элементэд халдаж байдаг гэхүү дээ. Жишээлбэл энэ төмөр гэдэг бодис нь (нэг хадаас үзүүлэв) одоо төмөр байна. Гэтэл үүнийг амьд эсэд хувиргаад ногоо юм уу махны нэг бүрэлдэхүүн болгоно. Судлаад үзвэл төмрийн атом байж л байна. Мөн энэ төмрийг (хадаасаа үзүүлэв) нүдэнд үзэгдэхгүй алга болгочихоод чадалтай өсгөгчөөр дурандвал тэр үл үзэгдэх туяанд энэ хадаасыг бүрдүүлэгч төмрийн нэгдлийн атомууд нь байж байдаг. Бодисыг туяанд шилжүүлэх шинжлэх ухаан хөгжөөгүй байна. Туяаны цэнэгт шилжүүлэх, бүрэн шилжүүлэх хоёр өөр юм шүү гэдгийг би номондоо бичсэн. Энэ бол шинжлэх ухааны зөн билэг гэдгийг мартаж болохгүй. Хортой, хоргүй хоёр төрлийн хар туяа бий. Тэдгээрийн нэг нь оюуны төвийн эрхэсээс харин нөгөө нь гаригийн цөмөөс ирнэ. Энэ туяа ирээдүйд шинжлэх ухааныг хөдөлгөгч хүч болно.

-Өмнө нь энэ тухай хүмүүс мэддэг байсан уу? Хэрвээ тодорхой түвшинд мэдэж байсан бол шинжлэх ухаан үүнийг судалж байсан уу?

-Энэ хар туяаг хүн төрөлхтөн үүссэн цагаасаа эхлээд шууд, шууд бусаар хэрэглэж ирсэн. Энэ нь зөвхөн оюун ухаант тархитай хүнд үйлчилдэг. Хүн түүнийг хэрэглэж ертөнцтэй харьцдаг. Одоо тарнийн ухаанаар ашиглаж байна. Энэ бол шууд бус арга. Тарни гэдэг нь дээрх 33 элемент оюуны төв эрхэс буюу тэнгэрийн хар туяатай нэгдсэн нэгдэл юм. Хүний тархи өөрөө 108 элементийн нэгдсэн урвалын хувилбар юм.

-Та сая хэлэхдээ эдгээрийг оюуны бясалгалын үр дүнд танин мэдсэн гэлээ. Шинжлэх ухааны судлаж амжаагүй, эсвэл боломжгүй зүйлийг бясалгалаар танин мэдэж болох нь ээ?

 -Оюуны бясалгалыг төв ба бодь гэж хоёр хуваадаг. Энэ нь оюун ухааны төвлөрлөөр бие эрхтэнд хийдэг бясалгалаас тэс өөр, шинээр мэдлэг олж авах бясалгал юм. Оюун ухаант хүн төрөлхтөн бүгдэд энэ хувь заяа бий. Тэр болгон ашигладаггүй шүү дээ. Хүн муу үйл хийвэл шар туяа холбогдохоо больдог

-Оюуны төвөөс ирсэн хар туяаг хэрэглэж ертөнцтэй харьцаж буй ямар жишээ байна вэ?

-Жишээлэхэд бөө нар байна. Бас тарнийн ухааныг эзэмшсэн хүмүүс байна. Бөө бол тарнийг тэнгэрийн хар туяанаас “бодон бүрдүүлэх ухаан”-аар боловсруулж хэрэглэдэг. Энэ хар туяаг эзэмшин тарнийг бүтээж, улмаар эцэг тэнгэр, эх газрын өнгөний зохицолдоог хүний дүрс бүхий хөрөг барималд суулгаж, тэр тарнийг шингээж хүлээн авах орчныг бий болгож буй бүтээлийг бурхны бүтээл гэдэг. Хүний оршихуйн мөн чанар сэтгэлд байна. Сэтгэлийн мөн чанар бол энэрэн нигүүлсэнгүйн чанар юм гэсэн гол агуулгыг тарнийн ухаан мөн адил өөртөө агуулж байдаг. Тарнийн ухааныг боловсруулсан тэр олон хувилгаад, мэргэд, гэгээнтнүүд бол оюун ухааныг төгс эзэмшсэн хүмүүс. Энэ хүмүүсийн бий болгосон бүтээлийг хэрэгжүүлж байгааг нь шашны буюу бурхны байгууллага гэдэг шүү дээ. Оюуны төв эрхэсээс ирсэн хар туяаг бүтээлчээр хэрэглэж буйн нэг жишээ болгож Намсрай гэдэг эрдэмтний бүтээлийн тухай ярья. Хүний төрсөн жил, гариг, өдрөөс хамаараад тэнгэр эцэг, газар эхээс идэх хоолны хувь заяасан байдаг байна. Бат сардаа нэг уут амуу будаа, 100 алтан зоос идэх хувьтай төрсөн бөгөөд өөрийн муу үзэл, үйл явдлаасаа болж 100 алтан зоосод алдаад нэг уут будаа идэх хувьтай үлдэж, ядуурч дээшлэхгүй болжээ. Тэнгэр эцэг, газар эх, одон гаригтай холбосон оюуны төв эрхисийн шар туяа Баттай холбогдохгүй болжээ. Тэгэхээр хүний өөрийн үйлдэл, бодол санаа нь ертөнцтэй тийм нарийн холбоотой байдаг байна. Энэ туяаг Баттай холбож өгөх ухааныг Намсрай гэдэг хүн бясалгаж их хөдөлмөрлөж байж хүний дүрст баримал хөргөнд үсэг бүхий зүрхэн тарни бүтээж суулгасан нь оюуны төв эрхэсээс ирэх хар туяа энэ дүрсэд ирээд хүн түүнээс сэтгэлийн итгэл бишрэлээрээ түүнийг шингээж авна гэсэн үг аж. Тэнгэрийн хар туяаг хэрэглэж байгаа аргаа хүн төрөлхтөн шашин гээд нэрлэчихсэн юм шүү дээ. Лам, бөө хоёр нэг л юмыг хоёр өөр аргаар хэрэглэж байгаа юм. Тэнгэрийн сахиустай бөө нь тэнгэрийн хортой, хоргүй хар туяаг шууд тарни болгон хувиргах чадвартай. Сайн бөө өөрөө босдог

-Та бөө гэдгийг тодруулахгүй юу? Хаа сайгүй бөө төрөөд байна. Бөө хүн лам нар шиг сурдаг уу?

-Эрт үед тэнгэрийн хар туяаг эзэгнэсэн хүмүүсийг тэнгэр бөө, одоо бол улаач хүү гэдэг. Тэнгэрийн сахиусны улаач учраас тэгж нэрлэж буй хэрэг. 300 жилээс цааш байсан бөө нар тэнгэрийн сахиустай байсан. 300 жилээс нааш байсан бөө нар удмын шар онгон шүтээнтэй явж ирсэн ба тэнгэртэй харьцахгүй байсан. Харин одоо төрж байгаа бөө нар тэнгэрийн сахиус хүлээн авч байна. Харын зүг, цагааны зүг, хар цагаан хавсарсан гэдэг гурван төрлөөр төрж байна. Сахиусных нь төрлөөр тэгж ангилдаг. Одоо монголд язгуурын хэдэн овог байна. Овог бүхэн удмаа хамгаалсан нэг удган юмуу зайрантай байна. Хязгааргүй олон бөө, удган төрөхгүй. Энэ бол Хөх мөнх тэнгэрээс тогтоосон зарлиг. Овгийн тоогоор нэг улаач хүү байна гэсэн үг. Улаачийн буулгаж буй сахиус нь бариач, номч, хувилгаадын сахиустай бол цагааны, харин зайран, баатар, хаан, ноён тайж, түшмэл зэрэг төрийн сахиустай бол харын, энэ хоёр хавсарсан сахиустай бол хар цагааных гэдэг. Барууны 55 тэнгэр сайн, Зүүний 44 тэнгэр муу гэдэг ойлголт худал. Барууны 55 тэнгэрт зайран, баатар төрийн хүний сүнс алба хашиж байдаг. Энэ нь харын зүгийн улаач хүүд сахиусаар ирдэг. Зүүний 44 тэнгэрт лам хувилгаан хүний сүнс сууж байдаг энэ нь цагааны зүгийн улаач хүүд сахиусаар ирж байдаг юм. Төрийн сахиустай бөө харын зүгт хамаардаг. Төрийн хар хайрцаг гэдэг чинь учиртай гарсан үг. Улаач хүү лам нар шиг суралцахгүй, сахиуснаасаа суралцдаг. Сахиус хүлээн авч босоход тусалсан бөөг багш гэдэг.

-Таны хамаатны нэг хүү тэнгэрийн сахиус авч өөрөө гэртээ ганцаараа боссон гэж сонссон. Босохдоо бусдын дэмжлэг аваагүй гэсэн үг үү? -Тэнгэрт гарсан ээж минь “сайн бөө өөрөө босдог” гэж байсан. Энэ хүү сайн улаач болох болтугай гэж залбирч явна. Энэ хүү ээж, ах, дүү эгч гээд 10 хүрэхгүй хүмүүсийн дэргэд ямар ч бөө багшгүйгээр босож тэнгэрийн сахиус авсан нь үнэн. Ирэх зургадугаар сар хүртэл ах дүүс дотроо үйлчлэх юм. Энэ хүү өөрөө босоход сахиусаар хамгаалуулах хэрэгтэй байсан. Улаанбаатарт миний нэг дүү маань бас жилийн өмнө улаач бөө болсон юм. Тэр дүүтэйгээ утсаар холбогдоод дүү маань өөрийнхөө сахиуснуудаа ирүүлж хамгаалалтад оролцуулснаар эдгээр сахиуснуудын хамгаалалтад босож тэнгэрийн сахиусыг хүлээж авсан юм.

-Хамгаалалт гэж юу вэ? -Энэ хорвоо ертөнцөд хүний биед орох юмсан гэсэн эзэнтэй, эзэнгүй сахиус олон байдаг. Тэднээс биед орохыг хамгаалж байгаа юм. Хамгаалалт муу бол улаачаар босох гэж байгаа хүүгийн биед өөрийн ирэх сахиуснаас өөр сахиус орж түвэг учруулдаг юм.

-Та овог бүхэн уг удмаа хамгаална гэж байна. Бидний ихэнх нь гурваас дээш үеийн удмаа мэддэггүй. Бас хүн болгон шахам Боржигон овогтой гэцгээдэг. Яг жинхэнэ боржигон мөн үү гэдэг их эргэлзээтэй. Монголчуудын дийлэнх нь л боржигон болчих гээд байгаа шүү дээ. Тэгэхээр язгуурын овгоо яаж мэдэх юм бэ?

- Бүх монголчууд угаа барьсаны дараа язгуурын овгоо бүгд мэддэг болно. Уг барина гэдэг нь чи, бид хоёрын дээд удамд 7, 8, 9 үе, түүнээс дээш үед гэгээн, хувилгаан, баатар, төрийн хүмүүс, номч мэргэд байжээ. Эд чинь байгалийн хуулиар одоо чи, бидэнтэй адил хүний биед төрөөд явж байх ёстой. Гэтэл 300 жилээс нааш суут мэргэд, баатар жанжид, номч мэргэдийн сүнс тэнгэрт сахиусаар хашигдчихсан байна. Яагаад гэвэл бид тэднийг хүний цогцсоор хэвлийдээ тээх хэмжээний удмын сангүй (ген) болсон байна. Тиймээс тэнгэрт буй сүнс ба сахиусууд өөрийн цус гүйсэн удмынхаа хүнийг улаач хүү болгоод биед нь орж, ахан дүүстэйгээ учирдаг тэнгэрийн хууль хэрэгжээд эхэлчихсэн байна. Дээрх хүмүүсийн сүнс сахиусаар ирэхдээ унаган ухаан сайтай, таван ухааныг суралцах чадвартай хүнээ сонгож, цаашид боловсрохыг улаач хүүгээсээ шаарддаг юм. Одоо уг барих цаг болсныг ашиглан бөөгийн бизнесийн сүлжээ бий болж, нэг улаач бөөг хувцастай нь 5-6 сая төгрөгөөр босгох хэмжээний болчихсон байна. Оюун ухааны чадамж байгаа бол хэний ч дарамтанд оролгүй өөрөө босох хэрэгтэй. Энд нэг сая төгрөг ч гарахгүй шүү дээ. Үүнээс болоод бэл бэнчин муутай хүмүүс угаа барих заяа төөрөг ирсэн байлаа ч санхүүдээ захирагдан уг удмаа хамгаалах нь оройтож нүгэл болоход хүрч буй явдал ч байна. Бид их хөөрхий болсон ард түмэн

-Уг удмаа хамгаалах гэдгээ тодорхой тайлбарлаж өгөөч ?

-Үүнийг тайлбарлахын тулд түүх ярих хэрэг гарна. Бид их хөөрхий болсон ард түмэн. 1600 оны дунд үеэс Халх монгол Манжид урван орж, харин Хар-Хул хааны хүү Эрдэнэбаатар хунтайжаас эхлээд ойрдын ноёд өвөг дээдэс 1640 онд “Халх-Ойрдын цааз бичиг” гарган Манжийн эсрэг тэмцсээр 1757 онд Амарсанаагийн тэмцэлээр төгсөж бүх монгол манжийн эрхшээлд бүрэн орсон. Манжийн эсрэг тэмцсэн хаад, ноёдын үндэс угсааг устгах бодлого явуулсан. Дөрвөн ойрдыг цус урсган дарж, газар нутаг эзгүйрсэн. Ижил мөрнөөс халимагийн хагас нь нүүж ирсэн. Жалгын хааяа тааралдах айл халимагууд гээд бүгдийг манжийн амбаны мэдлээр хошууд болгосон. 1921 оны хувьсгалаар харийн эрхшээлээс гарах хүртэл Монголыг мөхөөх, тэнгэр заяанаас салгах бүхий л арга хэмжээг авсан. Жишээ нь Хотгойдын Ван Чингүнжавыг гэр бүлтэй нь Бээжинд аваачаад есөн ширхэг зоос улайсгаад маханд нь шигдэхэд нүхээр нь гарч ирсэн махыг огтолж хаясаар байгаад алсан. Чингүнжав хойт төрөлдөө төрнө гэж лүндэн буусан болохоор түүний хойт төрлийг ойрдоос эрж байжээ. Үнэхээр Чингүнжавын удмын нэг айлд дугуй зоос шиг мэнгэтэй цоохор хүүхэд төрснийг хошууны ноён мэдсэнээр аав ээжтэй нь Бээжинд аваачсан гэдэг юм билээ. Түүнээс гадна 1930 оноос олон мянган ухаант хүмүүсээ хэлмэгдүүлж алсан. Бас манж нар шарын шашныг зэвсэг болгон эрэгтэйчүүдийг лам болгож эхнэр авахуулахгүй гэсэн далд бодлого хэрэгжүүлсэн. Тэнгэрийн хар туяаг эзэгнэх чадвартай хүн тарнийн эрдэмд суралцаж чаддаг тул эхнэр авч хүүхэд төрүүлбэл монголчуудын удмын сан сайжирна. Тиймээс үүнийг хориглох хэрэгтэй гэсэн хорт бодлого явуулж байсан гэх мэт. Тэгэхээр биеийн болоод оюуны ген нь доройтож, суут хүмүүс, оюун ухааны оргилд хүрсэн хувилгаад мэргэдээ төрүүлж чадахгүйгээр ген нь доройтсон энэ үе маань, ертөнцийн оюуны туяа геометрийн прогресст шилжих огцом эргэлтэнд тулж ирсэн чухал үетэй давхцаад монгол хүний оюун хоцрох, эцэстээ хэцүү байдалд хүрэх эрсдэлтэй болоод байна. Тиймээс бид язгуурын удмаа мэдэх, удам дотор нүүрлэсэн хар энергийг арилгаж, удамаа сайжруулах арга замд тулж ирсэн ба энэ явдлыг угаа хамгаалах гээд байгаа юм. Өнөөдөр эзэн Чингис хаан энд төрлөө тэнд төрнө гээд шуурдаг. Тэр худлаа, хүний цогцсоор төрөх болоогүй. Уг удмаа мэдвэл, бидний ген XIII-XIV зууны үеийн хэмжээнд хүрсэн үед, өөрөөр хэлбэл тийм цэвэр генийн тохиргоо бүрдсэн үед баатар жанжид хувилгаад мэргэд маань хойт төрлөөр хүний цогцосоор төрнө. Өнөөдрөөс эхлээд тэр үе хүртэл сахиусаар хүлээн авна. Бид нар өөрийн удам судрын генээ сайжруулсаар гурван үе яваад тийм хэмжээнд хүрнэ.

 -Таны яриад байгаа энэ зүйлд уншигчид маань итгэх болов уу?

 -Хэдэн зууны өмнө их зөн билэгч Нострадамус “2000 оны эхээр Чингисийн төмөр цэргүүд тэнгэрээс бууна” гэж хэлээгүй бол үүнийг хэлж суугаа хүний үгийг мэдээж хүлээж авахгүй байсан. Магадгүй тэнэг мунхагийг нь гайхаж, дайрч гомдоох байсан байх. Эрт үед хүчирхэг явсан Монгол хүн өөрөө сэтгэж бүтээхийн оронд хүний бүтээсэн эрдмийг сурахад хүрч, хийсэн зүйлийг нь эдлэж, байгалийн баялаг, түүхий эдээ боловсруулж чаддаггүй түүхий эдийн хавсрага орон гэж нэрлэгдэх хүртлээ хөгжлөөр хоцорч, илүү гарсан нэгнийгээ доош нь дардаг ийм сэтгэлгээтэй болтлоо доройтсон гентэй болсон гэхэд хилсдэхгүй. Оюун ухааны төгс оргилд хүрсэн суут хүмүүс, баатар, жанжид мэргэдийн сүнсийг хүний цогцосоор төрүүлж чадахгүй болчихоод улаач хүүгийн биеэр дамжин буугаад удамтайгаа учрахад ойлгохгүй бол оюуны хоосролд орсон өөртөө гомд гэхээс яахав. Зарим нь одоо ямар олон бөө төрдөг юм гэж эмзэглэх, ундууцах явдал байгаа ч хүссэн хүсээгүй хүлээн зөвшөөрөх болно. Тэнгэрт байгаа ихэс дээдсийнхээ сүнсийг сахиусаар хүлээн авдаг улаач бөөгийн зэрэгцээ, тэнгэртэйгээ харьцдаггүй онгоноо хүлээн авдаг шарласан бөө төрж болно. Түшээгүй, малгайны урд хар цацаггүйгээр ялгардаг юм.

-Түшээ гэж юу вэ?

 -Тэнгэрийн сахиус энгийн хүн хоёрыг холбогч гүүр гэсэн үг. Жишээ нь Бат хувилгаан лам удамтай байжээ. Энэ лам цогцсоо гээсний дараа зөв үйл хийж явсны ачаар тэнгэрт оюун ухааны зэрэг дэвээр суудал эзэлсэн байна. Байгалийн хуулиар үр удамдаа эргээд төрнө биз дээ. Тэгтэл үр удмыг залгаж яваа хүмүүсийн ген доройтчихсон, өөрөөр хэлбэл, дээдсийнхээ сүнсийг биедээ урин ирүүлж, тээж төрүүлэх чадваргүй болчихсон болохоор сахиусны байдлаар удамтайгаа учрахаас аргагүй болдог. Удмаасаа өөрийг нь хүлээн авахад тохирсон хүнээ олоод улаач болгодог юм. Энэ хувилгаан ламын сүнс ирээд улаач хүүгийн сүнсийг гаргаад өөрөө орыг нь эзэгнэдэг. Хувилгаан ламын сүнс улаачийн биед бууж ирсэн үед түүнд үйлчлэн шадарлахаар сонгогдсон түшээ нь харьцдаг. Зайран, номч мэргэн, баатар хэний ч сүнс ирнэ түшээ нь л харьцана. Түшээг сахиус өөрөө сонгодог. Бид бөөгийн удамгүй том ламын удамтай гэдэг нь өрөөсгөл ойлголт юм. Ламын сүнс (сахиус) хүлээн авч байгаа бөө цагааны бөөд ордог. Номын ухаанаар тэнгэрийн хар туяаг эзэмшиж байсан учраас тэр. Одоо үед энэ лам нар тэнгэрийн хар туяаг эзэгнэх хэмжээний төгс суралцаж чадаж байна уу, үгүй юу? гэдэгт хэн ч дүгнэлт өгөөгүй л байгаа шүү дээ. 300 жилээс нааш ийм улаач бөөг үзээгүй хүмүүс анхандаа үлгэр домог мэт ойлгодог юм.

-Та нэг үе харь гариг гээд шуугиулаад авсан гэдэг?

-1921 оныг хүртэл овог, удам түүхээ мартсан монголчуудад 1990 он хүртэл Марксизм-Ленинизмын суртал дэлгэрч бид бүгдээрээ бурхан, буг, сүнс байдаггүй, шашин бол мунхруулагч хар тамхи мөн ертөнц уялдаа холбоогүй тоосонцорын бөөгнөрөл. Хүн өөрийн хүчинд амьдардаг. Лус, уул овооны эзэн байдаггүй хувьсгалаас өмнө бүдүүлэг харанхуй мунхаг өвөг дээдэстэй байсан гэж ойлгодог болсон байлаа. Бас язгуурын овог бүү хэл гурваас таван үеэ мэддэг хүн ховордож, түүхэн бичиг баримт устаж, Хятад, Япон, Солонгос шиг хан овогт, тэр овогт гэдэг ойлголт түүхнээс арчигдаж 100 хувь тархиа угаалгаж, цоо шинэ хүн болов. Эрх биш төрсөн эцэг эхээрээ овоглох болсон. Ойн сармагчин адил дуураймал хүмүүстэй болж, мөхөж байгаа монголын иргэнд өвөг дээдсийн сүнс ирээд учирахад гайхаж харь гаригийн хүн гэж ойлгоноо доо. Гэвч харь гараг гэж бий. Тэднийг мэдэх, тодорхойлох болоогүй. Шинжлэх ухаан хөгжөөгүй байна. Энэ талаар би номондоо бичсэн.

-Та номоо хэзээ гаргах вэ?

-Ирэх жилээс гаргах санаа байна. Харин санхүүгээс болж тоо ширхэгийн хувьд, цөөхөн гаргах байх даа.

-Номондоо шинжлэх ухааны ирээдүйн хөгжлийн талаар бас бичсэн гэсэн. Тэгвэл та дэлхийн дулаарлыг юу гэж үздэг вэ?

-Дэлхий дулаарах нь зөв. Мөсөн цэвдэг болох эхлэл тавигдаад байх үед оюуны төв эрхэсийн хар туяа ертөнцийн хуулиар урвалд орж өөрчилсөн. Гэвч хүний буруу үйл ажиллагаанаас болж агаар цоорч, озоны хий ирж хуурайшилт зэрэгцсэн. Уг ёсондоо чийгшилт зэрэгцэх байсан. Дулааралт эрчтэй явагдаж голдирлоо олоод тогтворжих байсан. Сүүлийн үед үүл буудаж бороо оруулж байна. Энэ нь сайн. Гэвч хуурайшилтыг идэвхжүүлэхэд нөлөөлж байна. Тиймээс нүүрстөрөгчөөр амьсгалж, хүчилтөрөгчийг үйлдвэрлэдэг модыг аль болох их хэмжээгээр тарих хэрэгтэй. Мөн хорт утаа гаргадаг үйлдвэрийн технологи, машин зэргээс татгалзах хэрэгтэй.

-Агаар мандлын цоорхойг үүнээс өөрөөр нөхөх ямар арга байна?

-Мэдээж азот, хүчилтөрөгч хоёрын харьцааг зөв барьж нүүрс хүчлийн хийг багасгах хэрэгтэй болно шүү дээ. Ирээдүйн шинжлэх ухааны хувьд аваад үзвэл оюуны төвийн хар туяагаар “бөмбөгдөх” хэрэгтэй. Үүнийг хар туяаг хувиргаж хэрэглэх арга гэнэ.

-Энэ туяаг техникт яаж оруулах вэ?

-Өнөөдөр энэ туяаг байгалиас шууд авч хэрэглэж байна. Хэрхэн барих тухай номондоо бичсэн. Уучлаарай энэ бол зөгнөл гэдгийг мартаж болохгүй. Оюуны төв эрхэс гаригаас хар, цагаан, шар туяа эх дэлхийд ирдэг. Бидний хэлж сурснаар энерги, эрчим юм даа. Үүнээс хамгийн зөөлөн биет туяа юм. Энерги бол хатуу туяа биет шүү дээ. Эдгээр туяаг барих шинжлэх ухаан хөгжихөөс өмнө “2000 оны эхээр Чингисийн төмөр цэргүүд тэнгэрээс бууна” гэсэн дэлхийн суут зөн билэгчийн хэлсэн үг биелэсний дараа, Монгол Улс өөрөө, мөн дэлхийн улсууд хүлээн зөвшөөрсөний дараа агаар мандалын цоорхойг бөглөж болно.

-Болгарын Ванга эмгэн бас бус дэлхийн зөнч нар 2010-2012 оны хооронд дэлхийн дайн болно гэсэн байдаг энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?

 -Дайн гэдэг чинь зэвсгийн, өвчин тахлын, шашны дайн гээд олон шүү дээ. Эхнийх нь шударга бус, сүүлийн хоёр нь шударга дайн юм. Хэрэв дайн болбол зэвсгийн байх албагүй.

-Төгс Буянтын зурхай, Чингисийн шар зурхай хоёрыг энэ нь зөв, тэр нь буруу гэх мэтээр маргалдсаар хаврын эхэн сарын шинийн нэгнийг хоёр өөрөөр үзэж цагаан сар тэмдэглэж байна. Та ямар ойлголттой байдаг вэ? -Тийм ээ. 1747 онд Дөрвөн Ойрд эцэгтэй Сүмбэ Хамба Ишбалжир төгс буянтын зурхайг зохиосон. Чингисийн үеийн шар зурхайтай бүгд адил. Ганцхан хаврын эхэн сарын шинийн нэгэн од гаригтай тааралдахгүй зөрүү байдаг. Монголын байгаль цаг агаарын байдлыг тааруулж зохиосон зурхай юм. Энэ зурхай зохиогдож байсан цаг үе хэцүү. Манж монголыг бүрэн эзлээд тэнгэр заяаг салгах бүх арга хэмжээг авсан. Амьд явахын тулд манж нарын хий гэснийг хийж байсан үе. Тэр үед тэнгэрийн од, мичидтэй сарыг тохируулж дөрвөн улирал тогтоодог байсныг болиулсан юм билээ. Гэвч хүмүүс сар, мичид хоёроо хараад цагаан сараа тэмдэглэсээр ирж л дээ. Цагаан сарын шинийн нэгнийг шар зурхайтай адил од, мичид, сарны тохиол, байршлаар тохируулаад тогтоочихвол маргаад байх юу байна. Чи боддоо. Дэлхий дээр шашны гурван гол урсгал байдаг. Лалынхан гуравдугаар сарын 22 нд, Христийнхэн нэгдүгээр сарын 1-нд, Буддынхан хаврын эхэн сарын шинийн нэгэнд тус тус баяраа тэмдэглэдэг. Түүнээс нэг ч улс онцгойрдоггүй байх. Гэтэл Монгол ганцаараа зөрж тэмдэглэдэг. Бусдаас онцгой заяатай болоод ингэдэг юм болов уу гэж хэлэх гэхээр хөгжил дорой байж юун онцгой заяатай байх вэ гэсэн хэвшил болсон няцаалт гарч ирнэ шүү дээ. Дэлхийн гурван шашны урсгалд багтдаг улсууд нийтийн баяраа тэмдэглэхдээ нэгэн шашинаараа нэг өдөр нэг одны дор нэгдэн хийдэг чинь учиртай болоод л тэр. Манж нар шашинаараа далимдуулан их бодлого явуулсан. Гандан хийдийн үүдэнд байгаа мөргөлийн тавцан дээр алгаа доош харуулаад сунаж гулссан мөргөл нь миний таван цулын дотоод эрчим газар сарни гээд мөргөх тоолонд хэлээд байх шиг. Энэ тавцан дээр төрийн томчууд хэвтчихсэн сунаад мөргөж байна гэвэл доожоогүй амьтад гэж ойлгогдож байгаа биз. Цайны дээжийг тэнгэр өөд өргүүлэхдээ “сөөг хайрхан, тэнгэр минь” гэж өөрчилсөн, Хөх мөнх тэнгэр, Хан тэнгэр, 99 тэнгэр бүгд миний дор сөгд гэсэн үг. Бид чинь тэмээг хэвтүүлэх гэвэл сөөг сөөг гэдэг биз дээ. Хоёр гараа хавсран мөргөдөг болгосон. Олон зууны өмнө гарын алгаа дээш харуулан залбирдаг байжээ. Бэр хүн, хүүхдийн ээжийг дээш гаргаж болохгүй тэгвэл эр хүний сүлд дордоно гэж сургаж хэрэгжүүлсэн. Гэтэл эмэгтэй хүний нулимсан дор жаргасан эрийн гал голомт залгах нуган үр амьдралдаа авах заяаг дутуу эдэлдэг. Айлын голомт залгах нуган үрийг бэр төрүүлдэг биш билүү гэх мэт олон гүн ухааны үндсийг 180 градус эргүүлээд тавьчихсан байдаг. Лам хүн эхнэр авч болохгүй ариун лагшин бие бузартана гэснийг хэрэгжүүлсэн. Гэтэл энэ лам эхийн умайд бүрдээд эхээс төрсөн. Эхийн алтан хэвлийгээс цэвэр ариун юм бол тэнд л бузартана шүү дээ. Эмэгтэй хүн уул овооны тахилганд очиж болохгүй гэнэ. Гэтэл уул овооны эзэд чинь аав, ээжээс төрсөн хүний сүнс байдаг. Тухайн уул өөрийн гэсэн эрхэс туяатай, үүнийг эзэгнэн сууж байдаг. Манж нарын хий гэснийг хийхгүй юм бол удам үндэсээр нь, гэр бүл төрөл садантай нь устгадаг байсан үе. Бурхан шашин тэр чигээрээ буруу биш ээ. Хожмын өдөр манж биднийг ийм болгосон гээд өширхөөд хэрэггүй. Батмөнх даян хааны дараа үеийн монголчууд эх захаа алдаж хаан, ноёны суудал булаацалдаж тэмцэж байхдаа бие, биенийхээ эсрэг хорт хар туяа цацаж бие, биеэ доройтуулсан.

-Манай энэ дэлхийг хөгширч байгаа гэдэг, та юу гэж үздэг вэ?

-Оюун ухааны түвшин сав ертөнцийн гурвалжины градуст харгалздаг юм билээ. Манай дэлхий өөрөөр хэлбэл, бидний оюун ухаан гурвалжины 90 градуст харгалздаг. 180 градус хүрээд энэ дэлхий шилгээнэ. Одоо оюун ухааны түвшин огцом үсрэлтэд орох цаг болсон юм билээ.

-Дэлхий шилгээх үед бид яах вэ?

-Яах вэ дээ. Э.Циомсовскийн хэлснээр “хүн төрөлхтөн өөрийн өлгий болсон эх дэлхийдээ үүрд амьдрахгүй өөр одон гаригт зорчих болно” гэдгийг хэлэх байна.

-Өөр гаригт дэлхийн бүх хүмүүсийг шилжүүлэх техник ямар байх вэ?

-Тэр үед одоогийн сансрын хөлгийн тухайд санах ч хэрэггүй. Ямар аргаар шилжихийг номонд бичсэн. Өнөөдөр сансрыг судлах шинжлэх ухаан мухардалд орчихсон байгаа.

 -Та монгол орныхоо ирээдүйн эдийн засгийн хөгжлийг тун товчоор тоймлон хэлж болох уу?

-Зүүнээс баруун тийш холбосон хэвтээ тэнхлэг, хойшоо урагш холбосон босоо тэнхлэгт төмөр замууд бий болж, Улаанбаатар хотын төвлөрөл тал тал тийш тарна. Энэ төмөр замыг 20 жилийн урдаас яаж ийгээд шийдээд барих байсан юм. Хэзээ нэгэн цагт ийм төмөр зам бий болно. Автомашины ачаа тээвэр үгүй болно. Нүдэнд үл үзэгдэх техник тээврийн үүрэг гүйцэтгэнэ.

 -Монгол орны нийгмийн амьдрал ямар байх вэ?

-Язгуурын овог, генийн чадвар сэргэж өндөр боловсролтой ухаантнууд төрнө.

-Улс төр ямар байх вэ?

-Нэг толгойтой болно. 76 толгойтой мангасаас сална.

-Ярилцсанд баярлалаа

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
AND (зочин)

энэ ном одоо гарсан болов уу? үнэхээр олж үзмээр байна,админаа туслаач

TSog (зочин)

Сайн байнауу ? энэ нийтлэл их сайхан нийтлэл болж энд өгүүлсэн ном хэвлэгдэж гарсан эсэх зохиогчын талаарх мэдээлэл өгнө үү?
Гялайлаа

zaya (зочин)

ene zohiogchin talaar medeelel ogooch nom ni garsan yum bolov uu

Tsoomoo (зочин)

энэ номыг одоо хэвлэгдсэн боловуу хаанаас яаж олох бол мэдээлэл өгч туслаарай :) Их сонирхолтой байнаа хэхэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)