ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Үндэс язгуураа мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчинтай адил

Үндэс язгуураа мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчинтай адил

-Бид хаанаас, хэнээс эхтэй вэ-

Монголчууд бид цөөхүүлээ хэдий ч газар нутаг жалга довоороо нутгархах дуртай улс. Ястан үндэстнээрээ талцаж, манайхан, танайхан гэж дуудалцах нь хаа сайгүй л сонсогддог. Гэхдээ энэ нь “шуудайд хийсэн үхрийн эвэр шиг” гэсэн үг биш. Олон мянган жилийн тэртээгээс манай газар нутагт бид бүгдээрээ өнөөг хүртэл өөрсдийнхөөрөө амьдарч ирсэн билээ. Өнөөгийн XXI зуунд Монголчууд бид ойролцоогоор 2.6 саяулаа амьдарч байна. Өнгөрсөн түүхийн хугацаанд хэлний хоёр бүлэгт хуваагдах, үндэстан ястан бүрэлдэн тогтжээ. Монгол хэлний бүлэгт багтах халх, баяд, буриад, барга, дарьганга, дархад, дөрвөд, мянгад, захчин, өөлд, торгууд, үзэмчин, хамниган, харчин, хотгойд, цахар эзэлдэг бол хоёрдахь бүлэгт турк хэлтэн, казах, урианхай, хотон орно. Тийм хэдий ч бүгдээрээ л монголчууд. Олон зууны тэртээгээс бид нэг хүн шиг байж хүчирхэг гүрэн хэмээн түүхэнд нэрээ мөнхөлсөн. Монгол хэмээх нэрийн дор ийм олон үндэстэн ястан байгаа нь тэдний гарал үүсэл хаанаас эхтэйг мэдэх гэсэн сонирхлыг хүн бүхэнд төрүүлдэг. Өмнө нь бид “Нийслэлээр аялахуй” сэдвийн дор цувралаар түүх өгүүлсэн бүтээн байгуулалтын талаар өгүүлж байсан. Харин энэ удаа монголчуудын үндэстэн ястан, гарал үүслийн талаар уншигч та бүхнийхээ мэдлэгийн санд нэмэр болох үүднээс сонирхуулж байна.

Халхчуудын нутаг Төв Монгол

Халх ястан манай хүн амын ихэнхийг эзэлдэг. Халхчуудын өвөг дээдэс VIII-XII зууны үед Хэрлэн, Онон, Туул гурван голын саваар төвлөрөн нутаглаж байсан. Учир нь халхчууД XIII зууны эхээр монголын нэгдсэн тулгар төр улс байгуулагдахад гол цөм нь болж тэргүүлэх үүрэг гүйцэтгэж байсан язгуур угсааны монгол аймгуудаар бүрэлдсэн түүхтэй. Тэднийг монголчуудын өмөг түшиг Хайгуул халхав хэмээн нэрлэдэг байсан бөгөөд энэ нь халхавч бамбай гэсэн утгыг агуулдаг байна. Үүнээс үүдэлтэй дээрх үг олон жилийн турш дуудлага нь хумигдсаар Халхчхэмээн нэрийг олсон гэж түүх шастирт тэмдэглэжээ. Харин дараагийн зууны хагасаас Монголын арван түмэн улсын Зүүн зургаан түмний төвийн гол түшиг түмэн нь байж, түүх шастирт Монгол орны төв болсон халх орон гэж тэмдэглэгдэх болсон байна. Аглагийн арван хоёр хүрээ халх, Арван хоёр халх, Арван хоёр отог халх гэж олон янзаар дуудагдах болж Халх үндэстэн монголчуудын цөм болсон түүхтэй. Иймээс Халхын язгуур эх орон нь Монгол улсын төв нутаг юм.

Уугуул монголчууд бол Баядууд

Түрэгийн дотор нэлээд их тохиолдох Баяд ястан халх, өвөрлөгч, буриад, ойрадын аль алинд нь оролцдог ястан юм. Монголын Баядын эртний өвөг дээдэс мөн л XII-XIII зууны үетэй холбоотой. Жида Баягуд, Баягуд Дуклас, Хээрийн Баягуд гэгдэж Баягуд аймгаас сурвалжтайн дээр Сэлэнгэ мөрний зүүнтэй Зэд голоос урагш тал газар сууж байсан эдгээр Баягуд аймгаас Жида Баягуд, Хээрийн Баягуд нь жинхэнэ монгол угсаатан гэж түүхчид үздэг байна. Баягуд аймаг нь Монголын эзэнт гүрний үед түүний бүрэлдэхүүнд байж хожим нэг хэсэг нь Зүүн Монголын халх, Өвөр Монгол болон Ойрад монголын дөрвөд зэрэг ястны бүрэлдэхүүнд оролцох болсон ажээ. Баяд бол Дөрвөд Ойрадын холбоонд оролцон Зүүн гap улс эвлэрэх үес Дөрвөдтэй нэгэн хамт Заг Байдрагт хэсэг байгаад 1754 онд Увс нуурын өмнө дорно, Тэс голын адгаас өмнө Нарийн гол, Тогтохын шил, Хан хөхийн ар өврөөр Хяргас нуур хүртэл нутаглан Дөрвөдийн төгс хөлөг Далай ханы аймагт харъяалагдан 10 баядын хошуу болжээ. Энэ нь одоогийн Увс аймгийн Тэс сум /Жанжин гүн, Дандар гүн, Пандиа бэйлийн хошуу/ , Малчин /Жонон Бэйл, Эрх вангийн хошууд/, Хяргас сум /Дайчин ван.Баатар бэйл/, Саруул жанжин гүний Зүүнговь /Түшээ гүн, Эрдэнэ гүний хошуу/ сумд юм.

Дуу хуураараа алдартай Буриад

Ажилсаг буриадууд манай ард түмний бас нэгэн хэсэг. Тэдний өвөг дээдэс Байгал нуурын ар өврөөр нутаглаж байсан ойн анчин гөрөөчин иргэд юм. XIII зуунаас өмнөх үед Байгалаас хойш Хилого /хялго/, Зүлгэ /Лена/ мөрний сав, Сэлэнгийн адгаар сууж байсан Булгачин Хэрэмчин хийгээд Горлог /Енисей/ мөрний эхэн, Байгал орчимд амьжирчбайсан Хорь-Түмэд, Баргужин төхөмд аж төрөх Баргуд зэрэг монгол угсааны аймгууд байсан ажээ.
Дорнод Монголын буриадууд нь Онон-Улз голын сав дагуу Хэнтий аймгийн Батширээт, Биндэр, Дадал, Норовлин зэрэг сумнаа зонхилох ч Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Дашбалбар сумдуудад Цагаан, Галзууд, Хүлдүүд, Ухуацай, Бодонгууд, Шарайд, Халибин, Харгана зэрэговог ястнаас бүрэлдсэн буриадууд байна. Үүнээс гадна буриадууд бусад ястан үндэстнээсээ өвөрмөц соёлоороо ялгардаг. Тэд байшин сууцанд голлон суух бөгөөд барилга барих хадлан хадах, жимсчлэх, ан агнах, үнээ саах ажилд нэн сурамгай. Сүү машиндаж зөөхий хийх, талх барих, жимсний дармал бэлтгэх талаар нэн чадамгай. Найр наадамд харилцаа дуу дуулалцах, цэц булаалдах, бүжиг бүжих, домог тууль хэлэх, зэргээрээ ихэд нэртэй. Одоо буриад монголчууд эх нутгаасаа гадна БурятАССР, Эрхүү мужийн Усть-Ордын үндэсний тойрог, Чита мужийн Агийн үндэсний тойрог, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн нутагт оршин сууж байна.

Дархадууд хийгэд өнөөгийн хөвсгөлийнхөн

Дархад нь монгол нутгийн хойд хэсгээр байсан ойн иргэд болохыг угсаатан зүйчид шинжлэн гаргажээ. Монгол, Түрэг овог аймгийн нийлбэрээс бүрэлдсэн монгол угсаатан. Тэдний нутагт хүрэл зэвсгийн үеэс эртний овог аймгууд нутагласнаас нааш XVIII зууны үе хүртэл янз бүрийн угсааны овог аймгууд ирж суурьшжээ. Ингээд XVIII зууны дунд үеэс дархадууд янз бүрийн овог аймгуудтай холилдож, XIX зууны сүүлч, XX зууны эхээр дархадууд ястны өвөрмөц шинжщг олсон аж. Дархад ястан нь Монгол овог голлосон Түрэг, нэг угсаатны холимог гаралтай болов. Тус ястнууд овгоороо хар болон ухаа дархад гэсэн хоёр яс болсон байна. Хар дархад нь Богдод анх шавь орж түүнийг даган Хараа, Ерөөд нутаглаж байгаад Шишгидэд эргэн очиж суун Жавзундамба хутагтад үслэг алба залгуулдаг дархлагдсан шавь нар нь болжээ. Ингээд бусад ястан овгийнхон нь түүнийг дагалдан шавийн бүрэлдэхүүнд орж тэднийг нийтэд нь дархад шавь нар гэдэг болж.
Тийнхүү Хөвсгөлийн урианхайн хязгаарт дархад шавь үүссэнээс хойш энэ нутгийн Дүүрэгч вангийн хошууны урианхай отог болон тэдний хооронд газар ус, бэлчээрийн талаар зөрөлдөөнтэй байдаг ч Дархад нь зундаа Шишгидийн сав газар, өвөлд Агар, Ээлтэс, Алтарга, Мөрөн зэрэг газраар нутаглан урагш хойшоо нүүдэллэн аж төрөх болжээ. Иймдээ ч тус нутагт дархадын шавь нар өдийг болтол дархадуудын хүрээг тэлэн амьдарч байгаа болохоор тус нутгийнхныг хэл ам хийхдээ гаргуун шашин бөөгийн гаралтай хүмүүс хэмээн яригддаг нь ийм учиртай байж болох.

Мянгадууд эртний ойн иргэдийн залгамж халаа

Мянгадууд одоогийн Ховд аймгийн Мянгад сумын нутаг Ховд голын адаг, Алтан Хөхий уулын орчмоор олноороо оршин суудаг. Эрдэнэбүрэний Өөлд, Дөргөний Дөрвөдтэй айлсан нутаглана. Мянгадын өвөг дээдэс нь эрт цагт Тагна, Соёны уулын ой тайга Хэм Хэмчиг голын бэлчирт нутаглан цаа буга үржүүлж, ан гөрөөгөөр оролдон амь зууж байсан ойн урианхай буюу ойн иргэдийн тасархай юм. Тэд эртнээс нааш монгол газар төр байгуулалцаж явсан монгол түрэг угсааны олон улс аймгийн харъяалалд багтдаг бөгөөд бүрэлдэхүүнд нь Монгол Түрэг удмын яс овгууд холилдон шингэсэн байна. Мянгад нь дөрвөн ойрадын үед найман мянган хойд, хоёр их мянгадаас бүрэлдсэн нэг түмэн болж байсан. Гэхдээ XVI зууны эцэс, XVII зууны эхээр Ойрадын холбооноос салж Халхчуудын өмнөд хойд талын Увс, Хөвсгөл нуур, Сэлэнгийн эхээр нутаглах болсон Хотгойд хийгээд Ойрадын Зүүнгарын улсад багтаж яваад сарнисан Хойд-мянгад, овогтноос гаралтай. Тэдний дийлэнх нь болох Хойд мянгад нь XVI зууны үед Халхын захиргаанд орж халхажсан хойдын залгамж юм байна. Мянгад ястан нь Мянгад, Басигид, Хиргис гэж гурван ясд хуваагдана.

Захалж явсаар захчид болжээ

Захчин ястан Ойрад Монголд багтана. Гэхдээ Зүүнгарын хаант улсын үед тус улсын хил, зах хязгаарыг сахин хамгаалах цэргийн ард талд байдаг байсан “захчин” хэмээх хүмүүсээс гаралтай бөгөөд энэ нэрээ хадгалан үлджээ. Захчид нь торгууд, дөрвөд, өөлдөөс гаралтай яс овгоос бүрэлдсэн байна. Тэд 1754 онд манжид эзлэгдэж Халхын Засагтхан аймгийн гүн Цэвдэнжавын харьяанд хэсэг захирагдаж байжээ. 1756 онд Зэрэг, Шар хулсан хэмээх газар нутаглаж, нэгэн хошуу дөрвөн сум болон язгуурын зайсан Маамадыг хошуу захирагч болгожээ.
Манжийн ноёрхлын үед захчин хошуу дараах дөрвөн сум болж байв. Энэ нь өнөөгийн Ховд аймгийн Манхан, Балжинням захирагч болон Жанцандоржийн сум /Мөст, Бичгийн мээрэн болон Гүүж зангийн сум/ сумдуудын нутаг. Иймээс захчид Ховд аймгаар тархан суурьшжээ.

Баргуудын тасалж авсан нутаг Авдарбаян сум

Дорнод монголд суудаг нэг ястан нь Барга юм. Барга нарын эртний өвөг дээдэс нь XIII зуунаас өмнө Байгал далай дахь Баргажин төхөм гэдэг газар нутаглаж байсан Баргуд хэмээх хүчирхэг аймаг аж. Баргуд нь XIII зууны үед ойн иргэд, хорь түмэдийн хамт монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд орж урианхайн мянганы нэг болон явж байжээ.
Тэд одоогийн Төв аймгийн Авдарбаян сумын харъяат барга нар. Эд нар Хөлөннуурын баруун орших Хөвөөт хөх, Шулуун шар, Шулуун улаан, Хөвөөт улаан хошуунаас 1910 хэдэн оны үед Базаргарьд цорж лам, Очирваань гүн, Жамбал гун, Тулай гүн нарын удирдлагаар Монголд иржээ. Улмаар Богдын шавь болж Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу нутгаас Авдарбаян Чулуут гэдэг газрыг авч нутаглан, Богдын их шавийн Эрдэнэ хувилгааны барга отог болж суурьшсан нь энэ юм.
ХаринДорнодаймгийн Хөлөнбуйр сумнаа бас сууж байна. Энэ барга нь шинэ баргын Хөвөөт цагаан хошуунаас нүүдэллэн ирж, Хөлөнбуйр сумын үндсэн хүн ам болсон бөгөөд угтаа Хөлөн нуурын зүүнээр Буйр дагуу нутагладаг Хөвөөт цагаан Шулуун цагаан, Хөшөөт шар хошууны хүмүүс юм. Ер нь барга нар нь буриад, халх, өвөрлөгчдийн нэгэн адил хэл аялгуу, зан заншил , соёл нь мөн л холимог шинжтэй. Сүүлд барга ястны хэл аялгуу нь дорнод монголын барга буриадын аман аялгуунд багтах болж өөрчлөгджээ.

Манж дөрвөдүүдэд Увсыг өгчээ

Дөрвөд аймаг XV-XVII зууны үед Дөрвөд Ойрадын холбоонд багтаж Талас, Эрчисээр нутаглаж байгаад нэг хэсэг нь Торгуудын хойноос Ижил мөрөн рүү нүүж, бусад нь Зүүнгарыи улсын бүрэлдэхүүнд үлджээ. Ингээд дотоодын хямрал тэмцэлдээнээс 1750-иад оны эхээр Дөрвөдийн их ноён Дашдаваа амь алдсан учир түүний Зайсан Саарал нь албатуудаа авч Манж чин улсад дагаар орсон байна. 1753 оны үед Дөрвөдийн ноён Цэрэн, Цэрэн уваш, Цэрэнмөнх нар Зүүнгарын хаан Даваачид дургүйцэн албатынхаа хамтаар Манжид дагаж орсон тул нутагзаагдан Түйн гол, Заг, Байдрагт хэсэг зуур байжээ. Ингээд тэд Үенч, Бодончийг дайруулан Увсын газар нутагт суун, тэнд нутаглаж байсан Урианхай нарыг Алтайн уулнаа нүүлгэсэн ажээ. Судалгаанаас үзвэл, Ойрадын дотор багтаж явсан Барга буриадын шарайд, цагаанууд, харнууд, шарнууд, бүрүд, болон Зүүнгарын улсын үеийн хойд, хошууд түрэгугсааныхиргис, шах/ хасгууд/ зэрэг эрт хожуу үүссэн олон ястан овог Дөрвөдөд шингэжээ. Одоо дөрвөдүүд Увс аймгийн Улаангом.Бөхмөрөн, Түргэн, Сагил сумд болон Өмнөговийн Өлгий, Наранбулаг, Давстсум, Баян-Өлгийн Өлгий, Цагааннуур, Ховдын Ховд.Дөргөн сумдад тархан суурьшжээ.

Тэдний тухай домог

Дөрвөдүүдийн тухай олон домог байдаг. Тэднийг эртний монголын дээд өвөг Дува сохорын дөрвөн хүүхдийн удмаас эхтэй гэдэг бөгөөд дөрвөд аймгаас үүсэлтэй. Иймээс Дөрвөд хэмээх нэрийг авсан гэдэг. Өөр нэгэн домог нь дөрвөд хэмээх нэрийг хэрхэн авсан талаар юм. Энэ нь эртний дөрөвлөн жагсдаг цэргийн жагсаалын нэр дөрвөд гэсэн үгнээс гаралтай гэдэг домог байдаг юм билээ.

Г.Уянга

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
Бодонгууд (зочин)

Сармагчин ойд төөрдөгүү ,,,Сармагчны төрсөн газар ой шүүдээ

Зочин

Дөрвөдүүд гэдэг чинь Зуунгар Улсыг бүрдүүлж байсан 4 аймаг шүү дээ... Үнэндээ Зуунгар улс нь Халхуудын дотоодын хагарлыг зохицуулах гэж асар их хүчээ алдсан юм шүү дээ... Бид нарын өмнө нь уншиж байсан түүхийн сурвалж бичгүүд бүгдээрээ юм орчихсон, манжийн үед, оросын үед бараг зохиол шахуу болчихсон юмнууд байдаг юм билээ. Одоо харин бид бүхэн ардчилал, тэнгэрүүдийнхээ буянаар өөрсдийнхөө түүхийг үнэн мөнөөр нь мэдэж авч ойрд төөрсөн сармагчин байдлаасаа салж эхлээд байх шиг байна шүү! Энэ нь үедээ харин жаахан ухаалаг зохион байгуулалтанд орчихвол ч бид их юманд хүрнэ дээ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)