ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Бөө

Бөө

Энэ шашны түүхийг судалсан эрдэмтэд Монголын түүхийн үечлэл, он дарааллын дагуу үечлэн авч үзсээр ирсэн.

1.Эхийн эрхт овгийн байгуулллын үеэс манай эриний VII зуун буюу Бөртэ чонын үе хүртэлх үе “Монголын бөөгийн шашины үүсэл үе”
2.VII зуунаас МУ-ын нэрийг Юань хэмээсэн 1271 он хүртэл Монгол Бөөгийн шашны хөгжил үе
3.1271 оноос Юань улс задарч Монголын улс төрийн төв эх нутагтаа эргэн ирсэн 1368 он хүртэлх үе. Монголын шашны буурал үе
4.1368 оноос шарын шашин Монголд ноёрхох болсон XVI зууны 70-аад он хүртэлх үе. Монголын бөөгийн шашны сэргэлтийн үе
5.XVI зууны 70-аад оноос XX зууны эхэн үе. Монгол бөөгийн шашны устгалын үе
хэмээн тус тус үечилж авч үзжээ.


Энэ шашныг судлаачид олон мянган жилийн тэртээгээс хүй нэгдлийн үеэс үүсэлтэй гэдгийг нэгэн дуугаар нотолсон. Бөөгийн шашинг эхийн эрхт овог төрлийн үед үүссэн гэлцдэг ба энэ нь монголчууд онгон сахиусаа хэрхэн дүрсэлж хувцас хунар, зан үйл зэргээс нь анхны бөө эмэгтэйчүүд байсан бололтой гэсэн дүгнэлтэнд хүрч байна.
Монголын бөөгийн шашны үүслийн тухай асуудал бол хүн байгалийн харьцаа буюу өөрөөр хэлбэл байгалийн амьтан-хүн, эх байгальтайгаа харьцах харьцааны тухай асуудалтай зузаан холбоотой. Орчлон ертөнцөд хүн анх бий болсныхоо дараа дан ганц бие сэтгэлээрээ байгальтай харьцах чадвар нь шинжлэх ухаан хөгжсөн одооныхоос харьцангуй өндөр байжээ. Нийгмийн хөгжлийн хамгийн доод шатны хүмүүс улаан гараараа байгальтай харьцаж байгалийн элдэв саад бэрхшээлийг байгалиас заяасан бие сэтгэлээрээ туулан давж шалгаран үлдэж байлаа. Бие сэтгэлийн энэхүү чадвар нь эртний хүмүүсийн дундаас бие сэтгэлгээний давуу хөгжилтэй зарим хэсгийг онцгой чадвар бүхий увьдастан болгон төлөвшүүлсэн бөгөөд байгалиас энэ их эрдэм чадлыг эзэмшсэн хүмүүс тэнгэр, газар наран, саран, одон мичид, гал зэрэг байгалийн түг түмэн үзэгдлийг бусдад тайлбарлаж байгаль хүн хоёрын хоорондох харьцааг үзэл баримтлалынхаа үүднээс зохицуулан зохион байгуулж байжээ. Хүн сүргийн үед бие бялдрын хөгжил ихээхэн ач холбогдолтой байсан бол овгийн байгууллын үед бие бялдрын зэрэгцээгээр оюун сэтгэлгээний хөжгил илүү ач холбогдолтой болж байгалиас заяасан увьдасын эрдэм чадвартай хүсүүсийг ихээхэн хүндэтгэдэг болсон байна. Эдгээр увьдас сэтгэлгээтэй хүмүүс бөөгийн шашин дөнгөж үүсч байсан эхийн эрхт овгийн байгууллын үед шашныхаа үйл хэргийг эрхлэн явуулж улмаар тэдний дотроос хэн илүү муу нөлөө, хүч чадалтай нь овгоо зонхилон тэргүүлж байжээ. Эхийн эрхт байгууллын үед эмэгтэй хүний нийгмийн байр суурь нь эрэгтэйчүүдээс өндөр байсан тул бөөгийн шашны үйл хэргийг эрхэлж буй бүх эмэгтэйчүүдийг “Идүгэн” гэж нэрлэдэг байв.

Энэ нэрний тайлбар нь:
1.Эдүгэн нэр томъёо нь охин онго бөгөөд эх гарал гэсэн утгатай, монголын нийгэмд байсан эхийн овгийн үлдэцтэй шууд холбоотой “Х.Пэрлээ”
2.Монголын бөөгийн шашны тахин шүтдэг олон тэнгэрийн дотор “Идага тэнгэр” гэж байдаг.

Үүний Идага гэдэг нь хэрэг дээрээ Идүгэн гэсэн үгтэй утга нэг юм. “Х.Буянбат”
Гэтэл эцгийн эрхт овгийн байгууллын үед эрэгтэй бөө нарын “бөө”, эмэгтэйг “идуган” гэжээ. Зарим дархад хуулар зэрэг овгийн бөө нар “бөө” гэсэн нэрийг шашны ерөнхий нэр, эрэгтэй бөөг “заарин”, эмэгтэй бөөг “удган” хэмээн нэрлэсээр одоог хүргэжээ.

[align=justify]Хүн байгалийн харьцааг зохицуулах үйл явцад хамгийн анх удаа өртсөн шүтлгэийн зүйл болох байгалийн элдэв амьтан, ургамал, хад чулуу, үзэгдэл юмсыг шүтэх тотемизм хэмээх харсан тэнгэрийн тухай ойлголт: Дээд зэргээр хөгжсөн овюун санаагаар орон зай цаг хугацааны нууцад нэвтрэх аргууд болох мэргэ төлөг: Танин мэдсэн бүхэнтэйгээ харьцах зан үйлийн анхан шатны хэлбэр болох дом шившлэг. Энэ бүхний үндсэн дээр бөөгийн шашин үүсэн хөгжжээ.

[align=center]Хар зүгийн бөө

Эрт балар цагаас бөө нар л наран, саран, одон мичдийн хөдөлгөөн, өдөр шөнө, жил сарын хугацаа, од мичдийн тохироо, хүн мал, ан амьтны насны хэмжил, жил мэнгэний зохицол зэргийн талаар тухайн үеийн мэдлэгийн түвшнээр мэдэж тайлбарлаж тэр бүхэнд зориулсан зан үйлээ явуулж, хүмүүст ач тусаа хүргэж хүмүүсийг сэнхрүүлэн журам дэгт оруулж, аюул зовлонгоос зайлуулан аварч, өршөөж ирсэнд оршино.
Аливаа муу хорлол муу нөлөө түүнийг даван туулах гэсэн хатуугийн эсрэг хатуу бүхнийг хар өнгөөр бэлэгдэн “хар хэрэг, хар санаа гэх мэтээр” дүрсэлсэн хар дом шившлэгээс үндэслэн дээд тэнгэр, газар усны эздийг “номхон”, “дошгин” гэж хоёр ангилан дошгидыг бүхэлд нь “Хар тэнгэрүүд” хэмээн тахиж шүтэх болсон байна.
Бөөгийн шашны хар тэнгэрүүд нь хүмүүсийг аливаа аюул, заналхийллээс авран хамгаалах, өшөөтнөөс өшөө авах зэргээр муу бүхний эсрэг бие даан тэмцдэгээс гадна цагаан тэнгэрүүдэд хүч нэмэгдүүлэн хэрэглэдэг, нэгэн ёсны бөөгийн шашны зориг баатарлагийн илэрхийлэл юм. Эртний дошгид хар тэнгэрүүдээр хөллөж бөө нарын сүнсийг ч нэгэ адил “хар онгод” хэмээн үздэг. Ийм учраас дан ганц хар тэнгэр, хар онгодоор хөллөсөн бөөг тэр онгодыг байрладаг зүг чигээр нь хар зүгийн бөө хэмээн нэрлэдэг байв.
Хар зүгийн бөө овгийн байгууллын үед хар тэнгэрийг тахиж, цэргийн сүр хүчийг нэмэгдүүлэх, төрт ёс бүрэлдсэнээс хойш төрийн нэгэн чухал тулгуур болох их цэргийн догшин хар сүлдийг тахиж тайх зэрэг хүн ард, төр засгаа хамгаалах эрхэм үүргийг гүйцэтгэдэг байв.

Цагаан зүгийн бөө

Монгол бөөгийн шашны зориг баатарлагийн илэрхийлэл буюу хатуу чанга ёсыг эрхэмлэдэг хар зүгийн бөө нарын нөгөө талд энэ шашны энэрэнгүй ёсын илэрхийлэл болсон цагаан зүгийн бөө нар байдаг. Хүчтэний өөдөөс хүчээр тэмцэх, өшөөтнөөс өшөө авах зэрэг хар хэргийн эсрэг хар хэрэг үйлддэг хар зүгийн бөөгийн зан үйл нь мөн чанартаа мууг зөгнөдөг хар дом шившлэгийн зан үйлийн хөгжсөн хэлбэр мөн болохоор үүний нөгөө талд сайныг зөгнөсөн цагаан дом шившлэгийн зан үйлийн хөгжсөн хэлбэр нь цагаан зүгийн бөөгийн зан үйл мөн юм. Цагаан зүгийн номхон эзэд цагаан тэнгэрүүдтэй харьцдаг, цагаан зүгийн бөө баруун зүгт хандаж залбирал үйлддэг ёс эрт цагт бүрэлджээ. ТЭР ҮЕЭС МОНГОЛ БӨӨ НАРЫГ ЦАГААН Зүгийн бөө, хар зүгийн бөө хэмээн ангилж ирсэн. Судалгаанаас үзэхэд цагаан зүгийн бөө нар нь нийт бөө нарын дунд харьццангуй олон тоотой байсны дээр тэд хүмүүсийн аж амьдраыг ерөнхийд нь чиглүүлж, нийгмийн дотрох хэв хуулийг сахиулах, дээд тэнгэр, газар усны эзэдтэй хэрхэн харьцахыг хүмүүст заах, сургах, харэв тэд тэнгэр, газар усны эзэд, дээдсийн сүнс онгодыг хилэгнүүлсэн бол арга засал хийж тайвшруулах, эмчилгээ хийж өвчин анагаах зэрэг үйл ажиллагаа явуулж зан үйлүүд үйлддэг.

Монгол бөөгийн шашны ертөнцийг үзэх үзэл
Монголын бөөгийн шашин судлалд хамгийн их өртөгдсөн асуудал бол энэ шашны орчлон ертөнцийг үзэх үзлийн гол гурван зүйл болох хатан дэлхий, хан тэнгэр, газар усны эзэд бөгөөд энэ бүрэлдэхүүн хэсгийн нэг болох дэлхийн үүсэл хөгжлийн асуудал болно.
Тэнгэр газар хоёр нэгэн үед нэгдмэл цул эд байгаад газраас тэнгэр салах үед гал үүссэний дээр тэнгэр нь амь оруулж эр үүтгэл, газар нь хэлбэр дүрс өгсөн учир эм үүтгэдл болсоноор монголчууд эцэг тэнгэр, эх дэлхий гэж нэрлэх болжээ. “Дорж Банзаров”

Өөрөөр хэлбэл эрт галавын цагт тэнгэр газар хоёр нэгэн бүхэл улайдмал зүйл байснаа бие биенээсээ тасарч салсан гэж бөө номлодог.

1.Хөрст дэлхий, түүний тивүүд

Монгол бөө нар хөрст дэлхийг анх үүссэнийхээ дараа өчүүхэн жижиг байгаад гадаргуунд нь хумхийн тоос бүрхэж томорсоор өдгөө хүрсэн бөгөөд хөрст дэлхийг томорч байх явц дунд ургамал, амьтан, уул, ус, нэгэн адил томорч хөгжсөн гэж үздэг. Бөөгийн шашны гал тахих ёслолын дуудлаганд
Дээрх мөнх тэнгэрийг
Тэвшийн төдийхөн бүхийгээс
Доорх этүгэн эхийг
Өлмийн чинээхэн бүхийгээс
Өөд заяасан гал, галайхан ээждээ өөхөн тосыг өргөнөм билээ
... гэж тэнгэр эцгийг тэвш тавгийн төдийд, дэлхий ээжийг дөнгөж өлмий төдий, сүмбэр уулыг дов, сүн далайг шалбааг байхаас гал таныгаа тахиж ирсэн хэмээн дурсдаг.

Гурван ертөнцийн үзэл /3 тив/

Бөөгийн мөргөл дэлхий ертөнцийг дээд, дунд, доод гэж 3 давхар болгон үздэг. Дээд ертөнц бол ариун сайхан энэрэнгүй ертөнц бөгөөд дунд ертөнцийг аливаа гамшиг зовлонгоос хамгаалж, доод ертөнцтэй үргэлж дайн дажин хийж байдаг гэж үздэг. Дунд ертөнц дээр хүн амьтан оршин амьдрана. Доод ертөнц дээр үхээрийн шулмасууд хуран сууж аливаа өвчин тахлыг тараагч бүхэн энд хуралдана. Энэ бас тамын орон мөн гэж үзнэ. “Х.Буянбат”

2.Газар усны эзэд

[align=justify]Энэ бол монгол бөөгийн шашны орчлонг үзэх үзлийн гол гурван зүйлийн нэг юм. Монгол бөө нар газар усыг эзэдтэй хэмээн шүтдэгтээ бус харин газар усны эздийг тахин шүтдэг учраас монголчууд газар усыг эрхэмлэн дээдлдэг ёс тогтсон бололтой. Газрын эздийг шороо гэсэн утгаар нь савдаг, ус чийгийн эзнийг ус гэсэн утгаар нь лус хэмээн нэрлэж монгол ярианы хэлэнд лус савдаг хэмээн хэлэгдэж заншсан. Лус савдгийнг үзэгдлүүд хүний үйл ажиллагаанаас нөлөөлж байгаль нийгмийг хамарсан үйл явдалд хүргэдэг. Лус савдгийг хүн өөрөө хөндөнө үү гэхээс бие хүнийг лус савдаг гэмгүй цагт нь огт хөнддөггүй. Харин хүмүүсээс лус савдгийг хөндөсний хариуд лус савдгйин хорлолд өөрснөө өртдөг. Ган зуд, усны үер, их бороо, мөндөр зэрэг нийгмийг хамарсан аюул, хүний үхэл, өвчин тахал гэх мэт байгаль нийгмийн үзэгдлийг лус савдгийн хорлол болов хэмээн тахиж тайх зан үйл үйлддэг.
Лус нь усны эзэн боловч усанд биш, савдаг нь газар шорооны эзэн боловч хөрс шороонд биш аль аль нь тэнгэр газрын заагт гадаргуу дээр оршдог гэж бөө нар үздэг.

3.Хөх тэнгэр

Монгол бөө нар орчлон хорвоог эзэгнэсэн зургаан их хаан байдаг бөгөөд түүний нэг нь тэнгэрт байдаг Хурмастын хаан, бусад тав нь хөрст дэлхийд оршдог хүний хаат төрөөс эхлээд лус, араатан, жигүүртэн, мөлхөгчдийн их хаад хийгээд хурмаст тэнгэрийн хаан нь хурын усаараа хөрст дэлхийд байгаа энэ хаадыг хөвчин их лустай нь хамт бүгдийг нь ундаалж тэжээж амьдруулж байдаг гэж үздэг. Өөрөөр хэлбэл тэнгэрийн хургүй бол хорвоо яваандаа ус чийггүй болж, амьдрал зогсоно гэж бөө нар үздэг байжээ. Ингэснээрээ хурмастын хаан нь хөрст дэлхийтээгээ өдөр тутмын амин холбоотой байж амьдралыг үүсгэгч эр үүтгэл болж бүхнийг захирч байдаг гэнэ.

Харсан тэнгэрийн тухай ойлголт:

Монгол бөө нар эрт балар цагаас нааш овог аймаг, хүмүүсийнхээ гарал үүслийг дээд тэнгэр хийгээд дээд тэнгэрээс заяаж төрсөн чоно, цагаан галуу, нарс мод, бөртэ чоно, гуамарал гэх мэтээр үзэж тэр бүхнийг овог аймаг, өөрсдийнхөө харсан тэнгэр хэмээн тахиж шүтсээр иржээ. Харин Чингис хаан өөрийнхөө харсан тэнгэрийг “Мөнх Тэнгэр” хэмээн нэрлэх болсноор хожуу үеийн монгол бөө нарын харсан тэнгэрийн тухай ойлголт өөрчлөгдсөөр сүүл сүүлдээ онгод нь болжээ. Ийнхүү харсан тэнгэрийн тухай монгол бөө нарын ойлголттой ижил ойлголтыг XIX зууны үеийн бөө судлаачид умард Америкийн Индианчуудын нэг аймгийн “Totem” /төрөл угсаа/ гэсэн үгнээс үндэслэн “тотемизм” хэмээн нэрлэсэн байна.
Хөх тэнгэр нь нэг талаараа дэлхийн агаар мандалд болж байдаг юмс үзэгдэл, газрын үржил шимд өгөөжөө хайрлан нөлөөлж бүх хүн амьтанд харагдаж байдаг бол нөгөө талаараа орчлонт хорвоо хийгээд хүний үйл ажиллагааг зохицуулан чиглүүлж хорвоогийн бүх хүнийг нэг бүрчлэн харж түүнийг сахин манаж байдаг “Хий ухаар юм”-ыг харсан тэнгэр гэж үздэг билээ.
Энэ тухай бөөгийн дуудлагад:
“... үе сольж үндэс болтол
Үргэлжийн цагаан мөрөө хайрла та
Хараатай нартыг тэвчиглүүллээ би
Харсан тэнгэрийг шүтлээ...”
гэж байдаг. Бөө нар хүмүүс өдрийн цагт дагаж харсан, шөнийн цагт манаж харсан тэнгэртээ хаягдчихгүйн тулд дор дурдсан зүйлийг байнга анхаарч явах ёстой гэж үздэг байлаа. Үүнд:

1.Харсан тэнгэртээ үргэлж итгэж, түүнийг туйлын үнэнчээр бишрэн шүтэж байнга хүндэтгэх
2.Харсан тэнгэрээ ариун байлгах
3.Харсан тэнгэрийнхээ хүндэтгэлийн ёс журмыг хатуугаар сахих явдал харсан тэнгэртээ хаягдчихгүй байх
4.Хүмүүс өөртөө нөлөөлж байгаа харсан тэнгэрийнхээ нөлөөллийг зөн билгээрээ хүлээн авах чадвартай байх ёстой

гэсэн гол зүйлүүдийг чандлан явах ёстой юм байна.
[align=justify]Харсан тэнгэр гэх энэ ойлголтоос улбаалан монголчуудын дунд эдийн тэнгэр, эцгийн тэнгэр, эхийн тэнгэр, эрийн тэнгэр, эхнэрийн тэнгэр, малын тэнгэр, нохойн тэнгэр гэх мэт үй олон ойлголт буй болсон. Хэрэв зүй бус үйлдлүүдээр эцэг эхийгээ гомдоовол эцгийн буюу эхийн тэнгэр хаяж эхийн нь нарт хорвоод амьдрах хугацаа богиносно. Заяаны хань эр нөхрөө үл ялих шалтгаанаар гомдоовол эрийн тэнгэр хяаж эмэгтэй бүх насаараа мөчид явна. Үнэнч сайхан сэтгэлтэй хайрт гэргийгээ гомдоовол эхнэрийн тэнгэр хаяж эр хүн бүх насаараа гань явах, эд хогшилдоо зүй бус хандаж сайхан эд хогшлоо муухай эдэлбээс эдийн тэнгэр хаядаг гэх мэт болно. Иймээс хүмүүс юуны тэнгэр хаяж байгаа гэдгийг тодруулж мэдээд түүний буян хишгийг дууддаг байв.
“Мөнх тэнгэр”

Монголын нууц товчоонд тэмдэглэснээс үзэхэд Чингис хааны эсрэг тэмцсэн аливаа дайсан цэрэг, зэвсгийн хүчээр Чингисээс хичнээн давуу байсан ч гэсэн шийдвэрлэх тулалдааны үед дайсны талд сэтгэл санааны дарамт үүсч, хүч нь сарних үзэгдэл байнга гардаг байжээ. Жишээлбэл 1201 онд Жамухын тугийн дор олон монгол аймгийн их цэрэг Чингис, Ван хан хоёрын эсрэг цэрэглэн ирж байлдахад Чингисийн цэргийг байгалийн гамшиг-ус үерээр сүйрүүлэх зорилгоор хийсэн Найманы Буйраг хан, Ойрадын Хутаг Бэхи хоёрын хийсэн задын хур бороо өөрсдийн нь дээр орж сүйрүүлсэн учир тэр “Бидэнд тэнгэрийн хилэн болов” шэж үзээд тулалдааны талбараас зайлж явснаар Жамухын цэргийн хүчийг ихээр сулруулан ялагдал учруулсан , 1203 онд Хэрэйдийн Ван хан сэтгэлийн гүн дарамтанд орж Чингисийн эсрэг тулалдаанд орохын өмнө “Тэнгэр биднийг таалахгүй” гэсэн үгийг олон дахин хэлж ерөнхий командлагчийн тушаалаас зайлсхийхийг оролдох зэргээр зориг нь мохож сүр сүлд нь унаж байсан тул ялагдал хүлээсэн байдаг.
Энэ бүхний бөөгийн шашны үүднээс тайлбарлавал Чингис хааны харсан тэнгэр шийдвэрлэх тулалдааны үед дайсны нь сүр сүлдийг үхүүлчихдэг байсан учир Чингисийн талд ялалт ирдэг байв. Харсан тэнгэр нь Тэмүүжинг эхийн хэвлийд байх үеэс түүнд нөлөөлж баруун гарт нь шагайн чинээ нөж төрүүлсэнээс эхлэн түүнийг 9 настайд нь эрийн цээнд хүргэж эцэг хөвүүндээ охин гуйхаар олхунуд иргэнд одож явтал замд нь Тэмүүжиний хадам эцэг болох Хонгирад аймгийн Дэй сэцэнийг эцэг хүү хоёртой учруулахын тулд урд шөнө түүний гар дээр хиад аймгийн сүлд цагаан шонхор шувуунд нар сар хоёрыг атгуулан Дэй сэцэнд Есүхэй баатартай ураг барилдахын мэдээ дамжуулсан зэрэг нөлөөлж байсан байна.
Мөнх тэнгэр нь оюун санааны зүйл мөн боловч тэнгэрийн нэг даврхаа, сансар биш зөвхөн Чингис хааны харсан тэнгэрийг өргөмжлөн магтсан тодотгол нэр гэж зарим судлаачид үзжээ.

Бөөгийн шашны бас өөр чухал зүйлүүд бол

1.Өмсгөл
2.Хэрэгсэл
3.Онгод
4.Бөөгийн сүнс, онголох ёс зэрэг бол яалт ч байхгүй мөн юм.


Бөөгийн өмсгөлийн талаар товчхон...

[align=justify]Монгол бөөгийн өмсгөл гэсэн ойлголтонд бөө малгай, гутал хамаарагддаг. Судлагдсан байдал болон өмсгөлдөө тайлбарласан бөө нарын тайлбараас үзэхэд монгол бөөгийн өмсгөл нь хүн юм уу бор гөрөөсний сүнс төдийгүй гөрөөс, хүн могой зэрэг амьтдын сүнсний чуулга юм гэсэн ойлголт байдаг аж. Музейн сан хөмрөгт хадгалагдаж байгаа барга хамниган, хотгойд бөөгийн өмсгөл аль нь бүсгүй байгааг долоон зуун жилйин тэртээ Тэмүүжин “Бурхан халдун чамайг өглөө бүр мялааж байя, өдөр бүр тахиж байя. Үрийн үрд үүрд тахиж үе тутам үргэжл шүтэе гэж бүсээ хүзүүндээ эрх мэт өлгөж Бурхан халдунд есөнтөө сөгдөж өчил өчин сацал сацав” гэсэнтэй харьцуулж үзүэхэд монголчууд язгуураасаа дээд тэнгэр, дэргэдэх лус савдагтаа мөргөхдөө бүсгүй мөргөдөг хэв ёстой байсан хийгээд энэ хэв ёс ньв эхийн эрхт овгийн байгуулын үеэс нааш мөрдөж ирсэн бөөгийн шашны хэв ёс байжээ. Өнгө гэдэг ойлголтыг бөөгийн шашин хорвоогийн өнгө, сэтгэл санааны өнгө, яс овгийн өнгө гэсэн гурван зэрэглэлд хуваан үзсэн байдаг.
Бөөгийн өмсгөлийн нэг чухал хэсэг нь бөө малгай юм. Ихэнх нутагт үүнийг Оргой хэмээн нэрлэдэг. Монголын олон яс овгийн бөө нарын малгай ерөнхийдөө битүү оройтой байхад зарим нь оройгүй байдаг. Бөөгийн малгайн оройд шар шувуу, бүргэд, сойр, шар шувууны сөд бүхий арьс хадаастай байдаг. Энэхүү өдний байрлал, тоо нь бөө нарын овгийн ялгаа болон шавийн тоо, удам угсааны тоог илэрхийлдэг байсан байна. Дээд тэнгэр, дэргэдэх лус савдаг, дээдсийн сүнс онгон сахиусууддаа залбирал үйлдэхдээ бөө нар дан ганц толгой бөхийн мөргөж, онгодтойгоо толгойныхоо оройгоор шууд харьцаж бөөлдөг учир бөө малгай оройгүй болсон гэж үздэг. Үүнийг МНТ-нд Тэмүүжин Бурхан халдунд мөргөхдөө малгайгаа гартаа сэгэлдэрч толгой нүцгэнээр мөргөж сөгдөн сацал сацсантай харьцуулж үзэхэд эртний уламжлалыг хадгалсаар ирсэннь харагдаж байна.
Бөөгийн гутал- Дархан бөө нар бөө гутлаа уг бөөд онгод сахиус ирэх үед тэр онгод сахиусны хойд хоёр хөл болдог гэдэг бол цаатан бөөгийн ёсонд бөө гутал нь хэнгэрэг дээр зурсан согооны хөл болдог гэдэг.

Монгол бөө нар өмсгөлийнхөө их биеийг манжиг, хонхинуур, уяа чимэг зүүлтээс нь тусдаа бие даасан амьтан гэж үздэг. Өмсгөлийн их бие нь бөө нарын угсаа гарлыг тодоройлдог.Бөөгийн өмсгөлийн дэвсгэр өнгө нь бөөд ирсэн онгодын зүс царайг илэрхийлдэг.

Бөөгийн хэрэгслийн тухай товчхон...

Бөөгийн хэрэгсэл гэсэн ойлголтонд хэнгэрэг, түүний цохиур, хуур, толь таяг гэх мэт зүйлс хамаарагдана. Бөөгийн хэрэгсэл нь:
1.Бөөгийн юм уу, эсвэл онгодын унаа
2.Бөө нараас дайсныхаа эсрэг холбого гүйлгэдэг сум
3.Онгод тэнгэрүүдийг баясгадаг хөгжим
4.Бөө хийгээд сүсэгтэн олны хүсэлтийг онгод тэнгэрт уламжилж тэднээс хариу авах / мэрэг төлгийн/ хэрэгсэл
5.Бөө онгодын харилцаанд тус болох багаж хэрэгслийн үүргийг тус тус гүйцэтгэдэг.

Аль ч ард түмэн зэрлэг амьтанлаг үеэсээ гарч ирэхдээ нийгмийнхээ ч, гадаад орчныхоо ч шинэ нөхцөл байдлуудыг өөрийнхөөрөө тусган авч бодох сэтгэхүйн шинэ цогцолборуудыг хэрэглэж эхэлдэг билээ. Монголчууд бидний өвөг дээдэс үүнээс ялгаагүй байсан нь лавтай. Дэлхийн бүх зэрлэг буюу анхдагч нийгмүүдийн итгэл бишрэл, сэтгэхүйн анхны хэлбэр нь анимизм байдаг. Хүн өөрийгөө амьтдаас нэг их ялгаатай гэж үздэггүй, амьтдыг янз бүрээр шүтэн бишрэх, ан хийхэд олз омогтой байхыг тэднээс хүсдэг маягийн сэтгэхүй гэсэн үг. Яваандаа энэ нь тотемизм болон хувирч өөрийн гэсэн домог, сүсэг бишрэлүүдийн цуглуулгатай болно. Бидний өвөг дээдэс Монголын тал газар ирэхээсээ өмнө умард зүгийн тундра, тайгад ан аваар амьдарч байх цагтаа мөн ийм байсан. Одоо ч хүртэл тэдний энэ сүсэг бидэн дунд ямар нэгэн байдлаар хадгалагдсаар ирсэн. Бөртэ Чоно, Гоо Маралын тухай, хун шувуу гоо дагина болон хувираад хүний хүүд баригдан гэргий нь болсон тухай, Монгол орноор нэг олддог буган чулуунууд, чоныг хальсан өвгөдтэйгээ адилтган жинхэнэ нэрээр нь дуудахыг цээрлэх ёс зэрэг нь бүгд эрт дээр үед буюу 30 орчим зууны тэртээ хүртэл амьд байсан тотемизмийн цуурай юм.
Монголчуудын өвөг дээдэс яваандаа ой тайганаасаа гарч хээр талд морь малаа туун нүүдэллэн амьдрах болжээ. Ингэснээр хүн амынх нь тоо эрс ихсэж, урдны эхийн эрхт ёс, овгийн байгуулал задрахад хүрч, хажуугаар нь өмнө зүгийн илүү өндөр төвшинд хүртэл боловсронгуй болсон хүмүүстэй нүүр тулан эхэлжээ. Мэдээж энэ үед нийгмийн асар их өөрчлөлт хөдөлгөөн, шинэ ойлголтууд бий болж монголчууд шинээр сэтгэх болсон. Тэр дундаас бий болсон зүйл бол тэнгэрийг шүтдэг бөө мөргөл юм. Тэр үеийн бөө мөргөл нь үндсэндээ тотемизмийн үргэлжлэл байсан ба шинэ нөхцөлд политеист буюу хүн луугаа адил чанаруудыг агуулсан бурхадын нийтлэгийг шүтдэг байв. Мэдээж тэр үеийн бусад ард түмнээсээ нэг их ялгаатай байгаагүй. Хамгийн хүчирхэг дээд бурханаа (тэнгэрээ) тэр үеийн монголчууд “дээр” буюу тэр үеийн дуудлагаар “тэнгэр” гэж нэрлэжээ. Тэр хүчирхэг тэнгэрээ тэд эртний герегүүдийн Ураны нэгэн адил дээрхи тэнгэртэй шууд адилтган үздэг байв. Энэ үзлийн цуурай эртний сумерүүд (тэдний тэнгри нэртэй бурхан), нанхиадуудад (тиан – тэнгэр, тианшихуан – тэнгэрийн хүү) хүртэл ажиглагддаг. Сонирхолтой нь мөн монголчуудын дунд эртний персүүд буюу аричуудын “Ахура Мазда - Хурмаст” хэмээх тэнгэрийн нэрийдэл явж байдаг. Энэ нь тэр үед хол хол орших ард түмэнүүд бие биентэйгээ оюуны эрчимтэй солилцоо хийдэг байсныг гэрчилнэ.
Энэхүү олон тэнгэр, асуудтай бөө мөргөл нь нилээн урт хугацаанд монголчуудын сүсэг бишрэлийн болон сэтгэхүйн хэрэгцээг хангаж чадаж байжээ. . Тэр хооронд харин бусад иргэншлүүд политеизмийг хуучруулан хаяад хорвоо ертөнцийн бүтэц, зохион байгуулалтын талаар илүү боловсронгуй ойлголтуудыг бий болгож байжээ. Энэ нь тэр үедээ хамгийн их хөдөлгөөнтэй, бусдын талаар мэдээлэл сайтай байдаг байсан нүүдэлчин монголчуудын анхаарлаас зугтаагүй нь мэдээж. Түүхчдийн үздэгээр Хүннүгээс Хамаг Монгол хүртэл монголчууд манихеизм, буддизм, күнзийн суртал, несторианизм гээд байсан бүх сүсэг бишрэлүүдээс амсаад авсан бололтой. Гэвч тийм амархан бусдын оюун ухаан, сэтгэлгээнд автдаг байсан бол монголчууд монгол биш байхсан билээ. Тал нутагт тал талаас нь орж ирэх янз бүрийн сурталуудын дунд уугуул тэнгэр шүтдэг бөө мөргөлөө чандлан авч үлдсэнээр барахгүй нэгэн суу билигт монгол хүмүүн чанарын хувьд хавьгүй илүү өндөр төвшинд хүртэл нь дээшлүүлэн боловсруулж, тэр үеийнхээ хамгийн боловсронгуй сэтгэлгээний цогцолборуудтай өрсөлдөх чадвартай болгон шинэчилж чаджээ.
ХII зуун гэхэд Монголын тал нутагт маш замбараагүй байдал ноёлж байлаа. Бараг хоёр зуун жил оршин тогтносон хитанчуудын их гүрэн нурж унаад талын нүүдэлчид яахаа мэдэхгүй сурсанаараа хоорондоо байлдацгааж байв. Мөн гаднаас дундад зууны үеийн олон янзын сүсэг бишрэлүүд орж ирцгээн хуучин олон тэнгэрстэй бөө мөргөлийг шахалтанд оруулж байв. Зарим нүүдэлчид ч шинэ шинэ шашинд орж эхэлцгээж байсан бололтой.
Ямар ч байсан тэр үеэс хадгалагдан ирсэн (энэ нь монголчуудын ч гавъяа биш юм) ганц баттай эх сурвалж болох “Монголын Нууц Товчоо” нь Чингис хаан хэрхэн яаж монголчуудыг мандалт, ялалтанд хүргэж чадсаныг өгүүлдэг. Чингис хаан чухамхүү бөө мөргөлийг шинэчлэн тухайн цаг үетэйгээ нийцэхүйц монотеист буюу гагцхүү нэгэн бурханыг, Мөнх Тэнгэрт/харсан тэнгэртээ/ сүсэглэх шүтлэгийг бий болгож чаджээ. Ингэснээр монголчуудын ертөнцийг үзэх үзэл, оюуны болон сэтгэлгээний арга барилд асар хүчтэй хувьсгал явагдаж үгчлэн хэлвээс монголчууд шинээр төржээ. Маш хүчтэй итгэл үнэмшилд хөтлөгдсөн тэд түүнийхээ дагуу урд үзэгдээгүйг хийн бүтээж хорвоог доргиожээ. Чингис хааны гол ололт нь ертөнцөд хамгаас дээд Мөнх Тэнгэрийн сүр хүчин дор (буюу зөвшөөрөлтэйгөөр) суу заль – арга билгээр (эдгээр нь хамтдаа орших давхар хослолууд юм) дэлхийд нэгэн хааны эрхшээлээр хамаг амьтаныг гарыг нь газар, хөлийг нь хөсөр амар амгалан болгон төвшитгөх үзэл байв. Энэ үзэл нь эхлээд зөвхөн эсгий туургатанд хамаатай байснаа хожим бүх дэлхийд хамаатай болон өргөжиж, үүнийг гүйцэтгэн биелүүлэгч нь дээд Тэнгэрээс заяат Монголын Далай хаан байх ёстой хэмээн тунхаглагдсан бололтой. Энэ үзэл бодлынхоо төлөө, үүнийгээ биелүүлэхийн төлөө морьтон монголчууд нэг далайгаас нөгөөг хүртэл хорвоогийн хязгаарт хүрэн тэмцэхэд бэлэн байв.
Чингис хаан агуу суу билигт хүн байснаараа монголчуудыг шинэ үзэл бодолд нэвтрүүлж чадсан боловч, түүний үр сад нь мөн адил дундад зууныхаа хувьд туйлын боловсронгуй сэтгэлгээний төвшинд хүрсэн байсан лалынхан, күнз, буддын сурталтангуудтай нүүр тулах үед замбараагүйтэж эхэлжээ. Монголчууд тэр үеийг хүртэл хүчтэй бичгийн соёл боловсруулаагүй байсан нь үүнд нөлөөлсөн байж болох. Ямар ч байсан Чингисийн ачуудаас авахуулаад түүний сургаалыг мартагнаж эхэлсэн нь анзаарагдана. Үүнээс болж монголчуудын оюуны болон сэтгэлийн нэгдэл хэмхрэн унаж сүр хүч нь доройтжээ. Бүр Монголдоо хүртэл олон тэнгэртэй бөө мөргөл уруугаа эргээд орчихсон бололтой. Учир нь монголчууд цэргийн хувьд маш хүчирхэг хэвээр байсан бөгөөд гадныхан айсандаа урдных шиг цувахаа больж, нанхиадууд торгон замаар худалдаа хийхээ болиод тэдэнтэй хамт монголчууд ертөнцөөс таслагдсан байдалд баяртайгаар хоорондоо байлдан, бие биенээсээ илүү баатарлаг болохыг оролдоцгоож байв. Ийм хүмүүст боловсронгуй кодексчлогдсон сүсэг бишрэл байтугай хууль цааз ч хэрэггүй байв. Тиймээс эдгээрийн аль аль нь байсан ч үгүй. Чингисийн Мөнх Тэнгэрийн шүтлэгээс өдгөө бидэнд “Монголын Нууц Товчоо”-ноос гадна аман яриа, үлгэр домогт бага сага үлджээ. Жишээ болгон “Тэнгэр минь! (аль нэгэн тусгай тэнгэр биш, тэнгэрүүд ч биш яг харин Тэнгэр минь)” хэмээн уулга алддаг, хонгоны хөх толбоо дээд Тэнгэрээс заяатайн шинж гэж тайлбарладаг зэргийг дурдаж болох юм. Мөн өөрсдийгөө их онцгой, маш чадалтай хүмүүс гэж тооцдог бахдал нь үүнээс үүсэлтэй мэт.

Нэг л мэдэхэд манжууд болон оросууд монголчуудыг эзлэн авав. Эзлүүлсэн гэхээс илүү өөрсдөө дуртайяа эзлэгдсэн гэвэл зохино. Олон зуун жил ямар ч утга учиргүй хоорондоо дайтсаны улмаас хүмүүс сүсэг бишрэл, итгэл үнэмшлийн асар их гачигдалд орчихсон байв. Чингисийн суут сургаалыг дахин гаргаж ирэн шинэчилж чадах хүн ч байсангүй. Байсан бол хэнд ч танигдалгүй өнгөрчээ. Ингээд тэр үед хамаагүй илүү дэвшилтэд хүрээд байсан барууны соёл иргэншлээс хоцрогдсон байсан тухайн нөхцөлдөө тааруулан манжууд, төвдүүдийн янз бүрийн арга чарга, шахалтаас болоод бүх нийтээрээ шарын шашинд орцгоожээ.

"Мөнх тэнгэрийн төгс гэгээрлийн шид бөө онгон шүтээн төв"-ийн тэргүүн Б.Зоригтбаатар ингэж өгүүлэв. "Бөөг зарим хүмүүс бүжиг төдий л ойлгодог шиг байгаа юм тэгвэл бөөгийн гол ид шид нь анагаах чадалдаа байдаг. Хүмүүсийг өвчин зовлон саад тотгороос нь ангижруулахын тулд эхлээд оюун санааны өвчиныг нь анагаах хэрэгтэй. Ингэснээр бие мах бод өвчин үүсгэгч вирус үүсэх нөхцөлгүй болж болно. Хүмүүс дээрх тайлаг тахилгад улаан, цагаан гэх мэт аль болох гэгээлэг өнгийн хувцас өмсөж ирвэл миний хүч илүү хүрэх болно. Хар өнгийн хувцастай хүнд миний хүч хүрэхгүй буцаж ойдог" гэж тэрбээр ярьж байсан юм.
Бөө нарын бөөлөх зэрэг зан үйлээ үйлдэж байгаа үед бөөтэй харьцаж байдаг нэг гол зүйл бол онгод юм. Бөөгийн шашны нэгэн танигдаагүй нууц нь бөө онгодын харьцаа, онгодын тухай асуудалд л байдаг бололтой. Бөөгийн шашны энэ нууцтай эрдэмтэд олон жилийн өмнөөс тулгарчээ.

1960 онд Унгар улсын эрдэмтэн Вильмош Диосеги монгол бөөгийн шашин судлалын ажлаар Монгол Улсын Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд явж байхдаа тус сумын 3-р багийн харьяат цагаан хуулар ясны долоо дахь үеийн бөө Жүгдэрийн Чагдар /1901-1975/ зааринтай уулзаад судалгаа хийж байтал заарингийн онгод орохоор болжээ. Тэгэхэд тэрээр биеэ барьж сэтгэлээ жолоодон чадсанаар заарин онгодоо оруулалгүй зайлж улмаар нууцаа задлахгүйн тулд зугтааж чадсан байдаг. Гэтэл мөн сумын харьяат хар дархад ясны Дугарын Барий /1898-1970/ удган биеэн барьж сэтгэлээ жолоодож чадалгүй онгод нь орж ухаан алдаж унахад В.Диосеги арцны утаа үнэртүүлж удганыг сэргээж бөөлүүлсэн билээ. Мөн 1960-аад оны дунд үед академич Б.Ренчиныий толгойлсон шинжилгээний анги Хөвсгөл аймагт бөөгийн шашны аман зохиолын цуглуулга хйиж явахдаа Жүгдэрийн Чагдар гуайтай уулзаж түүнээс бөөгийн дуудлагын бичлэг хийж байтал Чагдар гуай ухаан алдан унаж эмнэлгийн тусламж авч сэргэсэн гэдэг. Энэ тухай материал монголын ШУА-ийн хэл зохиолын хүрээлэнгийн цуглуулгын санд хадгалагдаж буй. Чагдар заарингийн ийнхүү унасан явдлыг “Бид Чагдар заарингийн жинхэнэ нууцыг задлахад тун дөхлөө. Энэ бол монгол бөөгийн шашны зайлшгүй судалбал зохих зүйл мөн” гэж академич Ринчен шавь нартаа сургамжлан захиж байсныг тухайн шинжилгээний ангид ажиллаж явсан доктор Б.Сумъяабаатар дурсан ярьсан байдаг. Үүнээс үзвэл бөөгийн шашны дотоод мөн чанарын илэрхийлэл нь бөө нартай харьцаад байдаг “онгод” –ын тухай асуудал мөн. Тэгэхээр онгод гэгч юу хэлдэг болохыг бөө нар өөрсдөө юу гэж ярьдгийг сүүлийн үеийн бас өөрийн сайн мэдэх баримт, болсон явдлуудад тулгуурлан авч үзье.
~Олон жилийн турш сэтгэл мэдрэлийн өвчтэй байсан шарнууд ясны Сампил гэгч эмэгтэй ясны хүнд өвчний учир тахир дутуу болсон эцэгтэйгээ хоёул аж төрдөг байжээ. 1958 оны зун эцэг Тажив нь санаачлан 32 настай охиноо үзүүлж арга засал хийлгэхээр цагаан хуулар ясны Зэгвийн Цэвээн удганд бараалхжээ. Энэ удган явганаар бөөлж арга засал хйиж өгөхөөр хусан өргөл чимэглээд хуурдаж эхэлтэл удганы голомтын орчимд газар хатгасан өргөл нь дундуураа их чимээ гарган гарган ил харагдахуйц гадны хүчний нөлөөгүйгээр хугарч үзүүр нь газар хатган унав. Тэгмэгц Цэвээн удган “Тажив өвгөн, Сампил охин нарын сахиус онгод үнэхээр их уурлаж догширчээ” гэж үзээд Өө энэ чинь бүр иймдээ хүрээ юү? За тэгвэл хуяглаад үзнээ гэж хэлээд тэр шөнөдөө хуяглаж бөөлөөд “За энэ охины өвчнийг би анагааж чадахгүй нь ээ. Тун хүнд байна. Энэ нутагт байгаа цагт үхэх л юм байна. Тийм учраас та охиноо долоо хоногийн дотор энэ нутгаас холдуул. Хааш нь ч хамаагүй тэнүүл” гэхэд эцэг охин хоёр хоёулаа татгалзаж танихгүй мэдэхгүй нутаг руу, төрсөн нутаг усаа, хайрт эцэг ах дүү нараа хаяад явахгүй гэсэн хатуу бодолтой охин ухаан алдан унажээ. Энэ үед эцэгт нь Цэвээн удган “Охин чинь нутгаасаа хол явбал амьд явахаар үл барам урт наслах ч юм байна. Хэрэв нутагтаа байсаар байя гэж бодож байгаа бол долоо хоног өнгөрүүлээд нулимс асгаруулах нь ээ” хэмээн ятгаснаар эцэг нь охиноо явуулахаар шийдэв.
Гэтэл хэдэн хормын дараа Сампил охин сэргэхдээ явахгүй хэмээн хүчлэн тэмцэж байсан нь үгүй болж харин ч болохнээ түргэн явъя гэсэн эрс бодолтой болсон байлаа. Учир нь түүний дотуур хувцасны зүүн суганы дотор талд оёж шидсэн жижигхэн ууттай юманд байжээ. Цэвээн удган Сампилийг ухаангүй хэвтэж байхад “Мэргэн Дэрсэгийн юм” гэдэг бүсгүй онгод шившиж амилаад эмэгтэй хүн учир Сампилийн зүүн суганы дотор талд бэхлэхдээ ховсын үг хэлсэн нь түүний сэтгэлийг бүрэн өөрчилжээ. Тийм ч учраас тэрээр 1962 онд эцгээ өөд болсноос хойш төрсөн нутагтаа очоогүйгээр үл барам очих дур ч үгүй болсон гэнэ. Цэвээн удган Сампилд “Энэхүү оёж шидсэн юмыг чи хаанаа л хүрнэ тэр нутагтаа очоод задлаарай, түүнээс нааш задалж болохгүй шүү” хэмээн захижээ. Энэ ёсоор тэр Улаанбаатарт ирснийхээ дараа задалж үзэхэд улаан, хөх, ногоон, цагаан, хар таван өнгийн даавууны өөдсийг уутанд хийн бэхлэн оёсон байв. Сампил ийнхүү төрж өссөн Хөвсгөл нутгаасаа гараад 1962 онд эцэг Таживыгаа дэргэдээ авч асрахаар төрсөн нутагтаа очсон боловч таван хоногийн дараачаас хууч өвчин нь хөдөлжбуцаж яюахыг шаарджээ. Тэгээд аавыгаа аваад Төв аймгийн Батсүмбэр нутагт ирснээс хойш сэтгэцийн ужиг өвчин нь өөр ямар ч эмчилгээгүйгээр эдгэж энх тунх аж төрсөн байна.
~Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харьяат хар дархад ясны Цэвээний Аюур /1898-1948/ заарин тун сүрхий ид шидтэй бөө байжээ. Тэрээр 1944оны намар Балбирагт нутаглаж байхдаа хуш ба хусан хоёр өргөл чимэглэж бөөлөхдөө гэрийнхээ зүүн хоймор /барс зүгт/ завилан суугаад толиндоо нэг юм хэлж шивштэл тооноор нь зулзган хуш хус үндэстэй шороотойгоор орж ирэхээр нь үндсийг нь тайрч хоёр өргөл болгон бөөлөөд тооноороо гарган төвьчихсан нь тэр шөнөдөө өргөлүүдийг нь ямар нэг далдын юм аваад явчихсан байжээ. Бас тэр намар Балбирагт суудаг Гунагарын Жамбал гэгч айлд бөөлөх гэж байхад нь Дотоод явдлын яамны хэсгийн төлөөлөгч Лувсан гэгч Сандаг Балдан нарын хамт ирч Аюураас бид таныг яах ч үгүй. Хатгалын дунд сургуулиас манайхны гурван хүүхэд оргоод олдохгүй болчихлоо. Цасан шууганд төөрчих шиг боллоо. Үзэж өг гэхэд заарин үзээд “Ууржуулын даваа шиг байна. Нэгэн их цастай давааны өвөрт гурвуулаа өөд болчихсон байна. Сандаг та түрүүлж тэднийг үзэх юм байна. Айж цочиж уйлж унжиж болохгүй. Тэгвэл өөрт чинь муу юм болох нь ээ” гэтэл Сандаг өөрийн нь хүүхдийн цогцос эхлээд таарахад ихэд цочиж уйлж сүйд болжээ. Түүнээс хйош удалгүй Сандаг нь сэтгэцийн өвчтэй бас хэлгүй болж яваад өнгөрсөн гэдэг.

Гадаад их далайгаас алс хол Онон, Хэрлэн, Сэлэнгэ, Енисей, Хар эрчис зэрэг их голуудын эхэнд тэгэхдээ дэлхийн дээвэрт биш дунд хаьд буюу өөрөөр хэлбэл эрс тэс газрын уур амьсгал бүхий Төв Азийн өндөрлөгт үүсч бүрэлдсэн нүүдлийн соёл иргэншлийн бүрэлдэхүүн хэсэг үзэл санаа нь одоогоос 5000-7000 жилийн тэртээ үүссэн монгол бөөгийн шашин байв.энэ шашин МЭӨ III зууны үед хөгжлийнхөө дээд шатанд хүрч “тэнгэрийн хүү”-г орой дээрээ тахисан нүүдэлчдийн анхны төрийг бүрэлдүүлэхэд түүний үзэл санаа, зохион байгуулалтын үндэс нь болжээ. Монголын нэгдсэн тулгар төрийн анхны дөрвөн их хаад /Чингис, Өгөдэй, Гюүг, Мөнх нар/ аливаа шашныг огт ялгаварлалгүйгээр тэгшээр хүндэтгэн үзэж байсан ч тэр үед Монголд байсан бөөгөөс бусад шашныг огт ялгаварлахгүйгээр тэгшээр хүндэтгэн үзэж байсан ч тэр үед Монголд байсан бөөгөөс бусад шашны тэргүүнийг нэрлээгүй зэргээс үзэхэд Монгол төрийн зохион байгуулалт үзэл санааны үндэс болсон жинхэнэ гол шашин нь бөөгийн шашин хэвээр байсан ба Чингис хаан хар зүгийн бөө “Тив тэнгэр” хэмээх Хөхөчү зааринг УЛСЫН ИХ БӨӨ болгож цагаан зүгийн бөө Үсүн өвгөнийг УЛСЫН ИХ ЗУРХАЙЧ бэхид өргөмжлөх зарлиг буулгаж байжээ. Ийнхүү бөөгийн шашин төрийн гол шашин байсан тул “Монголын нууц Товчоо”-г бөөгийн шашны ертөнцийг үзэх үзлийн үүднээс түүний онол сургаалийн үндсэнд тулгуурлан бичсэн.
Харин Хубилай хаан өөрөө бурхны шашны ламтай болж энэ шашныг тэтгэн дэмжсэнээр эх монголчуудын язгуур шашин нь тэргүүлэх эзэнгүй болж бутран сарнихын эх тавигдсан. Ингэж бөөгийн шишин төрийн төв байгууллагад нөлөөлөх ач холбогдлоо алдсан явдал нь монгол хаад ноёдын санааг хоёрдуулж шарын шашин нөлөөг ихэсгэж Монголд шарын шашин дэлгэрэх таатай нөхцлийг бүрдүүлжээ. Одоогоос 2000 жилийн тэртээгээс Монголд нөлөөгөө тусгасаар ирсэн шарын шашин өөрийн үзлээ өвөг дээдст өвлүүлэн үлдээж монгол бөөгийн шашны үзэл санааг өөртөө шингээн авч хүчийг олсон юм. Энэ үеэс Монгол бөөгийн шашин хувиран өөрчлөгдөж нэг хэсэг нь бурхны ёсыг бүрэн дагасан шашны бөө, нөгөө хэсэг нь бурхны шашны бурхдын өмнөөс онгод тэнгэрээ дууддаг шарын бөө, үлдсэн нь монгол бөөгийн шашныхаа язгуур эрх ашгийг туйлаар илэрхийлсэн харын бөө болон задарсан.
Эхний хэсэг нь бурхны шашинд уусан нэгдэж онгод тэнгэрээ бурхдаар илэрхийлэн шарын шашны зохион байгуулалтанлд орсон ч гаднах хэлбэр зан үйлээрээ бөө хэвээр үлдсэн. Сүүлийн хэсэг нь бөөгийн шашны язгуур үзэл санаа, эрт дундад үеийн хэлбэр, агуулгаа хэвээр нь хадгалж харын бөө хэмээгдэн багахан нутаг дэвсгэрт оршсоор байна.
Бөөгийн шашин нь хүн амьтад нэгэн насаараа нарт хорвоод амьдраад өөд болмогц амин сүнс нь харанхуйн оронд туяа цацруулан дэгдэж тодорхой хугацааны дараа мөн тийм туягаар хүний хувьд хүнд, бөөгийн хувьд онгод болж нарт хорвоогийн хүн, түүний амьдралыг бүх талаас нь харж хамгаалдаг гэж үздэгээрээ Бурхны шашны “хойд нас” –ны сургаалийг үгүйсгэдэг.
Монголчууд ямар ч тохиолдолд бурхны шашинд илүүтэй итгэдэг учраас хүн амын дийлэнх нь христ болон бусад шашныг хүлээж авах нь цөөн байдаг. Бөөгийн хувьд бол орчин үед шарын бөө хэвээр байсаар байгаа учираас хүмүүс шарын шашин гэдэг ойлголтоор нь хүлээн авахаас бус бөө гэж ялгаж салгаж ойлгохгүй байгаа учраас бөө мөргөлийг бараг байхгүй устсан гэж үздэг.
Бөө гэдэг нь энгийн нүдэнд үл үзэгдэх их эрчим хүч БИОТОК бөгөөд бөөгийн үйл ажиллагаа өргөсөх тусам онгодын орон буюу БИОПОЛЕ улам нягтран биоток идэвхждэг байна. Өөрөөр хэлбэл бөө хүн онгодтойгоо улам зузаарч харилцдаг гэсэн үг юм.
Бусад шашинг бодвол бөө мөргөл нь энгийн хүн болоод амьдралд ойрхон цаг уур байгаль юмсын үзэгдлээр учир зүйг тайлбарлан хэлдэг нь дээр дурдсан бүх зүйл /жишээ, монголын нууц товчоонд дурдагдсан зүйлс, түүх/ зэргээс тодорхой бизээ.
Бурхны шашны нөлөөнд орсоноос хойш монголчуудын хувьд бурханд итгэх үзэл нь хүчийг олж шарын бөөг шарын шашин хэмээн эндүүрэх болсноор бөө мөргөл устсан гэсэн ойлголтыг бий болгожээ.
Миний бие ч гэсэн уг шашны түүх гарлыг судалж уншиж эхлээгүй байхдаа мөн адил тэгж боддог байсан бөгөөд одоо ялгаатайг нь мэдсэн хэрэг. Үүгээрээ уг тэмцээнд орсны ач холбогдол гарч ирлээ гэж бодож байна.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)