ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : Буддизм

Буддизм

Өмнөх үг

Буддизм гэсэн үг бидний чихэнд ээж аавын минь нэрнээс өөрцгүй ойрхон сонсогддог ч буддизмийн мөн чанарын талаар яг таг мэддэг маань цөөхөн билээ. Дэлхий дээр хамгийн өргөн дэлгэрсэн шашиний нэгийг шүтдэг ч бид бүхний шүтлэг ердөө гуулин бурханы өмнө залбирч маань мэгзэм уншихаас цааш хэтрэхгүй байгаа нь даан ч харамсалтай хэрэг билээ. Манай багийнхан өөрсдийн нимгэн мэдлэг дээрээ тулгуурлан энэ аугаа шашиний тухай чадан ядан бичиглэхээр шийдсэн маань өөрсдийнхөө шүтэж биширдэг шашиний талаархи өөрсдийн ойлголтоо бага зэрэг ч гэсэн дээшлүүлж бусдад ч бага ч болов гэгээ өгөхийг зорьсонтой холбоотой юм.

Буддизмын үүсэл ба Будда(Гаутама Сиддхарта)

Буддын шашин нь хамгийн эртний шашин ба МЭӨ V-IV зуунд үүссэн юм(Христосын шашин 500-д жилийн дараа, Исламийн шашин 1000 гаруй жилийн дараа үүссэн).

Буддизмийн эх суурийг хожимоо бидний “Бурхан Будда” хэмээн өргөмжилсөн эртний дорно дахиний гүн ухаантан Сиддхарта Гаутама тавьжээ. Түүнийг гүн ухаантан гэж нэрлэсний хувьд түүний сургааль үгс, үзэл бодлын өнөөг хүрсэн үлдэгдлийг судалж танилцсан эрдэмтэд түүнийг шашиний ухуулагч гэхээсээ илүү гүн ухаантан байжээ хэмээн үнэлж дүгнэсэнийг бид энд ашигласан билээ. Бид бүхэн түүний амирлингуй төрхийг айл бүрийн хоймроос ч олоод харчихаж болно.

Гаутама нийтийн тооллын өмнөх 556-447 оны хооронд одоогийн Балба, Энэтхэг улсуудын нутагт амьдарч өөрийн сургаалийг өргөн олонд түгээн тарааж байжээ. Гаутама энэтхэгийн Шагж вангийн мэдлийн нутагт буюу одоогийн Балбын Люмбинид ханхүү болон мэндэлсэн бөгөөд балба энэтхэгийн хил залгаа нутагт түүний хүйг цөглөсөн гэдэг.

Залуу хунтайжийн амьдрал жаргалын дээд диваажингийн адил өнгөрч байлаа. Түүнийг цаг ямагт олон арван дагалдагч нар дагалдан явж хүсэл бүрийг нь биелүүлдэг байлаа. Эрийн цээнд хүрсэнийхээ дараа ч үзэсгэлэн төгөлдөр эхнэр, үнэт эрдэнэ олон зуун татвар эмс гээд л залуу Гаутамад дутагдах гачигдахын зовлон гэж байсангүй. Өлсөх цангах ядарч туйлдахын зовлонг нэгэн хачин явдал ханхүүд тохиолдох хүртэл нэгээхэн бээр ч үзэж байсангүй. Магадгүй энэ явдал тохиолдоогүй бол Будда хэзээ ч амьдралын тухай бясалган сууж өөрийн гайхалтай номлолооо хэнд ч номлохгүй гэгээрэл гэгчид хүрэх байтугай энэ үгийг ч мэдэхгүй өнгөрөх байх байсан бизээ. Гэхдээ л бидний аз таарч өнөөх түүхэн үйл явдлуудын нэг тохиолдсон юм. Гаутама нэгэн өдөр харгалзагч нарынхаа хамтаар ордноос гарч зугаалж яваад өнгө нь гандсан буурал үстэй амандаа нэг ч шүдгүй улцан нүдтэй эрүү өвдөг нь нийлэх шахсан өвгөнтэй таарчээ. Ийм зүйл урьд нь харч байгаагүй Гаутама гайхан энэ чинь одоо юу вэ? хэмээн асуувал дагалдагч нар нь хүн хөгшрөхөөрөө ийм болдог юмаа гэж хариулжээ. Би ч бас хөгшрөх үү? гэж Гаутама асуувал дагалдагчид нь хөгшрөх нь хорвоогийн жам, хаанд ч харцад ч ялгаагүй болохыг хэлжээ.
Ханхүү ч зугаалгаасаа буцаж ирээд энэ тухай удтал бодоод хөгширч өтлөх нь аргагүй ч тэр болтол олон жилийн зай байна гээд тайвширчээ.
Гаутама хэд хоногийн дараа ахин дагалдагч нарынхаа хамтаар зугаалж явтал хөгшин бус атлаа хамаг бие нь салганан чичирсэн нус шүлс нь гоожсон эвгүй хачинаар бөгшүүлэн ханиалгасан хүнийг олж харчээ. Ужиг өвчний талаар, өвчин гэдэг хэлж бус хийсч ирдэг талаар мөн л дагалдагч нараасаа сонсоод ханхүү удтал гутарчээ.
Гурав дахь удаад Ханхүү оршуулгын цуваатай таарчээ. Талийгаачийн хөрсөн цогцос хэрхэн бусдын гарын аясаар салганан гулжганахыг харсан ханхүү:
Энэ чинь одоо юу вэ? гэвэл бараа бологчид нь хүн бүр хэзээ нэгэн цагт үхдэг гарцаагүй тавилан биднийг хүлээж байгаа болохыг тайлбарлаж өгчээ.
Энэ бүхний эцэст Гаутама ахин зугаа цэнгэл хөөхгүй, үхэл зовлон, амьдралын талаар бясалган сууж, даяанч болохоор шийджээ. Ийнхүү тэрээр 29 насандаа ордныг орхисон ба юугаар ч үл дутсан баян тансаг амьдрал, хүсэл бүхнээ амнаасаа ч унагаж амжаагүй шахам байхад биелж байдаг нэгэн хэвийн амьдрал нь ч түүнд ийм шийдвэр гаргахад нөлөөлсөн бизээ. Хүний амьдралыг сонирхолтой болгогч гол хөшүүрэг болох тэмцэл түүний амьдралд өчүүхэн төдий ч байсангүй. Хайртай бүсгүйнхээ араас гүйж үзэх байтугай өлссөн үедээ хоол олох гэж ч тэр зовдог байсангүй. Нэгэнт мөнх бусаар энэ орчлонд заяагдаж ирсэнийх амьдралын утга учир нь ийм энгийн идэх унтахаас хэтрэхгүй байгаад залуу ханхүү зовниж хүний амьдралд үүнээс илүү утга учир байх ёстой гэж үзээд өөрийн утга учрийг олохоор олон жил үргэлжилсэн өөрийн хэцүү бэрх аянг эхлүүлжээ.
Тансаг баян амьдралаа олон жилийн өлсгөлөн даяанчлалаар солиж, үзэсгэлэнт гэргий, олон зуун татвар эмс, нуган үрээсээ хүртэл татгалзана гэдэг хангалуун амьдралд бялуурсан хүний л гаргах шийдвэр гэж хожимийн онолчид үзсэн байдаг. Японы алдарт зохиолч Реноске Акутагава “Хааны шилтгээнээ нууцаар Орхисон Сиддхарта бүхэл бүтэн зургаан жилийн турш даяанчилжжээ. Тэр хугацаанд урьд мөнхүү шилтгээнээ булхаж өнгөрөөсөн ер бусын тансаг ханалуун амьдралаа арилган цагаатгасан юм. Яг л бөглүү нутгийн мужааны хүү дөчин өдөр засаглан суусан лугаа” хэмээн “Будда” эссендээ бичсэн байдаг.
Юутай ч гэсэн бодь модны доор завилан сууж ертөнцийн мөн чанарыг таних замыг оюуны онцгой түвшинд нээн олсоноор ханхүү Будда болжээ. Мах цусанд төрсөн хүн гэгээрч чадвал бурхан болдог гэсэн сургааль гагцхүү буддын шашинд л байдгаараа бусад аль ч сургаалиас илүү оюунлаг, хүнлэг, илүү эрэлч хайгуулч шашин болж чадсан юм. Будда гэдэг бидний мэдэх үг маань Машид гэгээрсэн хэмээх утгыг агуулдаг. Онолын хувьд Будда хэд ч төрж болох бөгөөд нэг бус Будда бий, Гатумагаас ч өмнө гэгээрэлд хүрсэн хүн байдаг ч анхдагч, шашины хувьд хүлээн зөвшөөрөгдсөн Будда нь Гаутама гэж үздэг.
Гэгээрэл, гэгээрэлд хүрэх гэсэн оюун санааны түвшингийн талаар ном сударт бичихдээ сохор амьдарч байсан хүнийг хараа орохтой зүйрлэсэн байдаг. Гэгээрэлд хүрсэн хүн маш цөөхөн үгүйдээ хүрчихлээ гэхэд түүнийгээ тайлбарлаж рекламдаад байдаггүй болохоор энэ төлөв байдалд яг юу мэдрэгддэгийг энгийн хүмүүс бид өнөө хүртэл тайлж мэдсэнгүй. Нэгэн том ламаас энэ талаар асуухад “алимны амтыг амталж үзээгүй хүнд тайлбарлаж өгөх аргагүйтэй адил үүнийг би та бүхэнд тайлбарлаж чадахгүй нь” хэмээсэн гэдэг.
Будда өөрөө гэгээрч бурханы хутгийг олсон хойноо ч тэнгэрт бус газарт энгийн хүмүүсийн дунд амьдарсаар энэ насыг элээж гүйцээд хорвоогийн мөнх бусыг үзүүлсэнээс үзвэл гэгээрэх гэдэг нь оюун санааны дээд түвшинг олж байгаа л ойлголт болохоос бус ид шидээр өвчин зовлон туссан бүхэнийг эдгээх тэнгэрт нисч гандсан модийг нахиалуулах ид шидийг олсон хувилгаан болчихно гэсэн үг биш гэдэг нь мэдэгдэнэ. Гаутама ч би гэгээрчихлээ гээд амиа бодсонгүй олон газраар аялан өөрийн боловсруулсан сургаалиуд хутагт дөрвөн үнэнийхээ талаар айлдан ядуу тарчиг амьдарсаар байжээ.
Будда зүгээр нэг сэтгэгч онолч байгаад зогссонгүй аугаа их сурган хүмүүжүүлэгч байсан нь түүний сургаалиудаас мэдэгдэнэ. Тиймдээ ч түүнийг дорно дахиний судруудад тэнгэрийн багш, Ялгуусан, амьдралийн лянхуа цэцэглүүлэгч, биегүйг номхотгогч, ялж төгс нөгцчсөн, зөн билэг төгөлдөр гэх мэтээр нэрлэсэн байдаг. Будда 80 насыг зооглоод нас нөгчсөн бөгөөд энэ аугаа хүний сүүлийн үг нь Шавь нар минь та нар өөрийн зулыг өөрсдөө л асаана хэмээсэн байдаг. Энэ нь хүн бүр өөрийн зам мөрөөр амьдарсаар өөрийн үнэнд хүрнэ гэдгээ дахин сургасан нь гэж тайлдаг. Жишээ нь, хүн өвдлөө гэхэд эмчид үзүүлээд эмийн жор аваад эмийн санд очиж эм авч ууна, харин тэр жорыг тахиад, шүтээд байх юм бол тэр хүн мэдээж эдгэхгүй. Үүний нэгэн адилаар, Буддагийн сургаалиуд нь хэцүү замыг аль болох хялбарчилахыг заахаас биш, чиний өмнөөс ямар нэгэн зүйл хийхгүй, иймээс Буддизм нь Бурхан төвтэй бус Хүн төвтэй буюу, хүнийг өөрөөр нь сонголт хийлгэдэгээрээ Христос зэрэг бэлэнчлэх сэтгэлгээтэй шашнуудаас эрс ялгардаг.
Ер нь өнөөгийн шилдэг сурган хүмүүжүүлэх арга болох шууд хариуг нь өгөх биш гаргалгаанд хүрэх замыг нь зааж өгөөд гаргалгаанд нь өөрөөр нь бодож эргэцүүлэн хүргэх замыг Будда аль тэртэй 2500 жилийн өмнө олж нээгээд хэрэглэж байлаа. Түүний сургаалиад шууд тулган хүлээлгэсэн аксиомоос илүү теором гэлтэй байдаг.

Хүүгээ алдсан нэгэн ядуу эмэгтэй Будда дээр ирээд өөрийнх нь цор ганц үнэт эрдэнэ болох хүүгээ эргүүлж өгөхийг их хуврагаас хүсэхэд Будда нэг ч хүн үхээгүй айлаас аяга цагаан будаа олж ирээ хэмээжээ... Бүсгүй ч олон жил цөхрөлгүй хайсан боловч түүний үүдийг нь тогшсон айл бүрт л хэн нэгэн нь өөд болсон байж таарчээ... Эцэст нь цөхрөнгөө барсан эмэгтэй Будда дээр эргэж ирээд учир явдлаа хэлэхэд Будда тайвнаар “үхэл зовлон гэдэг хүн бүхэнд л тохиолдоно, хорвоо дээр ганц та үүнтэй тохиосон юм бишээ” хэмээсэн гэдэг.

Мөн нэгэн хүн Буддад ихэд уурлан муухай үг бүрээр чичлэн дайрахад Будда огтхон ч хариу хэлэлгүй бясалган суусаар байжээ... Тэвчээр алдсан молхи эр явж одсоны дараа шавь нар нь Буддагаас яагаад та тэр хүнд нэг ч үг хэлсэнгүй вэ? гэхэд чамд нэг хүн цэцэг бэлэглэхээр бариад иржээ. Чи тэр цэцгийг аваагүй бол тэр цэцэг хэнийх вэ? хэмээсэн гэдэг. Энэ мэт энгийн байдлаар таныг гаргалгаанд хөтлөх сургааль Буддын сургаальд тун ч олон.

Будда мах цусанд төрсөн бидний л нэгэн адил хүн байсаны хувьд үй түмэн эргэлзээ тээнэгэлзээндээ хариулт авч чадалгүй байсаар насыг эцэслэжээ. Үүнийхээ ч хувьд тэрээр нас барахдаа миний хэлсэн бүхэн үнэн энэ бүгдийг дага гэлгүй өөрийнхөөрөө үнэнийг нээ хэмээн шавь нартаа захисан бизээ. Гэхдээ ийм үг чухамхуу төгс гэгээрсэн мэргэн хүнээс л гарах үг бизээ. Өөр ямар ч сэтгэгч онолчид ийм үг хэлж байсангүй. Өөрийн үзэл сурталийг олон түмэнд зарлан тунхаглахад л хамаг амьдралаа зориулсаар таарч байсан билээ. Шашнуудын хувьд бүр яриад ч хэрэггүй. Туйлын үнэний зам энэ л гэж хэлж байснаас хүнийг бүтээлчээр өөрөө үнэнийг таньж нээ хэмээн уриалан дуудаж байсан нь нэгээхэн бээр ч үгүй. Угтаа Буддагийн сургаалиуд нь хувь хүн өөрөө өөрийнхөө доторхи үнэн мөнийг нээж олох арга замд чиглэгдэж байснаас хэзээ ч энэ үүнд итгэ хэмээн өөрийгөө тулган хүлээлгэж байсангүй. Арга замыг заагч болохоос үр дүнг тулган хүлээлгэгч байсангүй.[/align]

[align=center]Буддизмын хөгжил, салбар чиглэлүүд[/align]

[align=justify]Буддаг насан өөд болсоноос хойш Маха Кашьяана 2 дахь их багш болон түүний үйл хэргийг үргэлжлүүлсэн бөгөөд түүний халааг Ананда авчээ. Энэ мэтээр олон үеийг дамжсан ч Буддизмийн үндсэн онолд хүчтэй өөрчлөлт шинэчлэлт хийсэн нь 14 дэхь үеийн багш Нагаржунай байв. Нагаржунай энэтхэгийн төв хэсэгт хувраг эцэг, язгууртан ээжийн хүү болон мэндэлж баг наснаас сүмд шавилан сууж ном үзжээ. Нагаржунайн Буддизмд хийсэн томоохон өөрчлөлт нь Мадхьямака хэмээх урсгалыг үндэслэсэн явдал юм. Түүний үндэслэсэн эл урсгалыг монголчууд дундад үзэл, төвт үзэл хэмээн нэрлэсэн байдаг бол баруунд нигилист үзэл хэмээн тархжээ. Эл үзэлд анхлан Буддагийн оруулж ирж байсан хоосон чанарын ойлголтыг гүнзгийрүүлэн судалжээ.[/align]Тэрээр "Мадхъямакарарика" хэмээх зохиолдоо :
[align=center]Буй хэмээх мөнхийн үзэл
Үгүй гэх тасархай үзэл
Эрдэмтэн мэргэд
Буй хийгээд үгүй дор бүү оршихтун[/align]хэмээсэн нь төв үзлийн үндэслэл болсон байдаг.
Буддын гүн ухааны төв үзлийн үндэс нь Шунъятын сургаал буюу Хоосон чанарын сургаал юм.
[align=center]Түрдэх үгүй төрөх үгүй
Тасархай үгүй мөнх үгүй
Ирэх үгүй одох үгүй
Ангид утгат бус нэгэн утгат бусыг
Туулсан Бурхан дор мөргөмой[/align]
хэмээн найман үгүйсгэлийг дээрх сургаалд номлосон байдаг. Энэ үзэл нь юмс үзэгдлийг нэг талаас хоосон зай, нөгөө талаар чанарын үндсэнд оршино гэж үздэг. Өөрөөр хэлбэл бүх юмс үзэгдэл чанарлаг гэхдээ хоосон зайд хормын зуур оршдог гэсэн үг юм.
[align=center]Буй бус , үгүй бус
Буй үгүйгээр бус
Энэ завсар дор
Хамаг бүхэн хуръюу[/align]
гэж Сэтгэгч Нагаржунайн тодорхойлсон байдаг.
Энэ нь
[align=center]Мөнх нь мөнх бус
Буй нь буй бус
Ариун нь ариун бус
Жаргал нь зовлон[/align]
гэсэн номлолтой дүйж очдог.
[align=justify]Түүнийг номын хүрдийг 2 дахиа эргүүлэгч Дэд Будда хэмээн цоллосон байдаг бөгөөд амьд ахуйдаа өөрийн сургааль номлол нийт 200 гаруй судар нэгтгэн бичиж байжээ. Түүний үзэл бодлын хамгийн гол тусгал болсон Данжуурын боть монгол хэлнээ буугдсан байдаг.
Нагаржунай бодьтой бүхэнд итгэх үзлийг өрөөсгөл хэмээн үзсэн бөгөөд бидний бодьтой хэмээн мэдэрч буй бүхэн бодьтой байх албагүй аливааг бий ч гэх аргагүй огтоос үгүй ч гэх аргагүй гэж номложээ. Үүнээс нь үзэхэд сэрэл мэдрэмж заавал үнэн байх албагүй гэсэн философийн санааг дэвшүүлэн гаргасан бололтой. Мань эрийн тэртэй 1800 аад жилийн өмнө бодож олсон энэхүү бодьтой бүхэнд итгэх аргагүй гэсэн санааг ах дүү Вачовский нар тэртэй хойно Матрикс хэмээх кино болгон амилуулсан бололтой.
Мөн түүний суралцах танин мэдэх арга зам нь тун чиг сонирхолтой байсан бөгөөд мэдлэг гэдэг хүнд тээр дарамт эргэлзээг өгөхөөс цаашгүй иймд эрс ондоо замаар танин мэдэх хэрэгтэй гэж үзээд танин мэдэхүйн өөр арга зам олохыг зөвлөжээ. Ер нь буддизмийн гол ухагдахуун санаануудийн нэг нь энэ бөгөөд эрдэм мэдлэгийг өөрөөсөө гаднаас ном судраас биш өөрийнхөө дотроос эрж хайхад ихээхэн анхаарсан байдаг бөгөөд тйимдээ ч буддийн бүх л том лам нар номын санд бус ой шугуйд даян хийн ертөнцийн амьдралаас тасарч тайвнаар бодож бясалгасаар өөрийн үнэнд хүрсэн байдаг.
Орчин үед Буддизмын үндсэн 2 урсгал байдаг гэж үздэг ба энэ нь Махаяна ба Хинаяна буюу Их хөлгөн ба Бага хөлгөний урсгалууд юм. Мэдээж хэрэг энэ 2 чиглэлийн бүх нарийн ширийн ялгааг тоочих нь хэт нуршуу бөгөөд бараг боломжгүй тул тодорхой нэг асуудал дээр авч жишээ авч үзье. Хинаяна урсгал нь гэгээрэлд зөвхөн лам хүн хүрэх боломжтой гэж үздэг бол Махаяна урсгалд гэгээрэлд ямар ч хүн хүрэх боломжтой гэж үздэг.
Бид бүхэн энд Буддизмын нэг салаа мөчир болох Зэн-буддизмын талаар арай илүү мэдээлэл хүргэхийг зорьсон ба энэ нь бид энэ чиглэлийг Буддын сургаалийг хамгийн ихээр өөртөө шингээсэн урсгал гэж үздэгтэй холбоотой юм. Зэн-буддизм нь манайхны баримталдаг Махаяна буюу Их хөлгөний чиглэлд хамрагддаг ба Хятад болон Японд эрчимтэй хөгжсөн, өдгөө барууны ертөнцөд тэргүүлэгч байр суурьтай байгаа дорно дахины өвөрмөц сэтгэлгээний нэгэн чухал, гол чиглэл юм. Шагжимуунийн 21 дэхь үеийн залгамжлагч болох Бодидармаа 520 оны үед Хятадад ирж Шаолины хийдэд суурьшин, буддын бясалгалын ухааныг дэлгэрүүлсэн гэдэг. Бодидармаа шашиний уламжлал, ариун судрын номлолыг дагалгүйгээр шууд гэгээрэх арга замыг заасан нь Зэн бөгөөд түүнээс Буддизмын мөн чанар юу болохыг асуухад:
- Ямар ч ариун нандин зүйл үгүй хов хоосон хэмээжээ. Зэн нь гагцхүү өөрийн дотоод оюун билигт найдаж гэгээрэх учиртайг заасан, Буддагаас хойш гагцхүү шууд хэлбэрээр дамжиж ирсэн сургааль хэмээн ойлгож болно.
Зэнгийн үүднээс гэгээрнэ гэдэг нь туйлын амар амгаланг олох, түүнийхээ үрээр бүхий л хорвоогийн мөн чанар хоосон болохыг ухаарах болно. Бясалгал нь гэгээрэлд хүрэх зам мөн бөгөөд бясалгах гэдэг нь ямар нэг зүйлийн тухай анхаарлаа төвлөрүүлж, сайтар эргцүүлэн бодох биш, харин сэтгэлээ цэвэр ариун байлгах, бүр энэ амьдралд хамаатай юуг ч бодохгүй байх юм. Нөгөөтэйгүүр, зэн-буддизмын үүднээс ертөнцийг харна гэдэг нь сэтгэлгээг хязгаарлахгүй, логикийн хүрээнд баригдахгүй, тэгсэн атал нэг тийш хэлбийж туйлшрахгүй, аливааг байгаагаар нь, бодитой, өргөн утгаар харна гэсэн үг юм. Зэн нь үхсэн хойно ч юм уу, нөгөө ертөнцөд хэрэг нь гардаг гүрэм дом биш юм.
Нэг үгээр, сэтгэлгээгээ машид чөлөөлөх үйл явцыг Зэн гэж ойлгож болно, аливааг буй байдлаар нь танихад янз бүрийн үзэл суртал, онол таамаг, баримт нотолгоо, үгүйсгэл тохуурхал гэх мэт олон зүйл саад болдог. Жишээ нь, хүмүүс хайртай дуртай зүйлээсээ бурууг олж хардаггүй, тэрчлэн дургүй юмнаасаа зөвийг олж харж чаддаггүй. Аль алинаас нь ангижирч байж л үнэнийг олж харна. Зэн-буддимзд Бурхан бий, байхгүйн тухай ярьдаггүй, учир нь байна ч гэсэн, байхгүй ч гэсэн аль нэг тийш хэлбийж, хүний сэтгэлгээг хязгаарлахад хүрнэ.Энэ сургаалийн гүнд бүхнийг үгүйсгэх үзэл буй мэтээр хүмүүс ойлгодог. Гэвч үгүй юм, Зэн юуг ч нотолж, юуг ч үгүйсгэдэггүй. Эцсийн эцэст гачигдал зовлон гэдэг бол бодитой юм биш, чамд л зовлон мэт санагдаж байгаагийнх, жаргал цэнгэл ч ялгаагүй, чамд л тийм сэтгэгдэл төрж байгаа болохоос биш үнэндээ аль аль нь хоосон юм. Тэгэхээр шунаж тачааж, мууг хийж, бусдыг дорд үзэхийн ашиг гэж алга байгаа биз? Гэвч энэ нь арчаагүй ядуу, юуг ч үл мэдрэн хайнга яв гэсэн үг биш. Баяжихыг хүсэх болон баяжих боломжоос татгалзах нь аль аль нь туйлшрал юм. Зэн бол хаашаа ч хэлбийж хазайхгүй явахад хөтөлдөг. Амьдралыг амьдрал чигээр нь ойлгох хэрэгтэй, хамгийн үнэн байдлаар нь. Үүнд л Зэнг судалж мэдэхийн аугаа их ашиг тус оршиж байгаа юм.
Буддизм нь дотроо маш олон салбар болон задрах ба зарим нэг асуудал дээр ялгарах боловч бүгд Буддагийн боловсруулсан Хутагтын 4 үнэн болон Хутагтын 8 шүүлт мөрийг үндэслэл болгодог юм.

Буддизмын философийн үндэслэл

Гаутамагийн боловсруулсан ертөнцийг үзэх үзлийн гол нь хутагт дөрвөн үнэн ба энэ нь Буддын философын үндэслэл болсон байна. Хутагтын дөрвөн үнэний тухай буддын гүн ухааны олон арван судар номонд тайлбарлан бичсэн байдаг. Тухайлбал , Буддын сургаалийн цогцолбор "Ганжуур", "Данжуур", "Дармапада", "Эрдэнийн сан - Сувашид", "Эрдэнэ цогцолсон шашдир" зэрэг сударт тодруулан тайлбар хийсэн байдаг.[/align]

Энэхүү дөрвөн үнэн нь:
• Зовлон үнэн
• Зовлонгийн шалтгаан үнэн
• Зовлонг гэтлэх нь үнэн
• Зовлонг гэтлэх арга зам үнэн гэсэн байдаг.
Хутагтын Дөрвөн Үнэнд нэг бүрчлэн хийгдсэн тайлбаруудаас товчлон авч үзвэл :
1.Зовлон.
Орчлон дээрхи бүх зүйлс түр зуур үзэгдээд өнгөрөх төдий нэгэн хэвээр орших юу ч үгүй бөлгөө. Чухам үүнийг эргэцүүлбээс орчлон зовлонгоор дүүрэн болой. Учир нь мэдэрхүйн таван эрхтэнээр ертөнцтэй харьцах харьцаа нь зовлон гэж үзнэ.

Төрөх зовлон
Өсөх зовлон
Өтлөх зовлон
Дайсан зовлон
Нөхөр зовлөн
Өвдөх зөвлон
Жаргах зовлон
гэх мэтээр бүх үйл зовлон байдаг гэж үзнэ.

Энэ бол хамгийн түгээмэл хамгийн хялбар томьёолбор. Ертөнц энгээрээ түймэрт хуйхлагдаад байхад юуных нь инээд юун баяр билээ? Харанхуй нөмөрч суух атал яагаад та нар гэрэл гэгээг хайхгүй байдаг билээ?ч гэх юм уу? Үгүй наад чамирхсан өмсгөл сэлт хуян шар усанд баригдсан ямар ч тодорхойгүй хийгээд мөнхийн шинж үгүй бие цогцсоо хараач? Төрсний эцсийн үх дүн үхэл л байдаг болохоор наад өвчиний үүр болсон өмхий бие чинь даан ч үнэгүй эд шүү дээ гэхчлэн сургасан байдгаас философийн түгээмэл санаанууд илрэн гарна.
Гэхдээ Буддагийн зовлонд энэ үгний утгаас гадна жаргал ч багтана. Бүх юм мөнх бус учир жаргал өөрөө ч мөнх бус. Хуран үүдсэн бүхэн мөнх бус мөнх бус бүхэн зовлон мөн хэмээн онолджээ. Үүн дээрээс амьдрал бол тэр чигээрээ зовлон хэмээсэн логик гаргалгаанд хүрч болно.

2.Зовлон үүсэхүй.

Тэрээр зовлонгийн үүсэл хүний дотор буй түүнээс гадны ямар нэг нөлөө үгүй хэмээн үзсэн нь бас нэгэн гайхалтай сургааль гэж үздэг. Бусад шашиний адилаар “надад итгэсэн бүхэн жаргаж итгээгүй бүхэн зовно” гэх мэтийн шууд тулгасан тулгалтыг тэрээр дурдаагүй бөгөөд Зовлонгийн эх үндэс нь хүний дотор буй шунал тачаал юм гэж үзжээ.
Шунал тачаал бол зовлон үүсэх шалтгаануудын нэн тэргүүнд нэрлэгдэх нь боловч хорвоог хөдөлгөгч эрчим хэмээжээ. Үнэхээр ч өнөөдөр хүн төрөлхтний хүрсэн хөгжил цэцэглэлтийн эх үндэс гагцхуу хүний шунал тачаал хүсэл түүнийхээ араас уйгагүй тэмцсэн тэмцлийн л үр дүн билээ. Гэвч энэ бүхэн бол буддизмийн онолоор бол нэгдүгээрт тавигдах зүйлс биш юм. Буддизмийн онолоор бол хүмүүс өнөөдөр зовлонгоор дүүрэн хүсэл шуналд захирагдсан амьдралтайгаа эвлэрэн сайхан байгаа жаргалтай байгаа мэт нүдээ хууран өнгөрөөдөг гэж үзжээ

3.Зовлонгоос ангижирахуй.

Зовлонгоос ангижирахийн тулд өнөөх зовлонг гээч хэцүү нэртийг үүсгэгч шунал хүслээсээ хүн татгалзах хэрэгтэй нэгэнт зовлонгийн шалтгаан хүний дотор оюун санаанд л буй тул түүнийг гатлан давах учир шалтгаан ч хүний дотор л буй хэмээжээ. Буддын гүн ухааны сургаалиар ертөнц агшин бүрт өөрчлөгдөж байдаг гэж үздэг учир үүрд мөнхийн юмс гэж байдаггүй. Гэтэл хүн юмсыг мөнх мэт ойлгон шунан дурлаж байдаг юм. Үүнийг их хөлөгний зарим сударт "мунхагийн харанхуй" гэж тодорхойлсон байдаг. Үүнийг гэтлэн гарсан бүхэн Нирван болж тайвшралын туйлыг олно гэж үздэг. Иймд зовлонг гэтлэн гарах нь үнэн байдаг гэж үзнэ.

4.Зовлонгоос тониохуйд хөтлөх зам

Зовлонгоос гэтэлж гэгээрэлд хүрэхийн тулд өдөр тутмын өнөө маргаашаа болгосон амжиргааны эргүүлгээс гарч нирваанд хүрэх хэрэгтэй. Хэрэв зээ дараах авралийн найман гишүүт мөр замыг дагах юм бол нирваан биелэлээ олно хэмээжээ.

1.Зөв үзэл. Аливааг жинхэнэ байгаагаар нь зөв бодтой харж ухаарах. Аливаа зүйлсийн хэлбэр дүрст биш дотоод мөн чанарыг нь мэдэж ухаарч ойлгох.
2.Зөв эрмэлзэл. Бүхий л зүйлст нигүүлсэнгүй хандах.
3.Зөв үг. Худал үг хоомон яриа хов живийг огоорох.
4.Зөв үйлс. Амь бүрэлгэх, хулгай тонуул хийх хууран мэхлэх үйлийг тэвчих.
5.Зөв амьдрал. Бусдад гай хөнөөл үл учруулж амьдрах.
6.Зөв хичээл. Ариун бус нүгэлт муу бодлоос сэтгэлээ цэвэрлэн сэргийлж явах.
7.Зөв дуртгал. Аливаад зөв анхаарахголч үнэнийг таньж мэдэх.
8.Зөв бясалгал (самади). Хүчээ зөв хуримтлуулан түүнээ бясалгалд зарцуулах. Дотоод ертөнцөө өв тэгшитгэх.


Хүмүүний амьдрал угаас маш хэцүү бөгөөд зовлонгоор дүүрэн Гэхдээ ямагт үнэнийг ярьж сайн бүхэнд тэмүүлж хүний юмыг хулгайлалгүй хэн нэгэнд атаархаж хар буруу санахгүй амьдрах юм бол амьдралаа зовлонгоос цэвэрлэж болно. Хүн хоосон мөрөөдөл, шинэ эд баялаг зугаа цэнгэлийг хүсэх хүслээс чөлөөлөгдөх ёстой. Тэгсэн цагт баян ядуу боол хувраг хар тэргүүтэн хэн ч бай авралын замыг олж сүнс нь дэлхий дээр эргэн төрсөөр байх болно хэмээн сургажээ.

Гэхдээ Будда сүнс хойд насны ойлголтод бусдын адил тэгтлээ ач холбогдол хэзээ ч өгч байсангүй. Хойд урьд төрөл гэж байх нь бидний сонирхох гол зүйл биш үүнийг мэдсэн мэдээгүй гэгээрэлд огтхон ч хамаагүй гэжээ. Угтаа там диваажингийн талаархи ойлголтыг Будда хэзээ ч дурдаж байсангүй. Тэр бүү хэл Хүний энэ амьдрал л үнэн.Өөр амьдрал гэж үгүй. Нэгэнт л ганц заяасан насыг муу үйлд үрээд яана гэсэн иш үгнээс нь харахад л Буддаг гүн ухаантан гэж хэлж болох мэт. Буддизм хэмээгч энэ том шашиний суурийг тавигч Буддагийн өөрийн номлолууд иш үгс зэргийг харахад түүний сургааль нь шашиний гэхээсээ илүү гүн ухааны шинж чанартай. Гэхдээ өнөөгийн бидэнд хүрч ирсэн буддизмийг гүн ухаан гэж хэлэх нь мэдээж асар учир дутагдалтай. 2500 гаруй жилийг туулахдаа Буддагийн анхлан номлож байсан үзэл суртал шашиний хэв маягт орсон гэвэл илүү дөхөмтэй мэт. Германы их сэтгэгч Шопенхаур ч өөрөө Буддизм бол шашин болоод хувирчихсан гүн ухаан хэмээн дуу алдсан байдаг нь үүнтэй холбоотой бизээ. Буддизм нь шинжлэх ухаанд хамгийн ойрхон шашин хэмээн А.Эйнштэйн хэлсэн байдаг ба энэ аугаа эрдэмтний үгийг тайлбарлах нь илүүц биз. Мөн зориг гарган дурьдахад одон орны чиглэлээр занималддаг цорын ганц шашин бөгөөд энэ нь зурхайн шинжлэх ухаан юм. Буддизмд дээд бурхан гэж байдаггүйтэй адил ганцхан би эсвэл үнэмлэхүй биет зүйл гэж бас байдаггүй. Өөрөөр хэлбэл байгаа байхгүй, үзэгдэх үзэгдэхгүй гэдэг ба эцсийн эцэст хоосон гэсэн онолд хүрдэг.

Буддизм Монголд

МЭӨ 569-650 оны хооронд Төвдөд Соронзонгомбо хаан засаглаж байлаа. Соронзонгомбо хаан Балба, Хятад 2 хатантай байсан нь хоюулаа Буддистууд байсан нь Соронзонгомбо хаанд нөлөөлж Хаан өөрөө ч буддист болоод зогссонгүй Төвд нутагт буддийн сүм хийд олныг бариулан судар номнууд орчуулах боллоо. Ингэснээр төвд дэхь буддизмийн хэлбэр болох Няамапа төвдөд дэлгэрлээ.
Тухайн үед төвдийн үндсэн шүтлэг байсан бон хэмээх мухар шүтлэгийн шинжтэй шашин өөрийн зайг буддизмд алдахгүй гэж тэмцэлдэхийнхээ хажуугаар Буддизмтай уусан нэгдэж Төвд маягийн буддизм үүсэн боловсорч байлаа.
1042 онд Энэтхэгээс Атиша багш ирэх үед Төвдүүд үндсэндээ тэрчигээрээ Будда шүтлэгтэнүүд болж хувирсан байлаа. Энэ үед төвдөд Сажапа, Кадмапа, Няамапа гэх мэт урсгалууд өөрийн өөрийн замаар хөгжихийн зэрэгцээ хоорондоо зөрчилдсөөр оршиж байлаа.
Яг энэ үед буддизмийн өлгий нутагт 21 дэхь үеийн Их багш Бодидарма Бясалгал үйлдэж суулаа. Бодидармагийн үүсгэсэн Зэн буддизм нь хятадад нэлээдгүй нөлөөтэй байж Бумба ба Күнзийн сургаальтай эн зэрэгцсэн хятадын 3-н том шашиний нэг болсон байлаа. Гэхдээ өөрийн төрийн шашинийг сонгохдоо Хубилай хаан талын бүдүүлэг нүүдэлчдэд илүү ойрыг нь бодон төвдөөс Пагба багшийг залсан гэж үздэг. Учир нь нүүдэлчдийн хувьд Зэн буддизм нь хэтэрхий хүндэдсэн үзэл суртал байлаа.
Төвд дэхь буддизмийн хувьд 15-р зуун гэхэд төвд дэхь урсгал хоорондын зөрчилд Гармапагийнхан ялан дийлж дангаар ноёрхох байдалтай болж ирлээ. Өөрийгөө хувилгаан, гэгээнтэнээр өргөмжилсөн лам нарын тоо ч огцом өсч ерөнхийдөө Будда бодь модны доор сууж байхдаа бодож олсон энэхүү сургааль нэлээдгүй өөрчлөгдөж лам нар ч сүсэгтэн олныг хууран мэхлэх явдал олшрох боллоо. Дээр нь Төвдийн Төр шашинийг хослон барих гэсэн тогтолцооноос болж лам нар нь улс төрд ихээхэн оролцох болсон байна. Энэ бүхнээс болон шашиний нэр хүнд илт унаж байх үед Төвд дэх буддизмийн аугаа реформч Зонхов хөх нуурийн хавьцаа мэндэлжээ. 1409 онд Галдан хэмээх өөрийн сүмийг байгуулан Атишагийн гүн ухаан, ёс суртахууний номлолуудыг номлох боллоо. Тэрээр Хинаяна(Бага хөлгөн) буюу судрын, Махаяана(Их хөлгөн) буюу тарнийн ёсийг зэрэгцүүлэн баримталж зөрчлийг намжаав. Шид увидасаар гэгээрч бурхан болно хэмээсэн тарнийн ёсыг баримтлагч нарт няцаалт өгөн, гэгээрэх буюу бурхан болох зам нь сахил санваараа чандлан сахиж нүгэл үл хийн бясалгал үйлдэж байж гэгээрэлд хүрэх талаар сургаж эхлэв. Тухайн үед төвдөд хүчтэй хөгжөөд байсан зөвхөн лам хуврага болж байж л бурхан болох гэгээрэх ёстой гэж үздэг сонгомол цөөхийн урсгалд няцаалт өгч зөв бясалгал үйлдэж, зөв амьдарч, зөв буян хураавал дээд доод хэн ч бай бурхан болох боломжтой гэсэн үзэлийг хөхүүлэн дэмжиж байсан нь ард олонд гойд таашаагдах боллоо.
Зонхов нэгэн агуйд даяанчлан суух үедээ шар малгай өмсч суусан учир түүний урсгалийг шар малгайтаны шашин буюу гэлэгпагийн урсгал хэмээн нэрийджээ. Энэ нь бидний сайн мэдэх шарийн шашин юм.
Тухайн үед эмх замбараагүй байсан бүхнийг эмхэлж цэгцлэхийг оролдож байлаа. Сүм хийдэд баримтлах дүрэм журам, лам нарын хувцасны стандарт гэх мэт олон зүйлсийг цэгцэлж өгснийхөө хувьд төвдийн буддизмд үлэмж хэмжээний шинэчлэлийг хийсэн түүхэн хүн гэж түүнийг үнэлдэг ч зарим талаар түүний хийсэн шинэчлэлийг агуулгад бус хэлбэрт чухалчлан хандсан гэж шүүмжилсэн ч байдаг. Жишээ нь түүний нийт хүмүүсийг 3 давхаргад хураан давхарга бүрт таарах гэгээрэх арга замыг зааж өгсөн гэх мэт олон нийтийг өөрийн шашиндаа татахийн тулд л хийсэн шинэчлэл бичсэн сургааль нэлээдгүй байдаг. Ийм ч учраас Зонховийн гэлэгпагийн урсгал ард олны дунд өргөн нэр хүндтэй ч хуучин шашиний хүрээнийхэн тэднийг байнга гадуурхан шахаж байлаа. Гэвч хөрш Ойрад Монголчуудийн дунд нөлөөгөө бэхжүүлж авсаны үр дүнд Төвд дэхь үндсэн урсгал болж чадлаа.
Тухайн үед феодалийн бутрал хагарлийн дээд цэгтээ хүрээд байсан эртний дайчин Монголчуудийн хувьд энэхүү тархай бутархай байдлыг эцэслэн зогсоох Монотейст шашинг эрэлхийлж байлаа. Шашин төрийг хослон барьдаг дэг жаяг нь ч таалагдсан нь уу, яг үнэндээ өөр залчихаар шашин шүтлэг байгаагүй ч юмуу Монголчууд төвдүүдээс шашингаа авлаа. Ингэхдээ тухайн үед төвдөд оршиж байсан олон урсгалуудаас Шар малгайтнуудыг сонгож Түмэдийн алтан хаан шарын шашиний тэргүүн Содномжамцийг нутагтаа урин шарын шашинд орж Содномжамцад Далай лам нэрийг хайрласан нь үе үеийн төвдийн шашиний тэргүүдийг л дуудах үндсэн нэр болон түүхэнд үлдсэн юм. Алтан хааны дараачаас халхын ноёд ээлж дараагаараа шарын шашинд орж эхэллээ. Нийт Монголчууд тэр чигээрээ шарын шашинд орох хүртэл ч багагүй хугацаа өнгөрчээ. Байнга нүүдэллэж амьдардаг Монголчуудийн хувьд шарын шашин яв цав тохирсон шашин байж чадсангүй. Харин ч уламжлалт бөө мөргөл нь байгаль эхтэй харилцаатай байдаг Монголчуудийн хувьд илүү ойрхон байлаа. Гэвч цаг хугацааны эрхээр Шарын шашин Монголд бүрэн ялж чадсан юм. Гэхдээ ингэхийн тулд бөөгийн шашиний олон олон элементийг өөртөө шингээхээс өөр арга зам байсангүй. Ийнхүү Буддагийн энэтхэгт бодож олсон сургааль сүсэг бишрэл төвдөд төвдийн үндсэн шашинтай холилдон өвөрмөц хэлбэрийн төвд буддизм үүссэнтэй бараг адилханаар талын Монголд бөөгийн шашин ба Төвдийн шар малгайтны урсгал хоёрын ижилссэн Монгол маягийн шарын шашин үүссэн юм.

Төгсгөл үг

Ингээд энэхүү цомхон материалаа “Одоо цаг” сонины 2005 оны тусгай дугаарт нийтлэгдсэн Далай ламын ярилцлага дахь “Бурханыг өөрөөсөө гадуур биш сэтгэл дотроосоо хай” гэсэн түүний үгээр төгсгөе.



Буддын 1-р багийн ашигласан материалын жагсаалт.

1. Баабар - 20-р зууны монгол, нүүдэл суудал, гарз олз
2. Г.Аюурзана - 2*2=6 буюу суут жаран сэтгэгч
3. Г.Аюурзана - Зэн буддизм
4. Ven S.Dhammika - Good question, good answer
5. Торчинов Е.А - Введение в Буддологию
6. Перевод с английского А. Л. Титова и Д. А. Ивахненко
под редакцией В.Г. Павлова - Слово Будды
7. http://www.uddiyana.ru
8. http://www.buddhanet.net
9. Д.Батсүх - Буддын шашны түүх, нийтлэл
10. Ермакова Т.В., Островская Е.П., Рудой В.И - Введение в буддизм[/align]
start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
tsolmon (зочин)

Буддын багийнхан буддизмын нарийн ном үздэг, чадалтай багш нараас юм асууж байгаарай. ядаж ло-риг мэддэг, заадаг хүнээс. номоо сайн судалвал эдгээр номуудаас хамгийн үнэн, эрхэм дээд ном нь буддим шүү. хүмүүсийг төөрөгдөлөөс гарахад нь тусла. харин битгий тулгаарай. Учир нь энэ цөвүүн цагт хүний буян барагдаж, нүгэл ихсээд жинхэнэ дээдийн номыг үзэх хувигүй бологсдын буяны сав нь ном үзэхэд хүрдэггүй тул сонсоод ч ойлгохгүй болсон шүү.
үгүй ингэхэд Та нар үнэхээр буддистууд уу эсвэл дүр эсгэгч нар уу...
энэ блогт байж байхыг бодоход худлаа ч юм уу. за яахав үнэн гэж бодоод л бичлээ шүү...

MC Аав

өөрийнхөө мэдий гэж бодсон бүхнээ уншсандаа баяртай байна.
Буддизмийн тухай судлах сэтгэл дээрээс надад байдаг байлаа. гэвч энэ талаар уншиж судлах ном товхимол бага байдийм шиг байгаан. Интернетээс бол Гадаад хэл дээр номнууд их байхын
тэгхээр анхны тэр буддизмийн үзэл суртлыг дэлгэрүүлэх, олон нийтэд ойлгуулах талаар арга хэмжээ авах нь дээр юм шиг байгаан.
Манай залуу үе буддын шашиндаа хандах хандлага мэдэгдхүйц буурч байгаа нь ажиглагддаг. энэ нь нөгөө л хүн бүрийн ярьдаг сүм, хийд, өргөл барьцтай холбоотой болов уу.
Сүм, хийд, гандан гэж яг ямар учиртай газар юм бэ? Ном уншуулах, мөргөх залбирах нь хүртэл хэлбэрт ортлоо өөрчлөгдсөн нь надад их сонин, хачирхалтай санагдаж байна.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)