ЭРЭЛЧНИЙ ТЭМДЭГЛЭЛ : П.Дэлгэржаргал: Тусгаар тогтнолоос илүү сэтгэлгээний нэгдмэл байдал хамгийн үнэтэй нь
Ярилцсан Г.БАТЦЭЦЭГ (2008-11-30)

МУИС-ийн Нийгмийн шинжлэх  ухааны сургуулийн Түүхийн тэнхимийн багш, доктор (Ph.D) П.Дэлгэржаргалыг энэ дугаарынхаа зочноор урилаа. Завгүй ажлыг нь хойш тавиулан байж ярилцсан билээ. Тэрбээр бодож байснаас минь ч эгэл даруу нэгэн байлаа.  “Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн ” гэдэг үг үнэхээр үнэн үг юм аа  хэмээн бодсоноо ч  нуух юун. 

-Академич Ш.Нацагдоржийн нэрэмжит анхны шагналыг хүртсэн танд баяр хүргэе. Ямар бодол төрж байна вэ? 
-Баярлалаа. Монголын түүхийн шинжлэх ухааны салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан нэрт эрдэмтэн, академич багшийнхаа нэрэмжит шагналыг хүртсэндээ баяртай байгаа. Энэ эрхэм шагнал надад хойшдоо ихийг хийж,  бүтээх итгэл найдвар өгсөн. Өөрийн судалгааг цаашид үргэлжлүүлэн, түүхийн шинжлэх ухааны хөгжилд бага ч гэсэн хувь нэмэр оруулахын төлөө хичээж ажиллана.

-“Монголчуудын угсаа гарвал” бүтээл олон эрдэмтний шалгуурыг давж чадсан гэж сонссон юм байна.
-Монголчуудын угсаа гарвалын асуудал харьцангуй бага судлагдсан. Монголын эртний улсууд буюу XIII зуунаас өмнөх үеийн түүхийг зааж байх явцад монголчуудын угсаа гарвалыг түүхийг системчилж, тодруулах зайлшгүй шаардлагатай гэдгийг ойлгосон. Монголын эртний түүхийг үгүйсгэх, эртний Монголын түүхтэй холбоотой түүхийг Монголтой холбоогүй мэтээр тайлбарлаж бичих явдал газар авсан. Энэ нь улс төрийн шалтгаантай холбоотой. ЗХУ задарсны дараа Түрэг гаралтай Казакстан, Узбекстан зэрэг “таван стан”-ы улс шинээр байгуулагдсан. Тэр улсууд  өөрсдийнхөө түүхийг  шинээр бичсэн. Харамсалтай нь тэдгээр орон  монголын эртний түүхийн олон дурсгалыг монголчуудтай холбоогүй, Түрэг хэлтэй ард түмний бүтээсэн бүтээл хэмээх нь түгээмэл болсон. Түүнчлэн өөрсдийн төрийн түүхийг Хүннүгээс эхлэн бичиж, Хүннү Монголын угсаа гарвал, соёлын холбоог илт үгүйсгэх нь хүчтэй болсон төдийгүй, монголчууд X зууны үед Монгол нутагт ирж, Түрэг аймгуудыг шахан Монгол нутагт ноёрхох болсон. Өөрөөр хэлбэл, түүнээс өмнөх үеийн Монгол нутаг дахь эртний овог аймгууд, улсуудын түүх монголчуудтай холбоогүй гэсэн үзэл баримтлал дэлгэрч байна. Тийм учраас тодорхой баримт, шинжлэх ухааны үнэнийг судалж, ард түмэндээ зөвөөр ойлгуулах, монголчуудын түүхийг хамгаалах үүднээс энэ сэдвийг судлах шаардлагатай юм байна гэж бодоод сонгосон.

-Энэ бүтээл таны олон жилийн судалгаа биз?
-Тийм ээ. Миний арваад жилийн хөдөлмөрийн минь үр дүн. Энэ бүтээлээрээ 2005 онд докторын зэрэг хамгаалсан.

-Одоо ямар бүтээл дээр судалгаа хийж байгаа вэ?
-Хүннүгээс өмнөх үеийн Монгол нутаг дахь овог аймгуудын түүхийг тодруулахаар судалж байгаа. Энэ талын түүхийн судалгаа мөн л бүдэг бадаг байдаг. Дөрвөлжин булш, хирэгсүүрийн соёл, буган хөшөөний дурсгалыг үлдээсэн овог аймгуудын угсаа гарал, соёлын үүсэл гарвал, тэр нь хожим хэрхэн уламжлагдсаныг тoдруулах шаардлагатай байна.

-Улс үндэстэн оршин тогтноход ард түмнийх нь  сэтгэлгээ нөлөөлдөг үү?
-Нөлөөлнө. Угсаа гарвалын судалгаа гэдэг бол тухайн ард түмэн үүсч бүрэлдсэн түүхийг судална гэсэн үг юм. Тухайн ард түмэн үүсч бий болоход төр хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг. Ямар нэгэн төрийн дор нэгдэхгүйгээр ард түмэн болж бүрэлдэх боломжгүй. Нэгэн төрийн дор нэгдсэн овог аймгууд хэл, соёл, сэтгэлгээний хувьд адилссанаар тухайн ард түмэн буюу угсаатан бүрэлддэг. Тэр дундаас сэтгэлгээний адилсал хамгийн чухал.

-Сэтгэлгээний адилсал гэж юун тухай яриад байна вэ, Та?
-Танаас ямар хүн бэ гэж асуувал “Монгол хүн” гэж хариулна биз дээ. Тэгвэл өөрийгөө монгол хүн гэж бодож байгаа хэдэн сая хүн байна, тэднээс Монголын ард түмэн бүрдэнэ шүү дээ. Монгол хэл, монгол соёлтой, бид монголчууд “нэгдмэл нэг” гэсэн сэтгэлгээтэй, Монголын төлөө гэсэн сэтгэлгээтэй хүмүүсээс Монгол ард түмэн бүрэлдэн тогтнож байгаа юм. Төр үзэл суртал, бодлогоороо ард түмнийхээ хэл, соёл, сэтгэлгээний адилсал, нэгдмэл байдлыг бэхжүүлж байх шаардлагатай байдаг. Монголын төр зуун зууны туршид энэ бодлогыг хэрэгжүүлсээр ирсэн. Харин өнөө үед энэ ойлголт буурч байгаа нь  ажиглагдах болсон. Олон хүн, "Гадагшаа гарч амьдарсан нь хамаагүй дээр. Монгол ингэж ядуу буурай байснаас хөгжилтэй нэг орны муж болчихвол яасан юм бэ" гэж хүртэл ярих болж. Иим яриа нэг бус сонсогдох болсон нь худлаа биш.  Монголын төлөө гэх сэтгэлгээ буурч байгаад сэтгэл эмзэглэдэг.  Бид соёл, сэтгэлгээгээ бэхжүүлэх, улс орноо хөгжүүлэх тал дээр хамтран нэгдэх хэрэгтэй болоод байна.

-Монголчууд бид ямар сэтгэл­гээгээр нэг нэгэндээ хандаж байна вэ?
-Бид бахархах түүхтэй ард түмэн. Хүн төрөлхтөн сэтгэлгээний хувьд овог аймгийн, угсаатны, үндэсний гэсэн түвшинг дамжин хөгжсөн. Хөгжлийн тодорхой шатанд хүн өөрийгөө овог аймагт харьяалуулдаг байв. Та ямар хүн бэ гээд асуухад “Би Боржигон хүн”, “Би Хатгин хүн” гэж хариулах жишээтэй. Улмаар овог аймгийн сэтгэлгээнээс угсаатны сэтгэлгээнд өөрөөр хэлбэл, “Би Монгол хүн” гэдэг сэтгэлгээнд, Монголчууд бид нэг ард түмэн гэдэг сэтгэлгээнд шилжсэн. Монголын түүхэнд гайхамшигтай гавьяа байгуулсан хүн бол Чингис хаан. Чингис хаан овог аймгийн сэтгэлгээнд өөрчлөлт, шинэчлэл хийсний ачаар монголчуудын угсаатны сэтгэлгээ төлөвшсөн. Одоо бид угсаатны сэтгэлгээнээс үндэсний сэтгэлгээ рүү чиглэж байна. Гэтэл дэлхий нийтийн чиг хандлагыг  үндэсний сэтгэлгээ  тодорхойлж байна. Тухайлбал хар, цагаан, шар арьстнууд нэгдээд “бид америкчууд”, “бид нэг ард түмэн” болж байна шүү дээ. Мөн  европчууд нэг гэр бүл, нэг үндэстэн болно гэж ярьж байна. Харин бид үүнийг төдийлөн ойлгохгүй байгаа юм. Яахаараа хар, шар, цагаан гурав тэс ондоо байж, нэг ард түмэн, нэг үндэстэн болох гэж хэмээн гайхдаг. Өнөөдөр дэлхий нийтийн хандлага ийм болчихсон байхад бид дөрвөд, ойрад, халх гэж яриад сууж байгаа нь сэтгэлгээний хувьд хоцрогдож байгаагийн шинж.

-Одоо овог, аймгийн сэтгэлгээнээсээ олон улс салаа байлгүй дээ?
-Үгүй ээ, байна. XXI зуун гарчихаад байхад овог аймгийн сэтгэлгээнээс салж чадаагүй ард түмэн зөндөө бий. Дайн болж байгаа ихэнх газрыг судлахад шашны юм шиг боловч цаагуураа олон мянган жилийн туршид овог аймгуудын  зөрчлөөс үүссэн байдаг. Энэ нь дотроо байгаа энэ сэтгэлгээг халж чадахгүй,  бид нэг ард түмэн, нэгдмэл нэг гэж бодож, сэтгэж чадахгүй байна гэсэн хэрэг юм. Тухайн орны ард түмэн ийм сэтгэлгээгээ даван туулж чадахгүй бол үндэсний аюулгүй байдалд нь хохиролтой. Би “сэтгэлгээний нэгдмэл байдал” бол хамгийн үнэтэй зүйл гэж  хэлэх дуртай.  Яагаад гэвэл энэ нь тусгаар тогтнолоос үнэтэй зүйл. Хамгийн үнэтэй зүйл чинь юу вэ гэвэл "тусгаар тогтнол" гэж олон хүн хэлнэ. Гэтэл дэлхийд тусгаар тогтнолоо алдаагүй улс гэж бараг байхгүй. Хэрвээ сэтгэлгээ, нэгдмэл байдал нь эвдэгдээгүй байвал тусгаар тогтнолоо буцаан авч болдог. Харин сэтгэлгээний нэгдмэл байдал алдагдвал дахин сэргээх бараг боломжгүй. Сэтгэлгээний адилслыг бий болгохын тулд хэдэн зуун, мянган жил зарцуулдаг.

-Монголчууд төр ёсны баялаг уламжлалтай ард түмэн хэмээдэг. Үүнийг жаахан тодруулна уу?
-Хүннү улс МЭӨ-209 онд байгуулагдсан 2220 жилийн ой 2011 онд тохионо. Энэ ойг төрийн хэмжээнд хүндэтгэлтэй тэмдэглэх болов уу гэж найдаж байна. Бид 2200 гаруй жил Монгол төрийн голомтыг тасралгүйгээр авч яваа ард түмэн. Гэтэл Европын  олон орон мянга хүрэхгүй жилийн түүхтэй шүү дээ. Тухайн үедээ хүчирхэг байсан Ром, Грек, Египетийн иргэншил бүгд мөхсөн. Тухайлбал, Египет улсын суурин дээр арабууд эзэлж суучихаад, эртний түүхийн дурсгалуудыг нь жуулчдад үзүүлэн мөнгө олоод сууж байх жишээтэй.

Харин монголчууд соёл, зан заншлаа хадгалж, хамгаалж үлдэж чадсан. Дэлхийд хамгийн том эзэнт гүрнийг байгуулж байсан ард түмэн бол монголчууд.

- Хүннү улс хэрхэн байгуулагдсан тухай сонирхуулж ярихгүй юу?
- Миний номонд байгаа нэг санаа бол Хүннү улс байгуулагдсаны он цагийг урагшлуулах гэсэн оролдлого.Түмэн шаньюй бага хатнаас төрсөн хүүгээ өөрийгөө залгамжлуулах хүсэлтэй байсан тул Модуныг Юэжи аймагт барьцаанд өгсөн. Тэр барьцаанаас хүү Модунь оргон ирсэнд эцэг Түмэн шаньюй  эр зоригийг нь үнэлж, түмэн цэрэг өгч захируулжээ. Модунь хайртай морь, хайртай хатнаа харвасан хэмээн домогт өгүүлсэн байдаг. Модунь шаньюй “Намайг харва гэж тушаасан  бүхнийг харвах ёстой. Харвахгүйг нь шийтгэж, цаазаар ав” хэмээн зарлиг гаргасан. Тэгээд хайртай хатнаа харвахад нь бүгд дагаад харвахад "одоо миний бэлтгэл гүйцжээ, гээд ав хийж явахдаа эцгийгээ харван хөнөөсөн түүх бий. Сурвалжийн энэ мэдээнээс тухайн үед ууган хүү нь угсаа залгамжлан “шаньюй” болох ёс тогтсон байсан нь тодорхой байгаа юм. Тэгэхээр Түмэн шаньюйгаас нь өмнө “Шаньюй” өргөмжилдөг байжээ. Хятад сурвалжид тэмдэглэгдсэн анхны шаньюй Түмэн бөгөөд түүнээс өмнөх шаньюй нарын нэр сурвалжид тэмдэглэгдээгүй байна гэж үзэж болно.  Энэ бүгдээс Хүннү улс байгуулагдсан он цагийг урагшлуулан үзэх боломж байгаа нь харагдаж байгаа юм. Гэсэн хэдий ч Модунь “шаньюй” болсон МЭӨ 209 оныг Хүннү улс байгуулагдсан он хэмээн дэлхий нийтээр үздэг.

-Модунь шаньюй “газар бол төрийн үндэс” хэмээн хэлсэн гэдэг байх аа...
-Модуныг “шаньюй” болсны дараахан  хөрш Дунху шинэ залуу шаньюйд улс төрийн дарамт шахалт үзүүлж, эцэг Түмэн Шаньюйгийн хайртай морь, хайртай хатныг нь нэхэхэд өгсөн. Дараа нь Хүннү болон Дунхугийн хооронд 1000 ли буюу ойролцоогоор 500 орчим км хэн ч нутагладаггүй “дундын” буюу “хилийн зааг” нутгийг шаардахад “Газар бол төрийн үндэс”  хэмээх алдартай үгийг хэлж, Дунху руу довтлон, ойролцоох аймгуудыг эзэлж, Хүннү гүрнийг анх байгуулсан. Гэхдээ Модунь шаньюй ийм том гүрнийг Хүннү, Дунху зэрэг төрийн бүрдлүүдийн төрийн уламжлал дээр тулгуурлаж байгуулсан гэдэг нь ойлгомжтой.

-Та эрдэм шинжилгээний багийнхантай орон нутгаар явж, судалгаа хийж байсан уу?
-Түүхийн ангид сурч байгаа оюутнууд хээрийн дадлага хийдэг. Түүхийн дурсгалт газруудаар явж, тэдэнд тайлбарлан таниулах зүйл зөндөө байдаг. Сүүлийн үед хөдөөд түүхийн дурсгалт зүйлийг  хайр гамгүй сүйтгэх, эртний булш бунханг тонох явдал ихсэж байгаад сэтгэл эмзэглэж байгаа.

-Өөрсдийгөө Монгол угсаа гаралтай гэх улс, үндэстнүүд байдаг.  Ямар учиртайг нь та тайлбарлаж өгөхгүй юу?
-Дэлхийн түүхэнд тэмдэглэгдсэн “Их нүүдэл” Монгол нутгаас гарч байсан нь олон юм. Япон, Унгар, хаа холын  Америкийн нутагт амьдардаг индианчууд хүртэл өөрсдийгөө Монгол гаралтай гэж ярьдаг. Монголын говь нутгаар нутаглаж байсан хүмүүс чулуун зэвсгийн үед нүүдэллэж, Японы арал хүрч, Аляскаар дамжаад Америк рүү гарсан. Хүннү гүрэн мөхөхөд нэг хэсэг нь Европ руу нүүдэл хийж, Унгарын орчим төвлөрсөн Атилла тэргүүнтэй хаант улс байгуулсан. Атилла хаан Ромын эзэнт улс руу Германы аймгуудтай нийлж довтолсон нь түүхэнд “Варвар” хэмээх нэрээр тэмдэглэгдсэн байдаг. Тэдний довтолгоо Ромын эзэнт гүрнийг мөхөхөд томоохон хүчин зүйл болсон. Нэлээд сүүлийн үед гэхэд 1605 оны үеэс эхлэн Ойрадын Торгуудууд Ижил мөрөн рүү нүүж суурьшсан нь одоогийн Халимаг улс.  Мөн Хошуудуудыг Төрбайх тэргүүлж, Хөх нуурт очиж суурьшсан нь  одоогийн Хөх нуурын монголчууд юм.

-Түүхч хүнийхээ хувьд та юуг  баримталдаг вэ?
-Мэргэжил бүхэн ёс суртахуунтай. Түүнтэй адил судлаачийн ёс суртахуун гэж бий. “Үнэн гэдэг ганц шалгуур”  гэсэн зарчим баримталдаг байх ёстой. Улс төржиж, намын үзэл сурталд баригдах ёсгүй. Судлаач хүмүүс үүнийг ягштал баримтлах ёстой юм.

-Та бид хоёр түүхийн талаар яриа нэлээд дэлгэлээ. Одоо нутаг усны тань талаар ярилцъя.
-Би Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн. Хонгор нутаг гайхамшигтай оюунлаг ард түмэнтэй. Энэ нутгаас төрсөн олон сайхан алдартан бий. Ш.Лувсанвандан, С. Лувсанвандан гээд хэл шинжлэлийн ухааны эрдэмтэд,  Монгол хэл, бичгийн толь бүтээсэн Я.Цэвэл, хөгжмийн зохиолч Д.Гончигсумлаа, Ш.Бирваа гээд нэрлээд байвал олон доо.

-МУИС-д олон жил багшилж байна уу?
-Мэргэжлээрээ багшлаад 15 жил болсон байна.

-Ажиглаж байхад манайхан эрдэмтэн судлаачдынхаа бүтээлийг дэмжих тал дээр дутмаг юм шиг санагддаг.
-Тийм байдал ажиглагддаг. Судлаачдын хувьд шинжлэх ухааны менежментийн бодлого  дутагдаж байна. Харин урлагийнхан энэ талаа сайн хөгжүүлж чадсан. Номын мөр цагаан гэж ярьдаг даа. Эрдэм мэдлэгийн судалгаа өгөөж ихтэй, шавхагдашгүй баялаг, зуун дамжин амьдрах урт настай байдаг.  Төр засаг, хувийн байгууллагууд оюуны бүтээлийг дэмжих талаар бодлого барьж, анхаарах хэрэгтэй гэж боддог. Үнэнийг өгүүлэхэд манай эрдэмтэн, судлаачид судалгаа шинжилгээг сонирхолдоо хөтлөгдөн бор зүрхээрээ хийдэг улс шүү дээ. Ер ном хэвлүүлээд ашиг, орлого олно гэж бараг байхгүй дээ.

-Гэр бүлээ танилцуулахгүй юу?
-Эхнэрийг маань Н. Даваахүү гэдэг. Холбооны инженер мэргэжилтэй. Манайх гурван хүүхэдтэй. Би өөрийн  босгож  бүтээсэн амьдралдаа сэтгэл хангалуун явдаг.

-Судалгаа шинжилгээний ажил цаг зав их шаарддаг  шүү дээ. Ар гэрийн ажлыг эхнэр тань амжуулдаг биз?
-Тийм шүү. Судалгааны ажил хийх амар биш. Амралт гэж байхгүй. Ажлынхаа хажуугаар шөнө орой их сууна. “Ар гэр нь дэмждэггүй бол судлаач хэзээ ч болж чадахгүй” гэдэг үг байдаг. Энэ үг үнэхээр үнэн үг шүү.

-Ханийнхаа халамж хайрыг өдөр бүр мэдэрдэг үү?
-Би  гэрийн ажил гэдгийг мартсан хүн. Өглөө гараад, орой л гэрийн бараа харна. Зарим үед дэргэдээ хүн байгааг ч анзаардаггүй. Бичиг цаастай зууралдахаараа орчлонгоос тасарчихсан амьтан шиг болчихно.

-Хааяа нэг найз нөхдийнхөөрөө зочилж, яриа дэлгээд суудаг биз дээ?
-Найз нөхөдтэйгээ уулзаад суух цаг зав гаргалгүй яахав. Тэгэхгүй бол стресст “дарлуулна” биз дээ. Хэдийгээр судлаач хүн ч гэлээ амьдрах гэж төрсөн шүү дээ.  Ар гэр, хүүхдүүддээ цаг гаргахыг хичээдэг. Чөлөөт цаг гарвал гэр бүлтэйгээ салхилах дуртай.

-Хүүхдүүдээс тань мэргэжлийг тань өвлөвөл дуртай хүлээж авах уу?
-Хүүхдүүдийн маань сонирхол мэдэх байх. Дуртай, авьяастай бол  судалгаа, шинжилгээний ажил сайхан. Үнэхээр сонирхолгүй бол зовлонгийн ажил л даа. Хүчээр хийлгэж болдоггүй ажил чинь энэ байхгүй юу. Дуртай зүйлдээ хүн чинь цаг завыг харамгүй зарцуулдаг. Аажимдаа хообий ч болж хувирна.  Өөрийн хийж байгаа судалгаатай холбоотой шинэ ном гарсан гээд сонсчихвол үзмээр санагдаад, тогтож сууж чадахгүй гээч.
start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
Bilegsayhan (зочин)

Deegii bagshiin tsaashdiin sudalgaand amjilt husey.

Bilegsayhan (зочин)

Deegii bagshiin tsaashdiin sudalgaand amjilt husey.

tegr (зочин)

iluu sain delgerengui medeelluud ogoorei.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)